Энэ сарын 11-нд “Гоо улирал” шүлгийн түүврийн нээлт болсон бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 30-нд болж өнгөрсөн “Гоо улирал” эмэгтэй яруу найрагчдын уншлага дахин нэг удаа утга уран зохиолын тэнгэрт зөөлөн борооны үнэр авчирсан билээ. 25 орчим залуу эмэгтэй найрагч өөрийн зүрхний гүнээс ургасан үгсээ уншиж, уншигчдын сэтгэлд уран сэтгэмжийн шинэ гал асаасан тэр орой бол эмэгтэй дуу хоолойн улирал болж чадсан хэмээсэн юм.
Энэхүү номд уншлагад оролцсон эмэгтэй яруу найрагчдын шилдэг шүлгүүд багтсан бөгөөд хайр, итгэл, гуниг, урам зориг, амьдралын өнгө аяс, эмэгтэй хүний сэтгэлийн олон талт байдал урсан оржээ. “Гоо улирал” бол зөвхөн номын нэр биш энэ бол эмэгтэй зүрхний хэмнэл, мэдрэмжийн улирал, үгсийн гэгээтэй хавар юм. Номын хуудсыг нээх бүрд эмэгтэй хүний дотоод ертөнц рүү алхаж, өөрийн зүрхэнд нэгэн гоо улирлыг ургуулна. Ингээд тус номоос онцлох шүлгүүдийг хүргэж байна.

***
Жимсний иш шиг турьхан
Жижигхэн охиныхоо
Жирийн биш ертөнцийнх нь
Шинэ өнгө нь би байдаг
Миний л ойлгодог хэлээр
Бүхний талаар ярьж
Миний мэдэхгүй ертөнцөд
Хормойноос татсаар аваачдаг
Жимсний иш шиг турьхан
Жижигхэн охиныхоо
Жирийн биш ертөнцийн
Хаалга нь би байдаг
Тэнгэрт тогтсон шүүдэр шиг
Тийм олон одонд
Тэр л ганцаараа нэр өгч чаддаг.
Өлмий өргөн сунасаар
Өвөр лүү цойлох үрийнхээ
Үлгэр мэт зүүднийх нь
Үүд нь би байдаг.
Б.ЭНЭРЭЛ
ЗОВХИНЫ ЗАВСАР УУССАН АМЬДРАЛ
Арван долоон настай байхдаа нэг удаа хайрлаж үзсэн юм.
Энгэрийн товч унах, цагаан арьс ягаарах, хатсан уруул норох,
Богино даашинз уртдах, шөнө өдрөөс ч чухал санагдах,
Жижигхэн сувд торгон дээгүүр гүйх шиг, тэндээ төөрөх шиг,
Намрын өглөө муур амгалан нойрсох сүмийн үүдэнд
Хэн нэгэн навчис шүүрдэн зогсох шиг
Амар амгалан, амттай байна байх гэж төсөөлж байснаа санадаг.
Үүлс хоорондоо нийлээд дундаасаа солонго төрүүлдэг гэж харах,
Үүд сахиж суудаг хөгшин сүнснээс айхаа мэдэхгүй хаалгаа нэвт онгойлгох,
Тийм нэг хачин ертөнцдөө би чамайг урьсан.
Түүний үнэртэй салхи миний орчлонгийн нэг хэсэг болж,
Үүсгэсэн бөмбөлөг дотор нь амьдраад л… инээгээд л…
Хөвөн чихэр шиг зөөлөн, нялуун амтаар намайг ороосон,
Би орооцолдсоор, эргэлдсээр, дэлхийгээс том,
Огторгуйн дайтай модон чихэр шиг болж, жингүйдэн хөвөөд л
Хайр гэж энэ гээд үзүүлчих зүйл бидэнд байгаагүй ч,
Хазсан алим, хатсан үзэм, хамтдаа элс ухан гаргаж ирсэн жижигхэн дун бидний алганд байсан.
Модны хоёрын шалбаагтай замаар цагаан оймстой гүйж өнгөрөх туялзсан хөл,
Үүл, ус, шороог ч ялгахаа байсан.
Чиний хаанаас ч юм олж ирсэн бяцхан үндэс,
Бид хамтдаа дэлбээлж, ургахыг нь харна гэж мөрөөдсөн.
Тэнгэрт тултал ургаж, тэндээ байшин барьж, хүүхэдтэй болж,
Монгол авдрын ёроолд хазсан алим, хатсан үзмээ нууж,
Хамт байна, нэг хором ч холдохгүй, нэгэн биеийн тал болж,
Баруун зүүн гарнуудаа ч цавуудчихна хэмээн итгэж явсан.
Би хорин настай байхдаа нэг удаа шархалж үзсэн юм.
Цээж нэвт сийгэм хүйтэн хөндий хоосон оргиж,
Нэг мэдэхэд зүрх минь түүний гарт, харин
түүний зүрх сул асгарсан шорооны дор орсон.
Тэнд хэдэн чулуу байсныг би гараараа тоолсон
Эвхэрч унаж, энгэртээ нааж, эргээд ирэхгүйг нь мэдэхдээ
Хаанаас ч юм олж ирсэн бяцхан үндсийг
Тэнд нь суулгаад явсан.
Явахдаа эргээд харсан.
Сүнс чинь төөрч, дараа нь араас хөөж ирнэ гэж найдсан
Тэгээд үүд сахиж суудаг хөгшин сүнс ханьтай болж, чи нэмэгдсэн
Үргээд ниссэн шувуудын өд чиний дүр болж байсан
Бороо ч асгарахдаа чиний хоолойг тоглож,
Бодолд чи үүрд үүрээ засчихсан.
Би хорин настай байхдаа
Үүрд хорин насандаа үлдсэн
Чиний нүд болж, хөл болж, үзэхийг хүссэн бүхнийг нь үзсэн,
Биеийг чинь би бүхий л хугацаанд өөрийнхтэйгөө цуг зөөж ирсэн.
Тэгээд…
Нэг залуутай учирсан.
Дахиад л хайр байдгийг мэдрэхээр зүрх минь яарч, хаа холоос,
Хөлдсөн газрын доороос нааш тэмүүлсэн
Харин чи тэр зүрхийг алганаасаа тавьж явуулсан.
Чамтай л цуг булагдчихсан байсан зүрх үүдэнд ирээд хонх дарахад
Хавар ирсэн
Цонх хагарч, гэрэл шатаж, миний хуучин амар амгалангийн сүм шатахад
Нүдээ нээсэн.
Би гучтай болсон байсан.
Харин чи үүрд хорьтой үлдсэн.
О.АНХЗАЯА

НҮД
Нүд бол орчлонгийн толь
Нуугдсан сүнсийг илчилдэг.
Нүд бол цаг хугацааны гэрч
Дурсамжийн санг хадгалдаг.
Нүд нээгдмэгц шинэ амьдрал эхэлдэг
Нүд хаагдмагц хуучин амьдрал төгсдөг
Нүднээс хайр, үзэн ядалт, харуусал гэх
Нүдэнд үзэгдэхгүй зүйлс илэрдэг
Нүднээс хоёрхон харц огтлолцох мөчид
Хоёр ертөнц хоорондоо нэгддэг
Нүднээс үзэсгэлэнтэй харц ч
Үзэшгүй хүйтэн харц ч тодорч харагддаг
Тэнд л хүний жинхэнэ үнэнийг
Тэнгэрийн од шиг харж болдог.
Гэвч энэ бүхэн надаас дэндүү хол байсаар уджээ
Гэсэн ч би нүдийг биширсэн хэвээр
Гээсэн тэр л мэдрэмжүүдээ эрмэлзсэн чигээр
Гэнэдэж бичсэн бүхнээ
Гэнэ гэнэхэн мөрөөсөн суусаар л…
А.САЙХАНЦЭЦЭГ
***
Гүүр даваад
Гэртээ очиход
Даарав уу, цангав уу гээд
Ээж угтана.
Ийм дулаахан гэртээ
Гуниггүй очих хэрэгтэй.
Гараа дулаацуулж
Гунигаа нуугаад
Гурав тоолоод
Хаалгаа тогших хэрэгтэй.
Б.ЭНХ-УЯНГА

***
Борооны дусал бүрийг нандигнаарай
Булбарай хацар дээр чинь зөөлнөөр үнсээд
Буцаад л алга болчихно шүү, би
Сарыг хармагцаа намайг дурсаарай
Шөнийн зүүдийг чинь манаад
Чимээ аниргүй явчихна шүү, би
Нарны илчнээс дулааныг мэдрээрэй
Намуухан зөөлнөөр тэвэрч аваад
Нүдэнд чинь харагдахгүй замхарна шүү, би
Тэнгэрт түгэх оддын тоогоор жаргаарай
Тансагхан харцны чинь баяслыг мэдэрчихээд
Түргэн холдож одно шүү, би
Сэвшээ салхинаас намайг эрээрэй
Сэтгэлд чинь үлдээх үгсээ шивнээд
Саруулхан тэнгэрт одчихно шүү, би.
О.АНУЖИН
***
Харсаар байтал энэ тэнгэр
Харцны завсраар шивэрч дуусах нь…
Үүлсийн ар нуруун дээгүүр цэг мэт гэрэл
Биеэ тэлэн мөлхсөөр үзэгдэхүй, өглөө боллоо
Бүгдийн илч дулаан агаарт дэгдэж,
Бүлээн амьсгаа л алганд уусаж байна
Тэвдэж, тэврүүлсэн зүрх минь угаагдаж
Тэр дуслуудаас ч тунгалаг болж байна.
М.ДЭВЭЭЖАРГАЛ
| ГОО УЛИРЛЫН АЯЛГУУ |
|
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |