• Өнөөдөр 2024-04-26

Г.БОЛОР: Нагац эгч минь "Тунгалаг тамир" киноны Буян чавганцын дүрээр ард түмэндээ мөнхөрсөн

2021-01-17,   2529

 

- Эмэгтэй хүн кино урлагт зүтгэж болно гэдгийг харуулсан, ойлгуулсан -

СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн сургуулийн Дуун техник, технологийн тэнхимийн эрхлэгч, доктор (PhD), дэд профессор Гаваагийн Болортой ярилцлаа. Монголын анхны эмэгтэй кино найруулагч, эвлүүлэгч М.Болод бол түүний ээжийнх нь авга эгч. Иймээс бидний яриа М.Болод гэх энэ эрхэм эмэгтэйн хувийн амьдрал, уран бүтээл, тэр дуундаа найруулсан кино, бүтээсэн дүр зэрэг олон хүрээг хамарсан.

Тэрбээр М.Болод эгчийгээ кино урлагт “тамгалагдсан” нэгэн хэмээн тодорхойлсон юм. Тэгж хэлэхээс ч аргагүй. Учир нь, М.Болод гуай бидний үзэх дуртай, он жилийн уртад үнэ цэнээ алдаагүй байгаа “Сүхбаатар”, “Цогт тайж”, “Морьтой ч болоосой", “Өндөр ээж”, “Тунгалаг тамир”, “Хүний төлөө”, “Жас өдөр” зэрэг кинонд дүр бүтээж, цэнхэр дэлгэцнээ өөрийгөө мөнхөлсөн нэгэн. Мөн үүгээр зогсохгүй “Сүхбаатар”, “Цогттайж”, “Бидэнд юу саад болж байна”, “Салхины амт”, “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү”, “Ардын элч”, “Хүргэн хүү”, “Тэмцэл” гэх кинонд эвлүүлгийн найруулагчаар ажилласан байдаг. "Морин цэргийн танкист”, “Хил дээр болсон явдал” зэрэг уран сайхны кино түүний анхны бие даан найруулсан бүтээл юм. Үзэгчид “Тунгалаг тамир” киноны Буян чавганцын дүрээр түүнийг андахгүй. Г.Болор эгч киног үзэх бүрийдээ ижийгээ санагалзаж, ижийгээ ч, эгчийгээ нэг дор харж, багынх нь дурсамж нүдэнд тодордог хэмээн өгүүлсэн.

 

-Монголын анхны эмэгтэй кино найруулагч М.Болод таны ижийн авга эгч гэсэн. Таны ижийг мөн ажил, амьдралд нь хөтлөн оруулсан ачтан гэл үү?

-Ижий минь гурванхан настайдаа ээжээсээ өнчирсөн гэдэг. Мөн найман настайд нь аав нь бурхан болж, ээж минь нагац эгчийнхээ гар дээр өссөн юм. Нагац эгч нь дөрөв бил үү, таван настай байхад нь Эрдэнэдалай сумаас хот руу дагуулж ирсэн юм билээ. Тэгээд найман нас хүрэхээр нь нэгдүгээр сургуульд оруулж байсан гэсэн. Сургуулиа төгсөхөд нь М.Болод эгч хажуудаа авч, 1944 онд 15-хан настай байхад нь Монгол кино үйлдвэрт өөрийнхөө дагалдангаар ажиллуулж байсан гэж дандаа ярьдагсан. Ижий минь бүх насаараа ганцхан л газар ажилласан байдаг, тэр нь Монгол кино үйлдвэр. 40 жил тасралтгүй ажиллаж байгаад, 55 настайдаа гавьяаныхаа амралтад гарсан. М.Болод эгч миний ээжийн авга эгч буюу аавынх нь дүү. Ижийн минь аавыг Минжүүрийн Ламзав гэдэг. Миний өвөөгийн аав буюу Минжүүр гэх хүний хүүхдүүд өвөрмөц нэртэй. М.Болод эгчийнх нь нэрийг болон өөрийнх нь овгийг  олон хүн буруу Болд, Ламжав гэж бичээд байх юм даа гэж ижий минь ярьдаг байсан. М.Болод эгчийг бид Бооёо гэж авгайлна. Бооёо маань ижийг минь амьдралынх нь замд хөтлөн оруулсан ачтан. Би ухаан орсон цагаасаа л Бооёо эгчийг мэддэг, ижийтэйгээ тэднийхээр байнга очдог байсан. Бас кино үйлдвэрийн зусланд тэдний ар талд манай байшин байж, хар багаасаа л Бооёо эгчийнхээ ярих хэлэх, сургаал үгсийг сонсож, хийсэн хоол цайг нь ууж идэж өссөн дөө.

-М.Болод эгч нь 1910 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн гэсэн. Аав, ээж нь ямар хүмүүс, өөрөө айлын хэд дэх хүүхэд байв. Бага, залуу насаа хаана өнгөрүүлсэн бэ?

-Миний ижий, М.Болод эгч хоёр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынх. Миний ижий 1929 онд, М.Болод эгч 1910 онд төрсөн. Эгчийнхээ намтар, түүхийг судалж үзэхэд, тухайн үедээ өндөр боловсролтой эмэгтэй байсан юм билээ. 1926 онд нутагтаа Бичиг үсгийн түр сургуулийг төгсөж, Улаанбаатар хотод суралцахаар ирсэн байдаг. Хотод ирээд сургуульд хараахан суралцаж чадаагүй учир Хотын намын хороонд бичээчээр ажиллаж, ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн байдаг юм билээ. 1928 онд Хууль, цаазын түр сургуульд суралцаад, Улсын дээд шүүхийн гишүүний сонгууль хүлээж, Улсын VI их хуралд төлөөлөгчөөр оролцож, Улсын бага хурлын гишүүн болж байсан гэдэг намтартай. Боловсролтой, гэгээлэг хүн байж дээ гэж би дандаа бахархаж явдаг юм. Яг үнэндээ миний өвөө болох Ламзав, түүний аав Минжүүр гэдэг улсыг би сайн мэдэхгүй, хэдэн хүүхэдтэй байсан тухай яриа сонсож байгаагүй санагдаж байна. Ижийгийн өөрийнх нь намтар дээр аавыгаа малчин хүн байсан л гэж бичиж үлдээсэн байдаг юм.

-Монголын анхны эмэгтэй кино найруулагч болох суурь хэрхэн тавигдсан юм бол?

-Хотод 1927 онд ирсэн юм шиг байгаа юм. Эхэндээ бичиг хэргийн ажил хийдэг байсан юм билээ. 1930-аад онд Ц.Гомбожав, А.Ефремовын санаачлан байгуулсан Театрын түр сургуульд Ардын жүжигчин Д.Цэрэндулам, Б.Равдан нарын хамт суралцаж, 1931 онд төгсөөд, Улсын төв театр байгуулагдахад анхны жүжигчдийн нэг нь болж, урлагт хөл тавьсан байдаг. 1933 онд “Харанхуй засаг” жүжгийн ядуу ард эмэгтэйн дүрд тоглож, Москвад болсон олон улсын уралдаанд оролцож байсан сайхан түүх байдгийг сонсож байсан юм. Театрт 1938 он хүртэл жүжигчнээр ажиллаж байгаад, тухайн үеийн Уран сайхны хүрээлэнгийн удирдлагын шийдвэрээр Цэргийн клубт туслах найруулагчаар шилжин ажилласан байдаг. Дараа жил нь  1939 оны аравдугаар сараас эхлээд Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Монгол киноны анхны кино найруулагч болох Төмөрийн Нацагдоржийн туслахаар ажиллаж, кино үйлдвэртэй ажил, амьдралаа холбосон нэгэн юм. Тэтгэвэрт гартлаа тус үйлдвэрт ажиллаж байсан. Киноны түүхэн ном, түүхэн хүмүүсийн дурсамжид Монголын хамгийн анхны эмэгтэй уран сайхны болон баримтат кино найруулагч, эвлүүлгийн найруулагч мэргэжилтэй гэж тэмдэглэгдсэн байдаг. Эрдэм номыг эрхэмлэдэг, өндөр боловсролтой нэгэн байсан юм даа.

-Тухайн үед хэнтэй хамт суралцаж, ажиллаж байсан бол?

-Кино найруулагчдаас Төмөрийн Нацагдоржийг багшаа  хэмээн дурсан ярьсан байдаг. Мэдээж киноны анхдагчууд Балдангийн Дэмбэрэл, Сэрээтэрийн Дэмбэрэл, Дамбын Ганжуур, Наваандугарын Гомбосүрэн зэрэг бүгдтэй нь хамтран ажиллаж байсныг гэрчлэх кинонууд бий. Киноны анхдагчид бол бүгд хамтран зүтгэгчид, хамтран суралцагчид нь байсан нь мэдээж. Манай анхны эмэгтэй кино найруулагч М.Болод эгч маань хамгийн анх “Морин цэргийн танкист”, “Хил дээр болсон явдал” зэрэг уран сайхны киног бие даан найруулсан байдаг. Түүнээс өмнө кино найруулагч Т.Нацагдоржийг дагаж, кино найруулах урлагт суралцаж байхдаа “Анхдугаар хичээл” уран сайхны кинон дээр туслах найруулагчаар ажилласан юм билээ.

