• Өнөөдөр 2024-04-29

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЦАГААТГАЖ, МАН-ЫН БАГА ХУРАЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛЛАА

2024-03-24,   500

      Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, эрэн сурвалжлах, нийгэм, соёл урлагийн салбарт болж, өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, шалгуулж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг цагаатгаж, Ё.Баатарбилэгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн МАН-ын бага хурал хуралдаж, мөрийн хөтөлбөрөө баталсан зэрэг үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЦАГААТГАЖ, ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

     УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдогдуулан шалгаж, Анхан шатны шүүхээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан билээ. Харин Хөгжлийн банкны Давж заалдах шатны шүүх хуралдаан 11 өдөр үргэлжилсний эцэст Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нарыг цагаатган шийдвэрлэсэн байна.

    Харин 32 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоноос шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 10 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-иудыг гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулсныг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарыг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцаасан байна. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. 

МАН-ЫН БАГА ХУРАЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛЛАА 

    МАН-ын Бага хурал 2024 оны намын хөтөлбөрөө баталж, бусад асуудлаа хэлэлцэж, өндөрлөлөө. Мөн Бага хурлаар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвгчид тавигдах журамыг баталсан байна. МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө баталсан учраас гуравдугаар сарын 24-ны өдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм байна. Хурлаар, сонгуульд оролцох эсэх, нэр дэвшүүлэх журам, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр батлах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн аж. 

МАЛЧДЫГ МАЛЖУУЛАХ ЗОРИЛГООР 5-8 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ХҮҮГҮЙ ОЛГОНО ГЭВ

     Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж, 35 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Малчдын амжиргааг дэмжих, малжуулах хөтөлбөрийг хэрхэн ажиллуулах вэ гэдэг Засгийн газрын тулгамдсан асуудал болж байна. Улсын хэмжээнд зургаан сая орчим мал хорогдсон. ОБЕГ-аас энэ жил хорогдох малын тоог 20 саяд хүрнэ хэмээх дүгнэлт гаргасан. Үүнийг дагаад олон малчин малгүй болох эрсдэлтэй болж байна. 20 орчим сая мал хорогдвол 20 мянган малчин өрх 70-с дээш хувийн малын хорогдолтой, зарим нь ямар ч малгүй болохоор байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын зүгээс малжуулах хөтөлбөрийг авч хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, ХНХЯ-ны дэргэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бий. 107 тэрбум төгрөгтэй сан бий. Үүнээс малгүй болсон малчдыг малжуулах зорилгоор 5-8 сая төгрөгийн зээлийг хүүгүй олгох нөхцөл хуулиар зохиуцуулагдана. Хоёрдугаарт, бэлчээрийн мал аж ахуйд жил бүр хүндрэл үүсч байгаа. Цаг агаарын нөхцөл байдлыг сөрөн давах ажиллагааг Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний дагуу ирэх долоо хоногт нэн яаралтай хэлэлцүүлэхээр хуулийн төсөлд өргөн барихаар өнөөдөр шийдвэрлэсэн. Уг хуулийн төсөлд долоон бодлогын асуудлыг долоон чиглэлд хуваахаар болсон. Үүнд, цаг уурын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах цогц төлөвлөгөөг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын түвшинд баталж хэрэгжүүлнэ. Мөн малчдын хоршоог хөгжүүлэх, хоршоог зээлийн бодлогоор дэмжих чиглэлээр ажиллана. Өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаагаар эзэмших, ашиглах, тэжээлийн ургамал тариалах боломж олгох эрх зүйн орчныг бий болгоно” гэв.

АХМАД НАСТНЫ ТЭТГЭВРИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭХЭЭР БОЛОВ

     2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Нийт 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Энэ нэмэгдэлд 449.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянга байгаа бол 100 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянган төгрөг байгаа, мөн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

    Халамжийн тэтгэвэр нэмэгдэхээр байгаа. Тэтгэвэр авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин 65,6 мянган иргэн халамжийн тэтгэвэр авдаг. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Нийт 12,8 мянган иргэнд энэ тэтгэмжийг.олгодог. 2020 онд мөнгөн тэтгэмж 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан бол 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 375 мянган төгрөг болж байгаа гэв.

БОКСЫН ХОЛБОО Э.ЦЭНДБААТАРЫГ ОЛИМПЫН ЭРХ ОЛГОХ СОРИЛ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

   МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг тус холбоо хүлээн авч, түүнийг Олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах шийдвэрийг гаргасан байна. Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр “Бид олон талаас нь ярилцаад Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, Тайланд улсад болох олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцуулах шийдвэр гаргаад байгаа” гэжээ.

    МУГТ Э.Цэндбаатар “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна. Та бүхэн минь дахин нэг удаа уужуу сэтгэлээр хандаж олимпын эрхийн сорилд 63.5 кг жинд оролцохыг зөвшөөрч өгнө үү. Уг сорилд тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явахаар болбол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна” гэсэн байв. Эргэн сануулахад, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасах шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс 2021 онд гаргасан билээ.

 10 ХҮН УГААРТАЖ, НАС БАРАВ

    Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

 

 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЦАГААТГАЖ, МАН-ЫН БАГА ХУРАЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188