• Өнөөдөр 2024-05-04

УЯСАН МОРИО ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮЛГЭЖ, АЙРАГДУУЛСАН Д.ХОРЛООДОЙ ХЭМЭЭХ ЭМЭГТЭЙН ГАЙХАМШИГТ ТҮҮХ

2023-07-15,   7298

                  Түүний уясан хүрэн халзан үрээ, хар морьд Д.Даваахүү, Д.Онон тэргүүт нэр алдарт уяачдын морьдыг дийлж уралддаг байжээ.

      Гурав хоног тасралтгүй шивэрсэн зөөлөн бороотой 1987 оны зун. Буянт Ухаагийн буурал дэнжид уяачид хаяа залган буужээ. Улсын тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон нар хэдийнэ айлсчихсан, нэгнийхээ уясан хурдан хүлгийг сонжин байх цаг дор Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагаас нэгэн эмэгтэй уяач эвлэгхэн уяатай хүрэн халзан үрээтэй иржээ. Яармагийн дэнжид хурдан мориныхоо тоосыг үзэхээр ирсэн газар газрын уяачдын дунд “Баруунхараагаас нэг хүүхэн ирсэн гэнэ. Хүрэн халзан үрээнийхээ уяа сойлгыг өөрөө тааруулсан гэнэ. Бидэнтэй эн зэрэгцэн морь уралдуулах юм гэнэ. Амьд явахад их юм үзэх нь байна шүү. Бүсгүй хүн хусуур бүсэлж, морь уядаг болсон гэнэ. Эмэгтэй хүн байж хурдан морь уяжээ” хэмээх ёжилсон яриа ёстой л хуурай өвсөнд тавьсан гал шиг “тархжээ”. Бүр сүүлдээ уяачдад ад үзэгдэж эхлэх нь тэр. Тэр зоригт эмэгтэйг Д.Хорлоодой гэх бөгөөд 10 хүүхдийн ээж юм. Тэжээлийн үйлдвэрт 20 гаруй жил ажилласан жирийн нэг ажилчин эмэгтэй. Харин 54 настай анх хурдан морины уяа сойлго таруулж буй нь энэ. Эмэгтэй хүн хусуур бүсэлж, хурдан морины уяа сойлго тааруулна гэдэг тухайн нийгэмд хүний санаанд багтамгүй үйл явдал байлаа. Бүр уясан морь нь Монголын нэр алдарт уяачдын морьдыг төрийн наадмын дэвжээн дээр тоосондоо булж уралдан тод магнай болж, торгон жолоо өргүүлнэ гэдэг санаанд багтамгүй гайхамшиг байлаа. Ийм нэгэн содон түүхийг түүхийг уншигч таны өмнө дэлгэж байна.

БҮСГҮЙ УЯАЧ ХҮРЭН ХАЛЗАН ХОЁРЫН ТҮҮХ

      Гурилын үйлдвэрийн жирийн нэг ажилчин эмэгтэй тэтгэвэртээ гарч, Хараа голын хөвөөнд гэрээ барин буужээ. Сургуулийн амралт болж, Д.Хорлоодойн хүүхдүүд гэртээ ирж, халуун ам бүлээрээ цуглав. Хүн бүлтэй болсон тул Д.Хорлоодой өөрийн бодож, мөрөөдөж явдаг зүйлээ эхлүүлэхээр шийдлээ. Энэ нь хурдан морь уях. Тогтуун салхитай наран гийсэн бар өдөр Д.Хорлоодой морьдоо барилаа. Үүнийг харсан нутгийнхан нь эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, “Эмэгтэй хүн морь уяна гэнэ” хэмээн доогтойхон ярьцгааж байлаа. Нутгийн уяачид Д.Хорлоодойн уяан дээр ирээд “Энэ хүрэн халзан хязаалан мөн ч сайхан харагдаж байна. Хийморьтойхон эр уявал төрийн наадамд айрагдахыг үгүй гэх газаргүй юм даа” хэмээн шивнэхийг тэр сонсоод амжжээ. Тэгээд л “Үнэнхүү хурдан морийг хэн уях нь ямар хамаатай юм. Хурдлах ёстой бол хурдалж л таараа” хэмээн сэтгэж, төрийн наадамд хүрэн халзан хязаалангаа уралдуулах шийдвэр гаргажээ. Гурав хоног тасралтгүй орсон борооны дараа халуун наран төөнөж, байгаль дэлхий дэлэгнээд зуны налгар өдрүүд эхлэн буй. Д.Хорлоодой үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл хурдан хүлгүүдийнхээ уяа сойлгыг тааруулж, өдөр ирэх бүр хөл нь хөнгөрч, ир орж буй морьдоо хараад сэтгэл баясан байлаа. Ээжийнхээ морь уях ажилд хүү С.Мягмардорж нь хоёргүй сэтгэлээр тусалж, наадмын өдрүүд ойртох тусам тэд Хараа голын хөвөөнд догдлонхон сууна. Ээжийгээ айлын ганц охин, багаасаа л эмнэг адуу өдөрт хэд хэдээр нь сургадаг байсныг хүү нь юу эс андах билээ. Төрийн наадам эхлэхээс 15 хоногийн өмнө Д.Хорлоодо хурдан хүлгээ сонжин суув. Улааран жаргах наран уулын цаагуур бууж, уяа морьд үүрсэж, голын ус хоржигнон урсах цагаар анх удаа хурдан хүлэг сойж буй тэрээр төрийн наадамд хүрэн халзан хязаалгангаа уралдуулах тухайгаа нутгийн туршлагатай уяачид хэлтэл “Төрийн наадмын дэвжээ хатуу, тэр дундаа эмэгтэй хүний чадах ажил биш. Чиний сойж буй морьд төрийн бүү хэл сумын наадамд ч айрагдахгүй. Харин хонинд унахад л хөл хөнгөн, биед амар биз. Үгүй ядаж зүүн аймгаас хурдан хүлэг авчраад сойж буй бол яах вэ гэх сэн. Чиний төрийн наадамд явна гэдэг үлгэрийн далай. Мөрөөрөө сумын наадамд орж үзвэл үзэх юм. Бараг хэрэггүй биз дээ” гэжээ. Тухайн үед эмэгтэй хүн морь уях байтугай морины уяан дээр ч очиж болохгүй гэдэг бичигдээгүй хууль хатуу үйлчилдэг байсан цаг.

      Тиймээс л түүнийг морь уяхад хүүгээс нь бусад эсэргүүцэж байсан биз. Хэн юу гэхийг үл тоон Д.Хорлоодой хүрэн халзныгаа хөтөлж, дөрвөн ханатай жижиг гэр морин тэрэг дээр ачаад Түргэний гол руу ургах нарнаар хөдөлжээ. Хүү С.Мягмардорж ээжийнхээ араас цай, сүүнийхээ дээжийг өргөөд, үлдсэн хурдан хүлгээ сумын наадамд уралдуулахаар үлдэв. А яны урт замд хүрэн халзандаа уяа сойлгын ажил хийж, аажуу тайван явсаар долоо хоногийн дараа зорьсон газраа ирж, Д.Даваахүү, Д.Онон нартай хаяа зэрэгцэн буужээ. Уяа дүүрэн морьтой дэнжид Д.Хорлоодой тэрэгнээс уясан ганц үрээгээ төрийн наадамд сойж буй. Үүнийг харсан уяачдын олонх доогтойхон инээж, өөр хоорондоо амны зугаа болгон ярьж байв. Сэвшээ салхи үлээж, халуун наран төөнөх дэнжид гийнгоон түрлэг дуу хадаан цуурайлна. Энэ үед хүрэн халзангийн хоёр чих сортолзож, урд хоёр хөлөөрөө газар цавчлан зогсдог аж. Үүнийг нь харах бүрийдээ уяач эмэгтэй “Миний үрээ төрийн наадамд айрагдана” хэмээн ерөөл тавин байлаа. Энэ нь магад зөн совин биз ээ. Түүнийг Буянт Ухаагийн буурал дэнжид ирснээс хойш хоёр хоногийн дараа их сунгаан болов. Сунгаанд ирсэн морьдыг хараад Д.Хорлоодой “Би юу хийх нь энэ вэ. Нутгийн олны хэлсэн үг үнэн байж” хэмээн дотроо айж, бэргэж эхэлжээ. Учир нь, хүрэн халзантай уралдах хязаалан насны морьд мөч урт өндөр, толгой дээгүүр дэнхийсэн хүлгүүд байж. Тиймээс үрээгээ уралдуулж, түмний шившиг болсноос чимээгүйхэн явъя гэж бодоод хүрэн халзангаа хөтлөн явах гэтэл гийнгоон түрлэг сонссон хүрэн халзан цулбуураа дугтраад явж өгөхгүй байв. Арга буюу Д.Хорлоодой хурдан хүлгээ эмээллэж, унаач хүүхдээ мордуулан явууллаа. Хүрэн халзандаа найдлага тавьж нутгаасаа гарсан уяач эмэгтэйн найдлага тасарч, сунгаанд өөрийнхөө үрээг сүүл мушгина гэдэгт итгэлтэй байв. Хөндий дүүрэн тоос манарч, уяач бүхэн дуран сунган суулаа. Итгэл муутайхан ч гэсэн Д.Хорлоодой бусдын адил дуран сунгав. Цээжний морьд дээр түүний үрээ байдаггүй. Их тоос манарч Буянт Ухаагийн буурал дэнж рүү дөхсөөр. Итгэл найдвар нь тасарсан эмэгтэй газар ширтэн суутал Д.Даваахүү уяачийн туслах “Хөөе, эмэгтэй танай тэрэгний хүрэн халзан чинь зургаа дээр ороод ирлээ” хэмээжээ. Үүнийг сонссон Д.Хорлоодой итгэж ядан дуран сунгавал тоосны үзүүрт хүрэн халзан нь давхиж явав. Шар цамц өмсөж, цэнхэр нөмрөг зүүсэн унаач хүү ташуур эргүүлэх бүрийд хүрэн халзан хурдаа нэмэн буй. Их сунгаанд эмэгтэй уяач анх удаа хурдан үрээгээ дөрөвт давхиулсан тохиол болов. Амтай бүхэн л хүрэн халзангийн тухай ярьж, Д.Хорлоодой гуайг сайшаан байлаа. Итгэл найдвар нь оргүй хоосон байгаагүйг ойлгосон тэрээр төрийн наадмыг хуруу даран хүлээсээр... Т өрийн наадмын өмнөх орой. Тэргэл саран тэнгэрт дүүрэн мэлтийж, уяач бүхэн морьдынхоо идшийг тааруулан байх авай. Хурдан хүлгүүд өвс ширлэж, уяачид догдлон нойргүй хонодог шөнө. Нам гүмхэн яг л цаг хугацаа зогссон мэт уртын урт шөнө. Исгэрэх салхи, хүнгэнэх уулс, царцаан царгиан, өвс найгахаас өөр чимээ аниргүй шөнө.

       Д.Хорлоодой гуай бусдын адил хүрэн халзангаа идээшлүүлж алхана. Морь эзэн хоёр биесээ ойлгож, мэдэрч, догдолдог шөнө дуусаж, наран мандаж тэнгэрт хөөрлөө. 1987 оны наадам дуу хууртай эхэлж, нутаг нутгийн уяачид Яармагийн дэнжид цуглажээ. Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдлөх цаг нь болжээ. Д.Хорлоодой уяачдын адил хүрэн халзангийнхаа сүүлийг боож зогсоно. Толгой дээр, сэрвээ өндөр морин тойруулгын угшилтай морьд сүр бараатай уяа тойрч, шүдлүүлээд гарааны зурхай руу хөдөллөө. Араас нь Д.Хорлоодой бие жижиг хүрэн халзангаа шүдлүүлээд, бусдаас зайдуу ганцаар явлаа. Нутаг, нутгийн уяачид хурдан морины таамаг гаргаж, наадмын дэнжийг чимнэ. Халуун хуушуур идэж, хурдан хүлгээ хүлээх уяачдын захад Д.Хорлоодой гутлынхаа түрийнээс хусуураа ойр ойрхон суга татан авч буцаан хийж байлаа. Энэ түүний догдлон буйн илрэл биз. Хэсэг хугацааны дараа цагаан хоолойгоор “Хурдан морьд Цагаан хөтөл давлаа” хэмээн зарлажээ. Уяач бүхэн чих тавин сонсоно. Их тоос манарч айргийн таван адуу Яармагийн дэнж рүү орж ирлээ. Д.Хорлоодой дуран сунгаад харвал хүрэн халзан үрээ нь өнгөн дээр салхи зүсэн дүүлж явжээ. Хурдан хүлгүүд барианы зурхайд дөхөх тусам үзэгч түмэн гүүглэж, хүүхдийн гийнгоо хөндий дүүрэн цангинаад эхлэв. Энэхүү наадамд Д.Хорлоодойн хүрэн халзан аман хүзүүдэж, Монголын хурдан морины түүхэнд шинэ хуудас нээсэн нь ийм буюу. Бэрхшээлийг бүсгүй хүний тэвчээр хатуужлаар даван туулж, зорьсондоо хүрсэн энэ эмэгтэй хурдан морь анх уяад л төрийн наадмын аман хүзүү авсан түүх энэ. Хүрэн халзан нь том, бага наадамд олон ч удаа түрүүлж, айрагдсан хурдан хүлэг. Сүхбаатар аймгийн Номгон сумаас гаралтай хүрэн халзан үрээ нь улсын наадамд хязааландаа аман хүзүүдэж, соёолондоо түрүүлж байсныг морь сонирхогчид андахгүй билээ. Улс, аймагт дээгүүр хурдалж, сумын наадамд олон ч удаа түрүүлж айрагдан, бооцоот уралдаанд 10 уралдахдаа 10 түрүүлсэн хурдан халтар морь ч түүгээр овоглодог байв. Д.Хорлоодой гуай 1987 онд морь уяж эхэлсэн бол 1991 онд Монгол Улсын алдарт уяач хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Тухайн үед тэрээр тод манлай уяач Д.Даваахүү, манлай уяач Д.Гарамжав, Д.Түвдэн нартай хамт цолоо гардан авч байв.

