Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим СУИС-ийн диплом хамгаалалтын ажил хийгдэж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Өөрсдийн бүтээсэн хувцас, баримал, уран зургийг барьсан охид залуус амрах завгүй хоёр тийш холхино. Мөн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн үзэхээр зорин ирсэн хүмүүс цөөнгүй байлаа.
Саарал чулуун шатаар өгсөж хоёр давхарт байрлах үзэсгэлэнгийн тэнхимд зураач С.Пүрэвхүүгийн “Realistic” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийхээр бэлтгэж байв. Танхимд ороход цагаан ханан дээр олон төрлийн уран зургийг жаазанд хийгээд эгнүүлэн өлгөжээ. Үзэсгэлэнгийн танхимд орж ирсэн цагаасаа хүмүүсийн алхалт удааширч зураг бүрийн өмнө хэсэгхэн саатаж байлаа. Энд хамтдаа явж буй хүмүүс хүртэл нэгэнтэйгээ ярилцалгүй тус тусдаа уран зургийн ширхэг бүрийг мэдрэхийг хичээх мэт.
“Энэ зургийг зурах гэж хэчнээн цаг зарцуулсан бол” хэмээн ярилцах хосууд үзэж байгаа зургаасаа харцаа үл салгана. Удалгүй танхимд орж ирсэн буурал толгойтой эр хэсэг эргэн тойрноо харж зогсоод, энгэрээсээ нүдний шилээ гаргаж ирсээр нүднийх нь урд байрлах цэцгийн зураг руу өнгийн харж, нарийвчлан ажиглана. Үзэсгэлэнгийн танхимд зураач С.Пүрэвхүү нээлтийн үйл ажиллагаагаа хийхээр зургуудаа шалган заалны тэг дунд бодол болон зогсоно. Тэрбээр “Realistic” бол миний бие дааж гаргаж байгаа дөрөв дэх үзэсгэлэн. Миний хувьд уран зургийн суурь болсон бодит байдлын зургаар уран бүтээлээ туурвидаг. Энэ удаа нь байгаль, цэцэг, хотын сэдэв, сэдэвт уран зураг гэсэн дөрвөн төрлийн 33 зургаар гаргаж байгаа үзэсгэлэн. Нийт гурван жилийн хугацаанд хийгдсэн ажлуудаас шилэгдэж сонгогдсон бүтээлүүд байгаа” гэв.

Хажуугийн тэнхимд гэрэл зурагчин М.Мөнхтүшигийн “Цоорхой” үзэсгэлэн олны хүртээл болж байлаа. Үзэсгэлэн дэлгэгдсэн заал энгийн үзэсгэлэнгийн тэнхимийг бодвол дөрвөлжин, дугуй, эсвэл гурвалжин биш өвөрмөц талбайтай учир үүдний хэсгээс заалыг бүхлээр харж болохоор ажээ. Хана дээр нь том жижиг хэмжээтэй гэрэл зургийг энэ тэнд нь донжийг нь тааруулан өлгөж, хажууд нь зураг бүрд холбогдох яруу найрагч Тө.Бямбасүрэнгийн шүлгийг байрлуулжээ. Энэ нь дан ганц зураг хараад өнгөрөх бус шүлэг уншиж тухайн зургийн утга санааг илүү их ойлгоосой гэж бодсоных байв. Гэрэл зураг бүр өөр өөрийн өгүүлэмжийг харуулж, зурагнд ойртсон хүн бүр хажууд нь байрлах шүлгийг нь нэг бүрчлэн уншиж байлаа. Гэрэл зураг, шүлэг хоёр хамт байж утга агуулга нь төгс гарна. Хүмүүс чимээгүйхэн зураг бүр дээр очиж нэг бүрчлэн ажиглана. Гэрэл зургаас ямар нэгэн зүйлийг ойлгох, алдсан зүйлээ хайж олох гэсэн мэт удаанаар ажиглана. Хар цагаан гэрэл зураг элдэв өнгө ороогүй учир хуурах зүйлгүй бодит бүхнийг харуулна. Үзэсгэлэнгийн гэрэл зурагт байгаль дэлхий, хүн, мод, байшин барилгыг хэний ч анзаараагүй өөр өнцгөөс дүрсэнд буулгажээ. Өсвөр насны охид урд нь байрлах гэрэл зурганд орчих шахам нарийвчлан ширтэнэ. Зааланд үргэлжийн хөнгөн ая эгшиглээтэй. Хэтэрхий чанга доргисон ая биш, дэндүү уянгын гэгээлэг ая ч биш, яг л энэ гэрэл зураг, яруу найрагт тохирсон ая байлаа.
“Цоорхой” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан гэрэл зурагчин, залуу уран бүтээлч М.Мөнхтүшиг “Хүмүүст бүтээлээ танилцуулснаар хуучинтайгаа орооцолдохоо больж тайвширсан, хоосорсон мэдрэмж авч байна. Гэрэл зураг аваад 5-6 жил, хар цагаанаар гэрэл зураг аваад гурван жил болжээ. Хар цагаан гэрэл зургийн өгүүлэмж олон өнгөнд дарагдаагүй байдаг учир санаа, харуулах гэсэн агуулга нь сайн харагддаг. Сонирхсон, гэрэл зурагт дуртай хүмүүс нь ирж үзээсэй гэж бодсон” гэсэн юм. Орсон цагаас гарах хүртэл тэнхимд хүний хөл хөдөлгөөн тасарсангүй. Гэхдээ чанга дуу гарч шуугилдсангүй. Харин зураг бүрийн өмнө бодолд дарагдсан хүмүүс л байсан юм.
“MN17” арт галерейд зураач М.Цасчихэрийн “ANIR 2” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Нүд гялбам цагаан хана, зураг бүр дээр тусах гэрэл нь уран зургийг илүү тод харуулж байлаа. Төгөлдөр хуурын ая эгшиглэсэн зааланд тайван амгалан байдал ажиглагдана. Зарим уран зургийн урд зөөлөн сандал байрлуулсан нь зургийг илүү удаанаар тогтож үзэх боломжийг олгожээ. Үзэсгэлэнгийн гэрэл зургуудыг хальт хараад өнгөрөх бус тогтож зогсоод удаанаар ажиглах хүмүүс заалыг чимээгүйхэн тойрцгооно. Уран зургийг ажиглаж буй хүмүүс тухайн зургийг хараад утгыг нь ойлгохын тулд өөртэйгөө ярилцаж буй мэт бодол болсоор зогсоцгооно. Өсвөр насны охид танхимын голд байрлах сандал дээр сууж зураг бүр рүү нэг бүрчлэн заасаар өөрт мэдрэгдсэн зүйлсээ ярилцана. Заримдаа харагдаж сонгосон зургаасаа юу мэдэрч байгаагаа найздаа хэлж чадахгүй байгаа учир хөмсөг нь зангирч, хэсэг муухай царайлна. Найзуудын нэг Б.Солонго “Багадаа үзэсгэлэн үзэж байгаагүй болохоор одоо ямар зүйл байдгийн нь мэдэх гэж үздэг болсон. Өмнө нь хотын төвд байрлах хоёр үзэсгэлэнг үзсэн. Ийм уран зургийн үзэсгэлэн хамгийн чимээгүй орчин учраас тайван, юм бодох цаг хугацааг олгодог юм шиг санагддаг” гэлээ.

| ӨӨРТЭЙГӨӨ ЯРИЛЦАХ ГАЗАР |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |