• Өнөөдөр 2025-06-25

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗУРГААН БАЙРШИЛД ТҮЙМЭРТЭЙ БАЙНА

2025-06-25,   204

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд зургаан байршилд түймэртэй гарч байгаагаас Хөвсгөл аймагт хоёр,  Сэлэнгэ аймагт гурав,  Төв аймагт  нэг түймэр гарчээ.  Эдгээр нь бүгд ойд хээрийн түймэр юм.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн Тэргийн голд түймэр гарсныг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар зургадугаар сарын 19-ний өдрийн 19:10 цагт сансрын зургаар илрүүлсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан албан хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын нийт 63 хүн, хоёр автомашин, дөрвөн морьтойгоор уг түймрийг зургаадугаар сарын 24-ний өдрийн 09:25 цагт цурманд оруулсан. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Доргонтолгойд  зургадугаар сарын 22-ны өдрийн 11:32 цагт гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газар, 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Хүдэр сум дахь аврах салбарын албан хаагчид, Тужийн нарс байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран унтрааж байна. Тэд  дөрвөн бүлэгт хуваагдан, түймрийн баруун урд, баруун, зүүн хойд, баруун хойд хэсэгт ажиллаж байна. 
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Урд-Агяа тайгад түймэр гарсныг зургадугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагт сансрын зургаар илрүүлсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, байгаль хамгаалагч нар уг түймрийг унтрааж байна.  
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Санданшовх гэдэг газарт зургадугаар сарын 23-ны өдрийн 13:30 цагт гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газар, Түшиг сумын мэргэжлийн ангийнхан хамтран, зургадугаар сарын 24-ний өдрийн 19:05 цагт цурманд оруулав. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн нутагт орших Товхонхан уулын ард түймэр дэгдсэнийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар зургадугаар сарын 23-ны өдрийн 16:40 цагт хиймэл дагуулын зургаар илрүүлжээ. Үүнийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд хамтран, түймрийн зүүн болон баруун хойд талд ажиллаж байна.  
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Жологийн эхэнд түймэр дэгдсэнийг хиймэл дагуулаас авсан зургаар ирүүлжээ. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэргээр өчигдөр өдрийн 14:00 цагт  очиж шалгахад, түймэр гарсан нь тодорхой болсон аж. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 43 албан хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэргээр түймрийн голомтонд буулгалаа. Гал сөнөөгчдийг 15:25-20:04 цагийн хооронд хоёр удаа нисдэг тэргээр зөөжээ.
 
 

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗУРГААН БАЙРШИЛД ТҮЙМЭРТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188