• Өнөөдөр 2024-04-19

А.ГАНЧИМЭГ: ААВ МИНЬ "МОЛИГО" ОЧИРЫН ДҮРЭЭРЭЭ ЖИНХЭНЭ ЭР ХҮН, БӨХИЙН ЖУДГИЙГ ХАРУУЛСАН ДАА

2023-02-22,   17282

-ААВ МИНЬ ЯГ Л МОЛИГО ОЧИР ШИГ ХҮН БАЙСАН ДАА-

      “Молиго" Очир гэхээр хүмүүсийн нүд нь сэргэж, инээд алдаад л “Сайхан эр, гүндүүгүй эр, жинхэнэ монгол бөх, тун чиг ховор хүн дээ” гээд л өөриймсөж, хайрлан ярьдаг. Бор дээлийнхээ ногоон нударгыг эргүүлчихсэн, ногоон дурдан бүсэндээ гаанс, тамхиа зүүчихсэн, баргил хоолой, өргөн шанаа, гярхай нүдтэй, тэвхийсэн түүнтэй хүмүүс уулзсан юм шиг, хамт амьдарч, ажиллаж үзсэн юм шиг танимхайрч ярьдгийн учир нь тэр ердөө молиго Очир, Боогоо, Самдан, белазны жолооч Очир шиг л гүндүүгүй эр гэсэн үг.

    Тэрээр ямар нэгэн сайн, сайхан хүний дүр бүтээх гэж ядаж, хичээдэггүй. Байгаа байдал, харц, дуу хоолой, хөдөлгөөн, зан чанар гээд тэр чигээрээ монгол эрийн шинжийг цогцлоосон хүн байсан гэдгийг үзэгчид андахгүй мэднэ. Түүнийг батлах хамгийн тод, том жишээ бол молиго Очирын дүр. “Гарьд магнай” киноны гол дүр Далайцэрэн “Очир ах аа, миний бяр дуучихаж” гэхэд нь “Бяр дуусна гэж байдаггүй юм. Харин энэ удаад чиний сэтгэлийн тэнхээ алга болчихож” гэдэг тийм л маяг, гоёлгүй эр дээ.

      Үндэсний их баяр наадам долоо хоногийн дараа болох гэж байна. Өнөөдрөөс эхлээд л “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” тэргүүтэй Монголын уран сайхны сайхан кинонууд телевизүүдээр ар араасаа гарч, монголчууд ч алгасахгүй үзэж, монгол бөх, морь, сураа улам бүр бишрэн дээдэлж, бөхчүүдийг унахад нь унаж, ханарахад нь ханарч, давахад нь давсаар суух уншигч та бүхэнд “Молиго” Очир заан гэх нэрээрээ олны хайрыг илүүтэй хүлээсэн Алтангэрэлийн охин Ганчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

-Таныг жил бүрийн наадмаар аавтайгаа уулзаж, хамт баярлаж, сайхан дуу хоолойгоор нь сэтгэлээ сэргээдэг болов уу гэж бодож байна?

        -Жил бүрийн наадам, цагаан сараар, хэрвээ хүсвэл өдөр бүр аавтайгаа уулзаж чаддаг би азтай хүн. Аавынхаа тоглосон киног үзэж, дуу хоолойг нь сонсож л байвал миний хувьд аавтайгаа уулзаж байна гэсэн үг. Миний төрсөн өдөр долдугаар сарын 10-нд болохоор энэ үед “Гарьд магнай”-г үзэж, өөртөө бэлэг барьдаг. Дээр үеийн монгол кинонууд сайхан үгтэй, амьдралд сургамж болмоор зүйл их байдаг. Би сүүлийн үед аавыгаа үзэж байхдаа зан араншин, байгаа байдал, харц нь “Хэнтэй адилхан байна вэ” гэж сонжиж,  аав минь “Хажуугаасаа ахтай минь адилхан байна шүү” гэх мэтээр хэн нэгнийг ааваасаа нэхэж, хайж үздэг болсон байна лээ. Намайг бага байхад хүмүүс аавтай адилхан гэдэг байсан. Ээжтэй хамт явж байхаар хүмүүс ээжийг “Чамайг охиноор чинь танилаа шүү дээ. Танай охин яг аав юм аа” гэдэг байсан.

-Одоо цаг хугацааны эрхээр өөрчлөгдсөн байх даа?

          -Их өөр болсон байна лээ. Гэхдээ миний хүү аавтай минь их адилхан. Харин бага охин минь дуулж, бүжиглэх, аливааг амархан сурдаг авьяасаараа аавтай минь адилхан санагдаад байгаа. Хэрвээ охин минь өөрөө хүсвэл урлагийн хүн болох байх гэж боддог.

-Та аавынхаа бүтээсэн дүрийг үзэхдээ “Хэнтэй адилхан байна вэ. Юу хэлж байна вэ” гээд нэхэж, хайж үздэг болсон гэлээ. Харин багадаа яаж үздэг байсан бол. Магадгүй хэн нэгнээс харамлаж байв уу?

         -Аав минь “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс” киноны туслах дүрд тоглосон болохоор зурвасхан гараад өнгөрдөг. Тэр хэсгийг нь үзэх гэж ямар их хүлээдэг байсан гэж санана. Харин “Гарьд магнай” кинонд молиго Очирын дүрээр урт, олон давтамжтай гардаг болохоор аавыгаа үзээд, нууцаар уйлдаг байсан. Тэр үед аав минь биднээс явчихсан байсан л даа. Хүүхэд байсан болохоор заримдаа аавыгаа үгүйлж, өөнтөглөөд “Миний аав яагаад намайг орхиод явчихсан юм бэ” гээд уйлчихдаг байсан юм. Заримдаа ээжийг загнахаар “Тэгээд байх юм бол би аавынхаа хойноос явчихна шүү” гэж айлгадаг байсандаа одоо их харамсдаг. Би аавыгаа  “Хатанбаатар” киноны Боогоогийн дүрд тоглож байхыг нь үзээд ээжийнхээ өмнөөс аавыгаа харамлаж байсан. “Ээж минь яаж байгаа бол гэж” нууцхан харж байсан. “Гэрлэж амжаагүй явна”, “Гарьд магнай” кинонд аав минь яг өөрийнхөөрөө тоглосон байдаг. Түүнийг нь би мэдэрдэг юм.  Үнэхээр гүндүүгүй сайхан эр байлаа шүү дээ, аав минь.

-Аавынхаа бүх бүтээлийг нандигнаж, хайрладаг нь гарцаагүй шүү дээ. Гэхдээ та аль дүрийг нь илүү онцолмоор санагддаг вэ?

        -Аав минь “Үүрийн цолмон” кинонд бүр залуухан гардаг юм. Тийм болохоор тус киноны Самдангийн дүрд илүү хайртай. “Үүрийн цолмон” киног “Youtube” сувгаас хайхаар олддоггүй байсан юм. Сүүлийн үед олон телевиз гарсны ачаар олон нийтийн сүлжээнээс хайхаар гарч ирдэг болсон байна лээ. Аавын минь зураг ховор. Биднийг бага байхад хүмүүс аваад явчихдаг байсан юм байлгүй. Тийм болохоор аавынхаа тоглосон кинонуудыг зогсоож байгаад зургийг дарж, аваад хуанли хийж хадгалсан.

-Таны аавыг богинохон хугацаанд чанартай хэдэн дүр бүтээгээд буцсан гэж ярьдаг шүү дээ. Хэчнээн кинонд тоглосон байна вэ?

         -Аавын минь тоглосон анхны кино бололтой “Тунгалаг тамир” киноны гуравдугаар ангид ганц план байдаг юм. Заяын хүрээний зургийг Архангай аймагт авсан гэдэг болохоор олны хэсэгт тоглоод кинонд тоглох сонирхолтой болсон байж мэднэ. 1973 онд “Тунгалаг тамир” киноны Заяын хүрээний сүсэгтэн, “Мартагдашгүй намар”-т илбэ үзэж оролцогч, “Хүний амь” кинонд цагдаагийн ажилтан, “Суварган цэнхэр уулс"-д бага түрүүч Дорлиг, “Үүрийн цолмон”-д Самдан, “Хоньчин найдан”-гийн Зоригт, “Гэрлэж амжаагүй явна”-д Очир, “Хатанбаатар”-т Боогоо, “Гарьд магнай” кинонд молиго Очирын дүр бүтээсэн байдаг. Аав минь тэр хэсэгхэн хугацаанд 10-аад кинонд тоглосон байна лээ. Дээр үеийн монгол киноны үг, хэллэг нь ухаарал хайрласан, аливааг  бодогдуулсан хэчнээн үзсэн ч уйдахааргүй сайхан байдаг.

     Аав минь тухайн дүрээрээ хүн загнаж байлаа ч гэсэн надад хэлээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр аавынхаа киног үзээд үг, өгүүлбэр, үйлдэл бүрийг нь өөртөө тусгаж авч, амьдралдаа хэрэгжүүлэх юм сан гэж хичээдэг.

    Цахим орчинд аавын тоглосон кино, зургийн сэтгэгдэл хэсэгт нь сөрөг сэтгэгдэл нэг ч байдаггүй. Бүгд аавыг сайн, сайхнаар дурсаж, бахархаж, баярлаж, “Үр хүүхдүүд нь сайн, сайхан яваасай” гэж бичсэн байдаг.

