• Өнөөдөр 2024-10-06

ДУРДАТГАЛ: МОНГОЛЧУУД МАРТСАН “МОНГОЛ УХААН” Б.ШИРЭНДЭВ ЭРДЭМТНИЙ ХӨШӨӨ РҮҮ ХАРЖ ЗОГСОХОД...

2024-09-15,   701

-БИЛИГТ ХҮМҮҮНИЙ ДЭЭД, ОЮУНЛАГ МОНГОЛЧУУДЫН ОХЬ НЬ БАЙЛАА, ТЭР-

Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байрны урд хэн бүрийн нүдэнд анзаарагддаггүй ч хүн бүрийн мартаж үл болох нэгэн сод хүмүүний хөшөө буй. Амьд ахуй цагтаа Монголын сэхээтнүүдийн түүхийг бичилцэж, шинжлэх ухаан, төр нийгмийн салбарт хэмжээлшгүй их хувь нэмэр оруулан домог мэт яригдаж ирсэн нэгэн. Хэдий нам засгийн үед хэлмэгдэж, хэдэнтээ шийтгүүлсэн ч асар их сэтгэлийн хатаар амьдралынхаа сүүлийн жилүүдийг нэр алдраа нэхэн цагаатгуулахад зориулсаар бурхан болсон энэ эрхэм Монголын оюун санааны сүмбэр уул, сод эрдэмтэн Базарын Ширэндэв юм.

***

Нэрт соён гэгээрүүлэгч Б.Ширэндэвийг нэг биед баймгүй олон авьяастайн сацуу оюун, сэтгэлгээгээрээ тэр үеийнхнээ холоо хаячихсан гайхалтай сэтгэгч байсан гэлцдэг. Бодох, бичих ажлаасаа гадна Орост очоод оросоор, Хятадад хятадаар, Лийдст англиар, Унгарт очоод мажараар ярьчихдаг хэдэн хэлд нэвт суралцсан нь ч тодорхойгүй гэх яриа бий. Нэгэн удаа Монгол, Хятадын эрдэмтдийн томоохон хурал болоход самбар дээр ямар ч алдаа мадаггүй хятад ханзаар лекцээ бичээд, түүнийгээ монголоор зэрэг тайлбарлан ярьж байсныг нь харсан олон орны эрдэмтэд алмайрч байсан гэдэг. Басхүү тэр олон авьяасын хажуугаар хэр баргийн хүнээс айдаггүй, хэнтэй ч зад заргалдчихдаг хэлэмгий хүн байж. Үнэн хэрэгтээ Б.Ширэндэв эрдэмтнийг “заргач” гэдэг болсон нь залуухан эрдэмтэн Маршалтай “муудсан” анхны хүн болж, хамаг амьтныг айлгаж, сандаргасан түүхээс эхлэлтэй гэнэ.

1942 он юм санжээ. Маршал Х.Чойбалсан тэргүүтэй Намын төв хорооны дарга, төлөөлөгчид дайны фронтод очиж, бэлэг гардуулахаар явахад 30 гаруйхан настай Б.Ширэндэв Маршалын орчуулагчаар ажиллах хүндхэн үүрэг хүлээж гэнэ. Дөнгөж Зөвлөлтөд дээд боловсрол эзэмшиж ирээд, Багшийн их сургуульд багшилж байсан залуу эрдэмтэн Маршалын хэлмэрч хийхээр болсондоо бөөн сандарч, хөдөлдөг өдрийнхөө өглөө нь хар саарал хослолоо өмсөөд, үсээ цэмбийтэл нь гелдээд очсон ч орой нь бүр хамаг амьтныг айлгаж, сандаргаж орхисон гэдэг. Тэр орой фронтод очоод бэлэг гардуулах үйл ажиллагаа дууссаны дараа нам засгийн төлөөлөгчид улаан армийн дарга нартай нийлж, банкет хийжээ. Найр нэлээн хавтгайрах үеэр халамссан Маршал үе үе босож ирэн илтгэл, айлтгал шиг урт үг хэлэхэд нь Б.Ширэндэв хэлсэн үгийг нь сонсголонтой болгохоор утга, уран зохиолын үгсээр орлуулж, синхрон орчуулга хийж байсан аж. Тэгэхэд нь орос хэлний хар яриагаараа хэн хүнээс дутахгүй мэдлэгтэй Маршал гэнэт залуу орчуулагч руугаа харц шулуудан “Чи буруу орчуулаад байна” хэмээн өөлж гоолжээ. Гэтэл Б.Ширэндэв өөдөөс нь “Би яаж буруу орчуулсан юм бэ. Хэлснийг тань яг л дагаж орчуулж байна даг. Та буруу гэж байгаа бол өөр хүнээс асуугаад үз л дээ” гэжээ. Өөдөөс нь үг сөрсөн орчуулагч руу Маршал “Чи тэгээд буцмаар байгаа юм биз дээ” гэхэд нь Б.Ширэндэв дахиж л хариу дуугаран “Буцах шаардлагатай гэвэл би буцахад бэлэн байна” гэсэн гэдэг. Соц нийгмийн тэр цагт Маршал битгий хэл, нэгдлийн даргатай ч ам мурийх хэцүү, даргын хараанд ордог байсан үе. Гэтэл залуухан эрдэмтэн Б.Ширэндэв даргатай ам мурийх мурийхдаа бүр Маршалтай, тэгээд хамт явсан намын дарга, төлөөлөгчид, улаан армийнхны нүдэн дээр даргатайгаа “муудаж”, хавийн хүнийг айлгаж, сандаргасан гэдэг. Харин маргааш нь өрөөндөө дуудуулахад нь явж ортол Маршал Х.Чойбалсан “За, хүү минь би чамайг гомдоосон байж мэднэ. Би согтохоороо муухай ааштай хүн” хэмээгээд эвлэрцгээсэн гэдэг.

УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ БОЛЖ, УРДАА БАРИХ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ БОЛСОН НЬ

Хожмоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич болсон Базарын Ширэндэв 1912 оны тавдугаар сарын 15-нд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогоор Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт Худгийн ам гэх газар эгэл малчны гэрт мэндэлжээ. Малчин Г.Базарынх 10 хүүхэд өлгийдсөн ч хоёр нь эндэж, найман хүүхэдтэй айл болсны нэг нь Б.Ширэндэв. Бага ахуй насаа Далайн Чойнхор вангийн хошуундаа аав, ижийнхээ дэргэд хань болж, гар хөлийнх нь үзүүрт зарагдсаар өнгөрүүлсэн гэдэг. Харин түүнийг долоо хүрэхэд аав Г.Базар нь Нүхтийн хүрээнд лам болгохоор шавь суулгажээ. Б.Ширэндэв эхэндээ төвөд цагаан толгойн маани мэгзэм төвөггүй сурсан ч цааш сурахаас дургүйлхэж, шашин номд сонирхолгүй гэдгээ хэлж гэнэ. Харин хүүгийн есөн насны босгон дээр Ардын хувьсгал гарсан нь түүний амьдралд нэгэн том эргэлт авчирч, Б.Ширэндэв шашин номоо орхиж, Цэцэрлэг хотын тэнхимийн сургуульд шилжин сурахаар болсон явдал байв. Тухайн үед Цэцэрлэг мандлын аймгийн Хөдөө аж ахуйн түр сургууль гэгдэж байсан тэнхимийн сургуулийг дөнгөж дүүргээд байсан түүнийг шууд “Бичиг үсэгтэй залуу” хэмээн Архангай аймгийн Чулуут голын нэгдлийн даргаар томилчихсон гэдэг. Тэрээр ч энэ талаараа “Зургаан төгрөгийн цалинтай, тусдаа том цагаан гэрт амьдардаг байлаа. Гэрт маш олон олбог хураалттай байв. Хийх зүйл олдохгүй уйдахаараа олбогнуудаа давхарлаж өндөрлөөд дээр нь дэвхэрч цовхордог сон” хэмээн дурсан бичсэн байдаг. Бас болоогүй нэгдлийн даргаар ажиллаж эхэлсэн анхны цалингаараа унадаг дугуй авч унасан ч гэдэг түүх бий. Нэгдлийн даргын ажилтай тэрээр хотод очиж, Намын сургууль, Монгол рабфакт үргэлжлүүлэн сурсан бөгөөд 1937 онд ЗХУ-ын Эрхүү хотын Багшийн сургуульд сурахаар явж, Б.Ширэндэв Зөвлөлтөд боловсрол эзэмшсэн Монголын шинэ залуу сэхээтнүүдийн нэг болон эргэж иржээ. Бараг л хүүхдээрээ шахуу байсан тэрээр ингэж л Монголын оюун санааны ирээдүйг хэдэн арван жилээр “залах” эхлэлээ тавьсан байдаг.

Эрхүүгийн сургууль дүүргэж ирээд удалгүй Багшийн дээд сургуульд түүхийн багшаар ажиллаж байсан түүнийг нэг өдөр Маршал Х.Чойбалсан өрөөндөө дуудуулжээ. Үнэндээ, Маршалд орчуулагчаар ажиллаж явахдаа ам мурийж, өөрийн бодолдоо үнэнч байсан залуу эрдэмтэн таалагдсаных уу, эсвэл залуу боловсон хүчин, оюунлаг сэхээтэн хэрэг болсных уу, Х.Чойбалсан залуухан эрдэмтэн Б.Ширэндэвийг өөрийн референтээр ажиллуулахаар болов. Түүнээс хойш Б.Ширэндэв Намын төв хорооны Нарийн бичгийн даргаар дэвшин ажиллаж, 1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад анхны захирлаар нь томилогдон ажилласан түүхтэй нэгэн. Их сургуулийн захирал, түүхийн тэнхимийн эрхлэгчээр 10-аад жил ажиллахдаа Монгол Улс дотооддоо дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхэд нойр, хоолоо хасан байж зүтгэсэн цөөн хэдэн удирдлага, эрдэмтний нэг бөгөөд түүний үе үеийн чадварлаг зохион байгуулалт, үнэтэй хувь нэмрийг дотоодын судлаачдаас эхлээд гаднын монголч эрдэмтэд хүртэл шагшин магтсан нь бий.

ХОЁР МАРШАЛЫН ХАМГИЙН ОЙРЫН ХҮН

Академич Б.Ширэндэв агсан бол Монгол Улсын түүхэнд ердөө хоёрхон буй Маршалтай хоёулантай нь ойр дотно байх хувь тавиланг онож төрсөн нэгэн. Тухайлбал, дээр дурдсаны адил Б.Ширэндэв залуухан эрдэмтэн байхдаа Маршал Х.Чойбалсантай орчуулагчаар нь ажиллахдаа ам мурийн танилцаж, хожим нь референт болж үнэлэгдсэн. Харин Зөвлөлтөд сурч байх хугацаандаа хожмын нэг өдөр Маршал болох Ю.Цэдэнбалтай нөхөрлөлийн харилцаагаа эхлүүлсэн гэдэг.

Б.Ширэндэв эрдэмтнийг их сургуулийн захирал болоод “сураг алдарсан” байсан ч Маршал Х.Чойбалсан үе үе дуудан уулздаг, салхинд гардаг байж. Тэгэхдээ хөдөө дагуулж явах нь олонтаа. Тэр үеийн хөдөөгийн нөхцөл байдал, малчдын амьдрал зүдүү байгааг харуулж, Маршал “Би чамайг ардынхаа амьдралыг яаж байгааг санаж яваасай гэж хүсдэг” тухайгаа хэлээд залуухан Б.Ширэндэвтэй хол замд гарч, хэд таван үг солих дуртай байсан гэдэг. Ерийн нэг ажил, албан хэргийн хувиар бус, Маршал Х.Чойбалсан Б.Ширэндэвт ах, дүүгийн хувиар сайн, Б.Ширэндэв эрдэмтэн ч муудаж, эвлэрснээсээ хойш Маршалыг “Эр хүн шиг эр хүн юм” хэмээн санаж явсан тухайгаа онцолсон нь буй. Залуу эрдэмтэн Б.Ширэндэв зүгээр ч нэг Маршалуудтай ойр хүн байсангүй. Улсынхаа урдаа барих боловсон хүчин, улс төрийн ажилд ганц найдвартай орчуулагч нь байсан гэдэг. Б.Ширэндэв академич Маршалуудыг даган их Иосиф Сталин, Мао Зэдун нартай уулзаж, Монголын талаас хэлсэн анхны албан ёсны үгсийг орчуулж байсан домог болсон хэлмэрч гэдгийг гэрэлт хуудаснаа үлдсэн түүхэн зургууд батлах биз ээ.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ, ЗАЛУУ ЭРДЭМТДИЙГ СУЛЛУУЛАХ, АЖИЛ, БҮТЭЭЛЭЭ ХИЙХ БОЛОМЖ ОЛГОВ

Б.Ширэндэв эрдэмтэн Маршал Х.Чойбалсангийн референтээр ажиллахаас гадна Төв хорооны Нарийн бичгийн дарга, Төв хорооны Улс төрийн товчоонд орж, Засаг талдаа Ерөнхий сайдын I орлогч хүртэл алба хашсан нэгэн. Гэхдээ энэ эрхмийн түүхээс ялгаж, салгаж ойлгож болохгүй нэгэн том салбар буй нь шинжлэх ухаан, тэр дундаа Шинжлэх ухааны академи.

Намын хороонд улс төрийн ажилтай байсан Б.Ширэндэв шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй бага сага холбоотой байснаас тийм ч дотно нандин байгаагүй гэдэг. Харин 1944 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн хурлаар Б.Ринчений хамт оролцож, дийлэнхийн саналаар жинхэнэ гишүүн болсноор Маршалын орчуулагч, референт, улс төрийн товчооны ажилтан хийж явсан Б.Ширэндэв тэгж нэг шинжлэх ухааны ажилдаа ханцуй шамлах завтай болжээ. Ингээд эрдэмтэн Б.Ширэндэв ердөө хэдхэн жилийн хугацаанд “Баруун хэлбэрэлийн улс төр, эдийн засаг”, “Ардын хувьсгалын ялалтын төлөө тэмцэл ба Бүгд Найрамдах Монгол Ард улс байгуулагдсан нь” тэргүүтэй эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлээ бичиж, шинжлэх ухааны хүрээлэнгүүддээ ч танигдан, хамтын ажиллагаагаа сайжруулж эхэлсэн байна. Улмаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн дотоод ажилд гар бие оролцон, тус хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлэх, гадаад хамтын ажиллагааг нь төр засгийн хэмжээнд дэмжиж туслах, боловсон хүчнүүдийг бэлтгэн боловсруулах, улс төрийн шуурганд өртсөн ахмад болон залуу эрдэмтдийг эрдмийн ажилд эгүүлэн ажиллуулах, их, дээд сургуульд багшлуулах, түүх, соёлын өвийг устгаж сүйдэхээс хамгаалан төрийн ивээлд авах, эрдэм шинжилгээ, судалгааны чанарын түвшинг дээшлүүлэх нөр их ажлыг гүйцэтгэж байв. Жишээлэхэд, Б.Ширэндэв эрдэмтэн Гэсэр сүмийг нураалгалгүй сэргээж, музейн өвөөр хадгалах, эрдэм шинжилгээний ном хэвлэлийн стандарт, арга зүйн чанарыг сайжруулах, залуу боловсон хүчнүүдийг Зөвлөлтийн судалгааны ангиудад дагалдуулан сургах, хуучин цагийн бичгийн мэргэд Л.Дэндэв, Б.Дорж нарын мэдлэгийг ашиглаж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен зэрэг залуу эрдэмтдийг шоронгоос суллагдахад томоохон тусламж үзүүлж, бүтээл, өгүүллээ бичих бүрэн боломж олгосон бөгөөд шинжлэх ухааны агуу их өв соёлоо хадгалах, монголчууд эх орондоо залуу боловсон хүчин бэлтгэх нөр их ажлыг сэдэж, санаачлан явуулсан билээ. Үүний хүчинд өдгөө Монголын Шинжлэх ухааны академи олон салбар хүрээлэнтэй, тэдгээр нь олон улсын холбоо, хүрээлэнд “данстай” дэлхийн шинжлэх ухааны хүрээлэнгүүд болсон юм.

ХЭЛМЭГДЭЖ, ХЭРЭГТ ШИЙТГҮҮЛСЭН ГУНИГТ ТҮҮХ

Базарын Ширэндэв гэгч энэ сод эрдэмтэн мандаж, бадарч явсан цаг олон ч намын тогтоолдоо “нам даруулж”, туг ч барьж, тугал ч хариулна гэдгийн үлгэрээр хачин жигтэй, адармаатай амьдрал туулсан нэгэн. Тэрээр сүүлийн жилүүддээ өгсөн нэгэн ярилцлагадаа ганцхан зүйлд гомдож явдгаа дэлгэсэн нь 1981 оны арванхоёрдугаар сарын 30-нд болсон үйл явдал юм гэнэ.

Юу вэ гэвэл, 1980 оны дунд үеэс эхлээд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нар тэргүүтэй хүмүүс Шинжлэх ухааны академийг тараах санал гаргаж, идэвхтэй ажиллаж эхэлсэн байна. Тухайлбал, хими, физик, математик, биологи зэрэг байгаль, технологийн чиглэлийн хүрээлэнгүүдийг академиас салгаж, холбогдох яамдад нь шилжүүлэх, түүх, хэл шинжлэл зэрэг цөөн хүрээлэнг академид нь үлдээх буюу дийлэнх хүрээлэнг салгаснаар ерөнхийд нь Шинжлэх ухааны академийг тараах төсөл эхлүүлжээ. Харин үүнийг нь эрдэмтэн, судлаачид дундаа хэдийнэ “Ши мэргэн” хэмээн алдаршсан ахимаг эрдэмтэн Б.Ширэндэв мэдээд, хөлөө хүрэх газар хүртэл зарга мэдүүлж. Тэгж заргалдаж явахдаа СнЗ-ийн нэгэн орлогчтой муудаад “Чи тэр үлийн цагаан оготно, хулгана, зурмаа л мэд” гэчихэж. Түүнээс хойш академийг тараах гэсэн дарга нар, Ши мэргэний дундах заргалдаан бүр гал авалцаж, Б.Ширэндэв эрдэмтэн ч биш бүр Шинжлэх ухааны академитай “учраа олох”-оор болов гэнэ.

Харин нэгэн өдөр академич Б.Ширэндэвийг түүнтэй өвөр түрийндээ орох нь холгүй явсан найз Маршал Ю.Цэдэнбал Улс төрийн товчоон дээр дууджээ. Ши мэргэн яваад ортол Маршал “Чи бүх дутагдлаа хүлээж байна уу” гэж. Б.Ширэндэв эрдэмтэн тогтоолын төсөлтэй танилцах хүсэлт гаргатал зөвшөөрчээ. Тогтоолын төслийг уншиж, танилцахад онц ноцтой зүйл байхгүйд санаа амарч, Маршалын хариуд “Зөвшөөрч байна” гэчихээд гараад явсан байна. Гэтэл 1981 оны арванхоёрдугаар сарын 30-нд МАХН-ы Төв хорооны Улс төрийн товчооноос “Нөхөр Б.Ширэндэвийн зарчимгүй, хариуцлагагүй, нэр алдар хөөцөлддөг үйл ажиллагааны тухай” гэсэн тогтоол гаргаж, өөрийнх нь танилцсанаас огт өөр асуудлуудад тогтоол гарган, хатуу шийтгэл ногдуулахаар шийдсэн байжээ. Ингэхдээ намын Төв хорооноос Б.Ширэндэв эрдэмтэнд холбогдох тогтоолоо бүх сонин хэвлэл, телевиз, радиогоор сурталчилж, олон улсад орчуулан түгээж, тусгай товхимол болгон намын хороо, хурлуудаар сүржин гэгч нь тараасан байдаг. Ши мэргэнийг Шинжлэх ухааны академиас хөөх болоход намын хорооны хурал дээр гэнэт л бүгд түүний эсрэг босож, нэгэн цагт өвөр түрийндээ орж явсан нөхөр Ю.Цэдэнбал нь хөсөр хаяж, Төв хорооны Улс төрийн товчоонд ажилладаг байхад дор нь, эсвэл хамт ажиллаж байсан хүмүүс нь бүгд нүүр буруулсан гэдэг.

Энэ цэгт хүрэх болсон хамаг юмны эхлэлийг академич Б.Ширэндэвийн тухай “Хангайн хүү” гэдэг ном гарсантай ч холбон тайлбарлах нь байдаг. Ши мэргэний тухай ном гараад удаагүй байхад Маршалын гэргий Цэдэнбал Филатова “Бал даргын тань тухай ном гараагүй байхад өөрөө яахаараа ийм бүтээл хэвлүүлдэг билээ” гэж асуусанд Б.Ширэндэв эрдэмтэн хэгжүүрхээд “Би энэ номыг бичүүлээгүй ээ, миний тухай л өөр хүн бичсэн байна лээ. Би хүнд юу бичихийг нь заах биш дээ” гэж хариулсантай холбоотой гэх нь бий.

Гэхдээ эхлэл нь ямар ч шалтгаантай байсан Б.Ширэндэв эрдэмтний хувьд төгсгөл нь нэг цэг байв. 70 насныхаа босгон дээр 20 гаруй жил ажилласан Шинжлэх ухааны академиасаа хөөгдсөн Ши мэргэнийг тэд тэгээд зүгээр өнгөрүүлсэнгүй. “Намын бодлоготой нийцээгүй, нэр алдар хөөцөлдсөн” гэх шалтгаанаар намын Төв хорооноос Б.Ширэндэв эрдэмтнийг дөрвөн удаа дуудан байцааж, хоёр жил хэртэй хугацаанд хорьсон байдаг. Хоригдоод гарч ирэхэд нь эрдэмтэн гэх нэр ч үгүй, Шинжлэх ухааны академи ч үгүй үлдсэн академич Б.Ширэндэв дээр нэгэн үеийн нэрт соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн л ганцаараа шил "хатуу" юм барьсаар ирсэн тухай дурсан ярьсан байдаг.

 

Ийм л ээдрээтэй, гайхалтай, гайхамшигтай түүхийг туулсан Монголын оюуны охь болсон сод эрдэмтэн Б.Ширэндэв агсан амьдралынхаа сүүлчийн он жилүүдийг Ямбатын ягаан гэгддэг дарга нар голцуу суудаг байрандаа өнгөрүүлсэн гэдэг. Хаа нэг байраа орхихдоо рашаан сувилалд очно. Тэгэхдээ зүгээр ч нэг сувилуулахгүй. “БНМАУ-ын түүх” хэмээх гурван боть гаргаж байсныхаа адил “Монгол Улсын түүх” ботиудын эхний ботийг бүтээж байв. Нас сүүдэр хэдийнэ 90 гарч явсан ч чамин гэгч нь пилотка малгай өмсөж, хүрэн зандан таягаа атгачихаад 40 мянгатын тэр л гудамжуудаараа алхална. Амьдралынхаа дийлэнх хугацааг монгол оюуны төлөө, оюунлаг монголчуудын төлөө зориулсан ч хэлмэгдэж, хоригдсон нэрт эрдэмтэн Б.Ширэндэв амьдралынхаа сүүлийн жилүүдэд нэр алдраа нэхэн сэргээж цагаадсан билээ.

 

 


ДУРДАТГАЛ: МОНГОЛЧУУД МАРТСАН “МОНГОЛ УХААН” Б.ШИРЭНДЭВ ЭРДЭМТНИЙ ХӨШӨӨ РҮҮ ХАРЖ ЗОГСОХОД...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-15 18:35:57
    Ө.Энхээ: За ямар ч гэсэн Б.Ширэндэв гуайг шоронд хоригдож байсан гэж худлаа залсан байна. Мэдэхгүй сэдвээр тааж бичдэг "бяцхан сэтгүүлч"олширч дээ хөөрхий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-10 23:58:22
    Зочин: Хүний бичсэн номонд өөрийнхээ нэрийг тавьж хэвлүүлдэг байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-10 12:22:10
    ЗОЧИН: ЗӨВЛӨЛТИЙН ТАВИУЛ Л БАЙСАН ХҮН. ТЭГЭЭД ОДОО НЭР АЛДАР НЬ ТҮГЭЭД МУНДАГ Л БАЙГАА БИЗ ДЭЭ. ХАРИН ЦОРЫН ГАНЦ БҮТЭЭЛ "КАПИТАЛИЗМЫГ АЛГАСАХ ЗАМ" ХЭМЭЭХ НОМОНД ЗААСАН ХЭРХЭН КАПИТАЛИЗМЫГ АЛГАСЧ КОММУНИЗМ БАЙГУУЛАХ КОНЦЕПЦИ НЬ ОР СУРАГГҮЙ ДАМПУУРЧ ТҮҮХИЙН ХОГ ДЭЭР ХАЯГДСАН Ч ХӨШӨӨ ДУРСГАЛ НЬ СҮНДЭРЛЭСЭЭР.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188