• Өнөөдөр 2024-04-24

ХАВТГАЙН ИНГЭ ШИЛЭРСЭН АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН ХАВАР-II

2022-04-21,   3093

Түрүүч нь https://ergelt.mn/news/132/single/19805

-Дэлхийд нэн ховордсон амьтдыг хамгаалах нь эрчүүдийн ажил-

            Үдшийн бүрийгээр Алтайн өвөр говийн тэг дундуур хойш чиглэн давхиж явлаа. Дов сондуул нь явуулахгүй юм. Жолооч Л.Даваадорж машиныхаа хүрдийг хоёр тийш нь мушгиж, гэнэтхэн огцом тоормос гишгээд байх.  Урд сууж явсан хүн салхины  шил мөргөж, нүд нь бүлтэрч гарчих шахам явлаа. Замын баримжаагаа алдаад бүдэг замаар орчихсон  бололтой.  Хойшоо яваад байхад тал дээр ганц нэгхэн гэрэл харагдах ёстой. Тэр чинь нөгөө Баянтоорой бригад шүү дээ гээд л амандаа үглээд яваад байх. Үнэндээ тас харанхуй  зааланд лаа бариулаад оруулчихсан. Барьж байгаа лаа нь дальдчиж унтраад байгаа юм шиг л санагдаж байв. Зун, намартаа говьд машины ус халаад явуулахгүй. Өвөлдөө шороон шуурга  өөд уруугүй “нүдсэн” Алтайн өвөр говийн хотгороо гэж.

            Ингэж тэмтчиж, гэлдэрсээр явтал ашгүй нэг юм сүүмийсэн гэрэл тэртээд ёлтойж үзэгдлээ.  Нөгөөх гэрэл гарсан газрыг бариад л яваад байгаа. Шөнө хөдөөд энд тэндээс гэрэл гараад байдаг. Хүмүүс түүнийг нь  сүнс сүүдэр ч гэдэг. Фосфорттой яс гэх нь ч бий.  Тийм “хуурамч” гэрлийг туршлага муутай жолооч “хөөж”, шөнөжин давхиад  хамаг шатахуун, тосоо бараад, хээр эзгүй газар баларсан түүх олон. Харин говьд энд тэндээс асаад байх гэрэл байхгүй нь аз юм.  “Хүрээ гэж хол юм, хүний амь гэж бөх юм” гэдэг шиг Алтайн өвөр говийг туулж, Баянтоорой орно гэдэг мөн ч хол юм байна. Шөнө хугасалж Баянтоорой орлоо. Багийн төв нам гүм. Хаа нэгтээ нохой залхуутай ганц нэгхэн хуцахаас өөр чимээгүй.  Ингээд Говийн их дархан цаазат газрын дөрвөн хүний ортой жижигхэн цагаан байшинд амрахаар хэвтлээ.

07:40 цаг

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн захиргааны хашаанд байгаль хамгаалагчид уван цуван  ирцгээлээ. Өглөөний нар дөнгөн данган тэртээ зүүнээс цухуймар аядаж, царцуу мотоциклийн дуу аниргүйг эвдэнэ. Байгаль хамгаалагчид унаж яваа мотоциклийнхоо ард дааж ядтал нь ачаа, бараа ганзагалачихсан харагдлаа. Үстэй дээл, байгаль хамгаалагчийнхаа ногоон хувцсыг өмсөж, нүүрээ битүү баглачихжээ.  Өмсөж яваа хувцсандаа түүртэж  “Баавгай” шиг л  хоёр тийшээ маажигнан таахагнан алхцгаана. Тэд өөр хоорондоо Одоо ч нөгөө хэдэн мазаалай чинь ичээнээсээ гарчихсан. Нөгөө функер дээрээ ирцгээж байгаа байх даа. Усан дээр ирэхэд нь нөгөө хэдэн камер чинь бичиж авсан л байдаг байгаа даа. Хавтгайн буурийн ороо одоо л гарч байгаа байх. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Ороо нь гараагүй юм тааралдаж мэднэ шүү. Болгоомжтой л байна шүү. Даргаас үүрэг даалгавар чиглэл авчихаад эртхэн газар дөхөж хонохгүй бол болохгүй. Энэ удаад дор хаяхад 14 хононо шүү. Хоол ундаа авсан биз дээ хэмээн хөөрөлдөж зогслоо.  Тэд бол Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчид.  Шуудхан хэлэхэд,  дэлхийн хамгийн том дархан цаазат газрыг хамгаалж байгаа эгэл жирийн ажилтнууд бол тэд. Баянхонгор, Говь-Алтай аймгийн  зүүн урд хэсэг буюу Алтайн өвөр говь  Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг  газрыг тэд олон жил хамгаалж байгаа билээ. Монголд зэрлэг амьтдын диваажин болсон газар гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Тэрний нэг нь Алтайн өвөр говь. Хавтгай, мазаалай, цоохор ирвэс тэргүүт дэлхийд нэн ховордоод байгаа амьтад энд бий. Мөн аргаль, янгир, хар сүүлтий гээд тоо толгой нь жилээс жилд нэмэгдэж байгаа амьтад ч энд ижил сүргээрээ оршин буй. Байгаль хамгаалагч нараас мотоциклийнхоо ард юу ачсан байгааг нь асуулаа.  Ус, бензин, хөнжил пүүгээ, мах, гоймон, будаа зэргийг ачсан. Бид байгаль, амьтдаа эргэхдээ ихэвчлэн хоёулаа явдаг юм. Нэгнийх нь мотоцикль эвдэрлээ гэхэд нөгөөхдөө суугаад явна. Хүний хөлөөс зайдуу, алтайн өвөр говьд мянга гаруй километр замыг туулна. Хад асга, эзгүй говьд ганцаараа явж болохгүй хэмээн ажлаа тайлбарлан ярих ажээ.   

НИНЖА НАР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД ГАЙ ТАРЬЖ БАЙНА

           ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат байгаль хамгаалагч нараа өрөөндөө оруулж, үүрэг даалгавар өглөө. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сэгс цагаан богд уулыг гадаадын хөрөнгө оруулалттай компани ухаад байгаа гэсэн худлаа мэдээлэл гараад байгаа. Бид бүхнийг хамгаалж байна уу гээд хүмүүс асуугаад байгаа. Мөн одоо мазаалай ичээнээсээ гарна. Амьтад төллөж эхлэх гэж байна. Алтны нинжа нар дулаан орохоор наашаа ирэх нь тодорхой. Байнга эргүүл хамгаалалт хийж байхгүй бол болохгүй нь. Хоорондоо холбоотой байхгүй бол болохгүй шүү. Анхаарал болгоомжтой яваарай. Хотоос ирсэн сэтгүүлчдэд ажлынхаа талаар ярина биз. Байгаа юмаа л үнэн зөв үзүүлчих гэсэн үүрэг чиглэл өглөө. Мөн  хэд хоногийн дараа тэнд бүгд бөөгнөрч уулзах тов хэлээд хурлаа өндөрлөлөө. Байгаль хамгаалагч нар ч эхнээсээ ажилдаа гарцгаав. Хоёр хоёроороо салж, Алтайн өвөр говь Загийн ус, баруун тоорой, Эдрэнгийн нуруу, Сэгс цагаан богд, Цагаан дэрсийн хоолой зэргийг зорин гарч байгаа нь энэ. Жил бүрийн хаврын хавсарга нүдсэн цагаар байгаль хамгаалагчид ажилдаа ийн гарцгаадаг  юм. Тэд арав гаруй хоног хээрээр гэр, хэцээр дэр хийж байгаль, ан амьтнаа бүртгэж, эргэж, тойрч, хамгаална.  Мэнэрсэн их говь эзэнтэйг сануулна.

         Сүүлийн үед Алтайн өвөр говь руу алтны нинжа нар сүргээрээ дайрах болжээ.  Нинжа нарын дунд  Говийн их дархан цаазат газарт их хэмжээний алт бий. Бараг л шороог нь самардахад л атганд алт үлддэг гэсэн цуу тарах болжээ. Үүнээс болж  байгаль хамгаалагч нар нинжа нараас байгалиа хамгаалах гэж үйлээ үзэх болж. Сэтгэл хөөрөлдөө автсан залуус олигтой унаа тэрэггүй мөртлөө шуналдаа хөтлөгдөөд Алтайн өвөр говь руу гараад шидчихдэг. Баргийн аавын хүү, үнэтэй машин очиж чадахгүй говь гэж тооцоолохгүй хүрээд ирцгээдэг байна. Ингээд байгаль хамгаалагчдад ажил удаад эхэлдэг ажээ. Өнгөрсөн жил 9911.... дугаартай, үнэтэй машин хөлөглөсөн нөхөр алт ухаж үзэх гэж нэг найзтайгаа энд ирсэн юм байх. Эзгүй хээр машин тэрэг нь эвдэрч, хоёр хүн чиг баримжаагүй  уул бараадан алхсан мөртэй байгаль хамгаалагч нар таарчээ. Ингээд хоёр хүний мөрөөр хайж эхэлсэн байна. Цаг хугацаа алдвал харангадаж үхэх аюултай. Газрын баримжаа байхгүй болохоор говийн баян бүрд рүү биш, эзгүй говь руу чиглээд алхчихсан байгаа юм. Байгаль хамгаалагчид станцаараа холбоо бариад хэдэн талаас нь самнаж эхэлсэн байна. Шөнө орой болсон. Лав гурав хоногийн өмнө алхсан бололтой мөр байжээ. Ингээд хайгаад л байж. Тэгсэн нэг нь харангадаад хариугүй амьсгал хураахын наахна хэвтэж байхад нь олжээ. Харин нөгөөх нь хамт явсан нөхрөө хаячихаад цаашаа ганцаараа алхчихсан байна. Гурав хоногийн дотор 50 гаруй километр алхаад мөн л харангадаад уначихсан байжээ. Амьтай  голтой байхад нь олж аваад бүлээн ус бага зэрэг амсуулж, уруул, хоолойг нь чийглэсэн байна. Нөгөө хоёр нь нүд бүлтэлзээд л Ус өгчих л дөө. Цангаж үхлээ. Амь аварсанд баярлалаа  гээд енгэнэтэл уйлаад байсан гэнэ. Ингээд машин тэргийг нь засаж өгөөд  Энд алт байхгүй. Ахиад ирж болохгүй шүү гээд явуулжээ. Гэтэл нөгөөдүүл нь дараа хавар нь мөн л ирээд бас л машиныхаа дугуйг хагалчихаад явган нүцгэн гүйж, харангадаж унахын даваан дээр байгаль хамгаалагчид олж авсан байна. Аминаасаа уйдсан хүн л алт хайж энд ирдэг гэхэд хилсдэхгүй аж.

            30 гаруй жил байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа Г.ГанзоригНинжа нар энд ирээд газар ухчих гээд болохгүй. Бүр бидэнтэй хэрэлдэж, янз бүрийн авир гаргана. Хөдөө хээр олон эрчүүд рүү ганцаараа л яваад очно. Дарамтлах гэж оролдоно. Бас  авлига өгөх гэж санаархана. Энэ болгонд арга эвийг нь олоод явуулдаг. Нинжа нар бас машин тэрэг нь эвдэрч, хээр хөлдөж, харангадаж үхчих гээд бидэнд мөн их ажил уддаг байлаа. Харин сүүлийн жилүүдэдЭндээс алт ухна гэж байхгүй юм байнагэдгийг ойлгосон бололтой. Үзэгдэхээ больчихоод байгаа гэв. Гэтэл тэдэнтэй зөрөөд уул уурхайн компаниуд говийн их дархан цаазат газрын ойролцоо хайгуул хийж, өрөм тавих гэж оролдох болжээ. Зэрлэг амьтдын диваажин болсон энэ газрын хэвлийд мэдээж алт, нүүрс, зэс бий.  Гэхдээ  ухаж сэндийчих нь хуулиар хориотой.  

