• Өнөөдөр 2024-05-03

IV ТОЙРОГ: АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ НЬ АТГ-Т “ОВООРСОН” Ч ХОЙД БҮСЭД ХҮЧ ҮЗЭХ МАН-ЫН НАЙМАН ГОРИЛОГЧ

2024-04-05,   1610

         Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж эхлээд буй. Өмнөх дугаартаа бид III тойрог буюу гурван мандаттай Баян-Өлгий аймагт АН, МАН-аас горилогчдыг танилцуулсан. Тэгвэл энэ удаад IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт МАН-аас горилж буй найман хүнийг танилцуулж байна.

        МАН-ынхан хойд бүсэд намынхаа нөлөө бүхий нударган баячуудыг дагуулж ардаа том халхавчтай, айдгаа “авдар”-таа хийсэн найман нэр дэвшигчийг зүтгүүлэхээр зэхэж эхэлсэн гэнэ. Тухайлбал, Ардын намын гол санхүүжүүлэгчдийн нэг, толгой бизнесмэнийн төлөөлөл Ц.Анандбазараас эхлээд  “М Си Эс”-ийн төлөөлөл Л.Энх-Амгалан, “10 хувийн” Ц.Даваасүрэн, “Сахал” хочит Ж.Бат-Эрдэнэ, Нүүрсний “нууц ноёнтнууд”-ын нэг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын араас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “20 мянга”-ын Д.Батлут, “Эрдэнэтийн эзэгтэй” Д.Үүрийнтуяа нарын найман хүнийг нэр дэвшигчдийн жагсаалтад багтааж, хойд бүсийг “базах” төлөвлөгөө гаргасан сурагтай.

     Тэгвэл УИХ-ын IV тойрогт горилогчдын хэн нь хэн болохыг танилцуулж байна.

АРД ТҮМНИЙ ДУНД ЗАРТАЙ, АРДЫН НАМДАА МӨНГӨТЭЙ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД “ХААЛГАТАЙ” Ц.АНАНДБАЗАР

     УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Монголын шатахууны зах зээл, үйлчилгээний салбарын том тоглогчдын нэг. Улаанбаатар хотод төрсөн гэдэг ч Булганых гэж сонгуулийн сурталчилгаагаа хийж, Дорноговьд горилохдоо Сайхандулаан сумын хүүхэд хэмээн нутаграхсан гэдэг дуулиан дэгдэж байлаа. Нийслэлийн 24 дүгээр сургуулийг дүүргэж, Утга зохиолын ажилтан мэргэжлээр Орост мэргэжил эзэмшсэн тэрбээр 1996 онд МУИС-д хууль зүй, ОХУ-д Удирдахуйн ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн намтартай. Улмаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаанд туслахаар нь ажиллаж, улс төрд хөл тавьсан гэгддэг. Улс төрийн замналаа ингэж эхлүүлсэн тэрбээр бизнесийн салбарт хүч үзэж, өдгөө МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг болтлоо томорсон.

      УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод монгол” группыг эзэмшиж, Монголын шатахууны салбар “магнат” болтлоо бизнесээ өргөжүүлсэн, хамгийн олон салбартай “Өргөө” кинотеатрын эзэмшигчээр ажиллаж буй. 2020 онд УИХ-ын сонгуульд Булган аймгаас горилж, Их хурлын гишүүн болсон тэрбээр энэ парламентын хамгийн дуулиантай гишүүнээр тодорч байна.

        Угтаа бол УИХ-ын гишүүнээр ажиллаад удаагүй байхтай нь зэрэгцээд түүний хүчингийн гэх хэрэг дуулиан дэгдээж, “Мe Too” хэмээн олон нийт цахим орчинд давалгаалан эсэргүүцлээ илэрхийлэх хүртэл өндрийг авч байлаа. Харин уг хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь олны гайшруулж байв. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэр холбогдоогүй хэрэг гэж бараг үлдээгүй. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн нэг болсон ч уснаас хуурай гарсан барит бий.

      Товч дурдвал УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 24-нд 669.8 сая иен буюу 17.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Улмаар энэ сарын эхээр найдваргүй зээлдэгчдийн дуулиан дэгдмэгц энэ зээлээ хаасан баримтыг бид дэлгэж байлаа.

       Түүнд нүүрсний хулгай, газрын наймаа гэгчлэн улс төрийн дуулианд холбогдоогүй хэрэг гэж үлдээгүй. Нүүрсний хулгайн дуулиан дэгдэж, АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг дэлгэдэхэд Ардын намын анхны таван гишүүнээр Ц.Анандбазарыг нэрлэж байлаа. Ц.Анандбазар нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хоёр жилийн дотор 12 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлж, шатахуун, тос, тосол нийлүүлэхдээ албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон байж болзошгүй баримт бий. Тодруулбал,  “Сод Монгол групп” ХХК-иараа гурван удаагийн гэрээгээр 2018 оны хоёрдугаар сард 3.8 тэрбум төгрөг, 2019 оны тавдугаар сар 4.3 тэрбум төгрөг 2020 оны зургадугаар сар 3.9 тэрбум төгрөгийн шатахуун тус тус нийлүүлсэн байдаг.

      Харин нүүрсний дуулианд нэр холбогдомцоо “Би долдугаар ангидаа нүүрс оруулж байснаас нүүрс хулгайлж үзээгүй” хэмээн марзан гэмээр мангар мэдэгдэл хийж байлаа. Түүний авлига албан тушаалын хэрэг ингээд дуусахгүй. Газрын наймааг “цэцэглүүлж”, Богд уулын Бага тэнгэрийн аманд эзэн суух хүртлээ томорсон нэгэн. Богдхан уулын Бага тэнгэрийн ам бүхэлдээ буюу нийт 65 га газар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийн эзэмшилд байдаг. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж, худалдсан. Зөвхөн нэг амины хаус нь л гэхэд 4-5 тэрбум төгрөгийн үнэтэй буюу 160 айлын хаус гэж тооцвол 720 тэрбум төгрөгөөр зарсан тооцоо гарна. Түүний хэргүүдийн баримт хууль хяналтын байгууллагад “овоорсон” ч өнөөдрийг хүртэл нэг нь шийдэгдээгүй нь хуулийн байгууллагад том “ар”-тай гэх хардлагыг олны дунд төрүүлээд байна.

         Ийн улс төрд байж болох боломжийг Ц.Анандбазар бүгдийг нь ашигласан хэр нь дараагийн сонгуульд нэр дэвшихээр горилж, “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Намаас дэвшүүлэхгүй бол бие даан нэр дэвшинэ” хэмээн мэдэгдэж байлаа. Тэрбээр өнгөрсөн зун Булганы Хутаг-Өндөр суманд “Бинзенийг нь 100 төгрөгөөр хямдруулж өгнө” хэмээн олны эгдүүцлийг төрүүлээд амжсан.  

ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ТАНСАГ ХАУС БАРЬЖ БУЙ БОЛОВСРОЛЫН САЙДЫН ПАЯН


        Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Энх-Амгалан ОХУ, АНУ, БНСУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Улс төрд түүнийг “М Си Эс”-ийн гэх тодотгол дагаж ирсэн. Угтаа бол Монголын толгой бизнесмэнүүдийн том бүлэглэлд багтдаг гэсэн үг. УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас гурвантай сонгогдож, өдгөө УИХ-ын гишүүнээс гадна Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаа тэрбээр дахин УИХ-д нэр дэвших бололтой. Засгийн газрын сайдаар томилогдсон даруйдаа “Боловсролын салбарт шинэчлэл хийнэ” хэмээн мэдэгдэж байсан ч, боловсролын салбарт эрх ашгийн зөрчилтэй нэгэн байсан нь илчлэгдэж байлаа.

      Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байдаг. УИХ-д дэд дарга болтлоо дэвшиж байлаа. Түүнчлэн цар тахлын хүнд үеийг “далимдуулж” эрүүл мэндийн салбараас хоёр жилийн хугацаанд 9.5 тэрбум төгрөгийн тендэер “завшсан” баримт бий. Тодруулбал, Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп интернейшнл” ХХК-иараа дамжуулан эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортын “Мед импекс интернэшнл” ХХК-ийг удирддаг. Эрүүл мэндийн салбарт энэ компанийн оролцдоггүй тендер гэж бараг л байхгүй.

Л.Энх-Амгалангийн гэр бүлийн “Мед импекс интернэшнл” ХХК өнгөрсөн хугацаанд 303 тендерт оролцжээ. Ялангуяа халдварт тахалтай тэмцэлдсэн өнгөрөгч хоёр жил “халаас”-аа ахиу түнтийлгэжээ.Тухайлбал, 2020 онд Эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 3.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. 2021 онд Зөвхөн АШУҮИС-ийн эмнэлэгийн л гэхэд дурангийн тасгийн тоног төхөөрөмж авах 120 сая төгрөгийн тендер, Сэхээний тасгийн хяналтын монитор, ЭКГ, холтер худалдан авах 213 сая төгрөгийн тендер, Чих хамар хоолойн оношилгоо эмчилгээний иж бүрдэл авах 1.2 тэрбум төгрөгийн тендер, Хэт авиан дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж авах 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн ХУД-ийн Эх хүүхдийн эрүүл мэндийн II төв эмнэлэгт төрөх тасгийн ор, үзлэгийн ор, тэргэнцэр авах 662 сая төгрөгийн тендер, Амбулаторийн үзлэгийн тоног төхөөрөмж худалдан авах 160 сая төгрөгийн тендер, Суурин ЭХО нийлүүлэх 810 сая төгрөгийн тендер, Нарийн гэдэсний дуран нийлүүлэх 751 сая төгрөгийн тендер шалгарчээ. 2022 онд Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ-т Түргэвчилсэн оношлуур нийлүүлэх 156 сая төгрөгийн тендер, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт 34.1 сая төгрөгөөр уян дурангийн хэрэгсэл нийлүүлэх тендер, Эрүүл мэндийн яамны явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж авах 330 сая төгрөгийн тендер, Улаанбаатар хотын ЗАА-ны Оношилгооны уян дуран авах 441 сая төгрөгийн тендер, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндсэн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдаж авах 12 тэрбум төгрөгийн тендерийн 55, 83, 122 дугаар багц зэрэгт тус тус шалгарсан баримт бий. Түүнчлэн Богп уулан газар авсан томчуудын нэг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Тодруулбал Л.Энх-Амгалан багийн найз Ч.Батсансарыгаа 2014-2019 онд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажилуулахдаа бүх компаниа Тусгай хамгаалалттай газарт газартай болгож амжжээ. Түүнчлэн Туул голын эргээр тансаг хаус хотхон барьж буй баримтуудыг дэлгэж байлаа.

“10 ХУВИЙН” Ц.ДАВААСҮРЭН


        Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1964 онд төрсөн. Улс төрд “10 хувийн” гэх хочоороо алдаршсан Ц.Даваасүрэн Хөвсгөлд дахин горилох нь тодорхой бололтой. УИХ-ын гишүүн бай хугацаандаа хоёр удаагийн Засгийн газарт “давхар дээл” өмсөж буй тэрбээр нүүрсний компанитай нэр холбогдоно. Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 28-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн А хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх тендерт “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК шалгарч, улмаар ЭТТ-2020/521 дугаартай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт анх удаа оролцоод, 799 тэрбумын тендерийг авсан. Тэгвэл “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн “хуурай” дүү нарынх нь компани.

Тодруулбал,

      1.“Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг  Дугарсүрэнгийн Отгонлхагва, Гончигбатын Батболд нар эзэмшдэг. Д.Отгонлхагва нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нэг сумынх. Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Харин Г.Батболд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул.

       2.УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2004 оноос Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Харин “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар Ц.Даваасүрэнгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Даваасүрэн, Д.Отгонлхагва, Г.Батболд нар “Дэлтэй цэнхэр” МСУХ-г хамт удирдаж ирсэн. Сонирхуулахад, Д.Отгонлхагва нь аймгийн алдарт уяач, Г.Батболд нь манлай уяач цолтой.

         3. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоороо 2007 оноос “Хотгойдын хурд” баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Ц.Даваасүрэнгийн зохион байгуулсан “Хотгойдын хурд” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Отгонлхагва, Г.Батболд нарын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК, Г.Батболдын дангаараа эзэмшдэг “Цагаан-Уул магнит” ХХК тус тус ажиллаж ирсэн.

          4. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрөгч 2022 оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ныхоо бага хурлыг хуралдуулж, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Батболдод “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүний суудлаа шилжүүлж өгсөн. Ц.Даваасүрэн ийнхүү 18 жил удирдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоо “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батболдод шилжүүлж өгсөн нь тэд хэр ойр холбоотойг нотлон харуулж байгаа юм.

       Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар нь УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн төрсөн дүүгээс нь өөрцгүй үнэнч дүү нар нь гэсэн үг. Тиймдээ ч Ц.Даваасүрэн нүүрс ухаж байсан түүхгүй “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт оруулж, улмаар 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад нь дэмжиж, нөлөөлсөн байж болзошгүй дүр зураг харагдаж байна.

“НҮҮРСНИЙ НУУЦ НОЁНТОН

       
       Хөвсгөл аймгаас хоёронтой сонгогдож, УИХ-д “амгүй албат”-уудын буухиа үргэлжлүүлж байгаа ч УИХ-ын дэд дарга болтлоо дэвшсэн Л.Мөхбаатар IV тойрогт горилж байна. Олонд олигтой танигдаж амжаагүй ч томсгосон тойргийн сургаар Хөвсгөлийн тойглож байсан дэд дарга Орхон, Булган аймгуудыг “усалж”, шагнуул гардуулсан шигээ тойрогтоо танигдах ажлаа хийж явна. Тэрбээр Хөвсгөлийн хөгжлийн сангаараа дамжуулж, “хамаарал” бүхий этгээдээрээ нүүрсний хэрэгт холбогдсон байж болзошгүй баримтыг дэлгэж байлаа. Торуулбал, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Хөвсгөлийн хөгжил санг хуурай дүү И.Даваадоржид шилжүүлж, нүүрсний бизнест хүч үзэх эхлэл тавигдсан байдаг. Б.Даваадорж нь “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн болмогцоо “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК-аар “Эрдэнэс тавантолгой” ХК-аас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс зөөж эхэлсэн байна. “Хөвсгөл ирээдүйн зам” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт бүртгэлтэй, харин хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь С.Уранбилэг гэх 20 гаруй насны эмэгтэй бүртгэлтэй байдаг. Судлаад үзвэл, С.Уранбилэг нь “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Б.Даваадоржийн үеэл нь аж. Бүр тодруулбал, Б.Даваадоржийн ээж Л.Өлзийням, С.Уранбилэгийн эмээ Л.Гадиймаа хоёр төрсөн эгч дүүс юм байна. Нүүрсний хэрэгт хамаарал бүхий этгээдээр дамжуулан нэр холбогдсон асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэх нь бий.

БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

Улаанбаатар хотын уугуул тэрбээр ирэх сонгуульд хойд бүсэд горилж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас сайдын суудалд суусан ч УИХ-ын гишүүн болохоор зүтгэж байна. Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 19-нд агентлагийн даргаар томилогдохдоо АТГ-т хөрөнгө орлогоо анх мэдүүлжээ. 2021 оны ХОМ-ийг АТГ хараахан танилцуулаагүй байгаа юм. Шинээр томилогдсон сайд 2020 онд 12.5 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 10.3 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрбээр 50 САЯ төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц 50 сая төгрөгийн үнэ бүхий Dodge Durango, Chrysler маркийн суудлын машин 100 сая төгрөгийн үнэ бүхий өмчлөх эрхийн 400 ам метр газартай болохоо мэдүүлсэн байна.      Мөн 10 сая төгрөгийн хадгаламжтай бол 15 сая төгрөгийн зээлтэй гэжээ.  “Монгол Тулгат Финанс", "Монмарт трэйд" гэсэн хоёр компанийг 100 хувь эзэмшдэг болохоо мэдүүлсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хувийн бизнесээ зараад, төрд орж ирсэн гэж “сайрхдаг”. Тэгвэл түүний хамаарал бүхий этгээдүүдийг нь шүүвэл, түүнтэй маш олон компани холбогддог ажээ. Тэр тусмаа хадмууд нь уул уурхай, геологи хайгуул, өрөмдлөгийн хэд хэдэн компанитай. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй сайд гэсэн үг.

     Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн эхнэрийг Дашбаатарын Болортуяа гэдэг. Түүний аав Б.Дашбаатар нь барилгын “Ордгеод” ХХК, уул уурхай, геологи, хайгуулын “Орд гео” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Өдгөө уул уурхай, геологи хайгуулын “Орд гео” ХХК нь салбартаа томд тооцогдох болсон бөгөөд Б.Дашбаатарын дүү Б.Саранхүү, О.Чимгээ нар удирдаж буй. “Орд гео” ХХК нь Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь аймгуудад ашигт малтмалын геологи хайгуул, өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байгаа. Б.Саранхүү нь “Орд гео” ХХК-иас гадна хайрга, дайрга, бетон зуурмагийн “Просолид стандарт” ХХК, хайгуул өрөмдлөгийн “Ордгео вилл дриллинг” ХХК, газрын тосны хайгуулын “Готланд-Ойлфилдс” ХХК-иуд эзэмшдэг ажээ.

      Нэг сонирхолтой баримт нь, “Орд гео” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Б.Бат-эрдэнийн хадам аавынх нь дүү О.Чимгээ нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн дүү С.Бат-Очирын эхнэр, Монголбанкны газрын дарга Т.Амарсайхантай хамтран “Ай Ти Холдинг” ХХК-ийг эзэмшдэг. УИХ-ын гишүүн Сү.Батболдынхонтой холбогдсон энэ сэжмээр цааш хөөвөл уул уурхайн олон компанитай холбогдоно. С.Батболдын “Могол интернэшнл” ХХК нь л гэхэд Ховд, Говь-алтай аймагт алт, нүүрсний хэд хэдэн ордтой гэгддэг. Цаашлаад, “Могол интернэшнл” ХХК нь Сү.Батболдтой хамт оффшорт нэр нь яригддаг уул уурхайн “Жазлин” ХХК-д хөтөлж очно.

    Энэ мэтээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ эхнэрийнхээ талаар уул уурхай, геологи хайгуул, өрөмдлөгийн хэд хэдэн компанитай гарцгүй холбогдож байна. Гэвч түүний энэ асуудлыг хууль хяналтын байгууллага мэдээгүй мэт нам гүм байгаа юм.

 

САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНЭ


Сахал хочоороо олны дунд танил болсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотод төрсөн гэгддэгч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул хэмээн намтартаа дурдах нь бий. Түүхээ сөхвөл гэх ном гаргаж, Хөдөөгийн сэргэлт гэх сэдвээр улс төрд хөлд тавьсан тэрбээр өнөөдрийг хүртэл түүнийгээ ярьсаар буй. Түүнийг Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байсан ч үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд багагүй хугацаа өнгөрч буй. УИХ-ын нээлттэй сонсголын Ажлын хэсэгт хоёр удаа багтсан тэрбээр өдгөө Автобусны сонсголын даргаар сонгогдоод байгаа юм. Тэрбээр 2019 онд ЖДҮХС-аас зээл авсан 49 гишүүний нэгээр нэрлэгдэж байв. Тодруулбал, ЖДҮХС-аас “Бүрэн Уул” ХХК-иараа дамжуулан зээл авсан гэгддэгч гүтгэлэг хэмээн “мэлзэж байлаа.

“20 МЯНГЫН” Д.БАТЛУТ


Өнгөрсөн удаагийн сонгуулиар нэг бие даагч, МАХН-аас нэг, МАН-аас нэг гишүүн сонгосон аймаг нь Орхон байлаа.  Харин МАН-аас торойж сонгогдсон, сонгогдох сонгогдохдоо Ц.Нямдоржийг “унагаж”, сонгогдсон дуулиантай гишүүн бол П.Батлут. Гэхдээ тэр Их хуралд гурван жил болсон ч өнөөдрийг хүртэл олонд танигдаагүй сул гишүүний нэг хэвээр байна.

    Орхон аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа Тамгын газрын ажилтнуудаа байр өгсөн хэрэгт холбогдож багагүй дуулиан тарьж явсан нэгэн. Ингээд зогсохгүй Зөрчлийн  тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, хугацаандаа төлөөгүй торгуулийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх хууль санаачлан иргэдийн дургүйцлийг хүргэсэн ч өдгөө түүнийг гишүүнээр нь мэддэг, адаглаад гишүүний хувиар хийсэн ажлаар нь танимхайрах ч хэмжээнд танигдаагүй л явна.

1992 оноос хойш 2020 он хүртэл тасралтгүй УИХ-д сонгогдож, ажилласан Ц.Нямдоржийг бут цохиж гарч ирсэн хэдий ч бүтэн гурван жилийн хугацаанд тэр олны хүлээлтэд хүрсэнгүй ээ. Тэрбээр өнгөрсөн жил тойргийн сонгогчиддоо мөнгө тараасан гэх дуулианд нэр холбогдож байлаа. ХОМ: Д.БАТЛУТ 25 АДУУ, 84 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

 

          УИХ-ын гишүүн Д.Батлут жилийн 48.9 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 36.2 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин нэг автозогсоол, нэг орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд үнэлэгдэх үнэ нь 180 сая төгрөг гэнэ. Тэрбээр 20 сая төгрөгөөр үнэлэгдэх “Toyota Prius XW50” машинтай аж. Сонирхуулахад, тэрбээр 2021 онд “Приус-50” маркийн автомашиныг 20 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн 37 сая төгрөгөөр үнэлэгдэх таван хошуу малтай ажээ. Тодруулбал, адуу-25, үхэр-16, ямаа-60, хонь-70 гэнэ. Харин 1.5 сая төгрөгийн үнэтэй, эзэмших эрхийн 0.14 га газартай аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 84.9 сая төгрөгийн хадгаламжтай бол Төрийн банкнаас авсан 20 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

“ЭРДЭНЭТИЙН ЭЗЭГТЭЙ” Д.ҮҮРИЙН ТУЯА


Доржсүрэнгийн Үүрийнтуяа нь 1982 онд Төв аймгийн2003 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2009 онд Удирдлагын академийг удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгсөж, 2007 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2013 оноос мөн сургуулийн докторантурт суралцаж байгаа. Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх. Мэргэжил дээшлүүлэлт:  2005 онд Сангийн яамны санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, 2005, 2006 онд Дэлхийн банкны “Төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг чадавхжуулах” төсөлд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, 2017 онд Компанийн засаглалын, 2018 онд Австрали Улсын Сидней хотод нягтлан бодох бүртгэлийн сургалтад тус тус хамрагдан мэргэжил дээшлүүлсэн. Ажлын туршлага:  2003-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2013 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын ахлах байцаагч, 2014-2016 “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирал, 2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв.

Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүтэй холбоотой асуудлыг тэр чигт нь “мэддэг” тул “Эрдэнэтийн эзэгтэй” хэмээн хочлох нь бий. Өөрийн жилийн орлого  380 сая, сарын орлого 34 сая төгрөг,  Гэр бүлийн жилийн орлого 139 сая төгрөг.

Хөрөнгийн хувьд нийтийн орон сууц гурав, авто зогсоол нэг, хоёр авто гаражтай.

Суудлын жижиг машин буюу 17 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Aqua маркын нэг тээврийн хэрэгсэлтэй.  Хурдан удмын адуу нэг, дөрвөн үхэр, хоёр адуутай. 1500м2 эзэмших гурван газар, 5000м2 өмчлөх хоёр газартай. Харин амины орон сууц, зуслангийн байшин, хашаа болон оффисгүй  хэмээн мэдүүлжээ. Мөн үнэт эдлэл байхгүй. Хадгаламжиндаа 72 сая төгрөгтэй бөгөөд бусдаас 135 сая төгрөгийн авлагатай. Эрдэнэс таван толгой ХК, Чойр оргил Нөхөрлөл, Есөн буурагчин ХХК, Голомт банк ХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ.

 


IV ТОЙРОГ: АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ НЬ АТГ-Т “ОВООРСОН” Ч ХОЙД БҮСЭД ХҮЧ ҮЗЭХ МАН-ЫН НАЙМАН ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 10:58:34
    Хангай: За даа энэ хүмүүсээс Ж. Батэрдэнэ л бн даа.. Ер н аймагтаа ингэж ажтлддаг олон гишүүд байгаасай… Булгандаа бол нэр хүндтэй хүн дээ.. Олон өрх гэр бүлд Шинэ хөдөө төсөлөөр орлогтой болгож буй… Дахин саналаа өгнөө бид багаараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 10:58:33
    Хангай: За даа энэ хүмүүсээс Ж. Батэрдэнэ л бн даа.. Ер н аймагтаа ингэж ажтлддаг олон гишүүд байгаасай… Булгандаа бол нэр хүндтэй хүн дээ.. Олон өрх гэр бүлд Шинэ хөдөө төсөлөөр орлогтой болгож буй… Дахин саналаа өгнөө бид багаараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-06 04:33:44
    Малнууд : Болдог бол энэ малнууудын хэнийг сонгомооргүй ба гэтэл нэр дэвшсэн гээд ийм малнууд гарч ирээд бх юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-05 23:01:32
    Ха ха: Энэ Эрдэнэтийн ня бо авгай мавгай бол гэнэт улс төрч болчихдог арай арай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188