• Өнөөдөр 2025-10-13

Н.СҮХБҮРЭН: БИ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙД ИТГЭЛТЭЙ БАЙДАГ. ТИЙМЭЭС ИРЭЭДҮЙН ОЮУНЛАГ МОНГОЛ УЛСЫГ БҮТЭЭЛДЭЭ ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭДЭГ

2025-10-13,   82

Би тун завгүй, амьсгал давхацсан, бачуурмаар ч юм шиг өдрөө түүний бүтээлүүдтэй танилцсан юм. Нүдээ аньсан баримууд нь надад гэнэт л хачин их тайвшралыг өгч, уртаар санаа алдмаар санагдсан. Тэр өөрөө ч хажуудах хүндээ тийм тайвшрал өгдөг, юуны ч талаар хамаагүй ярилцаад баймаар нэгэн юм билээ. Бүтээсэн баримал, яриагаараа хүнийг тайвшруулчихдаг түүнийг уран барималч Б.Сүхбүрэн гэдэг. Тэрбээр ЮНЕСКО-гийн IAC олон улсын уран бүтээлчдийн академийн гишүүн болсон анхны монгол уран бүтээлч юм.

-ЮНЕСКО-гийн IAC олон улсын уран бүтээлчдийн академийн гишүүн болсон анхны монгол уран бүтээлч болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Баярлалаа, эхлээд жижигхэн тайлбар өгөх хэрэгтэй байх. ЮНЕСКО бол гишүүнчлэлтэй байгууллага биш. Гэхдээ соёл урлагийн салбарыг илүү дэмжиж ажилладаг байгууллага, үүнийгээ дагаад ЮНЕСКО дэргэдэх хэд хэдэн байгууллага бий. Үүний нэг нь IAC урлагийн академи, институт. Тус байгууллагын тангарагтны шүүгч нь 2022 оноос эхэлж намайг, миний уран бүтээлүүдийг судалж, цуглуулаад 2-3 жилийн хугацаанд миний талаар захидал илгээж, олон шалгуур давсны үр дүнд гишүүнчлэлтэй болсон. Миний хандлага, хэтийн зорилго, уран бүтээлийн утга санааны талаар судалж мэдсэнийхээ дараа гишүүн болох боломжийг нь шүүгч нар гаргадаг. Дурыг уран бүтээлч очоод өөрийн анкетаа өгөх боломжгүй, IAC урлагийн академийн шүүгчд хүмүүсээ судалж сонгодог гэсэн үг. 700 гаруй уран бүтээлчид гишүүнчлэлд шалгуулснаас 36 уран бүтээлч тэнцсэний нэг нь би байлаа. Анхны монгол уран бүтээлч болж байгаадаа үнэхээр бахархалтай, баяртай байна. Баярлахын зэрэгцээ хүмүүс намайг Н.Сүхбүрэн бус Монгол Улсын уран бүтээлч гэж харах учраас илүү хариуцлагатай байхыг хичээж байна. Үнэхээр нэр хүндийн хэрэг.

- IAC олон улсын уран бүтээлчдийн академийн гишүүн болсноор танд ямар боломж нээгдэж байна?

                -ЮНЕСКО-оос зохион байгуулах дэлхийн даяарх үзэсгэлэн, уран бүтээлчдийн үйл ажиллагаанд нээлттэйгээр оролцож болно гэсэн үг. ЮНЕСКО-оос зарлагдах үйл ажиллагаа Монголын уран бүтээлчдэд нээлттэй болж байгаа хэрэг. Ирэх жилийн зургадугаар сард ЮНЕСКО IAC-ийн 52 дахь удаагийн их хурал болох юм. Тус хурал дээр албан ёсоор гишүүнийхээ эрхийг авч, тангараг өргөнө.

-Монгол Улсынхаа түүх, өв уламжлалыг шингээсэн бүтээлүүдээрээ гадаадад үзэсгэлэн гаргадаг байх. Та бүтээлүүдээрээ юу хүргэхийг зорьдог юм бэ?

