• Өнөөдөр 2024-05-09

ЗӨСҮТ: Тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

2023-08-08,   383

              Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан  Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс халдвар дамжихаас сэрэмжлүүлэв.
 
        Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг байна.
 
Тарваган тахлын нян бүүргийн ходоодонд 0-15 хэмд 396 хоног хүртэл, мэрэгчдийн нүх ноохой, газрын хөрс, хүйтэн, чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай бөгөөд бусад бичил биетний нөлөө, нарны гэрэл, химийн бодисын нөлөөнд тэсвэргүй. Түүнчлэн, 1:1000-ын сульма, 3-5 хлорамин, 3 карболын хүчил, 10 хувийн хлорын шохойн сүүн уусмал зэрэг халдваргүйтгэлийн бодис, мөн цефалоспорин, стрептомицин, тетрациклин, левомицетин зэрэг олон антибиотикт мэдрэг.
 
Тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтан, шимэгчид/ бүүрэг бөөс.гм/ өвчилсөн хүн эх уурхай болно. Тарваган тахлын нян байгальд мэрэгч-бүүрэг-мэрэгч гэсэн гинжин хэлхээнд байдаг зүй тогтолтой. Байгалийн голомтод тахал өвчний нянг мэрэгчийн нэг бодгалиас нөгөөд дамжуулагч нь бүүрэг юм.
 
Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсний замаар халдварладаг.  
 
Шууд хавьтал гэдэг нь өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилнө.
 
Дам халдвар нь мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөн хазуулах зэрэг тохиолдлоор дамждаг.
 
Агаар дуслын зам нь тарваган тахлын уушигны хэлбэрээр өвчилсөн хүн түүний нэгдүгээр хавьтлаас халдварладаг байна. Лабораторид осол гарсан үед уушигны хэлбэрээр өвчлөх боломжтой.
 
Хоол хүнсний зам нь тахлаар өвчилсөн тарваганы мах, махан бүтээгдэхүүнийг дутуу боловсруулан хэрэглэх явцад халдварлана.
 
Тарваган тахлаар өвчилсний дараа дархлал тогтоох боловч тодорхой хугацааны дараа дахин өвчилж болно. Дархлаажуулалтын дараа идэвхгүй дархлаа /6 сар орчим/ тогтдогийг ЗӨСҮТ мэдээллээ.

ЗӨСҮТ: Тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188