• Өнөөдөр 2024-05-01

БООХОЙ ДАНЗАНГИЙН АЧ ХҮҮ Д.БАЯРСАЙХАН: "ДАНЗАНГИЙН ТҮЛХЭХ МЭХЭНД ОРОО НЬ ОРСОН БУУР Ч ХЭМХ СӨХӨРЧ ОЙЧНО” ГЭЖ БӨХЧҮҮД ЯРЬДАГ БАЙЛАА

2022-08-27,   1830

             Түшээт Хан аймгийн Эрдэнэвангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Д.Данзангийн тухай түүх, домгийг түүний ач хүү Д.Баярсайхан хуучлан дэлгэлээ. Халхын домогт арслан Боохой хэмээх Дамдинсүрэнгийн Данзан, хоёр засаг төрийн нүүр үзэхдээ, Богд хаант засгийн Даншигийн заан, Ардын хувьсгалын үед Улсын арслан хэмээх цол хүртэж байжээ. Тэрбээр Сэлэнгэ аймгаас төрөн гарсан анхны Улсын арслан цолтон юм. Түүний талаар яах аргагүй хамгийн сайн мэдэх хүн бол өдгөө 70 гаруй насыг наслаж яваа, түүний ач хүү Д.Баярсайхан билээ. 

ӨВӨӨ ТУГ ТОЙРООД ДЭВЭХЭД АСРЫН ДЭЭГҮҮР ГАР НЬ ИЛ ГАРЧ ХАРАГДДАГ БАЙСАН ГЭНЭ ЛЭЭ

-Сайхан зусаж байна уу. Таныг домогт арслангийн ач хүү гэдгийг нь хүмүүс төдийлэн мэддэггүй байх. Өөрийгөө танилцуулахгүй юу? 

              -Сайхан зусаж байна. Намайг Дондогийн Баярсайхан гэдэг. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Дамдинсүрэнгийн Данзангийн ач хүү. Сэлэнгэ аймгийн Гаалийн ерөнхий газарт олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад удаагүй байна. Монгол Улсаас Чехословак Улсад олон Улсын гаалийн мэргэжилтнээр суралцсан анхны 10 хүний нэг нь би юм. Боохой Данзангийн ач хүү гэдгээр нь ойр дотны хүмүүс л мэддэг. 

-Таны өвөө Үндэсний бөхийн цуутай арслан байсныг бөх сонирхогчид сайн мэднэ. Өвөөгийнхөө талаар дэлгэрэнгүй түүх хуваалцвал? 

                 -Миний өвөө Д.Данзан нь 1895 онд Түшээт Хан аймгийн Эрдэнэвангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Хуурч” гэдэг газар төрсөн. Бага байхдаа Эрдэнэвангийн хошууны нэгэн хийдэд шавилан суудаг банди хүн байсан юм билээ. Энэ үеэс л хийдийнхээ банди нартай барилдан дэггүйтэж, бөхийн ертөнцөд хөл тавьсан юм байна лээ. Хошуу ноён тухайн үед өвөөг минь “Цаашид сайн бөх болох шинжтэй юм байна” гэж мэдээд Сэцэн Хан аймгийн Говь мэргэнвангийн хошууны нэр дээр барилдуулахаар явуулсан гэдэг. Ингээд өвөө маань 18 настайдаа Говь мэргэнвангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Мандах сумын нутагт очсон юм. Тэр цагаас хойш хошуу ноёдын наадамд олонтаа барилдан түрүүлж, алдар нэр нь цуурайтаж эхэлсэн байдаг. 

-Хошуу ноён өөрийн нутгаас сайн бөхөө бусдын нутагт илгээсэнд учир бий л болов уу. Та үүний талаар сийрүүлэх үү? 

                -Халхын сайн бөхчүүд баруун, төв болон хоймор нутгаас л төрөн гардаг байсан учир "Говь нутгийн нэрийг гаргах сайн бөх болог" гээд хошуу ноён өвөөг минь илгээсэн юм билээ. Түүний дараа өвөө долоон хошууны даншиг наадамд барилдаад, даншигийн заан цол хүртэж, Ардын хувьсгалын дараа 1923 онд Улсын начин, 1933 онд Улсын арслан цол хүртсэн байдаг. Улсын баяр наадамд найман удаа тав давж, дөрвөн удаа зургаа давж, хоёр удаа долоо давж, нэг удаа ес даван арслан цол хүртэж байж. Тэр байтугай 1956 онд 61 насандаа Улсын наадамд тав давж, түүх бүтээсэн. 61 настайдаа тав давсан бөх ховорхон л болов уу. “Өвөө нь хоёр метр гаруй өндөртэй, бяр тэнхээ ихтэй, төрөлхийн бөх хүний шинжтэй байсан даа” гээд л аав минь ярьдаг байлаа даа. 

-Боохой Данзан арслан бөх барилдахаас гадна хурдан бор морьтой байсан гэж сонссон. Чамгүй уяач эрдэмтэй хүн байсан уу? 

                 -Миний өвөө бөх барилдахаас гадна морь сайн уядаг, мэргэн харвадаг байсан. 1933 оны төрийн их баяр наадмыг Ардын хувьсгалын 12 жилийн ой жарны нэгэн мөчлөг хэмээн үзэж, өргөн наадам хийн 880 бөх барилдуулсан. Д.Данзан өвөө ес даван үзүүр булааж, улсын арслан цол хүртсэн. Түүний хойтон 1934 оны их баяр наадамд хурдан бор морио уяж ирэн уралдуулж, аман хүзүүнд хурдлуулан гайхамшигт амжилт гаргасан байдаг. Дараа нь улсын мэргэн харваач цол хүртсэн. Эрийн гурван наадамд бүх төрлөөр алдар цолонд хүрсэн юм байна лээ. Түүгээр ч барахгүй ард түмэн  

Хан богд Хатан туулын эрэгт 

Асар майхан алаглаж 

Боохой Данзан үзүүрлэж 

Бор морь нь аман хүзүүдэв...  хэмээн цуурхсан гэдэг.  

 

ГАЛЗУУ ЧОНЫГ НҮЦГЭН ГАРААРАА ГАЗАР САВЖ АЛСАН ЦАГААС НЬ ХОЙШ БООХОЙ ХЭМЭЭН ХОЧЛОХ БОЛСОН

-Эртнээс олон хүн Боохой гэх хочоор нь андахгүй таньсаар ирсэн. Яагаад энэ нэрээр хочлох болсон талаар ярихгүй юу? 

                 -Боохой хэмээн хочлох болсон хоёр шалтгаан байдаг. Жишээ нь, хийдэд шавилж суухдаа үеийн залуусдаа өвдөг шороодож үзээгүй, дийлдэшгүй хүчтэй байсан болохоор нь Боохой гэлцэх болсон гэх. Мөн Цагааннуур сумын Бүрэг Ханы өвөрт морио хөтлөөд зогсож байхад нь гэнэт араас нь азарган чоно дайрч, дээлний ар хэсгийг юу юугүй зуучихсан гэдэг. Тэгэхэд нь өвөө эргэж хараад, нүцгэн гараараа хоёр чихнээс нь атгаж аваад газарт хэдэнтээ дэлсэж, амь гарсан юм билээ. Санаандгүй авласан чоноо ганзагалаад хот айлд ундлахаар буутал гэрийн эзний санааг чилээж, хоттой хониноос нь хороогоод байсан галзуу чоныг авлачихсан байсан гэдэг. Тэр цагаас хойш л Боохой хэмээсэн юм билээ.

-Бөх хүнд дархан мэх яалт ч үгүй байдаг шүү дээ. Данзан арслангийн дархан мэх юу байв? 

                 -Өвөө минь хавсрах болон түлхэх мэхийг дархан хийдэг байсан гэдэг. Өрсөлдөгч бөхөө гурван хурууныхаа үзүүрээр түлхчихээд л эргэж хараад дэвчихдэг. Тийм хүч тэнхээтэй хүн байсан гэнэ лээ. Дан ганц барилдааныг нь бус туг тойроод дэвэх агшинг үзэх гэж наадамчин олон хуйлардаг байсан гэлцдэг. Учир нь, дэвж байхад нь асрын дээгүүр гарых нь үзүүр харагддаг, уран сайхан дэвээ, шаваатай хүн гэж нутгийнхан бахаддаг байлаа. Өвөөтэй минь нэг дэвжээнд гарсан бөхчүүд  “Боохой Данзангийн түлхээнд орсон буур ч хэмх сөхөрч ойчно”, “ Боохой Данзангийн түлхээнд орвол өнгөрөх нь тэр” гэлцдэг байсан гэдэг. Даанч ойгүй бяртай хүн байж дээ. 

-Өөрийн түүхийг бүтээчихээд, зодог шуудгаа дараагийн халаа болох хүндээ өвлүүлдэг ёстой гэдэг. Д.Данзан арслан ид барилдааныхаа үед өөрийн гараар сургасан шавьтай юу? 

                 -Алдарт Түвдэндорж аваргыг 18 настай байхад нь өвөө танилцаж, "Чи бөхөөр хичээллэвэл амжилт олох юм байна" гээд анхных нь бэлтгэлийг хийлгэж байсан юм. Аварга цолонд хүрэхийг нь мэдсэн юм шиг өөрийн зодог, шуудгийг гардуулж өгсөн цагаас хойш Түвдэндорж аварга бөхийн спортод хөл тавьсан юм билээ. Хожмоо Түвдэндорж аваргыг наадамд амлаж авахдаа соёо сахлаа нэг илбээд “Түвдэн хүүг надтай биччих, хийтэй бол хий нь арилаг. Бяртай бол намайг хаяад заан болог. Миний мэтийхэн нь бүү хэл бяр, мэх нь биедээ багтахгүй аахилж яваа Дорлиг заан бараагүйг бодоход нэг шинэ заан төрж дээ, төрж.. хэмээгээд өрж гарсан гэдэг. Тэр үед наадамчид “Эгзэгийг нь олоод түлхэхэд даваа нь Данзангийнх болж магадгүй” гэхэд тун баралгүй ойччихсон Д.Данзан арслан малгайгаа гартаа хумиж базаад 

“Данзан учирсан бөхөө газардуулж салдаг сан, гэтэл энэ хүүг яагаад ч дийлсэнгүй, би ер нь харих дөхөж дээ” хэмээн Түвдэндоржийг “Арслан болсон байхад аварга нь ойрхон доо” гээд сахалтай хошуугаа шөвийлгэн үнссэн гэдэг. 

Тэр нэг жил манай гэрт ирээд аавтай минь өвөөгийн тухай их удаан ярьсан. Би бага байсан болохоор дурсаж суусан ярианаас нь тод санадаггүй ч гэлээ “Миний бөх болох замыг анхлан тавьсан их арслан даа” гэх цухас яриаг нь одоо болтол мартаагүй. 

-Нэгэн үед түүх бүтээлцэж өвөөтэй нь хүч, бяраа үзсэн бөхчүүд танайхаар орж гарч байв уу? 

                  -1933 оны Ардын хувьсгалын 12 жилийн барилдаанд Завхан аймгийн урт гарт Лхагва хэмээх бөх түрүүлж, өвөө минь үзүүрлэсэн. Хожим 1960 оны дунд үеэр би гэртээ байж байтал аавтай цуг нэг их өндөр, том толгойтой, урт гартай өвгөн манай гэрт ирсэн юм. Аавтай минь цуг өвөөгийн тухай хуучилж манайд нэг өнжөөд, маргааш нь буцсан даа. Тэр хэлэхдээ “Боохойгийн хавсрах мэхнээс ямар ч том цолтой бөх эмээдэг. 

Хавсрах мэхэнд нь орсон бөхийн өлмий доорх цахилдаг өвс үндэстэйгээ сугарч гардаг. Тэгтлээ хүчтэй хавсардаг хүн дээ” 

хэмээн бахдаж суухыг нь сонссон. Энэ мэт дархан мэхээрээ олон түмэндээ хүндлэгдэж, өрсөлдөгч бөхөө эмээлгэж явсан даа. 

Д.ДАНЗАН АРСЛАНГИЙН ЗАСУУЛ “ЛУУ ГҮНИЙХЭН ВАНДАН АВАРГЫГАА ДЭВЖЭЭНЭЭС НЬ УХАЖ АВААРАЙ” ХЭМЭЭСЭН ШАЛТГААН НЬ...

-Д.Данзан арслан зан араншин, бөхийн жудаг дээр ямархуу хүн байсан бэ?  

            -Тэр нэг жил Луу гүний Вандан аварга жин тээж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ирээд, эл зуны хошуу наадамд зодоглосон юм. Нутаг усныхан, өөрийн хошуу наадмын түрүүг Боохой Данзан л авч таарна гэж бодсон байх. Гэтэл Луу гүний Вандан аварга өвөөг минь давчихаад “Танай нутагт чинь олигтой бөх байдаггүй юм байна” гэж ам гараад буцсан аж. Түүнийг нь сонссон хошууны ноён болон нутгийн ард, бөхийн засуулууд ихэд дургүйцэж үлдсэн гэдэг. Дараа жил нь хошууны ноён Боохой Данзанг засуултай нь цуг "Луу гүний наадамд барилдаад ир" гээд явуулжээ. Ингээд Луу гүний наадмын үзүүр түрүүнд Д.Данзан, Вандан аварга хоёр таарч барилдаад Боохой арслан Вандан аваргыг эгц дээр өргөн гаргаж ирээд, газарт унагаж давсан юм билээ. Тэгээд хошуу ноён, ард олныхоо захиасыг дааж, өвөө минь түрүүлсэн. Харин өвөөг даваад туг тойрч байхад түүний засуул “Луу гүнийхэн Вандан аваргаа дэвжээнээс нь ухаж аваарай” гэж хорсолтой гэгч нь хэлээд дүргүйцэл, зэвүүцлийг нь хүргээд амжжээ. Харин өвөө туг тойрч ирээд өөрийнхөө засуулыг зэмлэж, ийн хэлсэнд нь дургүйцэж байсан гэдэг. Тийм л жудагтай, шударга эр хүн байж дээ. 

-Аавын тань өөрт чинь ярьсан дурсамжуудаас гадна ард түмэн дунд түгсэн цуу ярианаас дэлгээч? 

             -Аймгийнхаа даргатай Улсын наадамд барилдах гээд тухайн үеийн дарга нарын унадаг жижиг хар машинтай явж байтал шаварт суучихсан аж. Тэгэхээр нь сууж явсан хүмүүсийн дээлийнх нь бүсийг холбож уяад өвөө маань нэг км газар машинтай нь чирж шавраас татаж гаргасан юм гэдэг. Өвөө маань бор дарсанд дуртай хүн болохоор дарга нар нь байсхийгээд бор дарс амсуулаад байсан гэдэг. Ингэж хүч бяр нь багтаж ядаж байсан үе бий. Өвөө минь олон түмэндээ домог мэт л яригддаг хүн дээ. Сэлэнгийн “Боохой” гэхээр л хүмүүс андахгүй. 

-Үр хүүхдүүдээс нь үндэсний бөхөөр хичээллэх сонирхолтой, цаашид өвөөгийнхөө алдар цолонд хүрэх хүсэлтэй хүн байгаа юу? 

                 -Үр хүүхдээс нь үндэсний бөхөөр хичээллэж, цолонд хүрсэн хүн одоохондоо байхгүй ч гэлээ миний зээ хоёр хүү жүдо бөхөөр өөрсдийн сонирхолд хөтлөгдөн хичээллэж эхлээд байгаа. Бид хүүхдээ заавал бөх бол гэж шаардах биш, өөрсдийнх нь сонирхлоор л чиглүүлж байна. Өвөөгийнх нь удам шингэсэн юм болохоор ихэнх хүүхдүүд нь өндөр, том биетэй. Би гурван хүүтэй. Тэд бүгдээрээ Америкад ажиллаж, амьдарч байгаа. Том хүүгийн минь хүүхэд амьдарч байгаа мужийнхаа Америк хөлбөмбөгийн аварга болсон байна лээ. Америк хөлбөмбөгийн спорт нь хурд, биеийн хүч тэнхээ шаардагддаг. Өвөөгөө дуурайж том биетэй, бяр тэнхээ ихтэй болохоор энэ төрлийн спортод амжилт гаргахад нь нөлөөлсөн байх.

-Ардын хувьсгалын үед ч таны өвөө төрсөн нутагтаа л аж төрөн амьдарч байв уу?                                                                                                                                                -Тийм ээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум байгуулагдахад анхны Засаг даргаар нь ажиллаж байсан юм билээ. Төрийн албыг олон жил хашсан хүн дээ. Одоо ч түүний үр хүүхдээс Цагааннуур сумын ИТХ-ын даргаар ажиллаж байгаа хүн бий. Өвөөгөөс минь хойш өөрийн нутгаас нь 89 жилийн дараа Б.Орхонбаяр хүү арслан цол хүртлээ. Энэ ч утгаараа сэтгэл хөдөлгөсөн сайхан наадам болж өндөрлөсөн. Б.Орхонбаярын нэрийг дагаад төрсөн нутаг төдийгүй Боохой Данзан арслангийн нар алдар олон түмэнд илүү их хүрлээ. Яах аргагүй Цагааннуур сумаас алдарт арслангууд төрлөө шүү дээ. 2004 онд Боохой Данзан арслангийн мэндэлсний 110 жилийн ойн хүчит 128 бөхийн барилдаан зохиогдсон. Бөхийн барилдаанд тухайн үеийн Улсын гарьд Д.Сумъяабазар түрүүлж, улсын аварга А.Сүхбат үзүүрлэсэн сайхан барилдаан болсон доо. 

-Цаашид, ирээдүй хойчийн шинэ залуу бөхчүүдэд өвөө тань байсан бол юу гэж захих байсан бол ?

             -Үндэснийхээ спортыг нэр цэвэр, ёс жудагтай авч явах нь л чухал юм даа. Өвгөд, ахмадынхаа үг сургаалийг сонсож суухад их зүйлийг ойлгож ухаарна. Үндэсний бөх гэдэг бол ухааны уралдаан юм шүү. 

Цахилдаг өвсний үндэс сугартал хавсардаг байсан гэх XX зууны агуу хүчит арслангийн олон домог, хууч яриа хойчид мартагдашгүй түүх болон үлдэх аж. Бага байхаас өвөөгийнхөө алхах, гишгэх бүрийг ааваасаа үлгэр, домог мэт сонсож өссөн 70 гаруй настай ач хүүд нь  энэ бүхэн өв сан болон үлджээ. Түүнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

 

 

 

БООХОЙ ДАНЗАНГИЙН АЧ ХҮҮ Д.БАЯРСАЙХАН: "ДАНЗАНГИЙН ТҮЛХЭХ МЭХЭНД ОРОО НЬ ОРСОН БУУР Ч ХЭМХ СӨХӨРЧ ОЙЧНО” ГЭЖ БӨХЧҮҮД ЯРЬДАГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188