Урин цаг ирж, хотын иргэд хөдөлгөөнд оржээ. Олонх нь аялал зугаалгаар агаар салхинд гарахаар зэхэж буй. Тэгвэл өчигдрөөс Эмээлт болон Хүчит шонхор захыг зорих хөдөлгөөн эрс нэмэгджээ. Иргэд агаарт гарч, шинэ шөл ууж, хорхог, боодог идэхээр ийн махны төрөлжсөн захуудыг зориод буй нь энэ юм. Тэгвэл шинэ хонь ямар үнэтэй байгаа талаар бид сонирхлоо.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах олны нэрлэж заншсанаар хуучин 22 товчоо орчимд хөдөөнөөс дөнгөж ирсэн бололтой хонь ачсан жижиг оврын ачааны автомашинууд эгнэн зогсжээ. Өглөө эрт ирсэн нь хонио зарж дуусаад хөдөлж байгаа бол зарим нь дөнгөж ирж байгаа хэмээн тайлбарлана. Тэнд хөл хөдөлгөөн тасрахгүй агаад иргэд хонины нуруун дээр дарж үзээд хонины үнэ ханш асууж нааш цааш холхино.
Олонх нь “Ямар үнэтэй юм бэ. Доошоо ярих уу. Хаанаас ирсэн хонь вэ” асууж байгаа харагдлаа.
Ингээд бид Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэн “Би дөнгөж сая хөдөөнөөс ирлээ. Энд ирээд 20 орчим минут зогсож байна. 20 гаруй эр хоньтой ирсэн. Хонь тарга тэвээргээсээ шалтгаалаад янз бүр байна. Одоохондоо наймаа хагараагүй л байна. Миний зарж байгаа хонь 120-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Төлөг 120, шүдлэн хонь 190 мянга, хязаалан хонь 220 мянга сувай эм хонь-220 мянган төгрөгийн үнэтэй байна” гэлээ.
Булган аймгийн Могод сумын иргэн “Би ихэвчлэн том эр хоньтой ирсэн 260-300 мянган төгрөгийн үнэтэй. Соёолон хонь 270-300 мянган төгрөгийн үнэтэй байна” гэсэн юм.
Ийн тус газарт автомашины хөдөлгөөн тасрахгүй бөгөөд хонио худалдаж авсан нь машины ардаа хийгээд тоос татуулан давхина. Зарим нь ачааны машиныг тойрч үнийг нь давтан асууж, хямдруулах боломж байгаа талаар асууж байгаа дүр зурагтай байна.
Хонь 120-300 мянган төгрөгийн үнэтэй байна |
|