Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа
Ардчилсан, хүний эрхийг дээдэлнэ гэж Үндсэн хуульдаа тунхагласан улс орны иргэн хүнийхээ хувьд, эмч Ж.Хатанбаатар миний бие болон Менежментийн баг, эмнэлгийн хамт бүгд төрөө хүндэлж, хуулиа дагаж, хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар 2024 оны дөрөвдүгээр сараас хойш өөрөө эхэлж, гүтгэлэг, худал мэдээлэл гаргаж тараагаад араас нь өөрийн дор ажиллаж байгаа албан тушаалтнуудаараа хууль зөрчсөн шийдвэр гаргуулж, төрийн хуулийг уландаа гишгээд зогсохгүй, Улсын дээд шүүхээс давсан шийдвэрийг НИТХ гаргаж, өмч хөрөнгийг буулгаж нурааж, эмч ажилтнуудыг цагдаагаар айлгаж, өвчтэй хүмүүсийг эмнэлэг рүү оруулахгүй гэх мэтээр хүний эрхийг зөрчих нь хэрээс хэтэрч байгаа тул Төрийн тэргүүн танд дахинтаа хандаж байна.
Нэг. Хотын дарга нарын УАУЭСКТ дээр үүсгэсэн асуудлуудын талаар
Хотын дарга нар Эрүүл мэндийн газрын даргаар удаа дараа хууль бус шийдвэр гаргуулан эмнэлгийн захирлыг шинээр томилуулсан. Одоо НЭМГ-ын даргаар ажиллаж байгаа Х.Бат-ирээдүй, бас эмнэлгийн захирлаар шинээр томилогдсон гэх Дэлгэрбаяр нар хууль бус үйл ажиллагааны талаар бид олон удаа бичсэн. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нд цагдаа дагуулан эмнэлэг дээр ирж, эмч нарыг шууд цагдаагаар байцаалган Зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр дарамталсан. Ингээд өвчтэй хүмүүсийг эмнэлэг рүү оруулахгүй хөөж, эцэст нь эмч ажилтнуудыг нь ажлаас нь халж, их засвар хийх нэрийдлээр өвчтөнүүдийг хөөн гаргаж, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг эмнэлгээс гаргаж ачуулж, эмнэлгийг бүрэн утгаар нь ажиллагаагүй болгох гэсэн зохион байгуулалттай ажиллагааг хүчирхийллийн аргаар хэрэгжүүлж байна. Эмчийг ажлаа хийе гэснийх нь төлөө шууд хэрэг үүсгүүлдэг гажиг үйлдэл Ардчилсан, хуулийн засаглалтай улсад байж болох уу, Ерөнхийлөгч өө.
Хоёр: Хотын дарга нар Эмийн үйлдвэрийн барилгыг нурааж устгасан талаар
Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэр буюу Монгол Улсад анхны байгуулагдсан уламжлалт эмийн үйлдвэрийн барилгыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ны шөнө нураан газрын хөрстэй нь тэгшиллээ. Эмийн үйлдвэр дотор маш олон төрлийн эмийн түүхий эд, үнэ цэнтэй тоног төхөөрөмж байсан нь бүгд эвдэрч үрэгдэж, зарим нэгийг нь санд мэнд нүүлгэн шилжүүлсэн.
Эмийн үйлдвэрийн барилгыг шөнөөр нураахдаа, эмийн үйлдвэрийн байшингийн гадна талд байрладаг харуул манаачийн гэр бүлийн бага насны гурван хүүхдийг нь шөнө дунд хөнжилд тэврүүлэн хөөн гаргаж, хүний эрхийг гутаан доромжилж байгаагаа “Хууль бусаар түрээсээр хүн суулгаж байсан” гэсэн баримт болгох гэж шоу тавьж байна. Хотын дарга Х.Нямбаатар гэдэг эрх мэдэлтэй даргад хүн гүтгэхэд нь хэрэг болж байвал бусад хүний эрх огт хамаагүй болсон байгаагийн нэг баримт нотолгоо энэ биш гэж үү.
Гурав: Хотын дарга нар Улсын дээд шүүхийн шийдвэрийн эсрэг хууль бус тогтоол гаргуулсан талаар
NTV телевизийн 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны мэдээгээр ЭСКТөвийн менежментийн хувьчлалын гэрээг 2014 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар Аудитын комисс ажиллаж менежментийн гэрээг хүчингүй болгосон мэтээр, шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан байх ба холбогдох хуулийн байгууллагуудаар шалгагдсан хэд хэдэн зүйлийг огт үндэслэлгүй мушгин гуйвуулсан гүжир мэдээлэл хийлээ. Мөн хотын даргыг хувийн хамгаалалтын байгууллагаар 2025 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эмнэлгийн байгууллага, ажилтан албан хаагчдыг өдөр шөнөгүй хянах ажлуудыг хийлгэж байсан гэдгийг нь “Цагаан соёот” компанийн ажилтан дурдаж байлаа.
Захиргааны хэргийн шүүхийн анхан болон Давж заалдах шат, Улсын дээд шүүхийн тогтоолд Менежментийн гэрээ нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 12 дугаар тогтоолоор “Хангалттай” гэж дүгнэгдсэнээс хойш нэг ч удаа дахин дүгнэгдэж байгаагүй гэдгийг холбогдох баримтуудаар нотолсон байдаг.
Төрөөс гаргасан бодлого, түүний дагуу гаргасан шийдвэрийн хүрээнд УАУЭСКТ-ийн нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий Менежментийн хувьчлалын сонгон шалгаруулалтад оролцож, ялж, Нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээ байгуулж, хөрөнгөө оруулж ажилласан мэргэжлийн баг. Мэргэжлийн баг гэрээгээр хүлээсэн үүргээ мэргэжлийн төвшинд хийж, гурван жилийн хугацаа дуусахад хангалттай гэж дүгнэгдсэн. Хотын зүгээс гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгана гэсэн гэрээнд байхгүй заалтыг оруулж ирсэн учраас бид шүүхэд хандсан. Шүүхийн шат шатаар дамжин явсаар Улсын дээд шүүхээс эцэслэн 2015 онд шийдэхдээ хувьчлалыг дуусгавар болгох тогтоол гаргахыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст даалгасан.
Хотын дарга Х.Нямбаатар нь Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх талаар ярьдаггүй. Харин эсрэгээрээ эмнэлгийн тухай, Хатанбаатар гэдэг хүний тухай бүтэн нэг жил гүтгэлэг явуулж, Хотын иргэдийн хурлын тогтоол гаргуулах, мөн Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны 01 дүгээр тогтоол гэдгээр Нийслэлийн өмч хувьчлалын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байв. Энэ тухайгаа гишүүд нь бүгд гар өргөсөн зурагтай мэдээг олон нийтэд цацаад л Хатанбаатар гэдэг хүн ард түмэн, хотыг хохироож байгаа мэтээр харуулах гэж оролдож байна. Гэтэл үүний цаана Менежментийн хувьчлал хийгдсэн байгууллагыг хууль бусаар төсвийн байгууллагад харьяалуулан, төсвийг нь өгөхгүй, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг төрийн сангаар дамжуулан хүссэн үедээ зогсоож хааж, хууль бус тамга тэмдэгтэй хууль бус захирал томилж, эмнэлгийн үйл ажиллагааг, менежментийн гэрээний үүргээр гурван жилийн турш хийгдсэн хөрөнгө оруулалт зэргийг бүгдийг бусниулан самруулж, эмч ажилтнуудыг шүүх цагдаагаар айлгаж, одоо бүр баривчлуулах дээрээ тулж байгаа үйлдлүүд хийж байна. Товчхондоо бол, Ж.Хатанбаатарын нэрийг ашиглаад Х.Нямбаатар болон түүний хэлснийг гүйцэтгэж байгаа хотын дарга нар хуульгүй мэт дураараа авирлаж байна.
Холбогдох хуулиудыг “Илт хууль бусаар” зөрчсөн байна гэдгийг Шүүх байгууллага шат шатандаа тогтоож, хуулийг хэрэгжүүл гээд тогтоол шийдвэр гаргасан байхад хууль бус үйлдлийг улам ихээр сөрж хийгээд байгаа хотын дарга нарт хэн хариуцлага тооцох вэ. Эсвэл хотын даргад бидний мэдэхгүй байгаа тусгай эрх ямба байдаг юм уу.
Дөрөв. Хотын дарга нар эмч нарын эрхийг зөрчиж, дарамталж байгаа талаар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан өнгөрсөн баасан гаригт УАУЭСКТ-ийн эмч ажилтнуудын эсрэг төрийн эсрэг олон нийтийг турхирсан гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Ингэснээр эмч нарыг Зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчлуулах гэж оролдож байна. Эмч нарыг арай л дэндүү дээрэлхэж, дарлаж байгаа хэрэг энэ биш гэж үү.
Хууль ёсны шаардлага тавьсан эмч нарт яагаад Тамгын газрын дарга гомдоод байна вэ. Нийслэлийн ЗДТГ-ын даргын ажлын байрны тодорхойлолтод ингэж эмч нарт гомдож явах тухай чиг үүрэг байхгүй. Тиймээс дээрээсээ өгсөн үүргийг биелүүлэх зорилго юм болов уу гэж таамаглаж байна.
Ер нь хотын даргын худлаа ярьсныг үнэн болгох гэж хууль бус баахан шийдвэр гаргасан одоо ажиллаж байгаа төрийн албан тушаалтнууд эцэстээ хотын даргын өмнөөс хуулийн өмнө хариуцлагад татагдах эрсдэлтэй.
“Ногоон автобус”-ны хэрэгтэй холбоотойгоор дарга нар биш, харин дунд шатны алба хашиж байсан залуу хариуцлагад татагдаж, эцэстээ дарга нарын өмнөөс золионд явсныг олон нийт шүүмжилж байгаа билээ. Дашрамд дурдахад НЭМГ-ын даргаар ажиллаж байсан П.Эрдэнэбулган, түүний тушаалаар эмнэлгийн захирлаар томилогдсон гэх эмэгтэй нар ажлаасаа чөлөөлөгдсөн.
Харин ЗДТГ-ын дарга болоод удаагүй байгаа Д.Амгалан өнгөрсөн долоо хоногт Уламжлалт анагаах ухааны элэг судлалын Клиник төвийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох тухай Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар “Дээд шүүхийн шийдвэр буруу гарсан” гэж эмнэлэг дээр цагдаа хамгаалалтынхан дагуулж ирэхдээ хэлж байсан.
Эмийн үйлдвэрийн газартай холбоотойгоор Д.Амгалан байгаа баримтыг гаргаж ирэхгүй, Шүүхийн шийдвэрийг өөрөө дүгнээд түүнийгээ үндэслэн ярьж байна. Улсын дээд шүүхийн шийдвэрт эмийн үйлдвэрийн газар нь нэгд, Менежментийн хувьчлал явагдсан байгууллагын эмийн үйлдвэрийн газар, хоёрт, 2010 онд актлагдсан байр учраас нийслэлийн өмч орон нутгийн өмч биш байна гэж тогтоосон байдаг. Энэ үндэслэлээр 2017 онд уг газрыг булаах үйл ажиллагааг таслан зогсоож шүүхийн шийдвэр гаргасан баримтууд бий.
Улсын дээд шүүхийн шийдвэрийг хотын Тамгын газрын дарга зөв бурууг нь шүүдэг эрх мэдэлтэй болсон уу?. НӨХК-ын дарга гишүүд УДШ-ээс давсан шийдвэр гаргахдаа ямар ихээр хууль бус зүйлийн төлөө гараа өргөж байгаагаа мэдэж байсан болов уу?. Эмийн үйлдвэрийн барилгыг нурааж байна гэсэн Д.Амгаланг лайвдахад яагаад шөнө дунд нэгхэн минутад устга нураа гэсэн агуулга бүхий тэр олон коммент хаанаас, ямар учиртайгаар бичигдэж байна вэ?. Холбогдох газрууд анхаарах ёстой асуудал биш гэж үү?
Тав: Хотын дарга нар УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх хугацаанд үүссэн хохирлын талаар
Хотын дарга нэг болохоор Ж.Хатанбаатар бүгдийг нь авчихсан гээд л нэг болохоор түрээсэлдэг гээд, үгүй бол хувьчилсан юмаа хотоор төлүүллээ гээд гарч ирэх болгондоо өөр өөрөөр ярьдаг. Тиймээс бид баримтыг гаргаж ирж, төр засгийн удирдлагууд болон өргөн олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч байгаа. УАУЭСКТ-д хотын дарга нарын үүсгээд байгаа асуудлыг эхэлж байхад бид төр засгийн тэргүүнүүдэд хандаж байсан билээ.
Төр, засгийн бодлогын дагуу уламжлалт анагаах ухааны эмнэлгийг цогц иж бүрдэлтэй зүй ёсоор нь байгуулахыг анх зорьсон боловч хууль ёсны дагуу хийгдэж дүүрсэн энэхүү менежментийн хувьчлалыг хуулийн дагуу “Дуусгавар болгох” гэдэг ганцхан заалттай тогтоолыг хотын дарга гаргахгүй 13 жил хүчээр төсвийн байгууллагын харьяалалд байлгаж, төсвийг нь өгсөн ч юм байхгүй хохироосоор, буруутгасаар, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг төрийн сан дээр хориг тавьсаар эмнэлгийн санхүүжилтийг саатуулсаар байна. Энэ хугацаандаа хотын дарга нар, түүний хамаарал бүхий эрх мэдэлтнүүдийн золиос болж, Сувилал-сэтгэлзүйн эмчилгээний өвчтөнүүдийн алхах талбай, амрах сүүдрэвч, эмийн зарим ховор ургамлуудыг тариалан ашиглагдаж байсан 13 га бүхий газарт “Хан-голомт” гэх дуулиан шуугиантай 40-өөд хаус бүхий бүхэл бүтэн хотхон баригдаж, Сувилал нь байшингийнхаа хэмжээгээр хязгаарлагдсан газартай үлдсэн. Эмийн үйлдвэрийг Цагаан сарын битүүний урд өдөр актлах шийдвэр гаргаж байгаад өнгөрсөн долоо хоногт хотын дарга “Өмчөө авъя гэхээр арга саам хийгээд байна” гэж цуу дэгдээж байгаад нураалгалаа. Хүчин төгөлдөр Улсын дээд шүүхийн шийдвэрт хотын даргын өмч биш гэдгийг тодорхой заасныг үл тоов. Тэгээд Засаг даргын тамгын газрын дарга нь нурааж байна гээд л эсвэл дуудлагаар худалдана гээд лайвдав.
Угтаа бол хотын удирдлага ард иргэддээ ээлтэй байж, төр, засгийн бодлогыг дэмжиж ажиллах ёстой байтал Эмийн үйлдвэрийн байрыг газартай тэгшлээд, дуудлага худалдаагаар зарах тухай ярьж байгаа нь иргэдийн төлөөх үйл ажиллагаа юу, мөнгөний төлөөх үйл ажиллагаа юу? Дуудлага худалдаагаар газрыг нь авсан этгээд уламжлалт эмийн үйлдвэр барих уу?
Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхөд хүчингүй болдог хуулийг хэрэгжүүлэн ажиллаж буй менежментийн баг нь Уламжлалт эмийн судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн барилгыг барихаар зураг төслийг хийлгэж, зөвшөөрлийг аль хэдийн авч, хувьчлалыг дуусгавар болгосон хотын шийдвэрийг хүлээж байгаа.
Менежментийн багтаа байвал, орчин үеийн технологид нийцсэн уламжлалт эмийн үйлдвэр баригдаж ард түмнээ эмчилнэ. Харин дуудлага худалдаагаар газар авсан шинэ эзэд уламжлалт эмийн үйлдвэр барих үүрэг байхгүй. Д.Амгалан 2025 оны дөрөвдүгээр сарын 18-нд “…зориулалтынх нь дагуу үйлчилгээтэй орон сууц бариад…” гэж хэлсэн. Тиймээс уламжлалт эмийн үйлдвэрийг хотын дарга иргэдээсээ булаан авч устгаж байгаа хэрэг биш гэж үү.
34 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ард түмнийхээ эрүүл энхийг хамгаалах үйлсэд хэлбэрэлтгүй хүчин зүтгэж байгаа, 100 гаруй хүн нэг ээлжинд хэвтэн эмчлүүлдэг элэгний эмнэлгийг устгах нь хэнд хэрэгтэй байгаа юм бэ. Нийслэлийн харьяа байгууллагуудаар маш олон хууль бус шийдвэр гаргуулж, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн байдлыг алдагдуулах, элдэв янзаар үндэслэлгүй гүтгүүлэн буруутгах гэж оролдож худал мэдээлэл байнга тарааж, хууль бус шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллагаас гадна хувийн хамгаалалтын компанийг хөлслөн оролцуулж, татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарж байна. Цаашид ч татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургих нь. Тухайлбал, хотын дарга бидний 30 жил түрээслэн улсыг хохироосон гэж худал удаа дараа гүтгэсэн. Харин Дэлгэрбаяр нь өнгөрсөн долоо хоногт яриа хийхдээ эмнэлгийн хойд талын хэсэгт аль дээр хувьчлагдсан юм байна, манай хотын дарга нар эзэдтэй нь ярилцаж дөрвөн давхрын хэсгийг нь худалдан авч Хүүхдийн эмнэлэг болгох гэж байгаа хэмээн ярьсан. Хотын дарга худал мэдээлэл тарааж байсныг Дэлгэрбаяр ингэж эмнэлгийнхэнд нотолж өгсөн төдийгүй хотын төсөвт тусгагдаагүй их хэмжээний зардал худалдан авалт хийх тухай яригдаж байна.
Элэгний эмнэлгийг эзэнгүйдүүлж, ажиллах нөхцөл боломжгүй болгож, сувилал, эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, газрыг нь авах далд ашиг сонирхол явагдаж байна гэдгийг би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан захидалдаа дурдаж байснаа энд бас дахин тэмдэглэж хэлье.
Зургаа: Төр, засгийн бодлогоор уламжлалыг орчин үеийнхтэй хослуулсан элэгний чиглэлийн анхны эмнэлэг байгуулсан, улсдаа ганц л байгаа харин одоо түүнийг устгах гэж оролдож байгаа талаар
Энэ эмнэлгийн жинхэнэ эзэн бол эмчлүүлэгчид үйлчлүүлэгчид нь, цаашдаа ч тийм байх ёстой. Элэгний эмнэлэг нь өвчтэй хүмүүс очиж эмчлүүлдэг газар болохоос алт мөнгө ухаж авдаг уурхай биш. Тухайн үед төр засаг бодлогоор ард түмэнд үйлчилдэг эмнэлэг хэвээр үлдээх нөхцөл болзолтойгоор Менежментийн хувьчлал хийгдсэн. Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх төрийн бодлогын дагуу эмнэлэг, сувилал, эмийн үйлдвэр, сэтгэлзүйн эмчилгээ зэргийг цогцоор байгуулахыг зорин 34 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ эмнэлгийг анх байгуулсан нь, улмаар үйл ажиллагааны чиглэлийг хазайлгалгүй авч явах нөхцөлтэйгөөр Менежментийн хувьчлал хийсэн нь Монгол Улсын төр, засгийн бодлогоор хийгдсэн. Бид эмнэлгийг эмнэлэг хэвээр нь байлгаж, ард түмэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн явуулдаг байх үүргийг нь алдагдуулахгүй, төрийн бодлогыг хэрэгжүүлэн хуулийн дагуу ажиллаж ирсэн.
Гэтэл өнөөдөр Х.Нямбаатар хотын даргын эрх мэдлээ ашиглан тэс өөр зүйл хийж байна. Эцэстээ бүр хотын даргын удирддаг НӨХКомисс нь Улсын дээд шүүхээс давсан хууль бус шийдвэр дээр гар өргөж байна. Эрх мэдэлтэй хүмүүсийн эдгээр зүй бус үйлдлээс хамгаалуулахын тулд иргэд бид Төрийн тэргүүн танд хандаж байна.
Долоо: Хотын удирдлагуудын зүй бус үйлдлийг таслан зогсоож, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэх талаар
Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэхгүй, хотын дарга нар Улсын дээд шүүхээс давсан хууль бус шийдвэр гаргаж байгаа нь манай улс ардчилсан хууль засагладаг, асуудлаа шүүхээр шийдээд, эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг улс мөн үү гэсэн асуултад хүргэж байна.
Монгол Улс олон улсын хэмжээнд ардчилсан бус, автократ дэглэмтэй улс гэж үнэлэгдэж эхэлсэн нь улсын хүн амын тэн хагасаас илүү нь амьдарч байгаа хотыг даргалж байгаа Х.Нямбаатарын маш олон хууль бус шийдвэрүүд, хүний эрхийг зөрчиж байгаа асар олон кейсүүд нэмэр болсон гэж үзэх үндэслэлтэй. Учир нь ардчилсан оронд хууль засагладаг, хүний эрхийг дээдэлдэг, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэг.
Төрийн тэргүүн та анхааралдаа авч, хотын удирдлагуудын зүй бус үйлдлийг таслан зогсоож, УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү.
Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар
УБ 2025.04 21
ИЛ ЗАХИДАЛ |
|
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |