• Өнөөдөр 2024-04-27

Хашаатын говьд ХАШИГДАЖ буй ХУЛАН

2020-08-30,   1529

Аргал, хомоол хоёрыг ялгаж сурахаасаа өмнө би хулан, адуу хоёрыг хялбархан ялгадаг байлаа. Самсайгаа тачигнатал дуугаргаж, туурайгаа цавчилж сүрийг үзүүлэх, үргэхдээ хүрвэл ногтруунаас ч хурдан дэрхийж одох тэднээс би ухаанаа гартал айна.
 
Зуу, зуугаараа  сүрэглэн бэлчих хулан жаран жилдээ нэг хүрээлж, тухайн хүрээлэл дунд орсон амьтай бүхнийг тасчин цавчдаг хэмээх нутгийн хөгшчүүлийн ярианаас ийнхүү зүрх үхсэн хэрэг. Үнэхээр л хэдэн зуугаараа бүрхээд ирэх хулангийн сүргийг хэн ч харсан өвдөг чичрэм басхүү омогшил төрөм. Олон хулан харахаараа хонины бор минь чихээ хулмалзуулаад авч давхих гээд тогтохгүй. Хонинд явах дуртай боловч хулан харвал л  мориноосоо үсэрч буугаад хонио явган элдэж, аль болох холдоно. Мориндоо буцаж мордож чадахгүй учир өдөржин хөтөлж алхдагсан.
Он төөргийн салхинд эр өсөж Дорноговь аймгийн Хатанбулаг сумандаа эргэн очвол хэдэн зуугаараа бэлчдэг асан хулан арав хүрэхтэй үгүйтэй яваа харагдав. Тэд надаас үргэж толгод дамнан хурдлахыг хараад багын найзаа гомдоосон мэт сэтгэл тавгүйтэв.  Хулангийн тоо толгой өсч байгаа ч тэдний бэлчээрийг булааж, эрдэс баялагтай газар бүхэнд гар хүрсэн өөрсдөөсөө ичив. Бүтээн байгуулалт нэрээр тэдний бэлчээрлэх газар нутгийг булаасаар тугалын хашаан дайтай газарт хулан тарчлан мөхөж буй юм.

Зэрлэг амьтдыг хашаалсан бүтээн байгуулалт 

 
Хэдэн зуун жилийн турш онгон зэлүүд байсан нутагт их бүтээн байгуулалт өрнөж Улаанбаатар, Замын-Үүдийн төмөр зам ашиглал­тад орсноор монголчууд зах зээлд шилжих хүнд цаг үеийг давсан. Харамсалтай нь төмөр зам эрх дураараа бэлчих зээрийн сүргийг зүүн, баруун гэх хоёр хэсэгт хуваа­сан. Хүн ам төвлөрсөн нутгийн баруун хэсэгт таслагдаж хоцорсон зээ­рийн сүрэг үрэгдсээр маш ихээр цөөрчээ. Улаан номонд би­чигд­сэн монгол орны нэн ховор амьтан хулан ч үүний адил хоёр хуваагдсан. Тодруулбал, Оюутол­гой, Тавантолгойн авто зам ашиг­лал­­тад орсноор Монголын говь цөл, тал хээрийн нутгаар тархсан хулангийн сүргийг мөн л баруун, зүүн хоёр бүс нутагт хуваагджээ. Ази, Номхон далайг холбосон тор­го­ны зам буюу авто зам манай ул­сыг дайрч өнгөрдөг. Ард иргэдийн амьдрал ахуй, улс орны хөгжил дэв­шилтэй зам тээвэр салшгүй хол­боотой. Авто зам, төмөр зам тавьж буй нь буруу биш.
Харин төмөр замын хоёр талаар татсан тор, зэрлэг амьтдад зориулсан гарц­гүй байгаад гол асуудал буй юм. Тухайлбал, “Байгаль, зэрлэг ан амьдтыг хамгаалах нийгэмлэг”-ийнхэн төмөр замын хамгаалалтын торыг Дорноговь аймгийн Эрдэнэ суманд  500, Өргөн суманд 700 метр хэсэгчлэн тасалж зэрлэг амьтад нэвт­рэх боломжтой болгожээ. Олон удаа­гийн уулзалт, хэлэлцээрийн да­раа “Монгол-Оросын хувь ний­лүүл­­сэн төмөр зам”-аас тус зөв­шөөр­­лийг авсан гэнэ. Тор тасалж гарц гаргасан тухайн хэсэгт зэрлэг амьт­дын хөдөлгөөн илрүүлэх ка­мер хүртэл суури­луулсан аж. Ер­дөө эхний өдөр арав орчим зээр дам­­жин өнгөрсөн нь зэрлэг амьтдад зо­риулсан нүхэн, гүүрэн гарц ямар их шаардлагатай байгааг харж болно. 
 
Манай улс 2015 онд “Төмөр зам болон авто замын стандарт”-д мөрдөх журам баталсан байдаг. Цаасан дээр буусан хэдий ч амьд­рал дээр бодит үйл хэрэг болж ам­жаагүй тухайн стандартад “Аливаа замын бүтээн байгуулалтад зэрлэг ан амьтдад зориулсан нүхэн болон гүүрэн гарцыг зайлшгүй байгуулах” тухай заажээ. Энэхүү стандарт Зүүн­баянгаас Хангимандал чиг­лэлд тавьж буй төмөр замд мөрдөг­дөж байгаа эсэхэд холбогдох бай­гууллагууд хяналт тавьж ажиллах хэрэгтэй байгаа юм.
Хэрэв тухайн стандарт алдагдаж, амьтдад зориул­сан гарцууд төлөвлөгдөөгүй бол нэгэнтээ баруун, зүүн таслагдсан хулангийн сүрэг тус төмөр  замаар дахин “хэрчигдэх” нь. Ийнхүү хэдэн зуун километр газар аалзны тор мэт хэрсэн замын нөлөөллөөс болж хулан Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хашаатын говьд хашигдан, мөхөх аюул нүүрэллээ. Зөвхөн хулан гэлтгүй зэрлэг ан амьтан хашигдаж, бэлчээрийн хомсдол, усны гачигдлаас болж мөхөх нь ойрхон байна. Зэрлэг амьтдыг хорьж боомилсон тороо тас татаж, бүтээн байгуулалтдаа хяналт тавьж анхаарал хандуулах нь холбогдох байгууллагуудын нэн түрүүнд хийх ёстой ажлын нэг. 

Бүтээн байгуулалтыг үгүйсгэх биш зөв эхлүүлье

 
Ан амьтдын шилжилт хөдөлгөөн, хоргодолтод уул уурхай маш их нө­лөө­тэй. Уул уурхай дагасан дэд бүтэц хөгжсөнөөр зам харгуй та­вигдаж, хүн амын төвлөрөл ихэсдэг нь онгон байгалийн зэрлэг амьтдын бэлчих орон зайг хумьсаар байна. Тухайлбал, сайжруулсан болон авто зам тавигдсан хөрс үржил шимгүй болно. Нэгэнт өвс ногоо ургахаа больж өдөр, шөнөгүй холхих ма­шины дуу чимээнээс зэрлэг амьтад дайждаг аж. Хүмүүс бид техник тех­нологийн дэвшил, бүтээн бай­гуулалтын амтад шунах тусам энэ нь онгон зэлүүд байгаль, зэрлэг ан амьтдад хэтэрхий харгисаар нөлөөлдөг. Улс орны хөгжлийн түү­чээ болсон гол салбаруудын нэг бол яах аргагүй уул уурхай юм. Амьтдыг хамгаалах нэрийдлээр улсын төсвийн 30 орчим хувийг бүр­дүүлдэг тус салбарын үйл ажил­лагааг буруутгах нь гол биш. Байгаль эх, ан амьтдад ээлтэй арга замыг олж хэрэгжүүлэх нь зөв юм. Дэлхийн ихэнх улс оронд хүрээлэн буй орчин, ан амьтдад ээлтэй гүүрэн болон нүхэн гарц хийсэн байдаг. Тухайлбал, Австралийн Викториа мужийн хурдны зам дээрх хэрэмний олсон гүүр, Крисмас арлын авто зам дээрх улаан хавчнуудад зориулсан гүүр, Японы төмөр зам дагуух яст мэлхийн хонгил, Голландын авто замын зэрлэг амьтдад зориулсан гүүр энэ бүхний тод жишээ. Хамгийн анх амьтдад зориулсан гүүрэн гарцыг 1950 онд Франц улсад байгуулжээ. Мөн АНУ гэхэд сүүлийн 30 жилд мянга гаруй гүүрэн болон нүхэн гарц хийсэн байна. 
 

Хулангийн шилжилт ихэсчээ

 
Тэнүүн говийн зэрэглээнд тоо­соо үлдээж, торойх бараагүй хурдал­даг хулан хэдэн үеэрээ идээшиж дассан энэ л нутагтаа хоргодон, хоргодон хашигдахын эрхээр явж гэж бодохоор цээж хөндүүрлэнэ. Тэд хаашаа шилжиж буй талаар говь, хээрийн бүсээр хийгдсэн олон удаагийн судалгааны багт ажилласан Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Наранбаатараас тодруулахад “Судалгаанаас харахад дэлхийн хулангийн 83 хувь нь буюу 62 мянган хулан Монголын говьд бий. Үүнээс Алтайн өвөр говьд 1674, Зүүн гарын говьд 9337, Зүүн өмнөд говьд 51691 хулан амьдарч байна. Өнгөрсөн онуудтай харьцуулахад хулангийн тоо толгой өссөн. Харин тархалт, шилжилт эрс нэмэгдсэн. 2015 онд манай судлаачдын өгүү­лэл олон улсын сэтгүүлд хэв­лэгд­сэн. Тухайн өгүүлэлд хүний нөлөөлөл ихтэй газруудад хулангийн тоо толгой, сүрэглэлтийн хэмжээ харьцангуй бага байна.
Өөрөөр хэлбэл, уул уурхай, зам харгуй түүнийг дагасан дэд бүтэц хөгжсөн газруудад хулан нутагших нь маш цөөн гэсэн үг. Эсрэгээрээ хүний нөлөө багатай, харьцангуй зэлүүд газар хулангийн сүрэглэлтийн хэмжээ болон тоо толгой элбэг байдаг” гэв. Түүнээс хулан байгаль экологийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлдгийг тодруулахад “Нэг талаасаа энэ амьтан эко системийн гинжин хэлхээнд оролцдог. Тэр утгаараа бусад амьтны амьдрах орчин буюу тухайн орон нутагт оршин байх нөхцөлийг дам болон шууд байдлаар хангаж өгнө. Тухайлбал, бид хулангийн цавчаа гэж ярьдаг. Хулан газрын гадаргууд ойрхон байгаа устай цэгүүдийг олж, туурайгаараа цавчин ундалдаг.  Түүний гаргасан ундрагаар говь цөлийн хар сүүлт төдийгүй бусад хөхтөн амьтан ундаалдаг. Ийм байд­лаар бусад эко системд нөлөөлдөг” хэмээн ярилаа.
 
Түрүүхэн тоосроод одсон арав хүрэхгүй хулан зогтусан эргэж хэсэг харснаа дахиад л юунаас ч юм үргэсээр хөтөл давж одов. Тэдний хойноос харуулдаж зогсоод нэлээд хугацаа өнгөрчээ. Хожим эргэн ирэхэд тэд байх болов уу хэмээн бодож явсаар зорьсон айлдаа ирлээ. Хулангийн тоосонд хийморио сэргээж, Хармагтайн говь, Хатны булгаар олон жил нутагласан хүн бол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэн, бэлтгэл хошууч Ц.Бор гуай. Магадгүй зөвхөн тэр л судлаачдаас дутахгүй хулангийн тухай мэднэ. Хэл дуулгасан учир өвгөн ах биднийг хүлээж байв. Ц.Бор гуай үрчлээтсэн нүдээ том болгож ирээд “Энэ тухай ярьвал чи итгэхгүй дээ хүү минь” гэж инээвхийлээд ийн ярив. “1990-1998 онд Сулинхээрийн отрядад ажиллаж байлаа. Тэр үед харьяа заставаар сардаа хоёр удаа тойрно. 90-ээд оны үед отрядын баруун хэсэг рүү хулан их байсан. Удаа ч үгүй найман застав бүхэлдээ хулантай болсон доо. Хатанбулагийн хойд тал, Эргэлийн зоо, Гашууны элс рүү ч сүрэг, сүргээрээ бэлчинэ. Түүнийг тоолж барамгүй л дээ. Өндөр насны чөлөөнд сууснаас хойш саяхан Сулинхээрийн  заставаар тойроод ирсэн.
Тун цөөхөн хулан тааралдах болжээ. Хөвсгөл, Зүүнбаян сумдын дунд байх говьд сүрэг хулантай тааралдсан. Зүүн тийшээгээ нүүдэллэж байх шиг санагдсан. Застав хооронд хулан тун цөөхөн харагдсан шүү. Бэлчээрийн хомсдол, магадгүй хүний буруугаас болж нүүж байна гэсэн бодол төрсөн” хэмээн ярихдаа залуу насаа дурсав уу, говийн хүний нутгаа гэх сэтгэл байв уу, нулимсаа залгих нь мэдрэгдэв. Түүнтэй ярилцаж дуусах агшинд нутгийнхаа зүг дахиж хэзээ ч явмааргүй санагдав. Алс хол газар цаг хугацааг товчлон галт тэрэг, авто машинаар баяр баясал дүүрэн нутагтаа хүрэх ч сайхан л даа. Гэхдээ бэлчээрийг нь булааж бий болсон тэр л зам харгуйгаас дөлж, хүний хөлнөөс дайжих хулангийн тухай бодохоор шударга бус. Гэхдээ хулан болон зэрлэг амьтад мөхлийн ирмэгт ирсэн энэ цаг үеийг өөрчлөх  боломж бидэнд байна. Энэ нь өнөөгийн болон цаашид хийх бүтээн байгуулалт, тэр дундаа автозам, төмөр замыг зэрлэг ан амьтдад зориулсан нүхэн, гүүрэн гарцтай болгож хариуцлагатай уул уурхайг бий болгох явдал юм.

Хашаатын говьд ХАШИГДАЖ буй ХУЛАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188