• Өнөөдөр 2025-07-12

НААДМААР ХОДООДОО ХАЙРЛАХ ЗӨВЛӨГӨӨ

2025-07-10,   226

Үндэсний их баяр наадам  монгол хүн бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг. Бууз, хуушуур, хорхог, шорлог, толгой мах зэрэг махан хоолыг голлон иддэг билээ. Гэвч энэ их хоол, хүнд тос, мах, хийжүүлсэн ундаа дунд бидний ходоод хамгийн их ачаалалтай ажилладаг эрхтэн болдог. Наадмын дараа “гэдэс хөөчихлөө”, “хоол шингэхгүй байна”, “хоолны хордлого болчихлоо”  гэх хүмүүсээ өрхийн эмнэлэг дүрдэг нь нэг тохиолдол биш. Иймээс наадмын амралт, идээ шүүс, найр хуримыг аль болох амттай, гэхдээ ухаалаг өнгөрүүлэхэд тус болох ходоодоо хайрлах долоон зөвлөмжийг танд хүргэж байна.

Нэг дор их хэмжээний хоол идэхгүй байх
Наадмаар олон төрлийн хоол хүнсээр бялхдаг. Энэ үед хүний идэх, уух хүсэл нэмэгдэж, нэг дор их хэмжээний хоол идэх хүсэл төрөх нь элбэг. Гэвч хэт их идэх нь ходоодыг ачаалалд оруулж, үйл ажиллагааг нь хүндрүүлдэг. Ходоод гэдэс гэнэтийн их ачааллыг тэсвэрлэх чадвар багатай тул нэг удаагийн хоолны порцийг тохируулан бага багаар, хэсэг хэсгээр идэх нь хамгийн зөв арга юм. Ингэснээр хоол боловсруулах систем хэвийн ажиллаж, хоол тэжээл сайтар шингэж, хоол боловсруулах эрхтний асуудал гарах эрсдэл багасдаг.
Хангалтай хэмжээгээр ус уух
Наадмын халуун өдрүүдэд биеийн шингэн дутагдах нь элбэг. Халуун цаг агаарт хүн илүү ихээр хөлсөө гаргаж, бие хуурайшдаг тул ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй. Иймд цэвэр ус, шингэн зүйлсийг тогтмол уух  нь чухал. Харин архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь ходоодны салстад шууд сөрөг нөлөө үзүүлдэг тул зохистой хэмжээнд хэрэглээрэй.
Тослог, хурц амттай хоолноос зайлсхийх
Наадмын өдрүүдэд голдуу махан, тослог ихтэй хоол хүнс хэрэглэдэг. Хэт их тослог, давс болон хурц амттай хоол идэх нь ходоодны салст бүрхэвчийг цочроож, үрэвсэл үүсгэх шалтгаан болдог. Тиймээс махаа жигнэх, хөнгөн хоол хүнс сонгон хэрэглээрэй. Хурц, хүнд хоол удаан хугацаагаар ходоодонд ачаалал өгч ходоодны өвчин үүсгэдэг.
Хурдан идэхээс зайлсхийх
Наадам, баярын үеэр хүмүүс ихэвчлэн хурдан идэх хандлагатай байдаг. Гэвч хурдан идэх нь хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгч, ходоодны хүчил хурдан ялгарах, гэдэс дүүрэх зэрэг асуудал үүсгэдэг. Тиймээс хоолыг удаан зажилж, сайтар амталж, тайван байдлаар идэх нь хамгийн зөв. Энэ нь хоол боловсруулах үйл явцыг сайжруулж, ходоод гэдэсний эмзэг байдлыг багасгахад тустай.
Архийг хэтрүүлэхгүй, зохистой хэрэглэх
Архи согтууруулах ундаа ходоодны салстад шууд сөргөөр нөлөөлж, үрэвсэл үүсэх, шарх үүсэх гол шалтгаан болдог. Наадмын үеэр архийг хязгаарлаж, зөвхөн хоол идэж байх үед уух, хооронд нь цэвэр ус ууж ходоодонд амрах зав гаргах нь ходоодны эрүүл мэндийг хамгаалахад чухал. Хэрэв архи их хэмжээгээр уувал ходоодны салст гэмтэх, ходоодны өвчлөл эрс нэмэгдэх тул анхаараарай.
Ходоод өвдөх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах
Ходоод хорсох, хүчтэй өвдөх, бөөлжих, өтгөн харлах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг илтгэнэ. Ийм үед биеийн байдал хүндэрсэн байж болох тул яаралтай эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй. Эмчилгээ эхлэхэд хугацаа алдахгүй байх нь эрүүл мэндийг хамгаалах үндсэн арга.
Ходоод гэдсээ хайрлаж, дээрх зөвлөгөөг мөрдсөнөөр та баярын өдрүүдийг эрүүл, аюулгүй өнгөрүүлэх боломжтой. Эрүүл ходоод аз жаргалтай амьдралын үндэс.
 

НААДМААР ХОДООДОО ХАЙРЛАХ ЗӨВЛӨГӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188