ХАВТГАЙН  БУУР МАЛЧИН ЗАЛУУГ  БАРЬЖЭЭ

            Бид Баянтоорой тосгоноос хөдөлж, Захуйн говийн баян бүрд дээр ирлээ. Элсэн манхант толгод дундаас бяцхан булаг шургачих шахан урсдаг юм байна. Эндээс зэрлэг тэмээ ундаалж, Ээж хайрхны өвөр бэлд орших энэ газар Хавтгайн үржүүлгийн газар бий. Сүүлийн 20 гаруй жил зэрлэг хавтгайг үржүүлж, өсгөж байгаа юм байна. Үржүүлгийн төвийг Английн иргэн Жон Хэйр санаачлан 20 гаруй жил ажиллаж байна. Олон ч хавтгайг энд хашиж хамгаалж, эх байгальд нь тавьжээ. Хавтгай үржүүлгийн төвийн үр дүн гарч, тоо толгой нь нэмэгдэх болсон байна. Гэвч өнгөрсөн жил үржүүлгийн төвд хөрөнгө оруулалт хийж байсан нөгөөх Жон нь нас барчихсан гэнэ. Үүнээс болоод 20 гаруй жилийн түүхтэй үржүүлгийн төв үүд хаалгаа хааж, хашаа хороогоо буулгах уу гэдэг дээрээ тулаад байгаа юм байна.  Гэхдээ Жон гэх эрийн хүүхдүүд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх үү, үгүй  юү гэдэг нь удахгүй шийдэгдэх юм гэнэ. 

          Сүүлийн жилүүдэд хавтгайн сүргийн тоо толгой нэмэгдсэн гэх сайхан мэдээг байгаль хамгаалагч  Н.Алтаншагай дуулгасан юм. Хавтгайн буур сүүлийн жилүүдэд хэрэг тарьж, хэл ам татлах болсон гэнэ. Тоо толгой нь нэмэгдэхийн хэрээр тархац нутаг тэлж байгаа юм байна. Байгалийн шалгарлаар буурнууд ороо нь орсон үед ингээ булаацалдаж  үзэж тардаг байна. Араа шүдээ арзалзуулан нэгнийгээ арьсыг нь хүү татаж, хоолойг нь тас хазах нь ч бий. Ороо нь орсон хоёр буур тааралдвал нэгнийхээ аминд хүрч байж л салдаг гэнэ. Цус нөжтэйгөө холилдож, хоёр талаас ухаан мэдрэлгүй шүдээрээ мэрэлдэж, дороо хийн зайдагнаад хөдөлсөн тал руу нь хазаад сүйд болдог байна. Залуухан буурнууд ингэ олдохгүй болохоор айлын тэмээ хураачихаад эзнийг нь хазаж, хэмлэх нь энүүхэнд гэнэ. Саяхан Говь-Алтай аймгийн нэг залуу тэмээгээ хураах гээд яваад очтол нь буур нь ор сураггүй алга болчихсон байж. Хэдэн ингийг нь хавтгайн буур ягштал хураачихсан хүзүү сунгаж хаашаа л бол хаашаа хөөж элдээд байсан аж.  Тэмээгээ зэрлэг буурнаас салгаж авах гэж яваад өнөөх эр бариулчихжээ. Мотоцикльтой нь хөндлөн дайрч унагаад толгойны үс, арьсыг нь хүү татаж, гарын шуу, зузаан гуяны махыг тасар татаж, ухаан алдуулж хаясан байжээ. Азаар ар гэрийнхэн нь араас нь явж, эмнэлэгт хурдан хүргэсэн тулдаа амьд гарсан байна. Гэхдээ нүүрнээсээ эхлээд олон газраа оёдол тавиулсан гэнэ.  Нөгөөх хүний аминд хүрэх шахсан буур ингэнүүдийг нэг айлын гадаа хураачихсан. Гэрийн эзэд нь айгаад, гэрээсээ гарч чадахгүй байгаль хамгаалагчдад дуудлага өгчээ. Говийн их дархан цаазат газрынхан нөгөөх хэл ам таталж, хүний аминд хүрэх шахсан буурийг хүлж баглаад үржүүлгийн төвийн хашаанд  хэд хоног хорьсон байна. Ороо нь гараад эхлэхээрээ ааш зан нь тогтворжиж, хүнээс үргэж зугтаадаг болчихдог байна. Энэ үед нь торон хашаанаас суллаж тавьдаг гэнэ.  

         Бид Хавтгайн  үржүүлгийн төвийн хашаанаас гараад давхилаа.  Чиг баримжаагүй л урд зүгийг бариад яваад байв. Гэтэл хаврын тэнгэр гэнэтхэн аашаа хувиргаж, том том ширхэгтэй цас баруун талаас орж, харанхуйлаад ирдэг юм байна. Ер нь зам харагдахаа болиод төөрөх шинжэй шүү. Нэг төөрчихвөл ёстой баларсан юм болно. Мэнэрсэн их говийн харганат талд  зүг чиггүй явбал тааралдах  айл амьтан, хүний бараа байхгүй эзгүй. Тиймээс цас намдахыг хүлээж  зогслоо. Тэнгэр газар нийлчихэв үү гэмээр будчин бударч, шуурах ажээ. Хажууханд хавтгайн сүрэг салхи уруудан загны нөмөрт зогсож байна. Тэгсэн  гунжин ингэ тасраад салхи сөрөөд тэшүүлчих нь тэр. Байгаль хамгаалагч  Н.ГанзоригТэгнээ тэр. Яг л ийм цаснаар ингэ шилрэхгүй юм бол өөр юу говьд шилрэх юм бэ. Хөөрхий миньнас нь бага анх удаа ботголох гэж байгаа юм шиг байна. Ойрхон шилрээд л ботголчихоосой. Хавтгай, тэмээ хоёр мөн ч сонин амьтан шүү. Хаврын яг л ийм цаснаар ихэнх нь төллөнө шүү дээ. 30 гаруй жил энэ говьд байгаль хамгаалагч хийж байна. Хавтгайн ингэмазаалайн  эвш төрөхийг олон харлаа шүү дээ. Үнэндээ малчид малаа төллүүлдэг шиг бид ч бас  өвөр говийн хэдэн амьтныхаа халуун чихийг атгаж авдаг юм  гээд л уярангуй ярьж  суулаа. Ашгүй нэг юм тэнгэр цэлмэж, цас тогтлоо.  Зухуйн баянбүрдийн баруун дор ирцгээсэн байв. Эндээсээ урагшилна. Мазаалай баавгай  байгаа газрын ойролцоо очно.

