Үндсэн хуулиар баталгаажсан Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа хотын удирдлага, дарга Х.Нямбаатар, түүний дор үүрэг гүйцэтгэж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын хууль бус үйлдлүүдийн талаар Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, Хууль зүй дотоод хэргийн сайд танд бид удаа дараа хандсан. Түмний нүдэн дээр хийж байгаа хотын удирдлагуудын хууль бус үйлдлийг төрийн түмэн нүдэнд хүргэж, цаашид хотын дарга гэх эрх мэдэлтнүүдийг хууль зөрчихөөс сэргийлэх гэж бид төрийн эрх барих дээд байгууллагын дарга нарт түмэн олны нүднээ ил захидал бичиж байгаа. Хотын дарга хууль зөрчиж, хүн гүтгэж байгаа нь хэрээс хэтэрч байгаа тул дахин Хууль зүй, дотоод хэргийн сайд Танаа хандаж байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2025.02.20-ны пүрэв гаригт “Малчин” телевизээр ярилцлага өгөхдөө УАУЭСКТ-ийн талаар бодит баримтыг гуйвуулж, худал мэдээлэл тарааж, иргэдээ гүтгэв. Хотын дарга Х.Нямбаатарын ТВ-д өгсөн ярилцлагад бидний тухай хэлсэн бүгд худал мэдээлэл байлаа. Энэ бүх худал мэдээллүүд нь хотын даргын амнаас гарсан гээд үнэн болохгүй, үнэн гэдэг бодитой баримттай байх ёстой. Хотын дарга ярилцлага өгөхдөө “2005 оны бил үү өмч хувьчлалын комиссын шийдвэрээр, менежментийн хувьчлалаар I хорооллын эмнэлэг, Зайсанд байгаа халдвартын больниц, эмийн үйлдвэрийг, мөн Гачууртад байгаа хэдэн арван га газрыг авсан…менежментийн хувьчлалаар аваад сүүлд нь иргэдийн хурлаар хувьчлуулах шийдвэр гаргасан, гэрээг дүгнээд “хангалтгүй” гэж дүгнэсэн байсан, гэтэл нөхөр шууд шүүхэд хандаад хувьчилж авах ёстой гээд шийдвэр нь гарсан байсан….төсөвт байгууллага шиг татаас авдаг, уг нь менежментийн хувьчлал гэдэг нь 100 хувь өөрөө үйлчилгээнээсээ орлогоо аваад хүмүүсээ цалинжуулаад явах ёстой, мөн татварт 4 тэрбум төгрөгийн өртэй, тэр эмнэлэг нь дотроо дүүрэн түрээстэй гэх, ажилчдыг цагаан сараар цалинтай болгох гэж байна…тамгаа аваад зугтсан…” гэх мэтээр худал мэдээлэл түгээж байгаа нь Ж.Хатанбаатар гэдэг хүн хотын баахан юмыг үнэгүй авчихсан, хууль зөрчөөд байна гэж олон түмэнд ойлгуулах гэж хичээж байгаа бололтой. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд танд болон өргөн олон түмэнд бодит мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. Улсын Их хурлын 56, Засгийн газрын 34, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 128, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 73 дугаар тогтоолын дагуу Улсын хэмжээнд нэмэлт хөрөнгө оруулах нөхцөл бүхий нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ сонгон шалгаруулалтад оролцож, шалгарч, улмаар Нийслэл хоттой 2008 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй менежментийн хувьчлалын гэрээг албан ёсоор гурван жилийн хугацаатай байгуулан ажилласан. Түүнээс хотын даргын өнөөдөр хэлээд байгаа шиг менежментийн хувьчлал гэж авчихаад дараа нь иргэдийн хурлаар шийдвэр гаргуулдаг тийм хууль бус тогтолцоо хаана ч байхгүй, энд ч тийм зүйл огт болоогүй.
Хоёр. Менежментийн хувьчлалын гэрээ нь 2012 онд “хангалттай” гэж дүгнэгдсэнээс хойш, дахин дүгнэгдээгүй. Харин нэг удаа гүтгэгдсэн тохиолдол бий. Энэ УДШ-ийн шийдвэрт тодорхой байгаа бөгөөд шүүхээс үнэн зөвийг нь тогтоосон.
Гурав. Нийслэлийн өмч хувьчлах комисст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015.10.01-ний өдрийн 97 тоот албадан гүйцэтгүүлэх хуудас очиж, гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн үргэлжлэн явагдаж байгаа боловч Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхгүй байгаа нь Нийслэлийн удирдлага. Улсын дээд шүүхийн шийдвэрийг нийслэлийн удирдлага хэрэгжүүлж, Менежментийн багийн бие даасан үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлэхгүй, эмнэлгийг хүчээр өөрийн төсөвт байгууллагын харьяалалд байлгасаар байна. Хэрвээ хувийн хэвшлийн эмнэлгийн дансыг хотын дарга гэнэт хаавал “Интермед”, “Грандмед”, “Нура” гэх мэт байгууллагууд ямар хариу үзүүлэх байсан бол. Гэтэл 34 жилийн турш тасралтгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хувьчлалыг дуусгавар болгохгүй эрх мэдлээ ашиглан төсөвт байгууллага хэвээр байлгаж, санхүүжилтийг гэв гэнэт таслан зогсоож, 100 гаруй ажилтан албан хаагчид цалингүй хоёр сар болгож байгаа. Төсвийн санхүүжилтийг зогсоож хүчээр өр үүсгэчихээд дараа нь бодит тооноос ихээхэн зөрүүтэй 4 тэрбум гэдэг тоо гарган, өр үүсгэсэн бурууг менежментийг багт тохох гэж элдэв башир аргыг хэрэглэж байна.
Дөрөв. Хотын дарга нэр заан хотын баахан өмчийг хувьчлан авсан гэж, бас эмнэлгийн залгаа 1990-ээд онд хувьчлагдсан хэсгээр орж, тэр эмнэлэг булан тохой болгоноороо дүүрэн түрээс гэж удаа дараа худал мэдээлэл түгээж байна. УДШ-ийн шийдвэрийг хотын дарга хэрэгжүүлэхгүй байгаа учраас бидний мэдэлд шилжсэн өмч хөрөнгө байхгүй. УАУЭСКТ-ийн эмнэлэг дотор түрээсийн ямар ч эмнэлэг, албан газар байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Тав. Төрийн бодлогоор 1996 онд Гачууртад Хотын даргын захирамжаар олгогдож, эмийн ургамал тариалж эхэлсэн, одоогоор энэтхэг, хятад, зарим халуун орноос импортоор доллароор авдаг эмийн ургамлаас авахуулаад 40-өөд нэр төрлийн эмийн ургамлыг тарималжуулан уламжлалт эмийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа газрыг хотын дарга “Гачууртад хэдэн арван га эмийн ургамлын газрыг авсан” гэж ярьж, худал мэдээлэл тарааж байна.
Зургаа. Хотын удирдлагууд хууль бусаар тамга тэмдэг хийлгэх гэж оролдож байна. Улсын бүртгэлийн албанаас энэ сарын 21-нд эмнэлгийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазарт хандаж, “Тамга гээгдүүлсэн тул шинээр бүртгүүлэх хүсэлт ирж байгаа нь ямар учиртай болох талаар тайлбараа ирүүлэх”-ийг утсаар мэдэгдсэн. Улсын бүртгэлийн газарт бид Менежментийн хувьчлалын талаарх 3 шатны шүүхийн шийдвэрийг, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэлдүүлэх хуудас, НЭМГ-ын даргын тушаал гаргасан гэснийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, мөн НЭМГ-ын дарга шүүхийн шийдвэрийг зөрчин тус төвийн захирлыг ажлаас чөлөөлсөн гэж тамга тэмдгийг хураан авна гэсэн учир байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн явуулахын тулд тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг Менежментийн багт хүлээлгэн өгсөн талаархи тайлбарыг албан бичгээр хүргүүлсэн. НЭМГ хууль бус шийдвэр гаргаж, хууль бусаар гүйцэтгэх захирал томилж, цагдаагийн албаны хүмүүсээр захирлын өрөөний хаалгыг эвдүүлэх, цагдаагийн байгууллагад ажилчдыг дуудуулах, захирлын өрөөнд нэгжлэг хийлгэх зэрэг зүй бус үйлдлүүд олонтаа гарсан учир хууль ёсны гүйцэтгэх захирал Х.Гүрбазар нь эмнэлгийн албан ёсны тамга тэмдгийг менежментийн багт хүлээлгэж өгсөн.
Долоо. Хотын удирдлагуудтай гэрээ хийсэн гэх хувийн хамгаалалтын компаниар элэгний эмнэлэгт харуул хамгаалалт тавьж, орж гарч байгаа ажилтан, эмч сувилагч, эмчлүүлэгч үйлчлүүлэгчдийг байнга шалгаж, бүртгэл бичлэг хийж хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулж байгаагаас гадна, ямар учир шалтгаантайг асууж лавласан хүмүүсийн халдашгүй байх эрхэнд нь халдаж бичлэг хийж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна.
Найм, УАУЭСКТ-ийн менежментийн баг нь хуулийн дагуу гаргасан аливаа шийдвэрийг дагаж мөрдөнө. Тодруулбал, УАУЭСКТөвийн Мэргэжлийн багийн ахлагч намайг хуулийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрээ гаргавал, тамга тэмдгийг хуулийн дагуу хүлээлгэн өгнө. Энэ байр суурь тайлбараа бид цагдаагийн байгууллагад өгсөн, УИХ-ын даргад илгээсэн ил захидлууддаа ч тодорхой дурдсан. Харин хууль бус шийдвэр гаргаж байгаа хотын удирдлага, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарын үйлдлийг дагалдан төрийн хуулийг зөрчих эрх бидэнд байхгүй.
“Төрийн хуулиа дагасан эмч, эмнэлэг буруутан болж, хууль зөрчиж байгаа дарга ардын баатар болдог, иргэнээ эрх мэдлээр дарангуйлдаг ийм тэгш бус байдал нийгэмд газар авах нь цаашдаа нийгэмд ихээхэн сөрөг үр дагавартай эрүүл бус хандлагыг бий болгох аюултай” гэдгийг бид төр засгийн өндөрлөгүүдэд удаа дараа бичсэн. Хотын даргын энэ гүтгэлгийн бодит байдлыг та газар дээр нь ирж танилцана уу. Ингэж ярьж хүн гүтгэж байгаа хотын даргад Эрүүгийн хуулийн 13-ийн 14 дэх заалт хамаарахгүй гэж үү.
Хотын дарга Х.Нямбаатарт боржуур шөнөөр санаатайгаар хагалсан гэж гүтгүүлсэн УИХ-ын дарга асан З.Энхболд 2024.11.18-нд мэдээлэл хийхдээ “Худал мэдээлэл тараавал ял авдаг. Гэтэл Х.Нямбаатар хүн гүтгэхээр цагдаа прокурор ажлаа хийхгүй байна” хэмээн мэдэгдэж байсан. УИХ-ын дарга асан З.Энхболдын хотын даргын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын сонорт хүргэж байсан бол бид Хууль зүй, дотоод хэргийн сайд танд хүргэж “Хотын дарга Х.Нямбаатар иргэдээ гүтгэж болох дархан эрхтэй юү” гэдэг асуултад танаас хариулт хүсч байна, Хууль зүй, дотоод хэргийн сайдаа.
Эцэст нь, УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалыг дуусгавар болгох талаар гарсан Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд, Улаанбаатар хотын удирдлагуудын хууль бус үйлдлийг зогсооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.
Мэргэжлийн багийн ахлагч Ж.ХАТАНБААТАР
Улаанбаатар хот 2025.02.24
Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Танаа |
|
2025-02-24 12:45:04
2025-02-24 12:12:04
2025-02-24 11:47:00
2025-02-24 10:53:48
2025-02-24 10:12:23
2025-02-24 10:10:37
2025-02-24 09:47:36
2025-02-24 09:45:50
2025-02-24 09:26:34
2025-02-24 09:07:52
2025-02-24 08:47:45
2025-02-24 08:41:13
2025-02-24 08:35:35
2025-02-24 07:00:27
2025-02-24 07:00:00
2025-02-24 07:00:00
2025-02-24 07:00:00
2025-02-24 07:00:00
2025-02-24 07:00:00
2025-02-23 15:04:15
2025-02-23 14:52:06
2025-02-23 13:24:11
2025-02-23 13:11:22
2025-02-23 09:45:16
2025-02-23 09:13:35
2025-02-23 08:39:56
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |