• Өнөөдөр 2024-05-20

Ч.ЭНХЭЭ: УИХ-ын гишүүд дотор дөчин жилийн цаадахыг хараад дөрвөн жилдээ сайн ажиллах хүн алга

-АРДЧИЛСАН ТОГТОЛЦОО ЦӨӨН ХЭДЭН ХҮНД Л АШГАА ӨГСНӨӨС БИШ, НИЙТ МОНГОЛЧУУДЫН ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ-

Монголын Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг, хуульч, өмгөөлөгч Ч.Энхээтэй ярилцлаа. Түүнийг Их зохиолч, яруу найрагч Чойжилын Чимид агсны хүү гэдгээр нь уншигчид мэдэх билээ.

-Та байгуулалцаж явсан Ардчилсан нийгмээ өнөөдөр хэрхэн дүгнэдэг вэ. Ийм нийгэм хүсээгүйгэх хүмүүс олшрох боллоо?

-Гуч гаруй жил явсан Ардчилсан тогтолцооны нэр хүнд унаж, идээшиж өгөхгүй байна гэж хардаг. Бидний зарим нь нөгөө л нэг хуучинсаг, социалист коммунист сэтгэлгээнээс салж чадахгүй байна. Монголчууд өнөөдөр Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэрэг биш, зүгээр л ардчилсан нийгмийн зарчимд дасан зохицохыг оролдож амьдарч байгаа.  Өөрөөр хэлбэл, сэтгэлгээний шилжилтийн үе дуусаагүй байна гэж боддог. Өнөөгийн Ардчилсан тогтолцоо цөөн хэдэн хүнд л ашгаа өгснөөс биш, нийт монголчуудын хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй.

-Ардчилсан нийгэм жинхэнэ утгаараа хөгжиж чадах юм уу?

-Ойрын үед хүрэх ирээдүй харагдахгүй байна.  

-Та яагаад ийм итгэлгүй байгаа юм бэ. Ингэж харах ямар шалтгаан байна вэ?

-Ардчиллын ашгийг хүртсэн цөөн хүн төрийн эрх мэдлийг авчихаад, иргэдийнхээ болон оюунлаг сэхээтнүүдийнхээ үгийг сонсохгүй байна. Мэдлэгтэй чадвартайг нь биш долигонуур, бялдуучдаар хүрээлүүлсэн байна. Улс орны баялаг болон төсвийн мөнгийг хувийн юм шиг хэрэглэдэг хүмүүс олон байна. Үүнийгээ Ардчилсан тогтолцооны үндсэн шинж гэж баттай ойлгодог болсонд л хамаг учир байна. Тэгэхээр ойрын ирээдүйд Ардчилсан тогтолцоо жинхэнэ утгаараа хөгжих боломж харагдахгүй байна. 

Эрх баригчдын энэ ойлголт иргэдийн Ардчилсан тогтолцооны тухай ойлголттой харшлахаар нийгэмд сэтгэлгээний хямрал үүсэж байгаа юм. Тэгэхээр жирийн иргэд Ардчилалд их дургүй болсон байна. 

-Танд ямар нэгэн байдлаар дарамттай байдаг уу?

-Анх Ардчиллыг үүсгэсэн гээд биднийг их харааж, загнадаг болсон байна. “Та нар л үүнийг эхлүүлсэн шүү” гэх янз бүрийн үг өдрөөс өдөрт сонсдог боллоо. Тэгэхээр энэ тогтолцоог анх “эх барьж” авсан хүний хувьд “Надад хамаагүй” гээд зүгээр хаячихаж болохгүй байна. 

-Өнөөдөр эрх барьж байгаа хүмүүс дунд Ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн хүн алга байна. Та өнөөдрийн Засгийн газар, Их хурлын үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?

-Бидний дэвсэж өгсөн хивс, олбог дээр заларсан болохоор тэд их амар байдаг юм шиг санагддаг. Өнөөгийн эрх баригчид Ардчилсан тогтолцоог анхнаас нь өөрсдөд нь зориулж эрх мэдэлтэй, өндөр хангамжтай байлгахын тулд бий болгосон зүйл гэж үздэг. 1989 онд биднийг өвлийн хүйтэнд өнөөгийн эрх баригчдыг гаргахын тулд л тэмцсэн юм шиг ойлгодог болсон байна. “Би л удирдах ёстой, надаас өөр хэн ч чадахгүй, надгүй бол байдал дордоно” гэсэн бодолтой хүн олон байна. Үүний нэг жишээгээр энэ УИХ-ын 76 гишүүнээс Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг нэрлэж болно. 

-Яагаад та тэгж бодох болов?

-Ер нь энэ сайд, гишүүдийн ярьж хэлж байгаа, биеэ авч явж байгаа байдал, сонгуулийн сурталчилгаа хийсэн байдал зэргээс нь тэгж харагддаг. За яахав, иргэд тэдэнд итгэл хүлээлгээд сонгосон байна. Үнэхээр сонгогдсон улсууд маань энэ нийгмийн сор нь байдаг бол яах вэ, болж байна. Тогоотой сүүгээр ярьвал өрөм нь, төр улсын гоёл чимэг нь энэ УИХ-ын гишүүд мөн үү гэсэн асуудал энд яригдана. Гэтэл тэд Их хуралд олонхийн саналаар сонгогдож гарч ирчихээд, барьц алдаж, юу хэлэхээ мэдэхээ болиод эсвэл ам ангайхаараа онигоонд орчих гээд үнэхээр өрөвдөлтэй байна. “Яаж УИХ-д сонгогдсон юм бол доо” гэж бодохоор хүн олон харагдаж байна. 

Үнэнийг хэлэхэд, тэнд төрийн суудал эрх мэдэлдээ зохисон, түүнийгээ яаж ашиглаж улс орныг хөгжүүлэх вэ гэсэн хүмүүс байх ёстой. Уг нь тэгж чадна л гэж сонгогдоо биз дээ. Гэтэл өнөөгийн эрх баригчид дотор төрийн сэнтий, өндөр албан тушаалдаа зохиж, түүнийгээ  “чимэглэж” байгаа хэдэн гишүүн байна вэ. Бараг л байхгүй. 

Ихэнх нь өөрсдийгөө төрийн сэнтий, албаны унаа, цэргийн формоор гоёж байна. Цаад утгаараа сэнтийдээ багадсан, сэнтийдээ дарагдаад харагдахаа байсан, ядмагхан үг амнаасаа унагасан хүмүүс л байдаг болж дээ. Ядаж УИХ-ын чуулганы хурал дээр дээлийн хээ ярихгүй байж болно доо. 

УИХ-ын сонгуулиас хойш УИХ-ын гишүүдийн амнаас улс орны сан хөмрөгийг нэмэгдүүлэх, орлого олох талаар бодитой ганц үг хэлсэн нь “Баян хужаа нарыг сэгсрэх” гэсэн үг байна. Ийм хэмжэээнд сэтгэдэг Их хурлын гишүүдтэй байхаар улс орон хөгжиж дэвшинэ гэхэд итгэдэггүй. 

-Х.НЯМБААТАР САЙДЫН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ НЬ АРДЧИЛСАН ТОГТОЛЦООНООС ДАРАНГУЙЛЛЫН ТОГТОЛЦОО РУУ ШИЛЖИЖ БАЙГАА НЭГ АЛХАМ-

-Шинэ сайдууд тэр дундаа Хууль зүйн сайд Х.Нямбаатар сүүлийн үед нэлээд шүүмжлүүлж байна. Юм хийж байгаа хүн шүүмжлүүлдэг гэдэг үг байдаг даа. Та Х.Нямбаатар сайдыг яагаад нэр дурдах болов?

-Х.Нямбаатар сайдын хувьд ажлаа буруу эхэлж байна гэж харж байгаа. Хууль зүйн яаманд яаралтай шийдвэрлэх, овоорсон их ажил байсан уу, үгүй юү гэдгийг мэдэхгүй.   Гэхдээ хөл хорионы үеэр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаа холбооны маш олон асуудал гарч ирсэн. Ихэнх нь хуульд өөрчлөлт оруулах замаар зохицуулах шаардлагатай ажлууд байсан. Цар тахал болдгоороо болоод өнгөрнө гэж бодож байгаа бол эндүүрэл. Ковид дарагдлаа гэхэд хэдэн жилийн дараа ийм төрлийн өвчин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. 

Яг одоо Ковидын дэгдэлтээс болж илэрсэн хуулийн цоорхойг арилгах ёстой. Хожим ийм асуудал гарахад сандрах биш урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах бэлэн төлөвлөгөөтэй сууж байх хэрэгтэй. Тиймээс Хуульзүйн яам үүнд анхаарал хандуулж хуулийн зохицуулалт хаана хийгдэх, юунд өөрчлөлт оруулахаар байна гэдгийг анхаарч ажиллах ёстой. Энэ бол нэг жишээ нь. Гэтэл энэ үед Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн гүтгэх тухай заалтад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ бол үнэхээр цагаа олоогүй ажил. 

Тэр тусмаа өөрийнх нь гомдлоор үүсгэсэн хэрэгт жүжигчин Навчааг яллагдагчаар татсантай давхцаад байгаа нь бүр ч онцгүй байна. Цаад утгаараа нэр хүндэд нь халдсан гээд байгаа хүмүүст өширхсөндөө хуульд өөрчлөлт оруулж байна гэж ойлгогдохоор болчихлоо. Өөрөө тэгж бодоогүй ч байж магад. Гэхдээ хөндлөнгөөс тэгж л харагдаж байна. Хууль батлагдахаараа бүгдэд адил тэгш үйлчилдэг. Энэ утгаараа энэ заалтаар төрийн дундаас дээгүүр албан тушаал хашдаг хүмүүсийг шүүмжилж болохгүй нь. Жишээ нь “ЖДҮ-ээс мөнгө завшлаа, оффшорт мөнгөө байршууллаа эсвэл албан тушаалаа ашиглан төсвийн мөнгийг хувьдаа завшлаа” гэж хэлэх, шүүмжлэх эрхгүй болно гэсэн үг. 

-Сэтгүүлчдээс гадна жирийн иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхээ хязгаарлуулах болчихоод байна гэдэгт олон нийт дургүйцээд байна. Мөн торгох, яллах заалтыг чангаруулсан байсан. Энэ нөгөө таны байгуулалцсан Ардчилсан нийгэмд байж болох зүйл мөн үү?

-Энэ бол хамгийн ноцтой зүйл. Сайдын санаачилсан хуулийн өөрчлөлт нь Ардчилсан тогтолцооноос дарангуйллын тогтолцоо руу шилжиж байгаа нэг алхам гэж харагдаж байна. Үүнийг шулуухан хэлэхээс өөр аргагүй. Эрх баригчид нэг талдаа хуучин сэтгэлгээнээс салаагүй. Нөгөө талдаа анх Ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн бидний үгийг сонсдоггүй. Энэ талаар сонирхож, судлахгүй болохоор сүүлийн үед хуучин нийгмийн аргаар удирдах арга барил илэрч байна. 

-Х.Нямбаатар сайдын хувьд хуулийн салбарт туршлага дутаж байна гэж олон нийт дүгнээд байх шиг?

-Х.Нямбаатарын хувьд боловсрол мэдлэг, ажлын туршлага үнэхээр дутаж байна. Гэхдээ нэг юм байна. Өнөөдөр Ч.Энхээ, Х.Нямбаатар хоёр найз байлаа гэж бодъё, Гэтэл Х.Нямбаатар УИХ-ын гишүүн болчихсон. Яаж болсон гэдэг нь энд хамаагүй. Тэгээд Х.Нямбаатар “Би дарга, сайд, гишүүн болчихлоо, би ухаантай хүн юм байна. Ч.Энхээ дарга болж чадаагүй юм чинь тэнэг байж таарах нь” гэж ойлгоод надтай харьцах харилцаа нь яравгар, ихэмсэгдүү болоод ирдэг байхгүй юу. Тэгэхээр энэ хувь хүний мэдлэг, хандлага, туршлага бүх юм нөлөөлнө. Яг үнэндээ Х.Нямбаатар боловсролын тал дээр үнэхээр дутагдалтай харагдаж байна лээ. 

-Залуу хүн юм чинь суралцаад, туршлагажаад явна гэж Хуульзүйн сайд асан Ц.Нямдорж хэлж байсан шүү дээ?

-УИХ-ын гишүүн, сайдын суудал чинь хүнийг сургаж авдаг суудал биш шүү дээ. Ирсэн хүн ажлаа шууд л эхлэх ёстой. Түүнээс биш, нэг хоёр жилдээ суралцаад сүүлийн хоёр жил нь ажиллая гэж байна. Тэгвэл дөрвөн жилээр сонгогдож яах гээд байгаа юм. Их хурлын гишүүн болохоосоо өмнө суралцах хэрэгтэй биз дээ. Нэг ийм гаж тогтолцоо яваад байна. 

-Өнөөдөр энэ нийгэмд төрийн алба, төр гэдэг нэр л хамгийн “муу жишээ” болж яригдаж байна. Та үүнийг хэрхэн хардаг вэ?

-Ер нь төрийн албан хаагч хүн нийгмийн өмнө тулгамдсан аливаа асуудлыг хамгийн богино хугацаанд хамгийн бага зардлаар хамгийн үр дүнтэйгээр шийдэх гарц гаргалгааг олох үүрэгтэй байдаг. Үүнээс өөр үүрэг төрийн албан хаагчид байдаггүй юм. Өнөөгийн байдлаас харахад эрх баригчид нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх үүргээсээ  аль болох зугтаагаад байна.  Тэд тулга тойрсон жижиг сажиг асуудлаар нэр хүндээ өсгөх гэсэн аргад илүү анхаарал хандуулж байна. Ийм хандлагаар Ардчилсан тогтолцоог бэхжүүлж, улс орныг хөгжүүлнэ гэвэл үлгэрийн далай. 

“Дэлхийн хэмжээнд сэтгэж, бүсийн хэмжээнд хэрэгжүүл” гэсэн үг байдаг. Энэ үгийг өнөөгийн төр засгийн үйл ажиллагаатай уялдуулж харах юм бол “40 жилийн цаадахыг харж байж, дөрвөн жил удирд” гэж хэлж болно. Өнөөдөр УИХ-ын гишүүд дотор дөчин жилийн цаадахыг хараад дөрвөн жилдээ ажиллах гишүүн ер нь алга байна. 

Ардчилал гэдэг нь дарангуйлагч нийгмийн үед иргэдийн доторх бугшсан эрчим хүчийг чөлөөлдөг систем. Аль болох ажиллах, бүтээх, хөгжих хүслийг өдөөдөг нийгмийг ардчилал гэдэг. Би тэгж ойлгож энэ ардчилсан нийгмийг бий болгосон. Төр ямар зорилготой байдаг вэ гэхээр энэ чөлөөлөгдсөн эрчим хүчийг хөгжүүлэхэд чиглүүлээд дээд зэргээр ашиглах явдал. 

-Бид өнөөдөр төр засгаа хүссэнээрээ шүүмжилж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь Ардчилсан нийгмийн шинж мөн үү?

-Иргэд бухимдаад эрх баригчдыг шүүмжлээд тал, талаас нь “барьж идчих” гээд байна гэдэг чинь өөрсдийнхөө дотоод эрчим хүчийг гаргаж чадахгүй байгаа, гаргахад нь төр засгийн зүгээс саад учруулаад байгаагийн нэг хэрэг. Иргэдийн дотор буцлаад байгаа эрчим хүчийг гаргах боломжийг нь төр тавьж өгөхгүй болохоор нийгэм тэр чигтээ бухимдалтай байна. 

Би нэг ийм зүйл санаачлаад хийе гэхээр өчнөөн олон зөвшөөрлөөр саад хийдэг, олон даргын гарын үсгээр, эсвэл авлига нэхэгддэг.  Арай гэж зөвшөөрөл олоод ажлаа эхлье гэхээр өчнөөн олон шалгалт оруулаад, дарамтлаад байдаг учраас хүмүүс бухимдаад байна. Хэрэв төр өөрөө хэвийн ажиллаад иргэдэд боломж олговол иргэдийн хувьд төр засгаа шүүмжлээд, хэрүүл маргаан хийгээд явах завтай ч хүнгүй болно. 

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиудад дахин дахин өөрчлөлт оруулаад байх нь хэр зөв юм бэ?

-Хуульд өдөр бүр өөрчлөлт хийх шаардлага ч гарч магадгүй. Парламентын үйл ажиллагаа яагаад байнгын байдаг вэ гэхээр нийгэмд бий болж байгаа  шинээр гарч ирж байгаа асуудал болгоныг тэр дор нь зохицуулж байх ёстой. Ковид гээд шинэ өвчин гараад ирлээ. Энэ үеэр 22-ын товчоон дээр хүн нас барсан асуудал гарлаа. Шаардлагатай үед УИХ хурал шууд хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ гэж байна. Гэтэл саяхан өөрчлөлт оруулчихсан юм чинь гээд хүлээгээд суугаад байж болохгүй. Тиймээс дор бүр нь засаад явах ёстой. Хугацаанд бол хамаарал байхгүй. Харин хуулийг яах гэж ямар зорилгоор өөрчилж байна вэ гэдэг чинь л хамгийн чухал. Үнэхээр “Хоолойд тулгасан хутга” шиг асуудал гараад ирсэн бол тэр хуулинд өдөр шөнөгүй ажиллах шаардлага гарч ирж болно. 

-Тэгвэл Х.Нямбаатар сайдын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа заалт нь үнэхээр яаралтай хийх ажил мөн үү?

-Тулгамдсан асуудал биш. 1990 оноос хойш намайг янз бүрээр бичсэн. “Хятадын эрлийз, аав нь есөн гудамжны хятад хүн байсан” гэж их бичсэн дээ. “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн, би” гэдэг шүлгийг бичсэн Ч.Чимид гэж хүний хүүхэд гэдгийг мэддэггүй хүн байдаг л юм байна. “Хулгайч, мэдрэлийн өвчтэй, архины цагаан солиотой” гэж мөн ч их хэлэх хэлэхгүй үгээр хэлүүлсэн дээ. Би өнөөдрийг хүртэл ямар сонин, сэтгүүл, сэтгүүлчийг  шүүхэд өгөөгүй. 

Тэгсэн Х.Нямбаатар гэв гэнэт “хүн гүтгэх асуудал чинь нийгэмд бугшчихсан юм байна, энийг бушуухан өөрчилье” гээд дайраад байна. Үүнээс өөр шийдэх өчнөөн асуудал байна. Цар тахлын үеэр хүмүүсийн амьдралын түвшинг яаж дээшлүүлэх вэ, улс орны орлогыг яаж нэмэгдүүлэх вэ, Оюутолгойн гэрээг яаж өөрчилж, орж ирэх орлогыг нь нэмэгдүүлэх вэ, хууль шүүхээ яаж шинэчлэх вэ гээд бодох, хийх ажил зөндөө байна. Гэтэл намайг жүжигчин гүтгэчихлээ, ер нь гүтгэлгийн заалтыг чангалах хэрэгтэй юм байна гээд байвал ажил чинь явахгүй шүү дээ. 

-Та бас хуулийн салбарт ажилладаг хүн. Хууль зүйн аль сайдын үед хуулийн салбарт шинэчлэлт, өөрчлөлт гарсан гэж үздэг вэ?

-Ц.Нямдорж сайдын үе нэлээд мэргэшсэн гэж хардаг. Гэхдээ их дураараа хүн байсан. УИХ-ын баталчихсан хуулийг ард нь засвар оруулсан гээд нэлээд асуудал дагуулж байсан. Ц.Нямдорж сайдын үед хуулиуд мэргэжлийн түвшинд гарч ирсэн нь үнэн. 

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа.


Ч.ЭНХЭЭ: УИХ-ын гишүүд дотор дөчин жилийн цаадахыг хараад дөрвөн жилдээ сайн ажиллах хүн алга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188