                -Гадны уран бүтээлийн үзэсгэлэнд байнга ордог. Сүүлд Сингапур, Герман, Швейцар тэргүүтэй улсад бие даасан үзэсгэлэн гаргасан. Германд дахин үзэсгэлэн гаргах тов гарсан, уран бүтээлүүдээ хийж байгаа. Би монгол хүн учраас цаанаасаа Монгол гэх сэтгэл минь ундарч, уран бүтээлд минь шингэдэг байх. Түүхэн Монгол, одоогийн Монгол, ирээдүйн Монголын ондоошил, хүний сэтгэл зүйн хувирлыг бүтээлдээ шингээхийг боддог. Би монгол хүн гэж хэтэрхий их автахыг хүсдэггүй. Түүхэн Монголыг хүмүүс хүссэн үедээ ном, зохиол, түүхэн сурвалжаас мэдэх боломжтой.  Тиймээс өнөөгийн болон ирээдүйн Монголыг л харуулахыг хичээдэг. Уламжлалыг ирээдүйд хэрхэн хөтөлж ирснийг уран бүтээлээрээ харуулахыг зорьдог.

-Ирээдүйн Монгол гээд ярилаа шүү дээ. Тэгвэл таны төсөөлөл, бодолд буудаг ирээдүйн Монгол ямар юм бэ?

                -Оюунлаг Монгол л гэж боддог. Ирээдүйдээ үнэхээр итгэлтэй байдаг. Нийгэмд олон асуудал бий, гэхдээ сайн сайхан зүйл бий гэдэгт итгэдэг, ирээдүйджээ итгэдэг гэсэн үг. Хэцүү зүйл байгаа, давуу тал ч бий. Урлагийн салбарынхан үнэхээр хангалттай хөгжиж байгаа.

-Хамгийн анхны Монголд тавьсан үзэсгэлэн хэзээ байсан бэ. Тухайн үед юу мэдэрч байв?

                -2005 онд сургуулиа төгссөн. 2018 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Тэр үед гаргасан үзэсгэлэн өнөөдрийн Н.Сүхбүрэнийг бүтээх хамгийн сайн суурь нь болсон гэж боддог. Үзэсгэлэн минь үнэхээр сайхан болсон. Дараа жил нь Хаан банкны галерейд үзэсгэлэн гаргасан. Гурав дахь үзэсгэлэнгээ хөл хорионы үеэр “Манан” нэртэйгээр гаргасан. Ингээд харахаар эх орондоо үзэсгэлэн гаргаагүй удсан байна. Дөрөв дэх бие даасан үзэсгэлэнгээ аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл Art gallery дээр гаргахаар төлөвлөсөн, ажиллаж байна.

-Монголд үзэсгэлэн гаргах, гадаадад үзэсгэлэн нээх хоёр хэр ялгаатай байдаг вэ. Хүмүүсийн хүлээн авч байгаа байдал нь уран бүтээлчид хэрхэн мэдрэгддэг юм бэ?

                -Хүн бүрд өөр байх. Учир нь уран бүтээлчдийн бүтээл бүр өөр онцлогтой шүү дээ. Миний хувьд гадаадад үзэсгэлэн гаргах нь илүү амар юм шиг санагддаг. Эхлээд намайг хүндлээд урьсан учраас би үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Тухайн улсын үзэгчид анх дуу миний бүтээлүүдийг харж байгаа учраас анхны мэдрэмжээрээ дүгнэдэг. Монголд бол миний өмнөх үзэсгэлэнгүүдтэй жишиж ярилцдаг. Тэгэхээр эх орондоо үзэсгэлэн гарах нь илүү амаргүй даваа шиг санагддаг.

БИ ОДОО Ч ДОТРОО БАРИМЛЫН ШАВРААР ТОГЛОДОГ ЖААХАН ХҮҮ ХЭВЭЭРЭЭ

-Удахгүй Монголд тавигдах үзэсгэлэнгийнхээ талаар дэлгэрэнгүй яривал. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол утга агуулга нь юу байх вэ?

                -Энэ удаагийн үзэсгэлэнгээ үхэх, төрөх адилхан өнгөтэй гэх утга санаагаар хийж байгаа. “Нэгэн цул” гэдэг нэртэй, бид эхийн харанхуй хэвлийд бүрэлдээд гэрэлт ертөнцөд мэндлээд, олон өнгийн гэрэл дунд амьдарч, олон мэдрэмжийг мэдрээд хорвоог орхиж, байгальд шингэхдээ эргээд харанхуйд уусдаг. Энэ бүхэн нэгэн цул юм гэдгийг уран бүтээлээрээ гаргахыг хичээж байна. Зовлон жаргал ч цаг нь ирэх үед адилхан өнгөтэй. Гэхдээ би бүтээлийн үзэл санааг хүмүүст тулгахыг боддоггүй. Хүн бүр өөрийн харах өнцөгтэй, мэдрэмжтэй. Тэр мэдрэмжээрээ миний бүтээлийг хараасай гэж хүсдэг.

-Таны бүтээлүүдийн нүд аниастай байгаагаар дүрслэгддэг юм билээ. Яагаад?

                -Хүмүүс надаас үргэлж энэ асуултыг асуудаг. Тэгвэл яагаад Амедео Модильянигийн зурсан зургийн нүд хоосон байдаг юм бэ, утга учир нь юу юм бэ. Үүнийг судлаад үзвэл гүн утга, таараг гарч ирэх байх. Түүнтэй адил минийхэд ч утга байгаа байх. Заримдаа би өөрөө ч үүнийгээ ойлгодоггүй байж мэднэ. Гэхдээ миний бүтээлийн нүд нээгдэх юм бол дуусчих юм шиг санагддаг. Нүдээ аньчихаар илүү гүн, илүү цааш үргэлжлэх юм шиг, бусдыг өөртөө татаад байгаа мэт мэдрэгддэг. Хүн нүдээ нээхээрээ хамгийн завгүй болчихдог. Нүдээ анихдаа зөвхөн өөртөө үлддэг. Нүдээ аниатай байгаа үедээ өөртэйгөө байх хамгийн эрх чөлөөт орон зайг өнгөрүүлдэг. Хүн бүр л янз бүрээр харж, ойлгодог. Тэгж олон төрлөөр нь харж байгаа нь таалагддаг. Нүдийг нь нээлгэх гэж үзсэн, цаг нь болоогүй юм билээ. Хэзээ нээхийг мэдэхгүй байна, нээхгүй байж байгаад дуусчхаж ч мэднэ.

-Уран барималч, уран бүтээлч болох эхлэлийг юу тавьсан бэ?

                -Хүүхэд байхын баримлын шавраар тоглодог, зураг зурдаг хүүхэд байлаа. Хүүхэлдэйн кино үзэж санаа аваад дүрийг нь хийнэ. Тэр хобби минь өнөөдрийн Б.Сүхбүрэнийг барималчин болгочихсон байх. Хятадын тулаантай киноны оддыг баримлын шавраар хийнэ. Би одоо ч дотроо баримлын шавраар тоглодог тэр жаахан хүү хэвээрээ. Уран бүтээлч гээд өөрийгөө сүртэй, онцгой гэж ярих дургүй. Жаахан чадвар, авьяастай түүнийгээ л хөгжүүлж байгаа жирийн нэг уран бүтээлч.

-Таны өнөөдрийг хүртэл хийсэн уран бүтээлүүд дундаас хамгийн онцлох түүхтэй, өгүүлэмжтэй нэгийг сонго гэвэл?

                -Зургаан настай байхдаа авьяастай хүүхдүүдийн оролцдог “Тахиа цаг” гээд нэвтрүүлэгт орсон юм. Тэр үед сэтгүүлч эгч нь надаас “Энэ хорвоод сайн хүн олон байдаг уу, муу хүн олон байдаг уу” гэж асуусан юм. Тэр үед зургаан настай Н.Сүхбүрэн “Сайн хүн ч гэж байхгүй, муу хүн ч гэж байхгүй. Учир нь, заримдаа сайн хүнээс ч муу үйл гардаг. Муу хүнээс ч сайн үйл гардаг” гэж хэлж байсан юм. Тэр үеийн өөрийгөө огтхон ч өөрчлөгдөөгүйг мэдээд “Сайн, муу нэгэн цул” гэсэн бүтээлээ хийсэн. Цав цагаан баримлын цээжний хөндийгөөс хар бурхан шиг баримал гарч ирж байгаагаар дүрслэгддэг. Би амьдралыг хар, цагаан өнгөтэй гэж боддог. Заримдаа хар нь цагаан ч болж болно, цагаан нь хар ч болж болно.

 

 


Н.СҮХБҮРЭН: БИ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙД ИТГЭЛТЭЙ БАЙДАГ. ТИЙМЭЭС ИРЭЭДҮЙН ОЮУНЛАГ МОНГОЛ УЛСЫГ БҮТЭЭЛДЭЭ ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188