2025 оны долдугаар сарын 17-ны өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нартай Улаанбаатар хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Б.Батцэцэг сайд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, томоохон зорилтуудыг танилцуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хорват Улстай хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг даван туулах, шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг онцолж, энэ чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдлээ. Энэхүү зорилтын хүрээнд 2026 онд тохиох “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хамтран ажиллах талаар мөн ярилцав. Талууд хоёр улсын иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, ялангуяа оюутан залуусыг харилцан тэтгэлгээр суралцуулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ баталгаажуулжээ.
Хорватын сайдын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Үүнд: “Олон улсад автозамаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлнэ. “Ойн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Ойн газар болон Бүгд Найрамдах Хорват Улсын ‘Хорватын Ой’ ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
Ойн тогтвортой менежментийг хөгжүүлэх, мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллана. “Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хорватын Эдийн засгийн танхим хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Бизнес эрхлэгчдийн санал санаачилгыг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, эдгээр хэлэлцээ, баримт бичгүүд нь Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.
Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хорваттай хамтран ажиллана" |
|