-М.Болод эгч нь монгол түмний зүрх сэтгэлд мөнх орших олон кино найруулж, туслах дүрүүдэд тоглосон. Нийт хэдэн кино найруулж, хэчнээн дүр бүтээсэн талаарх тоо, судалгаа байдаг уу?

-Нэгдсэн тоо хэлж сайн мэдэхгүй байна. Уран сайхны киног нь дээр тоймлоод хэлсэн. Түүнчлэн “Сүхбаатар”, “Цогт тайж”, “Бидэнд юу саад болж байна”, “Салхины амт”, “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү”, “Ардын эрх”, “Хүргэн хүү”, “Тэмцэл” гэх кинонд эвлүүлгийн найруулагчаар ажилласан байдаг. Үүнээс гадна орчуулгын киноны найруулагч гэх найруулагч хүний бас нэг ур чадвар шалгасан ажил байдаг байлаа. Орчуулгын кино гэдэг бол зайлшгүй найруулагч, орчуулагч хамтран бүтээдэг ажил юм. Миний мэдэхээр, М.Болод эгчийн анхны орчуулгын кино бол “Тосгоны багш”, “Бид энх тайвны төлөө”, “Берлиний уналт” зэрэг гадаад киног монгол хэлэнд хөрвүүлэхэд Б.Гомботой хамтарч ажилласан байдаг. 1953 онд “Мартагдашгүй 1919 он”, “Казакстаны уудам талд” зэрэг кинон дээр орчуулгын найруулагчаар бие даан ажилласан байдаг. Тухайн үед хийсэн уран бүтээлийг нь өндрөөр үнэлж 1960  онд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгож, анхны эмэгтэй гавьяат найруулагч болсныг нь бахархалт явдал гэж би боддог. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас зэрэг одонтой. М.Болод эгч минь кино найруулахаас гадна кинонд шигтгээ, чимэг болсон туслах олон дүр бүтээсэн. Тэдгээрээс тоочиж хэлэхэд, 1942 онд “Сүхбаатар” киноны олны хэсэг, 1945 онд “Цогт тайж”-ын эмэгтэй, 1959 онд “Морьтой ч болоосой”-гийн өвчтөн, 1960 онд “Салхины амт” кинонд мөн л туслах дүр, 1962 онд “Баясгалан” Баясгалангийн эх, 1968 онд “Өндөр ээж”-ийн зорчигч, 1970 онд “Тунгалаг тамир” киноны Буян чавганц, 1976 онд “Хүний төлөө”-гийн өвчтөн, 1993 онд “Жас өдөр” киноны хулгайд юмаа алддаг эмэгтэйн дүрд тоглож, кино хальсанд мөнхөрсөн. Үзэгчид түүний тоглосон “Тунгалаг тамир” киноны Буян чавганцын дүрийг сайн мэднэ.

-Монгол киног хөл дээр нь босгоход оролцсон тулгын чулуунуудын нэг-

-2010 онд түүний мэндэлсний 100 жилийн ой болжээ. Энэ үеэр ямар нэгэн арга хэмжээ зохиосон уу?

-Яг үнэндээ дурсаагүй таг, чиг өнгөрсөн. Яаж дурсах ёстойгоо ч мэдээгүй. Тухайн үед эгчийнхээ талаар ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулаагүйд маш их харамсаж суудаг. М.Болод эгчийг минь маш ховор дурсдаг. Киноны түүхийн номд маш товчхон байдаг. Г.Жигжидсүрэн найруулагчийн “Монгол киноны нэвтэрхий толь” гэх номонд л гэхэд ердөө нэг хуудасны талд ч хүрдэггүй байх жишээтэй. Түүхийн хуудсыг эргэж сөхнө гэдэг маш чухал шүү.

-Одоо М.Болод эгчийнхээ найруулсан кино, бүтээсэн дүрүүдийг үзээд сууж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Эргэж уулзаж байгаа юм шиг л санагддаг. Хүүхэд нас, тухайн үеийн дурсамжууд нүдэнд харагддаг. Зусланд байхад ээж, аав ажилдаа явчихаар нь Бооёогийндоо  орж, хөзөр тоглодог байлаа, хүүхдүүд голцуу хамтрагчтай. Биднийг хүүхэд гэж гололгүй тоглодог байв. Хөзрөө нугалж болохгүй, булхайцаж болохгүй гээд л ёс зүйтэй, өндөр шаардлага тавьдаг. Энэ бүхнээрээ биднийг сургаж, хүмүүжүүлдэг байж. Тоглож дууссаны дараа бидэнд илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг аяга тараг өгнө. Хүүхэд болсон хойно таргандаа чихэр хийж амталж идэх гэхээр “Илүү юм илүү” гэж хэлдэг байсан. Цаана нь тараг үлдэж байгаа ч гэсэн хэнд ч нэмж өгдөггүй байлаа. Харамлаж, нуусандаа биш, зөв хооллолтод сургаж байсан юм байна гэж одоо боддог. Миний хамгийн үзэх дуртай дүр бол “Тунгалаг тамир” киноны Буян чавганц. Тэр дүрээс хэзээ ч уйддаггүй. Бооёо эгч маань ижийтэй минь их адилхан, манай ижий арай намхан. Тухайн дүрийг харах бүртээ Бооёо эгчийгээ, ижийгээ хамт олж хардаг даа. Үнэхээр сайхан байдаг.

-М.Болод гуайн мэргэжлийг өвлөсөн хүн танай удамд хэр олон байна вэ?

-Миний ижий эгчийнхээ заасны дагуу бүх насаараа Монгол кино үйлдвэрт монтажны найруулагч, баримтат киноны найруулагчаар ажилласан. М.Болод эгчийн үргэлжлэл бол миний ижий. Харин би ижийнхээ үргэлжлэл. Би СУИС-ийн РТМУС-ийн Дуун техник, технологийн тэнхимийн эрхлэгчээр 2014 оноос хойш ажиллаж байна. Түүнээс өмнө Монголын Үндэсний Радиогийн дууны найруулагчаар 25 жил ажилласан. Миний төрсөн ахын бага охин сая дууны найруулагч мэргэжлээр суралцаад, энэ онд сургуулиа төгсөж байна. Бидний дөрөв дэх үеийн уран бүтээлч болж байна даа гэж бодож сууна.

-М.Болод найруулагчийн талаар ярьж чадах, түүний тухай мэдэх цөөн хүний нэг нь та. Эгч нь ямар хүн байв. Хувь хүн болоод уран бүтээлчийнх нь хувьд тодорхойлж ярьвал?

-М.Болод эгч өндөр биетэй, маш цэмцгэр, хувцсаа цэвэрхэн, нямбай өмсдөг, царайлаг эмэгтэй байлаа. Сайхан дуу хоолойтой, хүн загнадаггүй, олон юм яриад, үглээд яншаад байдаггүй нэгэн. Харин ширүүн харцтай, таалагдахгүй зүйлээ харцаараа л илэрхийлж, удирддаг байсан. Тэдний гэрт очиход маш цэвэрхэн. Эгч маань 1992 онд бурхан болсон. Түүний өмнөхөн тэднийд ээжтэйгээ хамт очиход өндөр настай хэрнээ л гэр нь маш цэвэрхэн хэвээрээ байсан. Зусланд хамт байхад ганцхан тэднийх давхар хаалгатай, хаалгандаа ялаа оруулахгүй гээд мараль хадчихдаг байж билээ. Аяга, таваг, ахуйн  хэрэглэл маш чамин, их гоё. Зочин ирэхэд хоолны иж бүрдэл тавьж, мөнгөн халбага, сэрээ гаргаж, хоол, унд өгдөг. Өөрсдийнхөө иддэг аяганд хийж өгдөггүй. Хүүхэд намайг хүртэл хүндэлж давхар тавганд хоол өгдөг байсан. Тийм тавганд хоол өгдөг айл тун ховор байлаа. Одоо бодоход элит айл байсан юм даг уу даа. Хүнийг хүндэлдэг, зарчимч хүн байсан. Ижий минь ажил, амьдралын зөвлөгөө авах гэж эгчийндээ байнга л очдог байсан санагддаг юм. Тэр хүний хэлсэн ярьсан сургаал, зөвлөгөөг бидэнд бас зааж өгдөг байлаа. Юмыг жижиг гэж тоохгүй орхино гэж үгүй, түүнийгээ өтөл болтлоо хэрэгжүүлсэн. Сайхан хийцтэй, ганган дээл өмсдөг хүн байсан. М.Болод эгч 82 насалсан. Өөртөө арчаатай байсан учир өндөр насалж байгаа юм шүү дээ. Монголын дэлгэцийн анхны бүх уран бүтээлд зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан хүн. Уран бүтээлч хүнийхээ хувьд “тамгалагдсан” хүн байсан юм. Монгол киног хөл дээр нь босгоход оролцсон тулгын чулуунуудын нэг. М.Болод эгч 1970 оноос хойш уран бүтээл хийгээгүй. Харин түүнээс өмнөх монгол кинонд тасралтгүй ажилласан. Эмэгтэй хүн кино урлагт зүтгэж болно гэдгийг харуулсан, ойлгуулсан үлгэр жишээч нэгэн.

-М.Болод эгч тань ганц өргөмөл охинтой байсан гэсэн. Эгчийнх нь хувийн амьдрал ямар байсан бэ?

-Миний эгч гэр бүлгүй байсан. Би ижийнхээ ярианаас “М.Болод эгчийн нөхөр 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед баривчлагдаад явсан, бас  тухайн үеийнхээ элит нэгэн байсан. Нөхөр нь амьд, сэрүүн нь мэдэгдэхгүй сураггүй болсон. Нөхрийгөө хүлээсээр өөр хүнтэй ханилан суугаагүй, үр хүүхэд гаргаагүй. Амьдралаа киноны төлөө зориулсан нэгэн” гэж сонссон. Эгч маань нэг охин өргөж авсан. Түүнийг Оюун гэдэг. Хөдөө киноны зураг авалтад явж байгаад, замын цайны газар ортол гурван настай охин аав, ээжгүй бөөсөндөө баригдсан, өлсөж цангасан байхаар нь  охиныг хооллож, ундлахад нь өөрөөс нь салаагүй юм гэнэ лээ. Тэгээд ажлаа дуусгаад хотод ирэхдээ охиныг авчирч, үрчлэн авсан юм гэж ярьдаг байлаа.

-Эрхэм алдартай хүний  үр хүүхэд, төрөл садан байна гэдэг өндөр хувь заяа. Энэ тухай танд чухам юу бодогддог вэ?

-М.Болод эгч болон миний аав, ээж түмний сэтгэлд хоногшсон уран бүтээл хийсэн гавьяатай хүмүүс. Тэдний үр удам байна гэдэг их л хариуцлагатай байх ёстой юм байна. Залуу байхдаа энэ талаар боддоггүй байж. Нас ахихаараа ирээдүйгээ, ижий аавынхаа залгамж халааг үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн бодож эхэлдэг юм байна. 50 нас хүрч байж л үүнийг ойлгож эхэлсэн. Ижий, аавын нэр гарах тусам хариуцлагатай хандаж, хүмүүсийн хийсэн судалгааг харах, олонд түгээх бодол, сэтгэлд төрдөг юм байна. Аав, ижий, М.Болод эгчийнхээ залгамж болж байгаа хүнийхээ хувьд хэнэггүй явж байсандаа санаа зовж явдаг даа.

-М.Болод эгчийнхээ дурсгалыг хүндэтгэсэн, Монголын ард түмэнд дахин таниулсан ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-М.Болод эгчийнхээ хийсэн бүтээсэн ажлыг судалгааны эргэлтэд оруулахын тулд магистр, бакалаврын түвшинд оюутнуудаар судалгаа хийлгэж, эрдэм шинжилгээний хуралд оролцуулах нь зүйтэй юм гэж бодох болсон. М.Болод эгчийнхээ бүтээлийг судалж нэгтгэсэн судалгаа гаргах цаг нь аль эрт болжээ гэдгийг улам бүр л ойлгож байна. Хувь хүнийг нь судлахаас гадна уран бүтээл, найруулах урлагийн онцлог зэргийг судалж, судалгааны ажил хийнэ гэж бодож байна. Зөвхөн М.Болод эгчийнхээ ажил амьдралыг судлаад зогсохгүй удам, угсаагаа дэлгэрүүлж судлахаар эхэлж л байна.


Г.БОЛОР: Нагац эгч минь "Тунгалаг тамир" киноны Буян чавганцын дүрээр ард түмэндээ мөнхөрсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-11 20:40:04
    ИРГЭН: ОХИН ОЮУН НЬ 2-Р СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БАЙСАН УУ У.ОЮУН ГЭЭД НЭГ ОХИН БАЙДАГ БАЙСАН БОЛД ГУАЙН ОХИН Л ГЭДЭГСЭН 50 ИАД ОН СҮҮЛЧЭЭР ШҮҮ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188