 
 
Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россини уг дуурьтаа Бомаршегийн зохиолын гурван гол дүрийн нэг болох авхаалж самбаатай, сэргэлэн эр Фигарог тод томруун харуулж, түүний үйл явдлыг дүрсэлсэн байдаг байна. "Севилийн үсчин" дууриас 30 өмнө 1786 онд алдарт зохиолч В.А.Моцарт "Фигарогийн хурим" дууриа мөн Бомаршегийн гурамсан зохиолын хоёрдугаар хэсгээс сэдэвлэн бичсэн байна.
	
-“Севилийн үсчин” дуурийг энэ удаа ямар онцлогтойгоор тавих гэж байна вэ?
-Дуурь бүжгийн эрдмийн театрт 1979 онд Л.Эрдэнэбулган найруулагчийн тавилтаар энэхүү дуурийг анх тоглож байсан байдаг. Дараа нь 2017 онд Италийн нэрт найруулагч Стефано Монти Монголд ирж шинэчлэн тавьсан. Түүний тавилтаар бид үзэгчдэд дахин тоглох гэж байна. Тэр дундаа “Севилийн үсчин” дуурийг дэлхийн томоохон театруудад тавигддаг стандартынх нь дагуу хүргэж байгаагаараа онцлог юм. Нэг ёсондоо эл дуурь анх бичигдсэн цаг хугацаа буюу 1800-аад оны үйл явдлын утга санааг нь алдагдуулахгүйгээр 100 жилээр хойшлуулж, тэр үеийн шинжлэх ухаан, эдийн засаг, хувцас загвар зэрэг дэлхийн хөгжлийн явцыг оруулж өгснөөрөө илүү сонирхолтой болов уу. Энэ тавилт нь уран бүтээлчийн хувьд надад их таалагддаг. Учир нь, дүрүүд нь их гоё, хувцаслалт ганган хээнцэр гээд илүү шинэлэг, сонгодог байгаагаараа өвөрмөц.
	
-Энэхүү дуурьд та хэзээнээс дуулах болсон бэ?
-Л.Эрдэнэбулган найруулагчийн тавилтаар тавихад нь хоёр, гурван удаагийн тоглолтод дүрдээ дуулж байсан. Дараа нь шинэчилсэн тавилтад мөн дуулаад, 2018 оноос ОХУ-д магистрт суралцахаар явсан. Түүнээс хойш энэ дүрдээ дуулаагүй байж байгаад одоо үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Мэдээж долоо, найман жил энэ дүрдээ тоглоогүй учир мартсан хэсгээ сэргээн, шинэчлээд бэлтгэлээ хийж байна.
-Альмавива гүнгийн дүрийн онцлог юу вэ?
-Их овсгоотой, сэргэлэн, ихэмсэг Гүн хүний дүр шүү дээ. Хайртай бүсгүйгээ өөрийн болгохын тулд бүх дүрд хувирдаг. Дуурь дотроо олон дүрд хувирдгаараа онцлогтой. МУГЖ Д.Банди багш маань анх энэ дүрд тоглосон байдаг. Тэгээд багш өөрийн дурсамжиндаа “Севилийн үсчин” бол Монгол дуучдын хувьд цоо шинэ дуулаачийн техник. Шинэ техниктэй танилцаж, шинэ техникээ хөгжүүлж, дуучдын хувьд үсрэнгүй хөгжихөд их нөлөөлсөн дуурь” гэж бичсэн байдаг. Үнэхээр ч техник, хурд шаарддаг юм байна гэдгийг би энэ дүрд дуулахаар бэлдэж байхдаа мэдэрч байсан. Ихэнх дуурийн хувьд уянгалаг хөгжимтэй бол Ж.Россинийн дуурь хөнгөн, хурдан хэмнэлтэй учир дуучнаас дуулах техник шаардаж, дүрийн шилжилт, анхааралтай байх зэрэг уран бүтээлчийн чадварыг илүү сорьдгоороо онцлог.
	
-Дүрийнх нь зан чанар таныхтай төстэй юү. Та энэ дүрд анх хэрхэн дуулах болж байв?
-Альмавива гүнгийн дүр миний алиа хошин, аливааг хөнгөн зөөлнөөр хүлээж авдаг чанараараа төстэй болов уу гэж боддог. Дүрийн сонголтын тухайд манай театрын хувьд бүх л дуучин тайзнаа тавигдаж байгаа дууриуддаа оролцоод явдаг. Дэлхийн жишгээр бол зөвхөн Ж.Россинийн дуурьд дуулдаг дуучин гэж байдаг. Гэхдээ манай хувьд тийм боломж бага шүү дээ. Тиймээс аль болох бүх уран бүтээлдээ өөрсдийгөө дайчлан оролцдог. “Севилийн үсчин” дуурийн тухайд анх би энэ дүрийг сонирхон дуулж байлаа. Сүүлд нь харин энэ дуурийн гол дүрд дуулах дуучны сонгон шалгаруулалт авснаар, тэнцэн, дуулах болсон.
	
-Дуурь бүжгийн театрт та хэзээ орж байв. Түүнээс хойш одоог хүртэл хэчнээн уран бүтээлд оролцсон байна вэ?
-СУИС-ийн оюутан байхдаа 2019 онд анхны дуурьд дуулж эхэлсэн. Тэгээд сургуулиа төгсөөд театрт орсон. Дүрүүдээсээ нэрлэвэл, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ленский, Ж.Вердийн “Травиата”-гийн Альфред, В.А.Моцартын “Дон Жуан” дуурийн Дон Оттавио, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан”-ы Жамух, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Төмөрсүх зэрэг 30 гаруй гол болон туслах дүрд дуулсан байна.
-Дуурийн дуучнаар төгссөн мөртлөө өөр чиглэлээр дуулж байгаа дуучид байдаг шүү дээ. Таны хувьд театртаа үнэнч байгаа нь юутай холбоотой вэ?
-Миний хувьд бусад уран бүтээлчдийн л адил хүүхэд байхаасаа дуулдаг байж байгаад мэргэжлээ сонгохдоо дуурийн дуучин болох зорилго тавьсан. Надад тайзнаа дэлхийн болон Монголынхоо сонгодог дууриудын дүрд дуулах нь илүү сонирхолтой, сайхан шүү дээ.
-Театрт байж байгаад ОХУ-руу явж мэргэжлээ дээшлүүлсэн юм байна, тийм үү?
-Тийм ээ. СУИС-ийг төгсөөд, театрт ажиллаж байгаад Москвад Хөгжмийн академид магистраа хамгаалсан. ОХУ-ын Ардын жүжигчин Константин Павлович Лисовский гэх хүн дээр очиж үнэтэй зөвлөгөө, мэдлэгийг авсан. Эргэж ирээд театртаа 2022 оноос ороод, ажиллаад явж байна.
	
-Дуурийн дуучин гэхээр хүмүүс зүгээр нэг дуулдаг гэж өнгөц бодох талтай. Гэтэл давхар жүжиглэлт явдаг шүү дээ. Тэгэхээр дуурьд дүр бүтээдэг уран бүтээлчийн гол онцлогоос үүнийг унших үзэгчдэд тодорхой хэлж өгвөл зүгээр болов уу?
-Дуурийн дуучны хөдөлмөр уран бүтээлчээс илүү анхаарал, жүжиглэлт, дуулалтын өнгөө авах, нотны мэдлэг гээд олон талын чадвар нийлж бүтдэг. Эхлээд нотоо сурна. Дараа нь төгөлдөр хууртай, бусад дуучинтайгаа нийлж сурна, тэгээд жүжгээ тоглоно. Дүрээ бэлдэж ингэж бэлэн болсны дараа оркестр хөгжимчид нийлж бүрэн нийллэг хийнэ. Энэ бүхний эцэст тайзнаа хувцастайгаа, хөгжимтэйгээ жүжгээ бүтнээр нь тоглож бэлдээд, үзэгчдэдээ тоглолтоо хүргэнэ.
-Таны хувьд дуулахаас гадна өөр ямар сонирхолтой вэ?
-Ном зохиол унших дуртай. Хуучны сонгодог кинонуудыг давтан үзэх сонирхолтой. Чөлөөт цаг гарвал ууланд алхах хоббитой. Гэхдээ байнга нотоо бодно, дуулаачийн техникээ эзэмших гээд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх зүйлээ хийгээд явна.
-Тайзан дээр дуулахад уран бүтээлч бүрд өөр мэдрэмж төрдөг байх. Мөн дуурийн дүрд дуулаад дуусахад төрдөг мэдрэмж хамгийн сайхан болов уу?
-Миний хувьд дуурьдаа дуулж л байвал хамгийн жаргалтай. Хэсэг хугацаанд суралцахаар тайзнаасаа холдоход үнэхээр санадаг юм билээ. Тайзан дээр гарахын өмнөх бэлтгэл, түүнийхээ төлөө санаа зовох, нотоо бэлдэх зэргээр хичээж зүтгэсэн бүхэн минь эргээд үзэгчдийн алга ташилтаар илэрдэг. Энэ нь л уран бүтээлч хүний аз жаргал, баяр баясгалан байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ |  | 
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |