Арилжааны хэдэн банкууддаа төр, түмнээрээ тонуулж ханахгүй, тэд ч тонож цадахгүй юм. Худалдаа хөгжлийн банканд Эрдэнэт, Дархан, Хөтөлийн хамаг том үйлдвэрүүдээ тавиад туучих шахсан. Голомт банканд нүүрсээ хямдаар бартердаад, мухар төмөр замтай хоцорсон. Дээрээс нь, Чингис хаан гэж сан сэгсрэхдээ гаршсан бас нэг банк байна. Чингис хаан банк Нийгмийн даатгалын сангийн 96.5 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30.9 тэрбум төгрөг буюу нийт 127 тэрбум төгрөгийг хадгалах нэрийдлээр эргэлдүүлэхээр аваад, эргэн төлөхгүй гүрийж гэдийсээр 10-аад жилийн нүүр үзэж байгаа. Өөрөөр бол, 3.5 сая иргэний даатгалын мөнгө ганцхан банкны гуравхан хувьцаа эзэмшигчийн халаас, ходоодонд ийн шингээд алга болчихсон. Атал Эрүүл мэндийн даатгалын сангийн данс саяхнаас улайж, эмнэлгүүдийн коридороор хоногоо хүлээсэн хөгшид нэмэгдсээр байх боллоо. Өчигдөр энэ асуудлаас болж УИХ-ын гишүүд ба Монгол банк, Сангийн яамныхан гэж талцаад зодолдох шахав. Гол асуудал нь, дампуурлаа зарлах аваарын гэрэл нь аль эрт анивчсан Чингис хаан банк руу хэн гэдэг сайд дарга нь татвар төлөгчдийн 127 тэрбум төгрөг шуудайлж аваачаад тушаасныг, яагаад эргүүлж авч чадахгүй байгааг Монгол банк ч, Сангийн яам ч хариулж чадахгүй, эсвэл хүсэхгүй байна.
Тэгвэл Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн буюу та бидний татварын 127 тэрбум төгрөгийг “сэгсэрсэн” Чингис хаан банкны хамгийн том хувьцаа эзэмшигч, эзэн нь болох Дашцэрэнгийн Батаа гэгч хэн болохыг товч танилцуулж байна.
ТУУЛЫН БУРГАСААР ТУГ ТАХИЖ, ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХОТХОНООР ТҮРИЙВЧЭЭ ТҮНТИЙЛГЭЭД, ТЭР МӨНГӨӨРӨӨ БАНКТАЙ БОЛСОН НАМТАР
Бизнесийнх нь тухайд, Д.Батаа Завханаас гаралтай, Болгарт сургууль төгссөн. 1998 онд 30 настайдаа “Стандарт групп” ХХК-ийг байгуулж, бизнест орсон. Улмаар Хотын дарга М.Энхболд 2001 онд А/165, 2004 онд А/360 тоот захирамжуудаар ХУД-ийн 17-р хороо, Маршалын гүүрнээс баруун тийших, Туул голын эрэг дагуух 222,000м2 буюу 22.2 га газрыг Д.Батаагийн “Стандарт групп” ХХК-д олгосон. Энэ газар дээрээ нь Д.Батаа “Номин”-гийн эзэн А.Шагдарсүрэнтэй хамтарч, “Номин констракшн” ХХК-аар нь тансаг зэрэглэлийн “River garden” хотхоныг барьж, 2006 онд ашиглалтад оруулж хөл дээрээ боссон. Үргэлжлүүлэн, “Тэнгэр вилла”, “Time square”, “Хан хилсс” хотхонуудыг хаяа залгуулан барьж худалдсанаар толгой баячуудын тоонд орж ирсэн. Ийнхүү Туулын бургасаар туг тахиж, тансаг зэрэглэлийн хотхонуудаар түрийвчээ түнтийлгэсэн Д.Батаа гавьяат эдийн засагч С.Буднямын бэр Ц.Баярсайхан, гавьяат эдийн засагч Б.Шүхэртийн охин Ш.Бүтэд хоёртой хамтран 20 тэрбум төгрөгөөр Чингис хаан банкныг худалдан авч, эзэн суусан товч түүхтэй.
ТӨРД ЭРХЭЛСЭН БАЗУУД
Амьдралынх нь тухайд, Д.Батаагийн эхнэр нь “ЭНЭМОГ” ХХК-ийн Ерөнхий захирал Дашнямын Намуун гэж эмэгтэй бий. Өдгөө Д.Батаа эхнэр Д.Намуун болон хүүхдүүдийн хамт Монгол, Герман хооронд ирж, очин амьдардаг. Харин хадам аав нь Лувсандамбын Дашням гэж хүн бий. Л.Дашнямын тухайд, Ардын их хурлын орлогч дарга, НИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2001 онд Иргэний зориг намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Н.Багабандид ялагдаж байсан нэгэн. Өдгөө “Монгол уламжлал” академийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар ажилладаг. Сонирхуулахад, Л.Дашням 2022 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш цол, гэргий Л.Золзаяа нь 2023 онд Гавьяат эмч цол хүртсэн.
Цаашилбал, Д.Батаагийн эхнэр Д.Намууны төрсөн эгч нь “АНЭЛ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дөлгөөн гэж эмэгтэй бий. Харин Д.Дөлгөөний нөхөр нь “Сейф” хочит Нямдаваагийн Хүрэлбаатар гэж хүн бий. Д.Батаагийн баз Н.Хүрэлбаатарын тухайд, 2009-2012 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Гэвч 2013 онд нууц хүү Н.Энхбатынхаа гэрийн сейфэнд хагас тэрбум төгрөг хадгалж байсан хэргээр хууль хяналтын хаалга татаж, хэсэг хугацаанд хоригдсон. Улмаар 2013-2018 онд хадам аав Л.Дашнямынхаа “Монгол уламжлал” академид зөвлөх сэтэртэй хэл чимээгүй амьдарч байгаад 2018-2020 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр, 2020 оноос АШУҮИС-ийн Ерөнхий захирлаар ажилласан. Ингээд саяны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшээд унасан. Гэсэн ч сонгуулийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр томилогдсон.
Харин Д.Батаагийн өөрийнх нь дүү Д.Баяраа нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар ажилладаг. 2021 онд Гавьяат эдийн засагч цол хүртсэн.
Үргэлжлэл бий.
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ |
|