• Өнөөдөр 2026-05-08

МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ

        Хаврын улс төрийн “урилгагүй” зочноор Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нэрлэгдэх нь гарцаагүй боллоо. Ирэх сонгуульд АН-ыг бэлдэж оролцуулах, фракцын эрх ашгийг хамгаалах хамгийн гол стратегич гэх имиж бүрдүүлсээр залуусынхаа өмнүүр орчихлоо тэр.


   Үнэндээ Ардчилсан нам “ах” нараасаа салж чаддаггүй МАН-ынхны араас орж байгаагаа ийн ил тод харууллаа. Өөрөөр хэлбэл, Ардын намынхан авлига албан тушаалын хэргээсээ салахгүй байгаа нь ах нараасаа хууччууллаасаа салахгүй байгаад учир бий хэмээн шүүмжилж байлаа уг нь. Гэвч үнэн хэрэг дээрээ Ардчилсан намынхан ч хууччуулаасаа салж чадсангүй.

      Өнгөрсөн сонгуулиар хойд бүсийн тойргийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгад өгч байсан бол өнөөдөр генсекээр С.Баярцогтыг томиллоо. Угтаа бол улс төрөөс удаан хугацаанд завсарлага аваад байсан Сангийн сайд асан С.Баярцогт 60 насандаа улс төрд эргэж ирлээ.

24 НАСТАЙ ХАМГИЙН ЗАЛУУ ГИШҮҮН

      АН-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүнийг төрөөгүй байхад одоогийн Ардчилсан намын генсекээр томилогдоод байгаа С.Баярцогт Улсын бага хурлын гишүүн болж улс төрийн зам мөрөө эхлүүлж байсан гэсэн үг. Тэрбээр 1990 онд анх Улсын бага хурлын гишүүнээр анх сонгогдож, 24 насандаа хамгийн залуу гишүүн болж улс төрд орж байлаа. Улмаар УИХ-д дөрвөн удаа сонгогдож, Засгийн газарт Хэрэг эрхлэх газраас даргаас эхлэн Байгаль орчны сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан. Үнэндээ тэр улс төрийн карьераа эхлүүлж байхдаа Ардчилсан намын урдаа барих улстөрчдийн нэг байлаа. Ингэж улс төрд эд мандаж явахдаа тэрбээр Оюутолгойн гэрээг байгуулах гол ажлуудыг гардаж хийснээрээ Монголын төрийн гавъяатан бас гай нь болсон.

ОФФШОРТ ХӨРӨНГӨӨ “МАРТСАН” С.БАЯРЦОГТЫН ХАР ТҮҮХ

 Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө Монголын эдийн засгийн үзүүлэлт 1.6 хувьтай байсан. Гэрээ хийснээр эдийн засаг тав дахин өсөж, улсын төсөв найм дахин өссөн. Угтаа  Оюутолгойн гэрээг хийхээс өмнө улсын төсөв 1.8 их наяд байсан бол өнөөдөр бид 33.0 их наядын төсөв ярих хэмжээнд хүртлээ эдийн засаг өссөн нь үнэн.

     Гэвч түүний гол алдаа оффшорт хөрөнгөтэй болтлоо баяжсан, хөрөнгийн эх үүсвэрээ баталж чадаагүй. Өөрөөр хэлбэл, оффшор данстай Монголын улстөрчдийн нэр задарч байхад Сангийн сайд С.Баярцогт нэг сая ам.долларын данс байсан гэх мэдээлэл ил болж байлаа. 

        Нэмээд Оюутолгойн гэрээ Монголын талд ашигтай байж чадахгүй. Ногдол ашгаа хүртэж чадахгүй, 20 тэрбум ам.долларын өртэй байгаа нь ч бодит үнэн. Шүүхээс 10 жил ял сонсож, давж заалдах шатны шүүхээс хэргээ 4.8 жил болгож, эцэстээ Улсын дээд шүүхээр хэрэг нь мөрдөн байцаалалт буцаж замхарсан удаатай. Ийн оффшорт хөрөнгөө нуусан гэх хэрэгт буруутгагдан хуулийн байгууллагаар шалгуулж, намаасаа хөөгдөж, сонгуульд нэр дэвших эрхээ хасуулах хүртлээ буруудаж явсан С.Баярцогт өнөөдөр улс төрд дуу шуутай орж ирлээ. Үндсэндээ тэрбээр улс төрд том артай, Ардчилсан намыг хөл дээр нь босгохоос илүү улс төрийн ч бизнесийн талаасаа ч дэмжлэгтэй орж ирсэн гэх ярианы эзэн болж байна.

С.БАЯРЦОГТ БА “М СИ ЭС”-ИЙНХЭН

       С.Баярцогт “М Си Эс”-ээр “овоглодог” МАН-ынхантай холбоо хамаарал тун зузаан. Жишээ нь, С.Баярцогт “М Си Эс”-ийн барьсан тансаг зэрэглэлийн “Белла Виста” хотхоноос хүү Б.Гомбо-Эрдэнийнхээ нэр дээр нэг орон сууц, өөрийнхөө нэр дээр нэг таун хаустай болсон. Гэхдээ нийт 2.0 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх энэ үл хөдлөх хөрөнгүүдийг "М Си Эс"-с ямар замаар өөрийн болгосноо тайлбарлаж чадаагүй гэдэг. Улмаар хууль хяналтынханд удтал шалгагдаж, хураалгах дээрээ тулаад хэрэг нь цагаадсан байдаг.       Цаашилбал, “М Си Эс”-ийн нэг төлөөлөл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Белла Виста” хотхоны таун хаусын 12 тоотод, С.Баярцогт 14 тоотод нь амьдардаг байсан бөгөөд тэд нэг гэрийн үйлчлэгчтэй байсан гэх. Энэ тухай тэдний гэрийн үйлчлэгч байсан О.С гэх эмэгтэйн шүүхэд өгсөн мэдүүлэг бий. Мөн С.Баярцогт, “М Си Эс”-ийн бас нэг төлөөлөл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “АПУ”-гийн П.Батсайхан нарын дундын эзэмшлийн сан бий. “М Си Эс”-ийн өөр нэг төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай хамтран эзэмшдэг ТББ ч байдаг.

"АПУ", “М Си Эс”-ийнхэн ингэж нийтээрээ С.Баярцогтод “талтай” гэж харвал, Сү.Батболдынхон ч түүнийг цаашаа гэхгүй нь лав.

С.БАЯРЦОГТ БА “АНОД”, “МОННИС”, “АЭРО МОНГОЛИА”-ГИЙН НУУЦ НОЁН Х.ДӨЧИНТАВ

       Богдхан уулын Нүхтийн амны дээд үзүүрт “Гачуурт”-ын Л.Чинбат, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Х.Дөчинтав нар нийлж, нийт есөн ширхэг тансаг байшин бариулжээ. Орчныхоо тохижилтын газар шорооны ажлыг “Гачуурт”-ын Л.Чинбат, цахилгаан, ус, дулаан татах ажлыг Х.Дөчинтав гэх мэтээр хамтарцгаажээ. Гайхмаар нь, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар байшингийнхаа гэрчилгээг өөрсдийнхөө нэр дээр биш Х.Дөчинтавын нэр дээр гаргуулжээ. Тухайлбал, С.Баярцогтын байшинг Х.Дөчинтавын нэр дээр, Ч.Сайханбилэгийн байшинг Х.Дөчинтавын төрсөн эгчийн хүүхэд н.Эрдэнэбаярын нэр дээр гаргуулсан байгаа юм.

     Х.Дөчинтав гэгч нь хэн бэ гэхээр, С.Баярцогтын 1996 онд Германд хамт сурч байсан, өдий болтлоо хувь, хувьсгалын ажлуудаа хамт бүтээлцэж яваа дотнын найз нь. Ямар сайндаа л С.Баярцогт 850 саяын хаусаа хэл амнаас нуухдаа найз Х.Дөчинтавынхаа нэр дээр бүртгүүлэх вэ дээ. Тэгвэл С.Баярцогтын сайн найз Х.Дөчинтавын хувьд уул уурхай, банк санхүүгийн салбарыг хослуулсан, зартай нэгэн.

    Тухайлбал, алдарт Анод банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж ирсэн. Уул уурхайн салбарын “акул”-уудын нэг “Моннис интернэшнл”, агаарын тээврийн “Монголиан эйр транспорт групп”-тэй хамтран “Аэро монголиа” ХХК-ийг эзэмшиж ирсэн. “Аэро Монголиа”-г мэдэхгүй хүн үгүй биз. Цааш нь хөөвөл, Ардын намын хамгийн хөрөнгөлөг гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай ч холбогдох. Тухайлбал, Ц.Цэрэнпунцагийн “Аспайр майнинг”-ийн Монгол дахь “Хургатай хайрхан” ХХК-ийг Д.Ачит-Эрдэнэ гэх залуу удирддаг. Тэгвэл Д.Ачит-Эрдэнэ, Х.Дөчинтав нар “Ар Ай Ви” ХХК-ийг хамтран эзэмшдэг байгаа юм. Мөн Х.Дөчинтав Ч.Батмагнай гэгчтэй хөрөнгө оруулалтын “Сод аллокейшн” компанийг эзэмшдэг. Ч.Батмагнайн бизнесүүд нь У.Хүрэлсүхийн төрсөн дүүтэй холбогддог. Гэх мэтээр С.Баярцогтын найз Х.Дөчинтавын бизнес нам, бүлэглэл дамжин үргэлжилнэ.  

Товчхондоо, С.Баярцогт нам харгалзахгүй хэрсэн энэ холбоо, хамаарлаа "хэргээ хаалгах", улс төрд эргэх орох "нууц хөзөр" болгож, тэр нь ч Төрийн тэргүүнд таалагдсан байж болох.

 


МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188