ТУЛГАР БИЕТЭЙ  МАЗААЛАЙ  ИЧЭЭНЭЭСЭЭ ГАРЧЭЭ

            Бид өдөржин явсаар Загийн усны баян бүрдийн хажууханд буудалласан юм. Эндээ байгаль хамгаалагч нартай хамт хонох ёстой. Байгаль хамгаалагч нар мотоциклиосоо буугаад заг түүгээд эхэллээ. Ил гал түлж, эндээ хоноглоно. Гэрээсээ авчирсан идэж, уух “юм”-наасаа гаргаж, цай хоол болцгоов. Хээрийн хүн хээгүй нь дээр гэдэг шиг л тогоо дүүрэн шөл хийж уугаад  хэвтлээ. Хотын хэдээ  хөлдөөчих вий. Галаа түлээд байгаарай гэж  Н.Алтаншагай гэх байгаль хамгаалагч А.Уламбаярт үүрэг өглөө.  Загийн мод илчтэй,  үнэр нь сайхан юм.  Говьд өвөл газар унтахад аюул багатай.  Хортой хоргүй могой, гүрвэл, хорхой шавьж нь  өвөрт орж ирж сандаргаад байхгүй амар.  Байгаль хамгаалагчид Хангайн баавгай тулманд өөх, тос битүү чихчихсэн юм шиг л таргална. Харин говийн баавгай мазаалай чинь тарга тэвээрэг авах гэж их юм болно оо. Хөөрхий, ходоод гэдсэнд нь яаж шингэдэг юм байгаа юм. Энэ хатуу чулуужсан мод шиг бажууны үндсийг ухаж иднэ.  Үндсийг нь хад чулуугаар балбаад л байна. Савраараа газар ухаад л байна. Арай гэж нэг ширхэг годгор үндэс гаргаж ирээд бүхлээр л шахуу хэдхэн зажилсан болоод л залгичихна. Бас хармагны үндэс, ухна. Намартаа говийн хармаг гэх жимс иднэ. Ингэж л тарга авна. Намар цагт тарга тэвээрэг авсан мазаалайн үс нь үзмэн ягаан болж сорлож, намиатаад  ирнэ.  Ингээд хэдхэн сар дуг хийсэн болоод цагаан сарын дараа ичээнээсээ гараад ирнэ. Тэр тусмаа тулгар биетэй өнөө маргаашгүй төрөх гэж байгаа эвш дүн өвлөөр шахуу гараад ирчихсэн идэш хоол хайгаад л гүйгээд байна. Хөөрхий минь, давхар биетэй болохоороо өлсдөг шиг байгаа юм. Хурнийсан юм л үндэс хайгаад энэ говиор тэнэнэ. Мазаалайн тоо толгой өсөөд 50 хүрчихээд байгаа юм, хөөрхий. Энэ жил хэдэн бамбарууш онд мэнд хүлээгээд авчихвал 60 хүрч мэднэ. Эхнээсээ хөгшрөөд хамар, зулай нь цагаан үстэй болчихоод байгаа юм гээд л амьтныхаа л тухай яриад байх. Хүний хөл хүрэхгүй холын хол элсэн цөлд л зэрлэг амьтад үлдэж байгаа юм байна даагэсэн бодол эрхгүй төрж байлаа. Аргаль, янгир цоохор ирвэс гээд  дэлхийд нэн ховордсон зэрлэг амьтдын сүүлчийн орогнох газар нь энэ говь. Хэрэв энд соёлт нийгэм бий болж, машин тэрэг давхилдаад ирвэл амьтад үгүй болно. Эндэхийн байгаль хамгаалагчид гэж амьтад шигээ амь бөхтэй  юм. Цалин, мөнгө гээд сүртэй юм аваад байгаа юм алга. Сард 700-800 мянган төгрөг л цалин гэж авдаг юм билээ. Тэгсэн мөртлөө Улаанбаатараас Баянхонгор аймаг хүрэх хэмжээний газар нутгийг хамгаална. Нэг байгаль хамгаалагч талдаа 200-300 км газар хамгаалах үүрэгтэй. Бөөр, нуруугаа таттал,  хээрийн салхинд зүс царайгаа бор болгож гандтал уул хадаар тэнэнэ.  Амьтнаа ч, байгалиа ч хамгаална. Хүний мөр хөөгөөд  ийш тийшээ явна. Эзгүй говьд машин тэрэг, хүний гутлын мөр зурайтал гарчихдаг юм байна. Цагаан цаасан дээр хараар тууш татчихсан юм шиг л  ил тод. Байгаль хамгаалагчид нинжа нарыг мөрөөр нь хөөгөөд л бариад авчихдаг юм билээ. Бид байгаль хамгаалагч нартай ийн хонолоо. Тэд ажлынхаа талаарх жаргал зовлонг бишгүй л ярьж байна лээ.  Улаанбаатартай ойр байдаг байгаль хамгаалагчид жилд хэдэн ч удаа сургалт, семинарт сууна. Төрийн шагнал энгэр дүүрэн авчихна. Харин алс холын эд нар шоовдорлогдсон хүүхдүүд шиг л бүх юмнаас хоцорно. Тэглээ гээд гомдож туниад байхгүй.

ЭЭЖ ХАЙРХНЫ ХАЛИЛ ӨНДӨРТ ХАРЛАГ ТЭХ СЭРИЙН ЗОГСОНО

            Байгаль хамгаалагчдаас салаад Ээж хайрхны баруун өврийг зорьж хөдөллөө. Тэнд цагаан сарын үеэр нэр алдар нь олон түгээд байгаа “Их говийн эзэн” Н.Бэхи хүүгийнх бий.  Ээж хайрхан руу сүүлийн үед дотоодын жуулчид цувах болжээ. Чилдийсэн хөх саарал, гөлтгөр энэ ууланд сүсэгтэн олон лам, бөө нар ирцгээнэ.  Эндээс энерги эрч, далдын хүчээ авдаг юм байх аа. Мөн нутгийнхан уул шүтээндээ ирцгээнэ. Согтуу, хөлчүү, эр эмгүй л ууландаа очиж мөргөцгөөдөг юм билээ. Ээж ууланд гэрийн буурины чинээ томоос эхлээд найман тогоо бий. Зундаа усаар дүүрч, өвөлдөө мөс болон хөлдөнө. Мөн уулын зүүн хормойд Алунгоо эхийн томоо хөшөө барьжээ. Нутгийн бизнесмэн залуус мөнгө төгрөг нийлүүлж байгаад энэ хөшөөг  барьсан байна. Одоогоор ямар ид шидтэйг нь мэдэх хүн алга. Талд ташаа өндөр нарийхан хүүхний хөшөө босгочихсон байна билээ.

 Өнгөрсөн зун зохиолч Б.Наминчимэд тэргүүтэй хүмүүс Говь-Алтай аймгийн нутгаар баахан явж, түүхийн дурсгалт газруудад очиж, зураг хөргийг нь авчээ. Ингэхдээ хонь малаа хараад гэрээ сахиад үлдсэн Бэхи хүүтэй таарсан юм байх. Ингээд нэвтрүүлэг хийгээд телевизээр цацжээ. Тэгсэн “Ёстой монгол хүүхэд” гэж зарим нэг нь магтаад нөгөө хэсэг нь “Хүүхдийн эрх зөрчлөө” гээд монголчуудыг хоёр талцуулаад хаячихжээ. Энэ талаар Н.Бэхи хүүгийн өвөө  Лутбаяр гуайАй мэдэхгүй сүүлийн үед нийгэм ч өөр болоод, хүмүүсийн санаа сэтгэл ч өөр болоод байх шиг байна. Газрын мухарт байгаа бид юугаа мэдэх вэМанай  Н.Бэхи хүүгийн эрхийг зөрчлөө гээд шуугиад байна гэнэ. Говийн бид яг л ингэж өсөж хүн болсон. Миний хүү ч ингэж л мал хуйгаа харж хүн болсон. Одоо ач хүү минь яг бидэн шиг гэрээ ганцаараа хараад, морио унаад, говийн элгэнд амьдарч байгаа. Аав, ээж хоёр нь өвөлжөө янзлаад энд байсан юм. Харин Н.Бэхи хүү гэрээ сахиад арав орчим хоносон байх аа. Өөрөө биеэ даагаад хоол, ундаа хийж идээд, малаа хариулаад байвал ажил сурчамьдралд тохиолдсон элдэв зүйлд нугарахгүй эр хүн болох юм даа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал дээр гарсан зүйлээс болоод гомдсон байдалтай сууна. Тэгснээ Ах нь энэ хайрхны өвөрт насаа элээж байна даа. Энд олон жил   зэрлэг амьтантай нь оршин амьдарч байна. Би олон жилийн өмнө бусдаас шал өөр бяруунаас том харлаг тэх үзсэн юм. Сүрэгтээ зогсож байгаа нь аргагүй л нүдэнд туссан сайхан амьтан. Өнгөрсөн жил хөгшрөөд энэ хайрхны халил өндөрт гарчихсан байсан. Олон хоног зогсоол дээрээ зогслоо. Алдарт  зохиолч Б.Явуухулангийн Тэхийн зогсоол найраглал дээр гардаг шиг л  байлааХөөрхий минь, нэг л өглөө халил өндрөөс доош нисчихсэн байсан даа. Би энэ хайрхан руу малаа хариулаад олон жил гарч байна. Орой дээр нь салхи амьтлаад зогсож байх даанч сайхан шүү дээ. Зун намар ирвэл өвгөн ах нь газарчлаад та хэдийг гаргаад өгч болно шүү гээд л говийн хүний цуурга, цоожгүй сэтгэл гарган ярьж суулаа. Манай сэтгүүлч Н.Бэхи хүүгээс яриа авч баахан ичээж, эмээ, өвөө, аав, ээжийг нь сандаргаж аваад сая нэг дууссан бололтой. Гадаа харуй бүрийгээр Лутбаяр гуайн гэрээс бид багийн төв рүү хөдөллөө.

ХҮН БИТГИЙ ИРЭЭСЭЙ, ЭНД

             Баянтоорой тосгоны өглөө  ажин түжин. Ажлын цаг эхлэх болоогүй болохоор багийн төв бүхэлдээ нам гүм орших ажгуу. Ганц нэгхэн айлын яндангаар утаа суунаглана. Ерөөсөө л ертөнцийн мухарт ирчихсэн юм шиг л эзгүй хоосон мэдрэмж төрнө. Өдийд Улаанбаатар хотод амьдрал “буцалж”, зам дээрээ багтаж шингэхгүй болтлоо түгжирч, уур уцаараа барьж зогсоо доо хэмээн бодогдоно. Баянтоорой тосгон эзгүй зэлүүд буйд газар. Бүр модоор хашаа барьсан айл ховор. Багийн төв дээрээ гэрээ эгнүүлээд барьчихсан байх юм. Гэрийнхээ хажууд эвдрээд сэхэл авалгүй, махны “амбаар” болсон машины “сэг” олон харагдах ажээ.  Хаашаа л харна цэлийсэн тал. Ингэж ингэж сая нэг багийн төв амь орлоо. Хөдөөнийхөн бүгд хятад мотоцикльтой. Гэрийнхээ гаднаас мотоциклио пар хийтэл асаагаад багийн төвөөр сүлжилдээд давхиад байх. Бодвол тэдэнд ямар нэгэн ажил байдаг байлгүй. Багийн төвийн урд тоорой модод үелэн ургажээ. Модны сүүдэр бараадаад газар хагалчихсан. Тэндээ багийн төвийнхөн шийгуа, тинга энэ тэр тариална. Гүний худгийн усаар ангасан газрын хөрсийг үер болтол усалж байж арай гэж цөөн тооны хүнсний ногоо, жимс хураан авдаг гэсэн. Залуус нь хэзээ, хаана уралдахыг мэдэхгүй морь уяад л байх. Хийх ажил олдохгүй болохоор нь нэг нэгнийхээ морийг өдөржин шинжиж, янз бүрээр уяа сойлгыг нь тааруулж, орой нь багийн төвийн урд хавтгайд үсэргээ, сунгаа хийж, цагийг барж байна лээ. Хэдэн жилийн өмнө мотороор цахилгаанаа залгуулдаг байсан багийн төв одоо 24 цагийн цахилгаантай болж, интернэт сүлжээ хүртэл ороод иржээ. Эр, эм хөгшин залуугүй  фэйсбүүк ухаж, улстөржих юм.  Бид ийн халил өндөр уулсын хормойгоор хэд хоног бэдэрч “тэнэсэн” юм. Ууланд нь аргал, янгир бэлчиж, цоохор ирвэс ангаа барихаар өндрийн өндрөөс “ниссэн” ан амьтны өнө мөнхийн  диваажин болсон  энэ хотгорыг Алтайн өвөр говь гэнэ.  Нэн ховор амьтдын  гэр орон, хоргодох газар болсон энэ л баян нутагт Хүн битгий ирээсэй” гэж үнэн голоосоо хүсмээр санагдав. Олон сая жилийг туулаад ирсэн онгон дагшин энэ нутагт хүн ирэхээрээ л зэрлэг амьтан, байгальтай нь дайсагнаад эхэлдэг юм билээ. 


ХАВТГАЙН ИНГЭ ШИЛЭРСЭН АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН ХАВАР-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-25 09:33:44
    ider: saihan niitlel boljee ochij vzmeer...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-24 11:18:25
    Ширчингийн Сүхбаатар : Алтайн өвөр говиор аялаад ирсэн юм шиг сайхан тэмдэглэл уншлаа. Үнэхээр сайхан нэвтрүүлэг бас гарах болов уу. Эрхэм сэтгүүлчдээ баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-21 13:19:06
    Сээмаа: Өргөн уудам эх орны зах хязгаарыг хамгаалдаг, хардаг жинхэнэ эзэд нь эх орончид нь шүү дээ, Иймээс цалин, хангамжийг өндөр болгох шаардлагтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-21 09:56:23
    pkxny: сайхан нийтлэл болж,баяр хүргэе
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188