"Манай аялгуу", "Сэтгэлийн дуудлагаар", "Нийслэл хүү", "Өглөө", Агуйн нууц", "Моторын дуу", "Тамирын охин", "Хүний төлөө", "Зуслангийн найзууд", "Газрын жигүүр", "Гул Аранжин", "Өнөр бүл" , "Фронтод явах өргөдөл", "Монголын гурван өдөр" зэрэг кинонд олон сайхан дүр бүтээснээр нь МУГЖ Ц.Цэнд-Аюуш агсныг бид мэдэх билээ. Тэгвэл бид түүний охин А.Энхцэцэгтэй уулзаж, аав, ээжийнх нь талаар дурсамж яриа дэлгэснээ уншигч танд хуваалцаж байна.
-Монгол кино үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Монголын дэлгэцийн урлагт "Ягаан Гажид" тэргүүтэй олон сайхан дүрээрээ дархлагдсан ээжийгээ та эдгээр өдрүүдэд хамгийн их дурсан санаж байгаа болов уу?
-Тийм ээ, Монголын ард түмэн кино урлагтай их холбоотой байж ирсэн. Бидний хүүхэд нас, залуу, өсвөр үе дандаа киноныхон дотор өнгөрсөн. Кино үйлдвэр бол бидний очдог хамгийн хөгжилтэй, дурсамжтай газар байлаа. Тэгээд аав, ээж минь урлагт тод мөрөө үлдээсний хувьд монгол кино үүсэж хөгжсөний 90 жилийн ой бол бидний хувьд чухал тэмдэглэлт үйл явдал болж байна.
-Аав, ээж нь кинонд дүр бүтээж, уран бүтээлч байсан хүмүүс бусдаас илүү азтай санагддаг. Учир нь хүссэн үедээ аав, ээжийнхээ тоглосон киног үзэж, тэдэнтэй "Уулзаж" чаддаг. Ээж нь ямар зан чанартай хүн байв?
-Тэгэлгүй яах вэ. Тоглосон кинонуудыг нь үзэх бүрд дотно санагддаг. Миний ээж бол үнэхээр цогтой золбоотой, "Үзэж тарна" гэж хэлэх дуртай галтай эмэгтэй байсан. Бид ч бас ээж шигээ амьдралд нугарч, хугаралгүй амьдрахыг хүсдэг. Ээж үргэлж баяр хөөр дүүрэн явдаг байлаа. Би ээжийнхээ гунигтай байсан үеийг ерөөсөө санадаггүй. Өвдөж, зовсон ямар ч үед ээж маань дуу аялаад, ганган хувцсаа өмсөөд алхаж явдаг байсан. Үнэхээр л урлагийн хүн гэж тийм байдаг болов уу гэдгийг ээжээсээ л хардаг байлаа. Их нээлттэй, бусдад хайр халамжаа дэлгэдэг, өглөгч зантай.
Ерөөс бусдад өгдөг сэтгэлээрээ аав, ээж хоёр минь алдартай улс байлаа. Энэ бүхнээр нь бид бахархаж амьдардаг. Ард түмэн ээжийг маань бараг биднээс илүү хүндэтгэн хайрладагт талархаж явдаг.
-Ээжийнхээ тоглосон дүрүүдээсээ аль дүрд нь илүү хайртай вэ. Хүмүүс бол "Ягаан Гажид"-д нь илүү хайртай байх?
-Ээж маань яагаад ч юм эсрэг дүрд тоглодог байсан. Гэхдээ амьдралынх нь дүр нь бол дэлгэцийнх нь дүрээс тэс өөр их зөөлөн сэтгэлтэй, эерэг. Багадаа бид ээжийнхээ эсрэг дүрүүдээс жаахан ичингүйрхдэг байсан ч томроод тэдгээр дүр нь хүмүүсийн амьдралд ямар сайхан ул мөр үлдээсэн юм бэ, хүнд ямар гоё үг хэлсээр байдаг юм бэ гэдгийг мэдэрч, бүх дүрээр нь бахархдаг. "Ягаан Гажидын охин" гэж хэлэхэд нь хүртэл сайхан санагддаг.
-Ц.Цэнд-Аюуш гуай кино урлаг руу анх хэрхэн орсон байдаг юм бэ?
-Багахан түүх бий. Ээж маань гудманд алхаж яваад, жүжигчин шалгаруулж авч байна гэдгийг сонсонгуутаа хаягаар нь явж очоод, шалгалт өгөөд л тэнцчихсэн байдаг. Ер нь тийм бүгдэд нээлттэй, оролцоотой, шулуухан хүн. Сонгосон, орсон бүхэндээ хамгийн сайн нь байхыг хичээж чаддаг, тэр бүхэндээ баярлаж, баясаж явдаг байв. Тэр ч утгаараа үүнийг уншиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, сэтгэл зүрхэндээ гал бадруулж, чадна гэсэн бүхэндээ үзээд алдахад боломжтой л гэж хэлмээр байна.
-Үр хүүхдүүддээ юу гэж захидаг хүн байв ?
-Бусдын дунд дандаа баяр хөөртэй яваарай гэж хэлдэг. Ээжийн тухай телевиз, киноныхон ярьдаг нэг дурсамж бий. Нэг удаа ээж, өвөл авч байгаа кино зурагтаа өндөр өсгийтэй гутал, шилэн тирко, плажаа аваад оччихсон байж л дээ. Тэгээд тухайн үед кино группынх нь жолоочийн төрсөн өдөр болоод, орой нь хүмүүс эсгий гуталтайгаа явж байхад ээж өнөө тирко, өндөр өсгийтэй гутлаа сольж өмсөөд очиж. Тэгсэн тэнд байсан хүмүүс "Та бэлдчихсэн байсан юм уу" гэсэн чинь, "Хаана ч аз жаргалтай, баяр хөөртэй юм тохиолдоно шүү дээ. Би үргэлж бэлэн явдаг" гэж хэлж байсан гэдэг. Тэр дурсамжаас би нээрээ л амьдралд хүн өөрөө л олж харж чадах юм бол дандаа аз жаргалтай зүйл тохиолддог гэдэгт итгэж явдаг. Ээж минь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүн. Тэгэхээр говийн хүний сайхан сэтгэл, тайван, уужуу зан чанар ээжид минь их шингэсэн юм байна, ээжийн маань ээжид ч байдаг байж дээ гэж боддог. Тэгэхээр би бас уран бүтээлчдэд, үр хүүхдэдээ, бусад хүнд ч бусдад аз жаргал бэлэглэдэг байдлаараа үлгэр жишээ болж амьдраасай гэж хэлэх дуртай.
-Ээж гэрт байх хамгийн сайхан байдаг. Гэтэл уран бүтээлч хүмүүс төдийлөн гэртээ байх нь бага шүү дээ. Ээжийгээ кино зурагтай, завгүй байгаад нь гомдол төрөх үе гардаг байв уу?
-Ээж мэдээж урлагийн хүн учир завгүй. Гэхдээ ээжийн ээж эмээ минь бид зургааг өсгөж, хүмүүжүүлсэн. Өнөөдөр ингээд эргээд бодоход бидэнд цаг гаргаж чадахгүй байсан тэр үедээ ээж Монголын кино урлагт ямар чухал зүйлийг бүтээж байсан юм бэ гэдгийг харж байна. Бидний бага нас үнэхээр чихэр жимс шиг амттай өнгөрсөн. Аав минь театрынхаа зохиолыг уншиж, ээж маань дуу аялаад л манай гэр баяр хөөр, аз жаргалаар халгиж байдаг байлаа. Бид ч тэднийхээ тэр сайхан энерги, гэгээн бүхэнд дулаацаж, дүүрэн сайхан өссөн. Мөн бид драмын театрт очиж сонгодог жүжиг, кино театрт олон сайхан кино үзэж оюун мэлмийгээ нээсэн азтай хүүхдүүд шүү. Миний хувьд хүүхдийн жүжигт дуу ч оруулсан.
-Аавынхаа талаар товчхон ярихгүй юу. Мэдээж ард түмэн бол уран бүтээлчээр нь таньж байгаа?
-Аав минь Улсын Хүүхэд залуучуудын театрын жүжигчин байсан. Хүмүүс "Мандухай цэцэн хатан", "Зэрэг нэмэхийн өмнө" тэргүүтэй олон кинонд дүр бүтээж, орлон тоглогчоор ажилласнаар нь мэдэх байх. Аав минь үр хүүхдүүддээ үлгэртэй, хошин наргианч за чанартай, үнэхээр бидний амьдралын гол дүр байлаа. Аавыгаа дагаад хүүхдийн театрт очиж олон сайхан дурсамж бүтээсэн. Шинэ жил болоход аав минь дандаа өвлийн өвгөний дүрд тоглодог байлаа. Одоо ингээд бодоход хүртэл үнэхээр сайхан дурсамж сэргэж байна.
-Аав, ээж хоёр нь хэрхэн танилцсан тухайгаа ярьж байв уу?
-Аав, ээж хоёр минь Улсын Хүүхэлдэйн театрт ажиллаж байхдаа танилцаж, ханилсан байдаг. Ээж маань их бүжиглэх дуртай. Ямар сайндаа театрын тайзнаа "Учиртай гурван толгой" дуурьд оролцож байхдаа Бөмбөгөр ногоон театр руу хурдхан гүйж очиж бүжиглэчихээд буцаад ирэхэд яг болдог байсан гэж гэж ярьдаг байсан. Аав, ээж хоёр минь их сайхан харилцаатай, бүх зүйлээ нээлттэй ярилцдаг, ямар ч үед эерэгээр шийдвэрлэдэг байсан. Ялангуяа аав хөгжилтэй юм их ярьна. Тэгээд л эгч бид хоёр элгээ хөштөл инээж, бүр эвхэрч унадаг байлаа. Тэднийгээ дэргэдээс нь харж байхдаа би "Том болоод аав, ээж шигээ л хүн болно" гэж боддог байсан. Үнэхээр сайхан.
-Одоо та бүхэн аав, ээж хоёрынхоо үйл хэрэг, уран бүтээлийг түгээх хүрээнд ямар ажил хийдэг вэ?
-Аавыг минь өнгөрснөөс хойш ээж санаачилж үүсгэн байгуулсан "Авирмэд сан" гэж байдаг. Сангийнхаа хүрээнд ээж хүүхдийн урлагийн авьяасыг дэмжих үйл ажиллагаануудыг хийж байсан. Мөн ээж маань өөрийн төрсөн нутаг болох Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд авьяастай бага насны хүүхдүүдийг дэмждэг тэмцээн зохион байгуулдаг байлаа. Ээжийг өнгөрснөөс хойш бид энэ тэмцээнийг аймгийн хэмжээнд зохион байгуулаад, 2025 оны тавдугаар сард говийн бүсийг хамруулсан "МУГЖ Ц.Цэнд-Аюушийн нэрэмжит хүүхдийн урлагийн наадам" гэж өргөтгөсөн наадам зохион байгуулсан. Үүнийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Урнаа гэж дуучны гэр бүлийнхэн хамтраад зохион байгуулж байгаа. Ирэх жил дахиад зохион байгуулахыг бодож байна. Цаашлаад бүр улсын хэмжээнд хүргэх сэн ч гэж зорьж байгаа.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
МУГЖ Ц.ЦЭНД-АЮУШИЙН ОХИН А.ЭНХЦЭЦЭГ: "Ягаан Гажидын охин" гэж хэлүүлэх хамгийн сайхан санагддаг |
|