• Өнөөдөр 2024-04-20

“Болор цом”-ын эзэн Б.Жамбалдорж: Цом хүртсэн шүлгээрээ хүний амьдралын эргэлтийг дуулсан

2020-01-08,   1201

Бургасан унь нь хотолзсон дөрвөн ханатын хойморт эгшиглэнт эх Янжинлхамын дүрийг өлгөж, наана нь сан май уугиулжээ. Өчигдөрхөн олон найрагчийн цөсийг огшоож, зоригийг хурцалж, шүлгийг билүүдэж байсан “Болор цом”-ыг ч мөн энэ гэрийн хойморт залжээ. Хамаг муу бүхнийг арц гангын утаагаар ариутгасан энэ айл бол Б.Жамбалдоржийнх. Тэрбээр Монголын радиогийн эфирийн найруулагчаар ажилладаг бөгөөд Г.Сэр-Одын шагналт яруу найрагч төдийгүй зураач нэгэн юм. “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” хэмээх номоо хэвлүүлээд ойр дотныхондоо дурсгаж амжилгүй, их найрагч Д.Нацагдоржийн нутгийг зорьсон Б.Жамбалдорж “Янжинлхам”-аа хоймортоо залаад байгаа нь энэ. 2013 онд “Шүүдэр мэт”, 2017 онд “Морин гатлага” номоо хэвлүүлж байсан тэрбээр өнгөрсөн жилийн “Болор цом”-д эх шувууны тухай өр эмтрэм шүлгээ нулимстай уншиж зогссон. Харин энэ жил “Жамын цас” будруулсан шүлгээрээ “Болор цом”-ын эзэн боллоо. 

-Эгшиглэнт эх Янжинлхамын ивээл хүртэж, “Болор цом”-ын эзэн болсонд тань баяр хүргэе. Цом хүртэхдээ уйлж харагдсан. Тэр үед чухам юу бодогдож байв? 
-Баярлалаа.Би чинь их өр нимгэн, нулимс ойртой хүн. Багадаа ээжийгээ алдаж өнчрөл зовлон үзсэн болохоор ч тэр юм уу, энэ наадамд түрүүлнэ чинээ санаагүй болохоор нулимсаа барьж дийлээгүй байх. Түрүүлсэн гэдгээ мэдээд маш их сандарсан. Яагаад гэвэл айргийн тавд дандаа миний хүндэлдэг яруу найрагчид байлаа. Т.Баянсан ах, Буриадын сайхан найрагч Ц.Энхжаргал,Э.Гантулга, О.Цэнд-Аюуштайгаа тунаж үлдчихээд “Хэн нь гарах бол” гэсэн таамаг дунд хариу хүлээж зогсоход зүрх түгшиж, сэтгэл санаа догдлоод хэцүү байсан. Би эрхэм анд О.Цэнд-Аюушыгаа авчихаасай гэж их хүлээж байсан юм. Намайг бодвол олон жил оролцсон, маш сайн яруу найрагч шүү дээ. Гэтэл би найзынхаа урд орчихдог. Гэмшил ч юм шиг. Гэвч энэ нь тухайн нэг агшны, уншсан шүлгийн шүүлт. 

-Магадгүй хамгийн богино хугацаанд амжилтаа ахиулж,“Болор цом”-ын эзэн болсон яруу найрагч нь та байх? 
-Энэ сайхан наадамд би гурав дахь жилдээ оролцож байна. Оюутан ахуй цагаасаа шүлгээ сойж байлаа. Шүлгээ өгсөн ч тэнцээгүй жилээ тооцвол зургаан жил энэ наадамд хүч үзсэн. Би 29 настайдаа “Болор цом” хүртлээ. Хүн учиргүй их баярлахаасаа илүүтэй маш их боддог юм байна. Давхиж яваад гэнэтхэн зогтусаж зогссон морь шиг. “Би чинь одоо яаж явах ёстой билээ, юу хийх ёстой вэ” гээд л маш их зүйл бодож эхэлж байна.“Болор цом” хүртэнэ гэдэг алдрыг нь цаг ямагт өргөж явах учиртай том хариуцлага юм байна. 

-Та хаана ч очсон тайзаа эзэгнэж, үзэгчдийн халуун алга ташилтан дунд шүлгээ уншдаг. Бусдыг татах нэг урлаг байна уу даа гэмээр? 
-Наадам бүрт бүгд л адилхан жигд сайн, эсвэл хэн нэгэн нь илүү шүлэгтэй байдаг. Мөн наадмын од хийморь, тухайн цаг үеийн агшин, онгод гэж бий. Шүүгчдийг болон үзэгчдийг өөртөө урвуулж чаддаг байх, шүлгээ сайхан уншдаг чадвартай байх хэрэгтэй гэж боддог. Найзууд маань надад “Микрофондоо хэт ойртохгүй эсвэл холдохгүй яг сайхан тааруулж, гоё унших юм” гэж хэлдэг. Тэр бүрт “Би чинь дууны найруулагч, микрофонтой яаж харьцахаа мэддэг хүн”гэж мэргэжлээрээ бахархана. “Чи шүлгийнхээ уналт, өргөлтийг ч маш сайн мэдрэх юм” гэж хүмүүс хэлнэ.Мэргэжлийн багшаар ярианы уран чадварын хичээл заалгаж, нутгийнхаа аялгыг марттал амандаа шагай хүлхсэн хөдөлмөр минь тод, яруу уншдаг болоход нөлөөлсөн байх. 

-Сүүлийн гурван жил та одтой, шүлэг тань иртэй байх шиг байна?
-Ер нь тийм шүү. 2018 онд Говь-Алтай аймагт зохион байгуулсан “Болор цом” наадамд анх удаа шилдэг 30 яруу найрагчийн тоонд багтсан. Нэгийн даваанд Ховдын тариаланчид, малчдын амьдралын өдөр тутмын ахуй, үйл явдлыг харуулсан “Тарвас” хэмээх шүлэг уншаад хасагдаж байлаа (инээв). Хэдий хасагдсан ч залуу хүний хувьд надад маш их урам зориг өгсөн. Өнгөрсөн жил “Боржигон голомт-Болор цом 36” наадамд тусгай байр хүртэхэд МҮОНТ-ийн Б.Гантигмаа эгч маань “Олон түмнээ “Тарвас” хэмээн алдаршсан Б.Жамбалдорж” хэмээн бахархан дуудаж байсан санагдана. Харин энэ жил “Жамын цас” гэдэг шүлгээрээ “Болор цомын” эзэн боллоо.

-Танд “Болор цом” алдрыг авч ирсэн “Жамын цас” шүлэг ямар хувь тохиолоор бүтсэн бэ? 
-Цастай өдөр байсан гэж худлаа хэлэхгүй ээ. Нар ээсэн сайхан зуны өдөр, гэртээ зурагт үзээд сууж байлаа. Тэгээд гэрийнхээ унь руу харсан чинь “Ийм сайхан бургасан унь баруун Монголоос өөр газар байдаг билүү, нээрээ бургасан унь чинь хотолздог болохоос хугардаггүй шүү дээ” гэсэн бодол төрсөн юм. Тэгээд л
Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж 
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа 
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон... гээд анхны мөртүүд орж ирсэн дээ.  Ер нь би ямар нэгэн уралдаан тэмцээнд зориулж шүлэг бичдэггүй. Цом хүртсэн шүлэг минь цасны мөн чанарыг задалсан, мөнх бус хүний амьдралын эргэлтийг дуулснаараа онцлог болов уу гэж одоо бодож байна.  Өөрөөр хэлбэл, жамын тухай дуулсан юм.Алслагдсан буйдхан нутгийнхаа, баруун монголчуудынхаа ахуйг дүрсэлж гаргасан нь олонд хүрсэн байх. Энэ наадамд зочилж ирсэн Ардын уран зохиолчид маань “Өнөөдөр чиний цас хамгийн сайхан хаяллаа” гэж хэлж байгаа нь сайхан байна. 

-Сүүлийн хэдэн жил залуу яруу найрагчид “Болор цом” хүртээгүй. “Залуучуудын эрэн үе эхэлж, шинэ салхи сэвэлзэж байна” хэмээн үзэгчид ярьж байна?
-Утга зохиолын хүрээнийхэн болон монголчууд маань шинэ үе ирснийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Жишээлбэл, энэ удаагийн наадамд миний хуурай дүү Тө.Бямбасүрэн шүлгээ уншлаа. Тэр үнэхээр гоц, содон байж чадсан. Түүний шүлгүүдээс залуучуудын сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа гэдгийг харж байна. Энэ жилийн шилдэг 30 яруу найрагчийг хараад, цаашид залуучуудын наадам болох нь гэж бодсон.

-Аль нэг “изм”-д харьяалагдахыг хүсдэг, хэв маяг, хэлбэр хийц хөөдөг хүмүүс цөөнгүй байдаг. Харин танд шүлэг бичихдээ баримталдаг зарчим, мөрддөг дэг гэж бий юу? 
-Тийм баригдмал, нэг хэвэнд цутгасан юм шиг зүйл байхгүй. Би өөрийнхөө дотоод ертөнцийг уудалж, өөрийгөө л бичдэг. Миний шүлгүүд ахуйгаас төрсөн, өдөр тутмын амьдралаас үүдэлтэй байдаг даа. 

-Өнгөрсөн жил “Боржигон голомт-Болор цом 36” яруу найргийн наадмын урд өдөр таны гэргий амаржиж, та тусгай байр хүртэж байлаа. Таны охин цөөнгүй зол баярыг танд авчирчээ? 
-Хүний амьдралд хүн нэмэгдэх шиг сайхан зүйл гэж байхгүй. 2019 оны нэгдүгээр сарын 3-нд хань минь охин төрүүлж, би гурван сайхан охинтой болсон. Эмэгтэй хүүхэд гэдэг уян налархай, зөөлөн дулаан, ихэмсэг бардам, гэгээлэг байдаг. Миний хувьд охидоо эрхлүүлнэ гэдэг шүлэг бичихтэй адилхан. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдээ эрхлүүлэхэд ч, шүлэг бичихэд ч хүний сэтгэл, мөн чанарын хувьд нялхарч байдаг. 

-Яруу найрагчид маш их шаналж, эмзэглэж, зовж байж шүлэг бичдэг шиг санагддаг. Таны хувьд? 
-Сайн шүлэг, сайхан бүтээл хийнэ гэдэг маш их шаналгаатай байдаг. Уул ус, баян хангайтайгаа ойр байх л олон санаа, өгөгдөл өгдөг. Монголын ард түмний хайртай хүү, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир ахынхаа хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлж тэмээн жин хөтлөөд явж байхад ч өр өвдөж, бадаг мөр хэлхэж явлаа. Хараад байхад хөдөөгөө, ахуйгаа санагалзах сэтгэлийн шаналалаас л шүлэг бүтээл эхэлж байгаа юм болов уу даа гэж боддог. 

-“Болор цом” наадам эхлэхээс дуустал муу, сайн яриа их гардаг. Та юу гэж хардаг вэ? 
-Хүмүүс сайхан муухайгаар ярьдаг ч “Болор цом” нь Монголын ард түмний хамгийн хайртай наадам юм. Наадмын сургаар элдэв хов жив, хар хор гардаг нь яалт ч үгүй үнэн. Надтай хамт уралдаж, шүлэг найргаа дуудаж явсан яруу найрагчид “Болор цом” дөхөөд ирэхээр муулж л суудаг. Аливаа зүйл сайн, муу бүхний цогцоос бүрддэг хойно яалтай билээ. Би ах нартаа юу хэлэх вэ. Үеийнхэндээ, дүү нартаа хандаж “Үнэн бай” гэж хэлмээр байна. Би бусдыг шүүдэг, зөвлөгөө өгдөг хүн нь биш ч өнөөдөр инээчихээд, маргааш өөр зүйл ярьж явдаггүй байгаасай гэж хүсдэг. Өөрийн гэсэн ертөнц, эзэн болсон бодол, дотоод мөн чанараа алдалгүй нэг л зангаараа байх нь сайхан. 

-“Уулын хөх гөрөөс сар шөргөөн зогсоно” номоо шинэ оны эхний өдөр хэвлэлтээс авсан гэсэн үү? 
-Утга зохиолд элэгтэй Л.Цэрэнжаргал ах маань жилийн өмнө надад “Номыг чинь хэвлүүлж өгнө” гэж амласан. Номынхоо чанар чансаандаа анхаарах үүднээс тэр даруй очиж чадаагүй юм. Хэн хэндээ амлалт өгсөн ном маань шинэ оны эхний өдөр хэвлэлтээс гарч таарлаа. Ойр дотныхондоо номоо өгч амжаагүй л байна. “Болор цом”-ын авшиг хүртсэн баярт мэдээтэй номоо өгөх болсон нь сайхан хэрэг. “Хар халтар гөрөөс сар шөргөөж зогсоно” гэдэг мөр миний шүлгэнд бий. Үүгээрээ нэрлэх гэтэл миний номын өмнөх үгийг бичиж, редакторласан МЗЭ-ийн шагналт, МҮОНР-ийн сэтгүүлч О.Цэнд-Аюуш анд маань “Хар халтар аргал гэдгээ уулын хөх гөрөөс гэвэл илүү яруу болох юм биш үү” гэж санал болгосон. Ингээд л “Уулын хөх гөрөөс сар шөргөөн зогсоно” ном маань хэвлэгдсэн дээ. 

-Ивээн тэтгэгчээс гадна сайхан ахын захиасаас үүдэлтэй ном гэж харж байна. Эрийн жудаг, нөхөрлөлийн амтыг танай үеийнхнээс харж болох байх? 
-Миний номын ар талд сэтгүүлч Л.Цэрэнжаргал ах “Оргоо маань Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж, би түүнийг хөдөө, хороо хоёрын хооронд зөөж явах үед зохиолчдын хороон дээр Жамбаа дүү таарсан юм. Муу анд минь халмагхан “Чи наад дүүгийнхээ номыг гаргаж өг” хэмээн бичсэн байна. Номоо гартал би тэдний хооронд болсон яриаг мэдээгүй. Б.Оролзод ахын минь сайхан сэтгэлийн захиас байждээ гэж л бэлгэшээж сууна. Яруу найрагчийн ертөнц их сонин. Тэр болгон хүнтэй найзалж, нөхөрлөөд байдаггүй. Харин найзууд минь сайхан нөхөрлөл бүтээсэн шүү. Бид өдийг болтол нэг нэгнийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж, зовлон жаргалаа хуваалцаж явна.

-Цаст Цамбагарав хайрхан хүүгээ өндөлзөж хүлээгээ байх. Хэзээ нутгийн зүг явах вэ? 
-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул хүн. Нутгаа их бодно. Очиж чадахгүй байсаар зургаан жил өнгөрчихөж. Ажил төрөл, гэр бүл гээд амьдралын асуудал цөөнгүй тулгардаг болохоор тэр бүр яваад байж чадахгүй юм. Үргэлж л нутгаадаа явах юмсан гэсэн тэмүүлэлтэй байдаг. Цэцэг ногоо дэлгэрч, ус гол урссан дэлгэр зуны цагаар нутагтаа нэг очно доо. Цаст уулынхаа дүрийг харж, ээжийнхээ нутаг дээр нэг очоод, төрж өссөн бууцандаа хөрвөөх гэж явна. Намайг “Болор цом”-ын эзэн боллоо гэж өөлдүүд маань их баяртай байгаа сурагтай. Аавд маань маш их дуудлага ирж, баяр хүргэж байна гэнэ. 


“Болор цом”-ын эзэн Б.Жамбалдорж: Цом хүртсэн шүлгээрээ хүний амьдралын эргэлтийг дуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188