• Өнөөдөр 2024-05-04

СОНГУУЛЬ УГТСАН СОНИРХОЛТОЙ ЗОЧИД

2024-04-25,   1068

ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛИЙН ШОУ С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 

     Сурталчилгаа хийж, тайлан тавих гэж ядахгүй сонгогдчихоор УИХ-ын гишүүн бараг байхгүй бололтой. Бүгд л “Би энэ хуулийг баталсан, тэр хуулийг санаачилсан, үүнд оролцсон, өөрийгөө сайн ажилласан гэж бодож байгаа” хэмээн шагшин магтаж, хийснээ А, Б-гүй тайлагнах гэж хичээсээр байна. Зарим телевизийн нэвтрүүлгийн цаг, захиалга улстөрчдөөр дүүрсэн гэх. Тэдний цөөнх нь "Сонгууль дөхөөд телевизийн нэвтрүүлгийн үнэ хэд дахин нэмэгдсэн байна. Их мөнгө төлж, өөрийгөө гоёчилж харагдуулаад яах вэ. Цахим хаягаараа юу хийсэн, ямар хууль санаачилсан тухайгаа ярих хэрэгтэй" хэмээн зарим зүйлд хариулсан. Харин ихэнх нь телевизийн эфирээр гарахдаа хоолойндоо зангиа тулгачихсан нэг л ихийг хийдэг, сайхан зантай уриалгахан хүн болчихсон иргэдээ, улс, эх орноо гэх сэтгэлтэй сайн хүний дүрд хувирчихсан суух нь тэр. Иргэд тэдний хэн нь хэн болох, улстөрчийнхөө хувьд ямар хүн бэ гэдгийг нь эчнээ таних биз ээ. УИХ-ын гишүүдийг телевизийн нэвтрүүлэгт оролцох гэж, зүс, царайгаа олонд харуулах гэж чихэлдэхийн хажуугаар улс төрд нөлөө бүхий, сэтгүүлчдийн ээлжит зочноо болгохыг хүсдэг эрэлттэй зочид ч ар араасаа цуварч байх жишээний. Гэхдээ тэд юу ярих, алийг нь үнэн, алийг нь худал ярих, юунд нь хариулахгүйгээ төлөвлөчихсөн байдаг нь нөгөө талаараа сэтгүүлчдэд сонирхолгүй мэт. Гэсэн ч үзэгчид "Энэ юу ярих нь вэ. Ойрд харагдаагүй юм байна" хэмээн сонирхдог, улстөрчийнх нь хувьд дургүй байсан ч үздэг. 

    Сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, С.Зориг агсны гэргий Б.Булган, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Недарландын элчин сайд Лу.Болд, "буурал" хочит А.Гансүх, З.Энхболд нар телевизийн нэвтрүүлгүүдэд оролцсон. Тэдний УИХ-ын гишүүдээс арай өөрийг ярьсан нь өнөөх  С.Зоригийн хэрэг байлаа. Тэд мөн л хэнийг харддаг, хэргийн тухай юу гэж таамагладаг тухай ярьсан. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэн нэгэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдвол надад шууд хэлээрэй. Би тэр хүнийг олон нийтэд зарлаж чадна гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлсэн. С.Зоригийн хэргийг хаахын тулд яагаад зохиомол хэрэг үүсгэчихсэн юм бэ гэдгийг Б.Хурц болон зарим прокуроруудыг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт итгэдэг. Би тэднийг огт буруутгадаггүй. Тэд “Мэдье, гүйцэтгэе” гэж байгаа хүмүүс. Х.Баттулга Ерөнхийлөгч ч гэсэн үнэнээ хэлэх байх” хэмээсэн. Харин түүний дараа С.Зориг агсны гэргий Б.Булган “Ц.Элбэгдорж бол Монголын эмгэнэл, ард түмний шаар. Тэр Монгол Улсын 30 жилийг самарч, гай болсон. Миний охин, миний найз, хайртай бүхнээс минь ширхэг үс унах юм бол захиалагч нь Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч нь Б.Хурц гэдгийг хэлье. Ц.Элбэгдоржийг төрийн өндөрлөгт гарах болгонд нь би шоронд орж байсан. Энэ нэг зүйлийг хэлж байгаа гэж харддаг” хэмээсэн нь олон хүнд С.Зоригийн хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж юм байна гэх сэжүүрийг төрүүлэх шиг болсон. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Л.Оюун-Эрдэнийн ярилцлага цацагдсаны дараа цахим хуудсаараа өөрийн бухимдлаа илэрхийлж байв. Тэрбээр “С.Зоригийн хэргийн алуурчдыг Л.Оюун-Эрдэнэ эрхшээлдээ авсан. Энэ хэргийн талаар Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх нар мэдэж байгаа” хэмээн бас л бусад руугаа бухаж байлаа. 

УЛС ТӨРИЙН ГОЛ ДҮРҮҮД ТЕЛЕВИЗИЙН ЭФИРЭЭР ЦУВРАХ НЬ...

      Тэднээс гадна ЛУ.Болд "С1" телевизийн ярилцлагад орохдоо С.Зориг агсантай найз, нөхдийн дотно харилцаатай байсан тухайгаа ярихаас гадна хэргийн талаар үзэл бодлоо хуваалцсан байдаг. Тэрбээр "Би С.Зориг агсантай ардчилсан хувьсгалаар дотно болсон. С.Зоригийг амиа алдсан өдөр хүртэл байнга харилцдаг байсан. Магадгүй, хамгийн сүүлд гар утсаар ярьсан хүмүүсийн нэг нь би байх. Тухайн үед би мэдүүлэг өгч байхдаа тэр үеийн учир шалтгаанууд, түүнтэй ямар харилцаа холбоотой байсан тухайгаа мэдүүлж байсан. С.Зоригийг хөнөөсөн шалтгааныг Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг хөнөөсөн хэрэг гэж ойлгодог. Тухайн үед Засгийн газар огцорчихсон. Ардчилсан холбоо эвсэл Ерөнхийлөгчтэй зөрчилтэй, улс орон маш хүнд байдалд байсан. Хэд хэдэн хүн Ерөнхий сайд болъё гэж тодорч байсан ч нөхцөл нь бүрдээгүй. Харин С.Зориг Ерөнхий сайд болох бүрэн боломжтой байсан. Бид өдөр бүр уулздаг, ярилцдаг, ойлголцдог байлаа. С.Зоригийн фракц гэж хүртэл яригддаг байсан. Бид түүнийг "Чи Ерөнхий сайд болох ёстой" гэж олон сар шахсан. Тэр байнга татгалцаж байсан ч аймшигт хэрэг гарахын өмнөхөн зөвшөөрч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хуралд оролцсон юм. Тэрээр амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө надтай гар утсаар ярихдаа “Би Ерөнхий сайд болох юм бол гишүүдийнхээ дэмжлэгийг авах шаардлагатай байгаа” гэж байсан. Ардчилсан холбоо эвслийн засаг барьж байсан жилүүдэд хямралаас гаргах,  ардчилалын билэг тэмдэг болсон алтан хараацайнуудын ноён оргил нь тэр байсан. Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг хөнөөсөн гэдэгт би 100 хувь итгэдэг. Тиймээс энэ асуудлыг байнга тавьж, араас нь хөөцөлдөж байсныг хүмүүс мэдэх байх. Төрд ажиллаж байгаа хэний ч амь нас, нэр төр нь баталгаагүй гэх тогтолцоотой хонгилын нийгэм байсан. Тэр хонгилоор би ч орсон” хэмээн ярьсан байдаг. 

     Иймэрхүү байдлаар их хэмжээний мөнгө төлж, өөрсдийгөө сурталчилж эсвэл С.Зориг агсны үхлээр улс төр хийдэг арга ёс юм шиг л үргэлжилж байна. Сонгуулийн сурталчилгаа өрнөх, чухал нэвтрүүлгүүд цацагдах яагаа ч үгүй байхад улс төрд нөлөө бүхий томчууд хэд хэдээрээ нэвтрүүлэгт орсон нь сонгуулийн шоу цаашид бүр сонирхолтой болж, улс төрийн гол дүрүүд телевизийн эфирээр цуврах нь тодорхой боллоо гэх хүлээлт иргэдэд байна. Мөн гаднын мөнгөөр сонгууль санхүүжүүлэх гэж оролдсон, хууль бусаар сонгуулийн сурталчилгаа хийсэн, сонгуулиас болж нэгнийгээ хутгалсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа нь бас л нэг зүйлийн дохио биз ээ. 

 

СОНГУУЛЬ УГТСАН СОНИРХОЛТОЙ ЗОЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 07:41:03
    Зочин: Та бүхэн билигсайхан энхбаатар нарын ярилцлагыг олж уншаарай. Сүнс нь алуурчныг олсон үед аиарна шүүдээ хөөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 07:40:27
    Зочин: Та бүхэн билигсайхан энхбаатар нарын ярилцлагыг олж уншаарай. Сүнс нь алуурчныг олсон үед аиарна шүүдээ хөөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-25 10:27:04
    Зочин: Сайн хүний нэрийг 3 худалдаж иднэ гэдэг одоо болоо юм биш үү тэр хүний сүнсийг амраагаач ээ. Одооны залуучууд наад Зориг гэдэг хүнийг чинь таних ч үгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188