• Өнөөдөр 2025-07-12

ШИНЭ ТОЙРОГ ЗАМЫН 1 КМ-ИЙН ӨРТӨГ 37 САЯ АМ.ДОЛЛАР БАЙХААР ТООЦЖЭЭ

2025-07-10,   241

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжих Нэгдүгээр шинэ тойрог замын төсөл нэг км нь 37 сая ам.долларын өртөгтэй, нийт 918 сая ам.долларын үнэлгээтэй байхаар төлөвлөжээ. Санхүүжилтэд Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Төслийн өртгийн талаар зарим УИХ-ын гишүүн хэт өндөр хэмээн шүүмжилж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө. Тэрбээр “2022-2024 онд ашиглалтад орсон Наадамчдын гүүр 480 метр урттай бөгөөд нийт 78 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан. Энэ нь 1 км замыг 43 сая ам.доллароор барьсан гэсэн үг. Зайсангийн гүүрний хоёр эгнээг 41 тэрбум төгрөгөөр, Олимпын гүүрийг 6 эгнээтэйгээр 52 сая ам.долларын өртөгтэйгөөр барьсан. Тэгвэл шинэ тойрог замын 1 км нь 37 сая ам.доллар байгаа нь дээрх жишээнүүдээс доогуур өртөгтэй байна” гэлээ. Нэгдүгээр шинэ тойрог зам нь 24.7 км урт, үндсэн 6 эгнээтэй, зарим хэсэгтээ нэмэлт 4 туслах эгнээтэй байх бөгөөд гүүр, туннел, далангийн бүтээн байгуулалтуудыг багтаасан. Мөн expressway буюу тээврийн хэрэгсэл зогсолтгүй зорчих хурдны замын стандарттайгаар Монгол Улсад анх удаа баригдах зам гэлээ.
Төслийн ТЭЗҮ-г АНУ болон БНХАУ-ын хамтарсан “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК боловсруулж, бүх холбогдох байгууллагаар хянуулсан бөгөөд 2025 оны наймдугаар сард EPC+F нөхцөлтэй олон улсын нээлттэй тендер зарлаж, есдүгээр сард шалгаруулалт хийж, 2026 оны хавар барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Санхүүжилтийн бүтцийн 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК гаргаж 85 хувийг гүйцэтгэгч тал буюу олон улсын хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлнэ. Төслийн ТЭЗҮ-д тусгаснаар уг авто зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэлийг 23-27 хувь бууруулж, өдөрт 183 мянган автомашин зорчих боломжтой ажээ. Харин Туулын хурдны замтай хамт ашиглалтад орвол түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах тооцоо гарсан байна.
 
 

ШИНЭ ТОЙРОГ ЗАМЫН 1 КМ-ИЙН ӨРТӨГ 37 САЯ АМ.ДОЛЛАР БАЙХААР ТООЦЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188