• Өнөөдөр 2024-05-12

Улс төрийн том “ам”-тууд

Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент үүсэж, хөгжсөний  30 жилийн ой энэ жил тохиож байна. Хүнээр бол хийж бүтээх идэр насандаа хүрч байна гэж үзэж болно. 1992 оноос хойш найман удаа сонгууль явуулж, парламентад давхардсан тоогоор нийт 676 хүн гишүүнээр сонгогджээ.
 
Ийн бүх цагийн үеийн гишүүдээс хурц, түрэмгий араншин, “эсэргүү” үйлдлээрээ олны анхааралд өртсөн улстөрч цөөнгүй. Тэдний сүржин мэдэгдэл, популист амлалтууд нь хэсэгтэй сенсаци тарьж, цаг тухай бүртээ олныг гайхшруулж байв. Төр төлөөлж буй гишүүд улс орноо манлайлан удирддаг учир дотроо бодолтой, ул суурьтай, аливаад хүлээцтэй байх нь хамгийн эхний шалгуур. Гэтэл улстөрчдийн хийрхэл хэрээс хэтрэх үе бишгүй. Хачин жигтэй үйлдлээрээ олны анхаарал татаж байсан улстөрчдийг танилцуулъя.
 
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай
 
Тэрбээр 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшин, сонгогдсоноос хойш тасралтгүй гурван удаа парламентад суусан. Анх УИХ-д бие даан нэр дэвшиж гишүүн болсон ч удалгүй АН-д элсэж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, хэсэгтэй мандаж явсан нэгэн. 2006 оноос Засгийн газрын гишүүн болж Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байв. 2015 онд Ардчилсан намаас гарч, “Ард түмнээ хайрлая” хэмээх шинэ нам байгуулсныхаа дараа 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Баянзүрх дүүрэгт хүч үзсэн ч өвдөг шороодсон. Харин энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд төрөлх нутаг Хөвсгөл аймагтаа нэр дэвшиж, гаднын улсаас сонгуулийн сурталчилгаагаа явуулсан ч дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, гишүүн болж чадаагүй билээ. Түүний хачин жигтэй үйлдлүүд нь заримдаа  төр төлөөлж байсан гишүүн мөн үү гэж асуухад хүргэмээр. Л.Гүндалай Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байх үедээ “Бэлгэвч, бэлгэвч бас дахин бэлгэвч” хэмээн төрийн ордонд хэнэгч үгүй хэлж байсан.  “Монголоороо байгаасай” хэмээх дууг дуулж, клип хийлгэсэн нь олны чихийг дэлдийлгэж нүдийг хужирласан үйлдэл байв. Түүгээр ч барахгүй Баян-Өндөр ууланд газрын маргаантай асуудал үүсгэж, гол тоглогч болсон. Ингэхдээ иргэдийг “Хүссэн газраа очоод шон хатга. Хэдэн ч хүн байсан очоод газраа ав. Зүгээр л очоод авцгаа. Эрдэнэтийн ногоон бүс хамаа байхгүй. Зориг, зүрхтэй нь авч, байхгүй нь чацга царайлаад явж унт” хэмээн иргэдийг өдөөн турхирч байсан удаатай. 
 
УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан
 
“Буян”-гийн хэмээх тодотголтой Б.Жаргалсайхан нь 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрд дөрвөн жил түшээ хийсэн. 2006 онд Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн “амбиц”-тай нэгэн. Тэрбээр Ардчилсан намаас өрх тусгаарлаж, Бүгд найрамдах нам хэмээх улс төрийн хүчин байгуулснаар өнөөдрийг хүртэл намынхаа даргаар ажиллаж байгаа. Түүнийг сайн улстөрч гэхээс илүүтэй сайн бизнесмен гэх нь бий. Учир нь түүнийг урд хөршөөс 10 төгрөгөөр бараа худалдан авч, хойд хөршид түүнийгээ хэд дахин нугалж, зараад хөрөнгөө арвижуулсан гэх цуу яриа байдаг. Хурц, ширүүн үйлдэл, хэгжүүн яриа нь түүнийг “хэрэгт” унагаадаг гэхэд хол зөрөхгүй л болов уу. Хамгийн тод жишээ дурдахад, тэрбээр “Eagle” телевизэд ярилцлага өгөх цагаасаа хоцорч, сэтгүүлчийг нь камерын өмнө заамдаж авсан удаатай. Тэрбээр “Би чиний ажилтан юм уу, ална шүү гөлөг минь” хэмээн тавьтаргүйтсэн нь хэсэгтээ шуугиан тарьж байв. Б.Жаргалсайхан энэ удаагийн ээлжит сонгуулиар ШИНЭН-тай эвсэж, 25 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон билээ.
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
 
“Ард түмнээ хүндэтгэж байна” хэмээн үг хэлэх бүртээ зогсож хэлдэг нь түүнийг “Босоо” Ганбаа хэмээх хочтой болгосон. “Үйлдвэрчний” хэмээх тодотголтойгоор УИХ-д орж ирсэн тэрбээр 2012-2016 онд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж, гишүүн болж байв. С.Ганбаатарын хувьд жагсаал, иргэний хөдөлгөөн түүний нэрийн хуудас нь гэж болно. 2005-2007 онд “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж, Ж.Батзандан, О.Магнай нартай хамтран жагсаал зохион байгуулахдаа бараг л “мэргэшиж” байсан. Улмаар 2012 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны тэргүүнээр ажиллаж, ам.долларын ханш, үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаалыг дүн өвлийн хүйтэнд зохион байгуулж байв. Тухайн үед хөгшчүүлээр хүч нэмсэн тэдний тэмцэл төдийлөн үр дүнд хүрээгүй юм. С.Ганбаатар 2016 онд МАХН-ыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч ялагдаж хүлээж, хэсэгтээ улс төрөөс ангид нам гүм амьдарсан. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшиж, МАХН-ыг төлөөлж гишүүн болоод буй. “Эрдэнэт” үйлдвэр,  Оюутолгойтой холбоотой уул уурхайн томоохон асуудлуудыг барьж авч, олны анхааралд өртөх аргаа олчихсон нэгэн. Найм дахь удаагийн парламентын гишүүнээр сонгогдсон даруйдаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй  юм ярьж, инээлдэж буй бичлэг нь цацагдсанаар хэсэгтэй л цахим орчинд шуугиан тарьсан билээ.
 
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү
 
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж, хуурай дүү нь хэмээн хүзүү толгойгоо нийлүүлэн МАХН-ыг төлөөлж төрд сонгогдсон гишүүн бол О.Баасанхүү. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр 2012 оноос дараалан хоёр удаа УИХ-д сонгогдож, найман жил гишүүнээр ажиллахдаа дуу шуутай, заргач гишүүдийн нэг байв. Өөрийгөө сэтгүүлчдэд нээлттэй гишүүн хэмээн зарлаж, чуулганы хуралдаан дээр “Ганцаараа хүч дутаж байна” хэмээн шууд дамжуулалт  хийж байсан  удаатай. Найман жил МАХН-ыг төлөөлж, төр түшилцсэн ч хэгжүүн, хийрхсэн зангаасаа болсон уу намынхандаа ад үзэгдэж, хуурай ах Н.Энхбаяраасаа нүүр буруулсан. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намд элсэж, нохой, гахайгаараа дуудалцаж явсан С.Эрдэнэтэйгээ гар барилцсан. Ингээд төрөлх нутагтаа Ардчилсан намаас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн билээ. Ардчилсан намд элссэнийхээ дараа тэрбээр “МАХН-даа амжилт хүсье, Надгүйгээр ялаарай. МАХН-ын удирдлагууд намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. АН-д элсэж сөрөг хүчин болно” хэмээн өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байв.
 
УИХ-ын асан Ж.Батзандан
 
Өнгөрсөн парламентын топ поп гишүүнээр Ж.Батзандан тодорхойлогдоод буй. Жагсаал, цуглаан зохион байгуулж, индэрийн өмнө өндөр дуугаар хоолой шахан ярихаас өөрөөр гишүүн байх хугацаандаа хийж гийгүүлсэн ажил түүнд ховор. Тэрбээр 2016 Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон ч УИХ-ын гишүүн асан Л.Болдтой хоршиж, Шударга иргэдийн нэгдсэн нам хэмээх шинэ нам байгуулан өрх тусгаарласан. Үүнийгээ тэрбээр “Би сайн дураараа намаасаа гараагүй. Л.Болд бид хоёрыг намаасаа хөөсөн” хэмээн тайлбарладаг. Ингээд шударга ёс, “МАНАН, мафийн төлөө тэмцэнэ” хэмээн У.Хүрэлсүхээр ахлуулсан таван гишүүний нэг болж, хэсэгтэй олны анхаарлын төвд ороод байсан юм. Тэдний улс төрд өөрсдийгөө дөвийлгөх гол сэдэв нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг байв. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж, “И.Оспан баатар байгаагүй бол, Х.Чойбалсан гуайтай тохиролцоогүй бол баруун хязгаар магадгүй харийн түрэмгийлэгчдийн гарт өртөх байсан. Та бүхэн энэ газар нутгаа авч үлдэж чадсан юм шүү. Би казах түмэндээ баярлаж явдаг” хэмээсэн нь олны шүүмжлэлд өртсөн билээ. Хамгийн сүүлд тэрбээр сонгуулийн санал тоолох төхөөрөмжид гаднын нөлөө орсон хэмээх сүржин мэдэгдэл хийгээд алга болсон.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх
 
 Ерөнхий сайдын албанд хоёр дахь удаагаа улиран томилогдсон У.Хүрэлсүх поп улстөрчдийн тэргүүн эгнээнд бичигддэг. Энэ жил МАН УИХ-д үнэмлэхүй олонх болоход түүний нөлөө нэлээд байсан. Намын залуу гишүүдтэйгээ үй зайгүй нөхөрлөж, өмнөх Ерөнхий сайд М.Энхболдыг суудлаас нь буулгасан зайтай улстөрч. Үүндээ хэтэрхий онгирч хэтрүүлчихдэг сул талтай. 2000 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгийнхан түүнд итгэл хүлээлгэж төрд илгээснээр МАН-д өнөөдрийг хүртэл гол хүчний үүргийг гүйцэтгэж байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон тэрбээр халамжид дулдуйдсан бодлого явуулж, ард түмэнд таалагдах, рейтингээ өсгөх шийдвэр гаргаж байна гэх шүүмжлэлд өртөөд буй. Ерөнхий сайдын суудалд суухдаа У.Хүрэлсүх “Сэлмээ хуйнаас нь сугална, авлига хээл хахуультай тууштай тэмцэнэ” хэмээж сэлэм хочтой болсон.
 

Улс төрийн том “ам”-тууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188