“Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн болсон амраг тэр минь ээ хө
Хүрэн зүрхний уяа юу даа...” гээд “Жаргаах зүрхэн” дууг эгшиглэхэд хэн нэгнийг үгүйлэн дурсахгүй, үгүйдээ л хүдэн татсан хөх уулстай хөдөө тийш бодол зүглэхгүй байх аргагүй байдаг билээ. С.Гончигсумлаа хөгжмийн зохиолч залуудаа нэгэн эмэгтэйд сэтгэл алдран явахдаа энэхүү дууны аялгууг нь зохиосон гэдэг бөгөөд яруу найрагч Ж.Бадраа гуайд санал тавьснаар үг нь мэндэлсэн түүх бий. Хүмүүний зүрх сэтгэлийг жаргааж, тайтгаруулж, амар амгалан болгогч бүтээлийн нэг бол яах аргагүй “Жаргаах зүрхэн”. Уншигч та санаж байгаа бол бид өмнө нь С.Гончигсумлаа хөгжмийн зохиолчийн талаар “С.Гончигсумлаа хөгжмийн зохиолчийн бүтээлүүд хүдэн татсан хангайд хүргэж, санаа бодлыг дэнслүүлдэг увдистай” гэх бичвэрийг нийтэлсэн. Харин энэ удаад түүний ач хүү З.Хайдар, отгон шавь нь болох УГЗ, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж нарын яриаг хүргэж байна.
Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
“Өвөө минь намайг 12 настай байхад буюу 1991 оны арваннэгдүгээр сард өөд болсон. Ухаан орсон үеэсээ хойш тооцвол өвөөтэйгээ өнгөрүүлсэн зургаа, долоон жилийн дурсамж надад бий шүү. Өвөө намайг “Миний нарийн бичгийн дарга” гэж цоллоод байнга дагуулан явдаг байлаа. Тэгж явахдаа би тухайн үеийн мундаг бүх л хөгжмийн зохиолчдыг мэддэг, таарахаараа мэндэлдэг, “найз” нь шахуу болсон байсан. Өвөө өглөө 05:00 цагт босож хөгжмөө бичээд, бичсэн бүтээлээ эргэн харж, засаж, сайжруулдаг өдөр бүрийн тогтсон хуваарьтай, хувийн зохион байгуулалт сайтай уран бүтээлч байсан. Гэхдээ ганц ажлаа л хийгээд байхгүй. Гэр бүлийнхэнтэйгээ цай уух, яриа өрнүүлэх цагийг ч өдрийнхөө хуваарьт багтаасан байдаг байлаа. Харин хуваарь дэглэмээ өөрчлөх дургүй хүн байлаа. Мөн шавь нартаа тусалж, дэмжиж, зөвлөгөө өгөхөд анхаардаг байлаа” гэж С.Гончигсумлаа хөгжмийн зохиолчийн ач хүү бидэнд өгүүлнэ.
Түүний энэ ярианаас тэр агуу хөгжмийн зохиолч аргагүй нарийн хуваарьтай байж л хөгжмийн олон төрлөөр чадварлаг туурвиж, чанартай бүтээл төрүүлсэн юм байна гэж бодогдсон. Өөртөө тийм өндөр шалгууртай байдаг шигээ шавь нартаа мөн хатуу шалгуур тавьж, түүнийх нь үр нөлөөгөөр олон чадварлаг хөгжмийн зохиолчид бий болж, ард түмний сэтгэлд хүрсэн олон аялгуунууд он дамжин эгшиглэж буй юм билээ. Ач хүү Ч.Хайдар нь энэ тухайд “Өвөө минь “Аливаа юмыг хийхдээ сайн хий” гэж үргэлж хэлнэ. Өөртөө болон шавь нартаа ч өндөр шаардлага тавина. Монголын мундаг бүх л хөгжмийн зохиолч нар өвөөгийн шавь. Өвөө тэдэнд ганц хөгжмийн эрдмээс гадна ганган хувцасладаг, цэгцтэй, герман хэлийг төгс сурсан, монгол бичгээр уран бичдэг, эх хэлээ сайхан эзэмшсэн гээд олон ур чадвараараа үлгэрлэдэг байсан” гэнэ.

Цааш бидний асуулт, хариулт ийн өрнөлөө.
-С.Гончигсумлаа хөгжмийн зохиолчийн том охин Г.Эрдэнэчимэг төгөлдөр хуурч Польш Улсад амьдарч байгаа юм байна. Та бүхэн холбоотой байдаг уу?
-Өвөө минь хоёр удаа гэрлэсэн. Хоёр охин, нэг хүүтэй. Би ганц хүүгийнх нь хүү. Г.Эрдэнэчимэг эгч маань Монгол Улсын анхны гавьяат төгөлдөр хуурч. Залуудаа гадаад хүнтэй суугаад одоо хүртэл харийн оронд амьдарч байгаа. Мөн нэг дүү нь гадаадад бий. Аав маань л эх орондоо амьдарч байна. Г.Эрдэнэчимэг эгчтэй сүүлд нэг нөхөртэйгээ Монголд ирэхэд нь аав бид хоёр нэг уулзсан. Одоо бол цахимаар хааяа нэг холбогдохоос байнгын холбоо бол байхгүй.
-“БНМАУ”, “Манай аялгуу”, “Сэрэлт”, “Улаанбаатарт байгаа миний аав” гэх дөрвөн дэлгэцийн бүтээлийн хөгжмийг хийсэн байдаг. “Манай аялгуу” киноны хэсэгт өвөө тань хөгжмөө тоглоод гардаг шүү дээ. Киноны хэсгээс өвөөгөө үзэх бүрд ойр санагдаж, үгүйлдэг болов уу?
-Тийм ээ. Өвөө минь Монголын киноны анхдагчдын нэг. Өвөөгийнхөө хөгжмийг хийсэн кинонуудыг үзэх дуртай, үзэх бүрдээ бахархах сэтгэл төрнө. Монголын сонгодог хөгжим Азидаа их сайнд тооцогддог. Тэгэхээр энэ бол бидний нэгэн бахархал мөн. Онцгойлон хэлэхэд, Монголын хөгжмийн зохиолчид дунд төгөлдөр хуурт зориулж бүтээл бичсэн хоёр хүн байдгийн нэг нь өвөө, нөгөө нь хөгжмийн зохиолч Б.Шарав гуай. Төгөлдөр хуурт зориулж бүтээл бичих хөгжмийн төрөл дотроо хамгийн хүндэд тооцогддог юм билээ. Өвөөгийн минь монгол ардын дуунуудыг төгөлдөр хуурын найруулгад оруулж бичсэн хөгжмүүдийг өдгөө хүмүүс илүү амилуулаасай, тэр гайхалтай аялгуудын гайхашгийг бишрээсэй гэж хүсдэг.
-Одоо уран бүтээлчид зохиогчийн эрх тал дээр хэрхэн хандаж байна вэ. Та бүхнээс зөвшөөрөл авч байна уу?
-1991 оноос өмнө зохиогдсон бүтээлүүдийнх нь зохиогчийн эрхийн асуудлыг улс эзэмшдэг гэдгийг тухайн үеийн оюун өмчийн газар хэлж байсан. Яах вэ, над руу залгаж “Та гэр бүлийнх нь төлөөлөл учир энэ бүтээлийг нь ашиглах зөвшөөрөл өгөөч” гэж хандаж байсан нь бий. Аав, бидний зүгээс өвөөгийн минь бүтээлүүд тоглогдож л байвал сайн, бүтээлүүд нь үргэлж амьд байгаасай гэж боддог.
-“Миний хувьд С.Гончигсумлаа гуайн “Жаргаах зүрхэн”, “Униар татсан уулсын дээгүүр”, “Дэнжийн ногоо” дуунуудыг нь сонсох дуртай. Олон ч сайхан дурсамжтай минь холбогддог. Харин таны хувьд өвөөгийнхөө аль дуунд нь илүү дуртай вэ?
-2005 онд өвөөгийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулаад хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж ах бид хоёр өвөөгийн дуунуудаар “Жаргаах зүрхэн” дуугаар нь нэрлэсэн сиди гаргасан. Тийм ээ, монголчуудын сайн мэдэх “Жаргаах зүрхэн”, “Дэнжийн ногоо”, “Өргөн хангай”, “Униар татсан уулсын дээгүүр”, “Чамайг үдье” дуунууд нь тэрхүү сидинд багтсан. Тийм ч болохоор би тэр сидигээ их сонсдог. Сидиг нь гаргасны дараа Дуурийн тетрт концерт хийсэн юм. Тэгэхэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай концертод “Ээждээ” дуугаа заавал дуулна, би энэ концертод оролцохгүй бол өөр хэн оролцох вэ” гэж байсан нь дотно сайхан санагдсан. Мөн нэгэн мэргэжлийн дуучин “С.Гончигсумлаа хөгжмийн зохиолчийн дуунуудыг дуулахад өндөр чадвар шаарддаг учир бэлдэх хэрэгтэй байдаг” гэж хэлж байсан юм. Энэ бүхнийг сонсохоор өөрийн эрхгүй өвөөгөөрөө бахархах сэтгэл төрдөг дөө.

-УГЗ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ: БАГШ МИНЬ ТАМХИНЫ ЦУГЛУУЛГАТАЙ, ТҮҮНИЙГЭЭ БИДЭНД ГАЙХУУЛДАГ, ХОШИН ЯРИАТАЙ ХҮН БАЙЛАА-
Ач хүүтэй ийн хөөрөлдсөний дараа “Өвөөгийн минь талаар хөгжмийн зохиолч Пүүжээ ах их сайн мэднэ. Сайхан дурсамж өгүүлнэ дээ” гэснийх нь дагуу Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж гуайтай холбогдсон юм.
Тэрбээр “С.Гончигсумлаа багшийнхаа шавь нь болсон минь том хувь тавилан. Багш надад тавдугаар ангиас эхлэн хөгжмийн зохиолчийн хичээл зааж эхэлсэн. Би Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд, Уралын хөгжмийн дээд сургуульд сурсан. Орост сурахад багшийн минь заасан бүхэн их дэм болж байсан. Багш уран бүтээлийн шаардлага өндөртэй байлаа. Харин жирийн үедээ их хошин, биднийг “явуулна”. Бид 50 хувьд сургалтынхаа байранд 50 хувьд нь багшийнхаа гэрт бэлтгэлээ хийдэг байсан. Багш гэртээ олон гоё цуглуулгатай. Тэр дундаа тамхины цуглуулга ихтэй. Түүнийгээ бидэнд их гайхуулна. Багш биднийг айхтар магтахгүй. Ихэнхдээ “Овоодоо”, “Болж дээ” гэж л хэлнэ” гэж багшийнхаа тухай дурссан юм.
Харин түүний киноны хөгжмийн талаар "Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “С.Гончигсумлаа хөгжмийн зохиолч “Сэрэлт” киноны хөгжмийг их өвөрмөц шийдэлтэйгээр хийсэн байдаг. Симфони ая эгшиглэж байгаад гэнэт “Талын таван толгой” дууг оруулаад ирсэн нь ёстой зүүдэлмээргүй шийдэл байсан. Харин “Улаанбаатарт байгаа миний аав” кинонд бол ардын хөгжмийг зохиолын дуутай сүлсэн. Кинондоо шууд “Униар татсан уулсын дээгүүр” дууг өөрөө зохиогоод оруулаад ирсэн. Киноны хөгжмийнх нь нэг онцлог нь үйл явдал, өрнөлд зохицуулан аялгуугаа бичдэг” гэж ярьсан байдаг. “БНМАУ” баримтат киноны хөгжмийг тэрбээр Москвад сургуулиа төгсөж ирээд л бичсэн байдаг бөгөөд тус бүтээлээрээ олон улсын баримтат киноны наадмаас шилдэг хөгжмийн тусгай шагнал хүртсэн байдаг.
"Ээждээ", "Жаргаах зүрхэн" дууг нь дуулсан Ардын жүжигчин Б.Зангад гуай харин "Хайр сэтгэлийн дууг дуулах би ч залуухан байж. Симфони найрал хөгжимд Д.Гончигсумлаа гуай найруулга хийгээд, би дуугаа шинээр сураад л. Д.Гончигсумлаа гуай их соёлтой сайхан хүн байсан юм шүү дээ. Дууныхаа нот дээр уйгуржин монгол бичгээр “Авьяаст нөхөр Б.Зангадын хоолойд зориулан бичсэн Д.Гончигсумлаа” гэж бичээд өгч байлаа” гэсэн байдаг юм.
| ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ С.ГОНЧИГСУМЛААГИЙН АЧ ХҮҮ З.ХАЙДАР: Өвөө минь өөрөөрөө үлгэрлэдэг, шавь нартаа их өндөр шаардлага тавьдаг хүн байлаа |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |