• Өнөөдөр 2024-04-26

ИРЭЭДҮЙН СЭТГҮҮЛЧИД ЯРЬЖ БАЙНА: МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ АЛДСАН СЭТГҮҮЛЧ БОЛОХГҮЙН ТӨЛӨӨ СУРАЛЦАЖ БАЙНА

2022-05-03,   678

   Хичээлийн  тэнхимд оюутнууд мэдээ бэлтгэж, камерын урд хөтлөлт хийн  онолын үзсэн хичээлээ дадлага болгон туршиж байлаа. Залуус нэгнийхээ чадахгүй байгаа зүйлийг нь хэлж, зааж зөвлөж, хамтдаа чадвараа  дээшээ ахиулж байна. Тэд сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцаж, монголын хэвлэл мэдээллийн салбарын ирээдүй болон бэлтгэгдэж яваа залуусын нэгээхэн хэсэг, төлөөлөл юм. “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан ирээдүйн сэтгүүлчидтэй уулзаж тэдний хүсэл мөрөөдөл, сонгосон мэргэжлийнх нь үнэ цэнийн талаар ярилцлаа.

ХҮСЭЛ СОНИРХОЛДОО ХӨТЛӨГДӨН СОНГОСОН МЭРГЭЖИЛ УРЧААС ХЭЗЭЭ Ч ХОЙШ УХРАХГҮЙ

МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн нэгдүгээр курсийг оюутан Гантуяа овогтой Марал

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?

     -Миний хувьд сэтгүүлч болж чадах юм шиг санагддаг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд мэргэжил сонголт хийх үед гэр бүлийнхэн  өөр мэргэжил эзэмших, бүр цаашлаад цалин өндөртэй хуульч, эмч болгохыг хүссэн. Гэхдээ би өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж сэтгүүлчээр сурч байна. Үүндээ ч харамсдаггүй. Сургуульдаа орсны дараа үзэж байгаа хичээлүүд нь мэргэжлийн түвшинд, багш нар нь нээлттэй байсан учир илүү их мэргэжилдээ дуртай болж байна.

-Одоо сэтгүүл зүйн салбарыг ямар дүр төрх, түвшинд байгаа гэж хардаг вэ?

      -Одоо хүмүүсийн харж байгаа өнцөг, сэтгэхгүй нь их буруу тал руугаа байгаа юм шиг санагддаг.  Мөнгө л байвал хүссэн мэдээг нь бичиж өгдөг, аль нэг дарга нарын цүнх баригч гэсэн ойлголттой байна. Тэр тал руугаа явсан хүмүүс байгаа л байх. Гэхдээ тэднээс илүү ажлаа чин үнэнчээр хийгээд явж байгаа сэтгүүлчид олон байгаа. Зарим сайтууд оюуны өмчийг  хэтэрхий зөрчиж байгаа юм шиг санагддаг. Сэтгүүлчдийн бичсэн мэдээ, сурвалжилгын гарчгийг  нь өөрчлөөд хуулж байгаа нь сэтгүүл зүйн хувьд хэзээ ч байх ёсгүй асуудал гэж боддог.

-Үлгэр дуурайлал авдаг сэтгүүлч байгаа юу?

    -Би сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хүндэлдэг. Хүмүүс хоёр талаас нь хардаг. Мөнгөний төлөө явдаг, нэг улс төрч дургүйг нь хүргэвэл шантааж хийдэг гэх мэт. Би тэр бүгдээс нь илүү иргэдэд мэдээлэл хүргэх гэж тэмцдэг зоригтой байдлыг нь хүндэлдэг шүү.

СЭТГҮҮЛЧДИЙГ ЁС ЗҮЙГЭЭ БАРИМТАЛДАГ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн хоёрдугаар курсийн оюутан Рагчаасүрэн овогтой Баасандаш

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?

    -Энэ мэргэжлийг сонгоход манай гэрийнхэн намайг өөр мэргэжилтэй болгох гэж их хичээсэн. Гэхдээ сэтгүүлч мэргэжил надад бусад ажлаас илүү тохирох юм шиг санагдсан. Тийм ч учраас сонгон суралцаж байна. Сурч эхлээгүй байхдаа зурагтаар мэдээ уншдаг хүмүүс гэж хардаг байсан. Харин сургуульд нь сурч эхлээд ганцхан телевизээр гардаг сэтгүүлч нь бүх зүйлийг хийдэггүй, ард нь бүтэн баг ажилладгийг ойлгосон. Сэтгүүлч зөвхөн ярьж мэдээ уншдаггүй, мэдээгээ бэлтгэнэ, редакторлана.

-Одоо сэтгүүл зүйн салбарыг ямар дүр төрх, түвшинд байгаа гэж хардаг вэ?

    -Миний хувьд сэтгүүлзүйн түвшнийг хэмжихэд “жижигдэх” байх. Гэхдээ уншигч, суралцаж яваа залуу хүний хувьд сэтгүүлчид ёс зүйгээ алдаад байгаа нь харагддаг. Мэдээлэл олж авахын тулд ёс зүйгүй олон аргыг ашиглаж байна. Одоогийн сэтгүүл зүй бүрэн эрх чөлөөтэй биш байгаа. Ирээдүйд илүү цахим тал руугаа хөгжих байх гэж боддог. Манай сургуулийн багш нар зөвлөхдөө техник технологи хөгжиж байгаа энэ үед мэдээгээ бэлтгэдэг, шууд дамжуулалт хөтөлдөг, сурвалжилга хийдэг тийм сэтгүүлч болохыг зөвлөж, заадаг.

-Үлгэр дуурайлал авдаг сэтгүүлч байгаа юу?

    -Бүх тал нь таалагдаж үлгэр дуурайлал авдаг сэтгүүлч байхгүй. Хувьдаа Ч.Лодойсамбуу сэтгүүлчийг ярилцлага авахдаа мэдэхийг хүссэн сэдвийнхээ асуултыг бүрэн асууж хариулт авдаг  нь таалагддаг.

СЭТГҮҮЛЧИД ОЛОН ТӨРЛИЙН ЧАДВАРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн гуравдугаар курсийн оюутан Мөнгөнтуяа овогтой Майнаран

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?

    -Би багаасаа илтгэх урлагаар хичээллэж байсан юм. Багш нар надад сэтгүүлч эсвэл нийгмийн ухаан, хуульч талын мэргэжил илүү тохирох талаар хэлж, санал болгож байсан. Сэтгүүлч мэргэжлээр их сургуульд сурч эхлээд сэтгүүлч мэргэжлийн гоё сайхан талыг их мэддэг болсон. Мөн манай сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш нар  нээлттэй, хичээллэх орчин нь сайн, халуун дулан уур амьсгалтай учраас сурах идэвх улам нэмэгддэг. Сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа хүн олон талын авьяастай, мэдлэгтэй, чадвартай байх ёстой гэдгийг ойлгож, тэдгээр чадварыг өөртөө суулгаад явж байна.  

-Одоо сэтгүүл зүйн салбарыг ямар дүр төрх, түвшинд байгаа гэж хардаг вэ?

    -Миний хувьд цахим мэдээллийн  сайт илүү хөгжиж, телевиз үздэг хүмүүс нь багасаж байна. Цахим сайтад  мэдээлэл түгээх нь илүү хөгжиж байгаа учраас шар хэвлэл, хуурамч мэдээллийн сайтууд олон болж байгаа. Гэхдээ энэ нь иргэдэд нэг үеийг бодвол үнэн, бодит мэдээллийг хуурамчаас нь ялгаж чаддаг юм шиг санагдаж байна.

-Үлгэр дуурайлал авдаг сэтгүүлч байгаа юу?

    -Би багаасаа телевизийн мэдээний сэтгүүлч, хөтлөгч болохыг хүсдэг байсан. Тиймээс “UBS” телевизийн Н.Онон сэтгүүлчээс үлгэр дуурайлал авдаг. Хэлний мэддэг, ярианы баялагтай сайн сэтгүүлч гэж боддог. Олон сэтгүүлчдийг харж, тэднээс сурах ёстой зүйлсээ сураад явж байна.

ӨЛСӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙСАН Ч ҮЗГЭЭ ЗАРЖ ИДЭХГҮЙ ЭЭ, ДҮҮ НАР НЬ

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Хангайхүү овогтой Даваахүү

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?

    -Анх гэртээ телевизтэй болсон өдрөөсөө эхлээд урдаас нь салахгүй, өдөр шөнөгүй үздэг болсон. Телевизээр  гарч байгаа зүйлс үнэхээр сонирхолтой байдаг байлаа. Арай жаахан том болж юм ойлгодог болоод Аан энэ мэдээ юм байна, энэ болохоор кино гээд ойлгож ялгаж эхэлж байгаа юм. Өмнө нь бол гарч л байвал  бүгдийг нь үздэг байж дээ. Энэ үеэс эхлэн мэдээний хөтлөгчид гоё харагдаж эхэлсэн “Би анкор болчих юм бол аав, ээж хоёр намайг дандаа телевизээр  харах нь ээ” гэж бодоод, өөрийгөө телевизээр гарч байгаагаар мөрөөддөг байлаа. Ингэж л сэтгүүлч мэргэжлийг сонгосондоо. Шууд л телевизээр гарна гэж бодсоноо бодохоор  одоо инээдтэй санагддаг даа.

-Одоо сэтгүүл зүйн салбарыг ямар дүр төрх, түвшинд байгаа гэж хардаг вэ?

    -Хоёр хуваагдчихсан юм шиг харагдаж байгаа. Нэг хэсэг нь үнэн мөрөөрөө ажлаа хийгээд, нөгөө хэсэг нь хэн нэгнийг шантааж хийж мөнгө олдог. Энэ шантааж хийдэг хэсэг хүмүүсээс болоод бидний нэр хүнд сурч байгаа хугацаандаа л унаж байна. Сэтгүүлчээр сурдаг гэхээр Чи шантааж хийдэг болох уу гэх мэтчилэн. Сэтгүүлч хүн гэдэг бол бусдыг харлуулах мэтийн зүйл хийж болохгүй мэдээлэх үүргийнхээ дагуу л ажиллах ёстой. Одоо бол энэ мэргэжлээр сурч байгаа миний үеийн хүүхдүүд сэтгүүл зүйн нэр хүндийг дээш татах байх хэмээн найдаж байна.  Энэ ташрамд шантааж хийгээд байгаа хүмүүст хандаж хэлэхэдӨлсөж үхэх гэж байсан ч үзгээ зарж идэхгүй ээ, дүү нар ньгэмээр байна. Мөн одоо цагт сэтгүүлчдийн оюуны өмчийг хамгаалах хэрэгтэй. Өөрийнхөө хүч хөдөлмөрийг зараад мэдээ, нийтлэл бэлдэж байхад тэрийг нь шууд хуулж өөр сайт тавих тохиолдол байдаг. Ялангуяа сайтууд үгийг нь өөрчлөөд утгыг нь алдагдуулахгүйгээр засаад л сайтдаа байршуулчихдаг. Мөн үүнийг унших хүмүүст  хандаж хэлэхэд Гал тогооны хэдэн сайтуудын мэдээллээс болж энэ салбарыг битгий буруутгаачгэж хэлмээр байна. Бараг л цахим ертөнцийн хов хөөж байгаатай адил учраас үүнийгээ болиод баталгаатай эх сурвалжтай мэдээлэлд итгэж баримтыг нь сайн нягталж байгаарай гэж уриалмаар байна даа.

-Үлгэр дуурайлал авдаг сэтгүүлч байгаа юу?

    -Шуудхан хэлэхэд тийм хүн байхгүй ээ. Гэхдээ сэтгүүл зүйг зааж, таниулж байгаа багш нарыгаа хүндэлж, дуурайж явна.

ИРГЭД ЗӨВ ЭХ СУРВАЛЖААС МЭДЭЭЛЛЭЭ ОЛЖ АВДАГ БОЛБОЛ СЭТГҮҮЛЧ МЭРГЭЖЛЭЭР СУРЧ БАЙГААГИЙН ҮР ДҮН ГАРНА

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн гуравдугаар курсийн оюутан Мөнхзул овогтой Оюунтүлхүүр

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?

    -Ахлах сургуульд байхаасаа илтгэх урлагаар хичээллэж эхэлсэн. Есдүгээр анги төгсөх хүртлээ хуульч, эрх зүйч болно гэж боддог байсан ч гэнэт л бодол өөрчлөгдчихсөн. Магадгүй илтгэх урлагт гүн гүнзгий дурласантай холбоотой байх. Ярих хэрэгцээ дутагддаг байсан ч байж болох юм. Би юу хийх дуртай билээ гэж 2-3 жил бодож,  хүмүүсийн саналыг ч бас сонсож байгаад л мэргэжлээ сонгосон доо. Тухайн үедээ бол хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөх хэмжээний хүчтэй мэргэжил гэж огт харж байгаагүй ээ. Гаднаас л гоё, сайхан харагддаг, бүх хүн хүндэлдэг, сүрддэг тийм л мэргэжил гэх нүдээр хардаг байсан.Одоо бол өөр шүү.

-Одоо сэтгүүл зүйн салбарыг ямар дүр төрх, түвшинд байгаа гэж хардаг вэ?

     -Хүмүүс хэвлэл мэдээллийн салбарыг үл ойшоож, басамжилж байгаад нь жаахан дургүйцдэг. Хуурамч сайт дээр тавигдсан мэдээ биш мэдээллээр сэтгүүл зүйн салбарыг дүгнэдэг болохоор цухалддаг гэх үү дээ. Сэтгүүлчдийг “Ёс зүйгүй” гэх нүдээр өнгөц дүгнэдэг. Гэтэл бид нар дор хаяж нэг семестрийн туршид ёс зүйн хичээл судалдаг. Уншсан болгондоо итгэдэг хүмүүст бол хэлэх муу үг ч олддоггүй. Ядаж миний ээж, аав, эргэн тойрныхон Хаанаас мэдээлэл авбал баталгаатай вэ гэдгээ мэддэг байвал сурч байгаагийн ашиг тус гарах байх. Цахим ертөнцөд амьдарч буй хүмүүс ядаж хаанахын, ямар сайтын мэдээлэлд итгэхээ мэддэг байгаасай. Мөн хүмүүс Хулгай хийх нь муу шүү гэдгийг мэддэг атлаа хулгайлсаар л байдаг зүйл бол оюуны өмч. Наад зах нь л гэхэд их сургуульд эсээ бичихдээ эх сурвалжаа дурддаггүй оюутнуудыг наснаасаа олон харсан даа. Сэтгүүлч нь хүртэл нэг нэгнийхээ бичвэрийг юу ч болоогүй юм шиг л хуулаад эсвэл дуурайлгаад тавьчихдаг. Тэрийгээ мэдэж байгаа атлаа л хуулаад байгаа шүү дээ. Ядаж сэтгүүлч болохоор сурч байгаа хүмүүс нь өөрийнхөө үзэл бодлоор, үгээр бичээд эхэлбэл бусдад үлгэрлэл болох юм болов уу гэж боддог.

-Үлгэр дуурайлал авдаг сэтгүүлч байгаа юу?

      -Энэ хүн мундаг юм гэж бодоод судлаад, дагаад эхлэхээр заримдаа үзэл бодол зөрчилдөөд, яагаад ч юм зарим нэг харах өнцөг нь таалагдахаа болиод л, сул талыг нь анзаараад эхэлчихдэг. Сэтгүүлчдээс илүү багш нараасаа л үлгэрлэл авдаг даа. Өөлөх завдалгүй л чадлыг нь гайхширдаг. Хүндэлдэг, чадвараас нь суралцдаг олон сэтгүүлч бий. "Улаанбал" нэвтрүүлгийн Лодойсамбуу л гэхэд олон талын мэдлэгтэй, өөрийн байр суурьд үнэнч, эзэмшсэн мэргэжилдээ гарамгай. Б.Ганчимэг сэтгүүлч бол ярилцлагын эх тэнгэр шүү дээ, ярилцлагын хэв маягаас нь олон зүйлийг сурч мэдэж авсан. Дурдвал олон сэтгүүлчийг нэрлэх нь.
 


ИРЭЭДҮЙН СЭТГҮҮЛЧИД ЯРЬЖ БАЙНА: МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ АЛДСАН СЭТГҮҮЛЧ БОЛОХГҮЙН ТӨЛӨӨ СУРАЛЦАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-03 13:11:02
    үзэг : Шантаажны сэтгүүлчид л битгий болоорой, ажил хийж буй хүнд янз бүрийн л юм тохиолдоно тэр болгонд харлуулах талаас нь /саяхан 1 сайтын 2 мангар бацаан 1 хорооны даргаас яриа авч харлуулж шошилд тавьсан даа/ биш сурвалжлах зүйлийнхээ голыг олж мэдээлж байгаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188