Хэн хүнд тохиохгүй ховор хувь заяа чухам Б.Пүрэвдоржид тохиосон. Тэр нь Ц.Элбэгдоржийн төрж өссөн суманд дүү нь болж төрсөн явдал. Түүгээр зогсохгүй, Б.Пүрэвдоржийн ээж нь Ц.Элбэгдоржийн монгол хэл, уран зохиолын багш нь байлаа. Мөн Б.Пүрэвдоржийн ээжийнх нь төрсөн дүү буюу нагац ах Б.Эрдэнэбаатар нь Ц.Элбэгдоржтой Зэрэг сумынхаа дотуур байранд хоолоо хуваан хамт амьдарч, хожим Орост сэтгүүлчээр төгсөж ирээд “Улаан-Од” сонинд хамт ажиллаж байв. Тэр бүү хэл, Б.Эрдэнэбаатар 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр Ц.Элбэгдоржийн бат ар тал нь байж, “Ардчилал” сониноор дэмжиж байсан гэж Зэрэгийнхэн бахархан ярьцгаадаг.
Тиймдээ ч Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн байцаагч Б.Пүрэвдорж 2006 онд АН-ын дарга Ц.Элбэгдорж ахынхаа “татаас”-аар АН-д элсэж, ҮБХ-ны гишүүнээр нь сонгогдож байв. Улмаар Б.Пүрэвдорж 2009 онд Ховд аймгийн АН-ын даргаар томилогдож, аймгийн намын даргын хувиар 2012 оны УИХ-ын сонгуульд КЁКҮШЮЗАН Д.Батбаяртай хамт нэр дэвшсэн ч нэг айлын базууд буюу С.Бямбацогт, Д.Батцогт хоёрт өвдөг шороодсон. Гэхдээ Б.Пүрэвдорж хоосон хоцроогүй, сонгуулийн дараа мөн л Ц.Элбэгдоржийн “татаас-аар албан тушаалын “бялуу” хүртэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар томилогдож гурван жил ажилласан. Гэвч 2015 онд хятад иргэдээс их хэмжээний авлига авч, удаан хугацаагаар орших суух виз олгосон, “Баруунмонгол интернэшнл” ХХК-аараа Аймаг хөгжлүүлэх сангаас 350 сая төгрөг авч, тэр мөнгөөрөө хувьдаа “Ланд-200” авч унасан хэргүүдээр АТГ-ынханд дуудагдаж эхэлснээр албан тушаалаа өгсөн. Тухайн үед АТГ-ынханд ачигдах гэж байхад нь Ц.Элбэгдорж ах нь аварсан ч гэдэг. Ингээд Б.Пүрэвдорж албан тушаалаа өгсөн даруйдаа “Ховддоо сайхан амьдарцгаая” сангийн тэргүүн болж “зүсээ хувиргаад” Ховд аймаг руугаа явсан. Улмаар 2016, 2020, 2024 оны УИХ-ын сонгуулиар гурав угсраа сонгогдчихоод сууж буй. Түүний төрд орж ирсэн түүх товчхондоо ийм.
Б.ПҮРЭВДОРЖИЙН МЕНЕЖЕР, ТӨРСӨН ДҮҮ, БАГЫН НАЙЗ ГУРАВ НЬ ХОВДЫН ИТХ-ЫГ АТГАЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тойрог буюу Ховд аймагт 2020-2024 онд МАН засагласан. Харин өнгөрөгч 2024 оны орон нутгийн сонгуулиар АН олонх болж, засаглаж эхэлсэн. Гол нь, Ховд аймгийн ИТХ-ыг АН-аас сонгогдсон Б.Пүрэвдоржийн “цэрэг”-үүд удирдаж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн “Баруун монгол интернэйшнл” ХХК-ийн менежерээр ажиллаж асан З.Эрхбаяр гэж залуу бий. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар З.Эрхбаяр Б.Пүрэвдоржийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, мөн өөрийн “Алтайн мийт” ХХК-аараа Б.Пүрэвдоржийн сонгуулийн санхүүжилтийг босголцож, 30.0 сая төгрөг хандивласан байдаг. Тэгвэл З.Эрхбаяр нь өнгөрөгч 2024 оны орон нутгийн сонгуулиар Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Ховд аймгийн ИТХ-ын даргаар томилогдон ажиллаж буй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн төрсөн дүү Б.Баатарбилэг нь Улсын алдарт цолтой уяач залуу бий. Тэгвэл Б.Баатарбилэг нь өнгөрөгч 2024 оны орон нутгийн сонгуулиар АН-аас Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Ховдоос төрсөн Улсын алдарт цолтой тун цөөхөн уяач байдгийн нэг нь Б.Баатарбилэг учраас Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь түүнийг “тахидаг” гэх. Товчхондоо, Б.Баатарбилэг Улсын алдарт цолтой, УИХ-ын гишүүн ахтай гэдгээрээ ИТХ-ын төлөөлөгчид дундаа “овгор” нь болчихоод буй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн багын найз Б.Бадрах нь өнгөрөгч 2024 оны орон нутгийн сонгуулиар нь АН-аас Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Б.Бадрахын хувьд багын найз Б.Пүрэвдоржийнхоо “буян”-аар тэрбум давсан төсөвтэй хэд хэдэн тендер авсан нэгэн учраас Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид дундаа түрийвчнийхээ зузаанаар толгой цохино. Товчхондоо, Ховд аймгийн ИТХ-ыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн менежер, төрсөн дүү, багын найз гурав нь “базаж” байна.
Б.ПҮРЭВДОРЖИЙН БАГЫН НАЙЗ Б.БАДРАХ НЬ ХОВДЫН ТОМ ТӨСӨВТЭЙ ТЕНДЕРҮҮДИЙГ АВДАГ БОЛЖЭЭ
Дээр цухас дурдсанчлан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн багын найз нь Батхүүгийн Бадрах гэж хүн бий. Б.Пүрэвдорж 2012 оноос төрд даргын алба хашдаг болмогцоо багын найз Б.Бадрахыгаа хувийн жолоочоороо ажиллуулж “өөд татсан” ч гэдэг. Өдгөө Б.Бадрах УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Ховдод ч, хотод ч, хаана ч явсан хажууд нь салахгүй дагаж явдаг. Мөн Б.Бадрах нь 2016 оны УИХ-ын сонгуулиар 3.0 сая төгрөг, 2020 оны УИХ-ын сонгуулиар 20 сая төгрөг гэх мэтээр Б.Пүрэвдоржийн сурталчилгаанд хандив өргөж, штабт нь зүтгэсээр ирсэн.
Тэгвэл Б.Бадрах нь 2017 онд “Саруул цамхаг” ХХК-ийг байгуулж, түүнээс хойш Ховд аймгийн том төсөвтэй тендерүүдийг түүсээр буй. Тухайлбал,
Ховд аймгийн Жаргалант суманд Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж барих 4.7 тэрбум,
Ховд аймгийн Мөнххайрхан суманд 300 хүний суудалтай Спорт, соёлын төвийн заалны барилгын 2.0 тэрбум төгрөгийн ажил,
Ховд аймгийн Жаргалант суманд Хүнс, хөдөө аж ахуйн лабораторийн барилгын 1.9 тэрбум төгрөгийн ажлын тендерүүдийг тус тус авсан байна.
Ийнхүү тендерээр түрийвчээ түнтийлгэсэн Б.Бадрах дээр дурдсанчлан өнгөрсөн онд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Хоржоонтой нь, Ховд аймгийн ИТХ-ын дарга нь Б.Пүрэвдоржийн сонгуулийн менежер З.Эрхбаяр. Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн улсын төсөвт суулгуулсан Ховд аймагт хэрэгжих сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд бүхий барилгын төслүүд дээр менежер З.Эрхбаяр, найз Б.Бадрах хоёр нь “найрлах” дүр зураг шууд тодорч байгаа юм.
Б.ПҮРЭВДОРЖИЙН ХАДАМ ДҮҮ НАРЫН “ЖИНСТ ТРАНС” ХХК-ИЙН УЛСЫН ТӨСВИЙН 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРЬСАН СУРГУУЛЬ СУУЛТ ӨГЧ, ХАНА, ЦОНХ НЬ ХАГАРСАН
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хадам дүү И.Дэлгэрбат, хадам ээж Д.Ившингийнх нь төрсөн дүүгийн хүү Б.Төрмөнх нар “Жинст транс” ХХК-ийг эзэмшдэг. Үнэндээ Б.Пүрэвдорж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа буюу 2014 оны гуравдугаар сард “Жинст транс” ХХК-ийг байгуулсан. Улмаар дөрөвхөн сарын дараа буюу 2014 оны долдугаар сараас Б.Пүрэвдорж “Жинст транс” ХХК-аараа өөрийн удирддаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхаа барилгын ажлын гүйцэтгүүлэхээр ажиллуулж хэлсэн байдаг. Өөрөөр бол, Б.Пүрэвдорж анхнаасаа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын барилгын ажлыг өгөх гэж “Жинст транс” ХХК-ийг байгуулсан схем тов тодорхой харагддаг.
Дараа нь Б.Пүрэвдорж “Жинст транс” ХХК нь 2017 онд “Мал хамгаалах сан”-гаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Үргэлжлүүлэн “Жинст транс” ХХК нь 2019 оноос улсын төсвийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тендерүүдэд оролцдог болсон. Тухайлбал,
Чингэлтэй дүүргийн XIII хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга барих 1.0 тэрбум төгрөгийн тендер
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 960 хүүхдийн сургуулийн барилга барих 5.4 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан.
Ноцтой нь, Б.Пүрэвдоржийн хадам дүү нарын “Жинст транс” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд барьсан 960 хүүхдийн сургуулийн барилгын дээврээс нь дусаал гоожиж, барилга бүхэлдээ суулт өгснөөс болж цонхнууд хагарч, бохир дамжуулах шугам нь задарсан байдаг. Гэвч “Жинст транс” ХХК нь энэ асуудалдаа хариуцлага хүлээгээгүй, үргэлжлүүлэн барилгын тендерүүдэд оролцсоор яваа.
Б.ПҮРЭВДОРЖИЙН БАЗ БЭР У.АРИУНАА УИХ-ЫН ГИШҮҮ, САЙД С.ОДОНТУЯА БОЛОН ТҮҮНИЙ НАЙЗААС АВЛИГЫН ХЭРГЭЭР ТӨРД АЖИЛЛАХ ЭРХЭЭ ТАВАН ЖИЛЭЭР ХАСУУЛЖ, 15 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖЭЭ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Улаанбаатар хотын гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байгаад улс төрд орж ирсэн. Эхнэр Д.Хулан нь одоо ч Улаанбаатар хотын гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажилладаг. Мөн Д.Хулангийн төрсөн ах Д.Идэрхангайн эхнэр У.Ариунаа нь Улаанбаатар хотын гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Гэвч 2021 онд авлигын хэргээр ял сонсож, Гаалийн байцаагчийн ажлаасаа чөлөөлөгдсөн. Эргэн санавал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн найзтайгаа хамтран Солонгосоос гурван чингэлэг брэндийн хувцас оруулж ирж, Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нарт авлига өгч, татвараа хөнгөрүүлсэн хэрэгт холбогдсоныг санаж буй байх. Гэвч С.Одонтуяа хэргээ тусгаарлуулж, харин түүнээс авлига авсан Улаанбаатар хотын гаалийн газрын гурван байцаагч төрд ажиллах эрхээ таван жилээр хасуулж, тус бүр 15 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн байдаг.
Тэгвэл С.Одонтуяа, түүний найзаас авлига авч, гурван чингэлэг брэндийн хувцасных нь гаалийн татварыг хөнгөлсөн хэргээр 2021 оны есдүгээр сард төрд ажиллах таван жилээр хасуулж, 15 сая төгрөгөөр торгуулсан Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн улсын байцаагч асан У.Ариунаа нь дээр дурдсанчлан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн эхнэр Д.Хулангийн төрсөн ахынх нь эхнэр буюу баз бэр нь ажээ.
Б.ПҮРЭВДОРЖ ЯПОНООС САНХҮҮЖДЭГ ҮҮ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хадам ах Дэлгэрбатын Бадамцогт нь АН-ын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр, “М-Ойл групп” ХХК-ийн Ерөнхий захирал Р.Батбаяр болон Японы иргэн Хара Фусаотой “Марико манхан” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Японы иргэн Хара Фусао нь Монголд “Марико” нэртэй ББСБ ажиллуулж, мөнгө хүүлдэг.
Хамгийн ноцтой нь, “Марико” ББСБ нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн Ховдын тойргийг услах санхүүжилтийг нь гаргадаг ажээ. Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар “Марико” ББСБ нь Ховд аймгийн Жаргалант сумын 1, 2-р сургууль, Цэцэг сумын ЕБС, Чандмань сумын ЕБС-ийн сурагчдын ширээ сандлыг шинэчилж байжээ. Үүгээрээ Б.Пүрэвдорж Ховд аймгийнхаа ЕБС-иудын багш нараар өөртөө алга ташуулж, энэ нь 2020 оны УИХ-ын сонгуулиар улирч сонгогдоход нь ч гол түлхэц болсон байх юм.
Ингээд болоогүй, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар “Марико” ББСБ Б.Пүрэвдоржийн сонгуулийн сурталчилгаанд 30 сая төгрөг хандивлаж, санхүүжилтийг нь босголцжээ.
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ |
|
2025-08-05 08:08:19
2025-08-05 07:47:13
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 06:00:00
2025-08-05 06:00:00
2025-08-04 18:24:41
2025-08-04 18:20:23
2025-08-04 17:54:43
2025-08-04 17:50:20
2025-08-04 17:48:48
2025-08-04 17:47:18
2025-08-04 17:45:34
2025-08-04 16:16:11
2025-08-04 15:21:53
2025-08-04 15:13:02
2025-08-04 15:03:56
2025-08-04 14:41:03
2025-08-04 13:01:07
2025-08-04 12:59:23
2025-08-04 12:49:22
2025-08-04 12:30:52
2025-08-04 12:15:07
2025-08-04 12:02:08
2025-08-04 11:31:39
2025-08-04 11:20:02
2025-08-04 11:18:28
2025-08-04 11:08:14
2025-08-04 10:46:30
2025-08-04 10:33:09
2025-08-04 10:22:22
2025-08-04 10:14:28
2025-08-04 09:53:06
2025-08-04 09:51:15
2025-08-04 09:41:40
2025-08-04 09:38:12
2025-08-04 09:00:53
2025-08-04 07:20:00
2025-08-04 07:11:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 07:00:00
2025-08-04 06:00:00
2025-08-04 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |