• Өнөөдөр 2024-04-26

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЭРГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД

-АРВАН ХЭДЭН ГИШҮҮНЭЭ УИХ-ААС ЯВУУЛАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ЭВЛЭРЭХ ҮҮ-

Монголын улс төрийн фракциуд хэн нь том байхаа үзэх гээд ид “халуурч” байна. “Халуун”-аа буулгаж, нэр, үйл муу гишүүддээ хуулийн хариуцлага тооцуулж, “эдгэрч” авах уу эсвэл улангасталаа улстөржсөн “халуунаа” дарж чадалгүй Засгаа унагаж, бүгдийг шинээр эхлэх үү гэх сонголтын өмнө зогсоцгоож байна.

МАН-ын удирдлагууд болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлига, албан тушаалын хэрэгтэнд хуулийн хариуцлагыг нь заавал үүрүүлнэ. Давс мэт шорвог шийдвэрүүдээ гаргасаар, үгсээ хэлсээр байх болно” гэж үнэн л хэлсэн бол Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын ес, авлига, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн үндэслэлээр шалгагдаж байгаа А.Адъяасүрэн, Б.Бейсэн гээд багадаа 15 гишүүн УИХ дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадалгүй “буцах” ёстой. Хэрвээ ингэж хуулийг шударга сахиулах шинэчлэлийг УИХ-ын дарга зоригтой хийж чадвал түүний нэр хүнд өмнө байгаагүйгээр өсөхөөс гадна ирээдүйн хэдэн жилдээ санаа зовохооргүй дархлаа сууна. Үүнийг тооцоолсон спикерийн фракц хөдөлгөөнд оров уу, үгүй юү Ерөнхий сайдынхан сөрсөн базаа хийсний нэг нь Ё.Баатарбилэг байлаа.

  Эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглах гэх мэт төрийн албанаас гардаг гэмт хэргүүдэд орооцолдоогүй, үүнийг ашиглаагүй хүн Саарал ордонд, улс төрд нэгээхэн ч үгүй гэхэд хилсдэхгүй. Гол нь хэзээ, ямар шалтгаанаар, юуны учир хэнийг зарлах вэ, айлгах вэ, яллах хүртэл нь “тунхаглах” вэ гэдэг л улстөрчдийн нүүдэл байдаг. Ямар тохироо хүсэж, юу хөндсөнөөрөө нүүдэл нь хожил болдог тул улстөрчид бие биенийхээ саар, муу мэдээллийг дата болгоод сууж байдгийг дэлхий нийт мэдэх билээ. Энэ жишгээр “УИХ-ын даргыг хатгах нэг цэг нь Ё.Баатарбилэг болчихов уу” гэх яриа Саарал ордноос түгэж байна. Гэхдээ Ё.Баатарбилэг юуны ч хатгуур, хөндүүр байсан эрх мэдэл, албан, тушаалаа урвуулан ашиглаж, бусдын боломжийг танил талдаа хулгайлан авч өгч, шан харамж, авлига авах ёсгүй тул түүнтэй холбоотой үүсээд байгаа асуудал хууль, хяналтын байгууллагаараа шийдэгдэх нь зүй биз. Харин улс төрийн өнцгөөсөө хөөвөл Ерөнхий сайдын фракц нэлээд сандарч байгаа бололтой. Зүй нь бол спикертэй нийлээд УИХ-ын гишүүдийн хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох ёстой Ерөнхий сайд фракцын хүмүүсээ өмгөөлөхдөө шинэ баримтууд дэлгэж эхэлсэн нь тэдний харилцаа эрс хүйтэрснийг илтгэнэ. Энэ тохиолдолд хэн зоригтой нь үлдэх нөхцөл Монголын улс төрд өрнөж, үнэндээ гал авалцаж байна.

Залуухан Ерөнхий сайд зөв хөдөлбөл Засгаа ч авч үлдэнэ, намаа ч цэвэрлэнэ, нэр хүндээ ч өсгөнө. Амбиц, авсан өгсөнтэйгээ зууралдвал танхимаа огцруулаад, танил технологиор хэдэн хүний бичлэг, баримт дэлгээд бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ч юмгүй, шинэ сайдуудад салбарыг нь танилцуулах гэж үйлээ үзсээр дуусна.

Спикер зоригтой байж чадвал үе үеийн УИХ-д байгаагүй реформ, шударга ёсыг бий болгож, УИХ-д шинэ дэг жаяг тогтоож ч мэднэ. Гол нь хүний, өөрийн гэхгүй авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бүгдэд хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх эс бол хэлмэгдсэнээ тогтоолгох хүртэл нь УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж чадвал түүний УИХ-ын дарга болсны гавьяа гарна. Энэ тохиолдолд хэчнээн гишүүн, ямар асуудлаар гишүүнээсээ буцах “шаардлага”-аа хангачихаад байгааг сонирхоод үзье.

Н.АЛТАНХУЯГ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Говийн зам” ХХК-ийн захирал Г.Саранбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн 2011 оны аравдугаар сард Гашуунсухайтын 239 километр замыг “Энержи Ресурс” ХХК  ашиглалтад оруулж, “Говийн зам” ХХК нь авто замын ашиглалтын үйл ажиллагааг хариуцан явуулж байлаа. Тус замыг концессын гэрээгээр ашиглалтад оруулж, Засгийн газар өндөр үнээр худалдан авсан байдаг. Тухайн үеийн сайд Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Засгийн газрын хэд хэдэн тогтоолыг ноцтой зөрчиж, концессын гэрээгээр ашиглалтад оруулсан замыг улсад өндөр үнээр худалдан авсан хэрэгт буруутгасан гэнэ.

        Өөрөөр хэлбэл, “Говийн зам” ХХК нь Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замыг байгуулж, засвар арчлалт, ашиглалтыг нь хариуцах зорилготойгоор 2010 оны гуравдугаар сард “Энержи ресурс” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Авто замын тухай” 83 дугаар тогтоолын хүрээнд толгой компани “Энержи ресурс” ХХК-иас олгосон санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайтын хилин боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замыг 2011 онд барьж, уг замын ашиглалт, засвар үйлчилгээ, арчлалт, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор уг хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэхээр болсон байдаг.

               Энэ бүх ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Говийн зам” ХХК-ийн захирал Г.Саранбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар оролцсон нь байж болзошгүй нөхцөл байдал илэрч, тэднийг яллагдагчаар татах хүсэлтэйгээр хэргийг прокурорт шилжүүлж байгаа гэнэ.

Ё.БААТАРБИЛЭГ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад илт давуу байдал олгосон, их хэмжээний авлига авсан үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын явцад түүнтэй холбоотой хоёр ноцтой баримт илэрсэн тул яллагдагчаар татсаныг албаны эх сурвалж мэдээллээ.

      “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг нь  Хөгжлийн банкнаас 2017 онд 21 сая ам.долларын зээл авсан байдаг. Уг зээлийг авахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, туслалцаа үзүүлж, хариуд нь их хэмжээний авлига авсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс жолоочоороо дамжуулж, 100 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг нарын авлигын мөнгийг жолооч нь дамжуулсан гэсэн үг. 

       Мөн өөр нэг ноцтой баримт нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдсон гэнэ. Тэрбээр гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй LX570 автомашин, өндөр зэрэглэлийн орон сууцныхаа төлбөрийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.

Г.ДАМДИННЯМ, Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан байна. Мөн тэдний ар гэрт нэгжлэг хийж, хууль зөрчсөн баримт нотолгоо олсон гэх мэдээлэл бий. Ерөнхий сайдын зүгээс тэднийг өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзахыг зөвлөсөн гэдгээ ч өөрийн биеэр мэдэгдсэн.

Л.ЭНХ-АМГАЛАН

БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг муур, нохойн хоол үйлдвэрлэхээр Хөгжлийн банкнаас 11 тэрбумын зээл авсан “Монгема” компанид давуу эрх олгон зээл авахад нь нөлөөлсөн хэмээн үзэж, түүнийг шалгаж байгаа билээ. Хэрвээ үнэхээр тус компанид эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу эрх олгосон нь тогтоогдвол тэрбээр хуулийн хариуцлага хүлээх нь дамжиггүй.

Б.БЯМБАЦОГТ

Түүний хамаарал бүхий "Вестерн Холд" ХХК нь Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч төлөөгүй гэх асуудал хөндөгдсөөр байгаа. Үүнд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хөгжлийн банкнаас "Вестерн Холд" ХХК-ийн авсан зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа. Мөн 2019 онд авсан, хугацаа хэтрээгүй зээл юм билээ. Гэтэл үүнийг надтай холбож, хууль бусаар авсан юм шиг, зээлээ төлөхгүй зугтаад байгаа мэт ярьж байна. Ийм зүйл байхгүй. Өнгөрсөн 2012 онд авсан зээлүүд төлөгдөөгүй явж байна. Нийт 66 төслөөс 50 орчим нь төлөөгүй, хугацаа хэтэрсэн гэх асуудал яригдаж байна. Хийж, бүтээж байгаа орлогыг нухчин дарж, гүжирдээд байвал үйлдвэрлэл явуулах хүн байхгүй. Томхон төслөө дэмжих ёстой. Харин авсан зээлээ төлөхгүй, хугацаа хэтэрчихсэн, зориулалтын бусаар ашиглаж байгаа нөхдөд хариуцлага тооцох ёстой" гэх тайлбарыг өгсөөр байгаа билээ. Гэсэн ч түүнийг уг хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах гишүүдийн жагсаалтын эхэнд онцолж байгаа билээ.

Ч.УНДРАМ

Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшдэг “Вояжер минерал ресурсес” ХХК 10.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээл авсан байдаг. Уг зээлийг бүрэн барагдуулсан гэж байгаа ч Ч.Ундрам албан тушаал, эрх мэдлээ ашигласан хэргээр шалгагдаж байгаа.

Д.ӨНӨРБОЛОР

АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж буй.

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Авлигатай тэмцэх газар, МХЕГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг оффшор бүсэд данстай улс төр, бизнесийн “томчууд” мөнгөө Монголд оруулж ирж, тансаг зэрэглэлийн барилга барьж зарах байдлаар угаасан байж болзошгүй ноцтой хэргийн сэжүүр илрүүлжээ.  Тиймээс дархан цаазат Богд хан уулын амуудыг самнаж, тэнд баригдсан үнэтэй тансаг амины болон орон сууцнуудыг хэний ямар компани барьсан, санхүүжилт нь хаанаас гарсан, газрын зөвшөөрлөө ямар замаар авсан, хууль зөрчсөн эсэх гээд бүх мэдээллийг эхнээс нь нягтлан шалгаж, цаад эздийг нь илрүүлэх ажиллагааг хууль, хяналтынхан эхлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-д өргөн барих бололтой.

Ц.АНАНДБАЗАР

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагад удаан хугацаанд шалгагдаж байна. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд хүргүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн бөгөөд прокурорын байгууллагаас хэргийг хянаад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдсон эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой. Гэвч тэр өнөөдрийг хүртэл танил тал, албан тушаалаа ашиглан хэргээ гацааж чадаж байгаа ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын “тулаан”-ы дүйвээнийг тэсэж чадахгүй л болов уу.

Б.ПҮРЭВДОРЖ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа билээ. Мөн ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, улсад 276 сая төгрөгийн хохирол учруулсан, Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр түүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хавар согтуугаар автомашин жолоодож, зам тээврийн осол гаргасан. Энэхүү хэрэг нь юу болсныг олон нийт одоог хүртэл сонирхож байгаа.

А.АДЪЯАСҮРЭН

А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн болсон өдрөөсөө л ачаа тээврийн С зөвшөөрлийн асуудлаар хууль, хяналтын байгууллагад шалгуулж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Өнөөдрийн хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байна. Тэрбээр АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.доллар өгсөн гэх авлигын хэргээр яллагдагчаар татагдан шалгуулж буй. Тус хэргийг АТГ-аас УЕПГ-т шилжүүлсэн бөгөөд УЕПГ хянаад Эрүүгийн хуулийн 22.4-2 буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕН

Баян-Өлгий аймгаас сонгогдсон Б.Бейсен гишүүнийг тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн эмч нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт татан шалгаж байгаа юм. УИХ-ын Б.Бейсэн тэргүүтэй 59 хүнийг Эрүүгийн хуульд заасан хахууль авах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Тус хэрэг түүнийг УИХ-ын гишүүн болохтой зэрэгцэн сөхөгдсөн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

С.ОДОНТУЯА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг нөхрийн хамт вакцины татан авалтад саад учруулсан хэмээн зарлаж, улмаар АТГ-т шалгуудлахаар өгсөн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяаг Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудад нөлөөлж, найзынхаа барааг гаалийн татвараас хөнгөлүүлсэн, мөн хөнгөлүүлсэн бараанаас иргэдэд үнэгүй тараасан гэх үйлдлийг нь тусгаарлан, АТГ-т шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын гаалийн газрын улсын гурван байцаагч болон гадаадаас бараа импортлон борлуулдаг иргэн буюу УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн найз гэх иргэн хахуулийн хэргээр ял сонссон аж.

Х.БОЛОРЧУЛУУН

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлсэн байдаг. Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг, баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм. Мөн үүгээр ч зогсохгүй тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь “Дорнод гурил” ХХК-ийг ЖДҮ эрхлэгчээр бүртгэж, авч байжээ. Тодруулбал, тэрбээр бүртгэж авсан албан бичигтээ “Танай компаниас (РД: 20111255) ирүүлсэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлт болон холбогдох материалуудыг судалж үзэхэд ЖДҮ-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн болохыг үүгээр уламжилж байна” хэмээжээ.

Тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь жилийн 2.6-8.3 тэрбумын борлуулалттай тус компанийг ЖДҮ эрхлэгч хэмээн хууль бусаар бүртгэсэн гэсэн үг. “Дорнод гурил” ХХК-ийн борлуулалт жил ирэх тусам өсөн нэмэгдэж, 2011 онд 2.6 тэрбумын борлуулалттай байсан бол ЖДҮХС-аас зээл авахынхаа өмнөх жил 8.3 тэрбум болж өссөн байна. Энэ нь Х.Болорчулуун гишүүн албан тушаалаа ашиглаж, хэдэн тэрбумын орлоготой хувийн компанидаа иргэдийг боломжийг хулгайлж, боломж олгосон гэсэн үг юм.

Хууль хяналтын байгууллагаас хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс гадна сангаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр Х.Болорчулууныг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж, УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эгүүлэн татах албан бичгийг УИХ-д хүргүүлбэл түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлэн шалгах үндэслэл бүрдэх юм.

Тэдний дээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын “гацсан” хэрэг нэмэгдэж, тэр ч мөн гишүүний бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж амжилгүй эгүүлэн татагдах магадлалтай.

ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ДАРААХ ТОХИОЛДОЛД ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

 

            УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хуульд ингэж заажээ.

9 дүгээр зүйл.УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх

9.1.УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ:

9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан;

9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан.

9.2.Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 9.1.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай УИХ-ын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.

9.3.УИХ, чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

9.4.УИХ чуулганы чөлөө цагт энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

9.5.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

9.6.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана.

9.7.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.

9.8.Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

10 дугаар зүйл.УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

10.1.Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:

10.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;

10.1.2.Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн;

10.1.3.Хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн;

10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн;

10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн;

10.1.6.Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;

10.1.7.нас барсан.

10.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.

10.3.Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

 


ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЭРГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188