• Өнөөдөр 2024-04-28

У.ХҮРЭЛСҮХ: “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 41.5 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛЛАА

2024-03-05,   796

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ой 9+” уриан дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулган нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд 9.0 хувьд хүргэх” зорилтыг хэрэгжүүлэх, ойн салбар дахь ололт амжилтаа дүгнэх, цаашдын зорилт, бодлогоо тодотгох зорилготой юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр Ойн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн ажлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
 
Өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн ойлголт хандлага, сэтгэлгээнд ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд ард нийтээрээ хамтран зүтгэж байгааг онцоллоо.
 
Цаашид ойн салбарын бодлого, эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн чадавхыг сайжруулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.
 
Ерөнхийлөгч Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн боловсруулж, батлах, ой байгалийн аясаар нөхөн сэргэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэх чадвар болон хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх нь ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудын үндсэн чиг үүрэг байх ёстой гэж үзэж байна.
 
Ойн салбарт техник, технологи, инновацын хөгжлийн ололт амжилтыг  тууштай нэвтрүүлэх, механикжуулах, технологи дамжуулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны байгууллагын бүтцийг одоогийн хүрээлэнгүүдийн салбар, нэгжүүдийг нэгтгэх замаар шинэчлэн зохион байгуулах шаардлагатайг  хэлэв.
 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулаад байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газрын тоо 452 болж, 39 зүйлийн мод сөөгний 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.
 
2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлж чадсан бөгөөд энэ жил 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм.
 

У.ХҮРЭЛСҮХ: “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 41.5 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 21:30:54
    Н.Баасанжав: Орон нутагт мод тарьж байгаа хүнийг дэмжээсэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188