• Өнөөдөр 2025-08-06

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ҮҮ

2025-08-06,   166

                 ХҮН намын тулгын чулууг “өрөлцөж”, хоёр ч сонгуулийн нүүр үзсэн Ж.Золжаргал гишүүн инженер гэдгээрээ бусдаасаа ялгардаг. Тэрбээр Хөвсгөл аймгийн харьяат, хөгжмийн зохиолч Ж.Жаргалсайханы дунд хүү, урлагийн гэр бүлээс гаралтай нэгэн. Ж.Золжаргал 2004 онд Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийг төгсөж ирмэгцээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Монголын Алт” ХХК-д инженерээр орж, Судалгаа хөгжлийн төвийн захирлаар нь 12 жил ажилласан. Төрд ажилласан туршлага нимгэн ч төсөл, хөтөлбөрүүдийн зөвлөх, инженерээр дагнасан нэгэн. Улмаар 2015 оноос ХҮН намынхантай нэгдэж, өдгөө УИХ-ын гишүүн болоод байна. 
 
               УИХ-ын гишүүн Ж.Золжаргал жилийн нийт орлогоо 88 сая гэж хөрөнгө орлоготоо мэдүүлжээ. Тэрбээр 855 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууц, хаустай, 42 сая төгрөгийн үнэтэй хоёр машинтай гэжээ. Түүнчлэн 70 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр газартай, дотоодын хадгаламждаа 13 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ. Мөн “Игас”, “Минерал процесс инженеринг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн байна. “Игас” ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, тонох төхөөрөмжийн худалдаа зэргээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ уг компанийн хувь эзэмшлийн бүртгэлээс Ж.Золжаргал нэрээ хасуулж, 2023 онд дүү Ж.Сайнжаргалынхаа нэр дээр шилжүүлсэн байна. Харин “Минерал процесс инженеринг” ХХК-аа 2023 онд буюу сонгуулийн өмнөх жил татан буулгажээ. Өдгөө Ж.Золжаргалын нэр дээр болон эхнэрийнх нь эзэмшилд компани байхгүй. Сонирхуулахад, тэрбээр польш эмэгтэйтэй гэр бүл болсон бөгөөд эхнэр нь уламжлалт анагаах ухааны их эмчээр ажилладаг. 
           Тэгвэл “Инженер, мэргэжлийн, мэдлэгтэй, бэлтгэгдсэн” гэх шошгыг өөртөө бүрдүүлж, иргэдэд танигдсан УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын төрсөн ах Ж.Азжаргал төрийн тендер “тоншдог” гэвэл уншигч итгэх үү. Тодруулбал, З.Золжаргал 2017-2024 онд “Кэй минералс солюшн” ХХК-ийн төслийн инженерээр ажилласан байдаг. Уг компани нь Жаргалсайханы Азжаргал, Ганхуяг Энх-Орчлон нарын эзэмшлийнх гэж бүртгүүлжээ. Ах, дүүсийн гэж болох “Кэй минералс солюшн” ХХК нь 15 тендерийн түүхтэй. Онцолбол, “Эрдэнэс таван толгой”-н Эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах 196 сая төгрөгийн тендерт тус компани шалгарч байжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Золжаргал Төрийн ордны гадаа байхдаа утаа, агаарын бохирдлыг инженерийн түвшинд хамгийн их ярьсан хүн. Гэтэл ахынх нь компани түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш”, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн тендерт толгой дараалан орсоор ирсэн нь ам, ажил хоёр нь зөрөхийн үлгэр биш гэж үү. 
 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188