Д.ХОРЛООДОЙН ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙ ХАР АЗАРГА

    Нутаг нутгийн уяачид Түргэний гол, Буянт Ухаагийн буурал дэнжид хаяа залган буусан 1991 оны наадам. Наадмын өмнөх их сунгаанд Д.Хорлоодойн хар азарга онцгой сайн давхиж, хол тасархай түрүүлжээ. Тухайн үеийн алдарт уяачид хэдэн жилийн өмнө “Эмэгтэй хүн хусуур бүсэлж, морь уялаа” хэмээн зэмлэж байсан бол энэ мөчөөс Д.Хорлоодойгоор бахархах болжээ. Шингэн дэл, сүүлтэй, цээж том, хөл талбиун хилэн хар азарга уяан дээрээ салхи сөрөн зогсоно. Хязааландаа аман хүзүү, соёолондоо түрүүлсэн хүрэн халзан уяан дээрээ даяанч лам лугаа бясалган зогсоно. Улсын баяр наадмаас хэд хэдэн айраг түрүү авчихсан Д.Хорлоодой хар азаргаа айргийн тав дотор хурдална гэдгийг зөн совингоороо мэдэрч байлаа. Ардчилсан хувьсгалын лоозон барьсан залуус уяа бүрээр орж, ардчиллын тухай уриалж явсан цаг. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл Яармагийн гүүрнээс Түргэний гол хүртэл гийнгоон дуу тасардаггүй байсан мөн ч сайхан үе. Хурдан морины шүншиг шингэсэн энэ л газар Д.Хорлоодой бусдын адил морь уяж, төрийн наадмаа хүндэтгэн оролцохдоо бэлдэнэ. Түүнд Д.Даваахүү, Д.Онон нарын уяач “Энэ жил хар азарга нэг юм дуулгах вий.

    Уяа нь цөмрөх мөн ч дөхсөн байна шүү. Ир, бярыг нь гамнаж, тааруулж уяарай” хэмээн байнга хэлж, сануулж, зөвлөж байжээ. Д.Хорлоодой хар азаргаа ургахын нарнаар тарлаж, үдшийн бүрийд Түргэний голын усаар цээж, хэнхдэгийг шавшдаг байна. Ийнхүү явж байхад нь алдарт уяач Д.Гарамжав таарч хар азарга руу нь нүд салгалгүй шохоорхон харж байсан гэдэг. Хожмоо Д.Гарамжав хар азаргыг таван сая төгрөгөөр худалдан авсан түүхтэй. Зүүн уулсын орой дээгүүр хонин цагаан үүлс нүүгээд, бороо үе үехэн шиврэх 1991 оны наадам. Ургах нартай зэрэгцэн азарга гарааны зурхай руу хөдөллөө. Морин туурай нижигнэх Яармагийн дэнж дээр уяачид тойрон суугаад хуучлан буй. Тэд “Д.Даваахүүгийн цолмон халтар, Д.Гарамжавын өсгийн цагаан хар, Хорлоодойн хар азарганы нэг л торгон жолоо өргөж, магнайдаа тоосгүй ирэх болов уу” гэлцэнэ. Харин Д.Хорлоодой хар азаргаа түрүүлнэ гэдэгт итгэлтэй халуун хуушуур идэж сууна. Баяр наадмын комисс цагаан хоолойгоор “Д.Хорлоодойн хар магнайлж явна” хэмээн зарлалаа. Цугласан олон “Өнөөх эмэгтэй уяачийн хар азарга” хэмээн шуугилдаж, Буянт Ухаагийн дэнжид манарах их тоосыг нүд салгалгүй ширтэнэ. Сунгасан дуран бүрд хар азарга салхи мэт эрчилж, хурд нэмэн харагдана. Хар азарга их тоосыг хөтөлсөөр Яармагийн хөндий рүү орж ирлээ. Нүдэнд нь баярын нулимс цийлэгнэсэн Д.Хорлоодой хэдийнэ бүснээсээ хусуураа сугалаад гүүглэж зогсоно. Хол тасархай түрүүлж ирсэн хар азарганы хөлсөнд наадамчин олон хүрэхээр зүтгэнэ. Олны дунд Д.Хорлоодой хар азарганыхаа хөлсийг хусаж чадахгүй хэсэг сандарч зогсов. Хүн бүхэн түүнд баяр хүргэж, төрийн наадмын түрүү азаргаар бахархан байлаа. Наадамчин олныг цэнгүүлсэн, нутаг усныхнаа бахдуулсан баяр хөөр дүүрэн өдрүүдийг хар азарга Д.Хорлоодой гуай хоёр хэдэнтээ үзсэн гэдэг. Энэ бол амьдралын олон нугачаанд баярлаж, гуниглаж явсан эмэгтэйн түүх. Сэлэнгэ аймгийн Баруунхараагаас төрсөн эр зориг дүүрэн уяач эмэгтэй, эгэлгүй хурдан хүлгүүдийн домог болсон яриа үүгээр дуусахгүй.


УЯСАН МОРИО ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮЛГЭЖ, АЙРАГДУУЛСАН Д.ХОРЛООДОЙ ХЭМЭЭХ ЭМЭГТЭЙН ГАЙХАМШИГТ ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 11:33:27
    Давааням: Халзан үрээ Сүхбаатар аймгийнх ч гэх шиг сайхан залж байна. Юм л бол Даваахүү Онон нарын уяач ч гэх шиг Ононг адуучин байхад энэ хүн төрийн наадамд морь айрагдуулж явсан хүн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-11 22:59:58
    Ulambayar: Sohbaatarin nomgon oor yu genev tsagaan hotoloor davj ireed yarmagiin denj ruu orood l yu blood yavchihavaa uul ni tuuh ni mori uyachin tuuh ni shan ym oyunbaataraar ene hunii hurdan tuuhiin nevteruuleg hiilgeech ter olon shan huuhduud nutag oronih ni sanaachilaad
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-09 22:14:46
    Дуушаа Батжаргал: Хар азаргийг н Гарамжав гуай биш Пунцаг Балжир гуай авсан байхаа 1996 онд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-25 01:06:17
    П.Баасандагва: Миний сайн найзы минь ээж агуй, хөлмөрч дайчин хүн байсан юма С.Мягмардорж бид хоёр 1 ангийн 1 нутгын хараа голд тоглож өсжээ.Хорлоодой гуай адууг таньдаг бас сайхан жороо моринд мөнгө хайрлахгүй өгдөг хүн бсан. Шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 22:23:11
    Гаваа: Тухайн үед цагаан хөтөлд бус айцын даваагаар давж уралддаг байлаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-17 20:10:58
    Туул: Миний хүү хувьтай хүн халтар азрагын унаж байсан.олон наадамд би дагаж явж байлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-11 07:59:31
    Төөгөө.: Мудаг хүний түүхийг бичиж байгаа бол үнэн зөв судалж мэддэг нутгийн ардаас нь асууж байгаад бич.зөндөөн мэддэг нутгийн ард түмэн байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 22:35:25
    В.Болормаа: Нэр шигээ ховорхон нүдтэй гярхай сайхан уяач. Үрс нь удам залгаж сайхан наадуулна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 21:13:54
    Зочин.: Цагаан хөтлөөр даваад Яармагийн дэнжид орж ирдэг бас Сүхбаатар аймгийн Номгон сумын адуу ч гэх шиг толгой эргэчихлээ.галзуу хүний тэмдэглэл юм уу даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 20:12:05
    Орхонтунгалаг: Ач хүү нь бна сайхан буурал эмээ минь бж днн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 16:49:30
    Дамбий Алимаа: Сайхан буурай сайхан буянгуудтай байждээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 13:08:26
    Tsakhiurchuluun: Vnxeer saixan buurai bailaa da.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 11:55:03
    Shinee: Minii Emee mundag xvn shvv.Moiriig sain uyna shvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 11:17:19
    Gerel Gerelt: Baharhahgui bhiin argagui saihan emee mine.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 08:16:44
    үнэнбат: гайхамшигт ээж
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188