-Таны аав аль нутгийн хүн байв. Бага нас нь хаана, хэрхэн өнгөрсөн талаар нь та мэдэх үү?

       -Аав минь 1949 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн гэдэг. Аавын ээж буюу эмээ залуудаа “Архангайн дугуй цагаан” гэдэг нэртэй байсан юм билээ. Харин өвөөтэй гэр бүл болоход нь аав, ээж нь дургүй байсан учир аавыг холын хамаатныдаа өргүүлсэн гэдэг. Тэгээд аав минь өргөж авсан ааваараа овоглодог байсан. Аавын аавыг нисгэгч хүн байсан гэж сонссон. Эмээ өвөөгөөс өөр хүнтэй гэр бүл болж, дөрвөн хүүхэд төрүүлсэн гэж ярьдаг юм билээ.

-ААВ МИНЬ ЯНЗЫН САЙХАН ДУУЛДАГ, БҮЖИГЛЭДЭГ ХҮН БАЙСАН ДАА-

-Аавынх нь УДЭТ-ын жүжигчин болох замнал хэрхэн эхэлсэн юм бол. Багаасаа урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан юм болов уу?

     -Манайх 1975 онд Архангай аймгаас хот руу нүүж ирсэн. Тэр үед би ээжийнхээ хэвлийд байсан юм билээ. Тэгээд аав УДЭТ-ын жүжигчин, хангамжийн баазад жолооч, ээж банканд нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн гэдэг. Ээжийг минь Банзрагчийн Батсуурь гэдэг. Архангай аймгийн Батцэнгэл сумынх. Аав 1978-1979 онд хүнд даацын тээврийн сургалтад суусан юм билээ. Аав долдугаар ангиа төгсөөд аймгийнхаа Соёлын ордонд дуучнаар ажиллаж байгаад хотод ирж, Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилласан.

       Би дээд сургуулиа төгсөхөөр дипломын ажлаа бичих гэтэл компьютер байдаггүй. Тэгэхээр нь хорооны даргатайгаа уулзаж, ажилд нь туслаж, хажуугаар нь дипломынхоо ажлыг хийх зөвшөөрөл авсан юм. Нэг өдөр сууж байтал МУГЖ Г.Гомбосүрэн гуай орж ирж, даргаар цохолт хийлгэсэн юм. Тэгээд “Өргөдөл бичих шаардлагатай” гэхээр нь “Би тусалъя” гээд бичиж өгч байтал Хорооны дарга Г.Гомбосүрэн гуайг “Та энэ хүнийг таньж байна уу. Таних ёстой доо. Аав нь жүжигчин байсан юм” гэсэн. Г.Гомбосүрэн гуай “Хэний хүүхэд юм бол доо. Залуу хүүхдүүдийг танихгүй шүү дээ” гэхээр нь би “Миний аавыг Д.Алтангэрэл гэдэг байсан юм. “Гарьд магнай” киноны молиго Очир шүү дээ” гэтэл Г.Гомбосүрэн гуай “Өө, тийм үү. Д.Алтангэрэлийг би Архангай аймгаас сонгож авчирч байсан юм” гэж байсан. Мөн Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай “Д.Алтангэрэл чинь миний шавь шүү дээ. Би олж ирсэн” гэдэг. Ингэж л  хүмүүс аавыг шавиа болгох гэж булаацалддаг байсан. Архангай аймгийн Соёлын төвд сайн дурын уран сайханчдын наадам болдог байсан гэсэн. Аав Архангайдаа дуулж, хуурддаг хамтлагтай байсан гэдэг.

-Таны аавыг монголчууд “молиго” хэмээх Очир зааны дүрээ нь хүндэлж, бахархдаг. Харин амьдрал дээр ямар зан араншинтай ямар хүн байсан бэ?

     -Манайх хөдөөнөөс нүүж ирээд Баянхошуунд хашаанд амьдардаг байсан. Аав хүүхдэд их хайртай байхгүй юу. Тэр үед автомашин ховор байсан учир аав ойр хавийн хүүхдүүдийг “За, сууцгаа” гээд бүгдийг нь автомашиныхаа ачаан дээрээ суулгаад хоёр, гурван гудамжаар явж, эрхлүүлдэг байсан. Нөгөө ачааны автомашин дээр суусан хүүхдүүд онгиролдоод л бөөн юм болно шүү дээ.

Тэгж хүний, өөрийн гэлтгүй хүүхдүүд эрхлүүлж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Тэр зан, үйлдэл нь аавыг ямар хүн бэ гэдгийг нь тэр чигээр нь илэрхийлж байгаа байхгүй юу. Аав минь яг л молиго Очирын дүр шигээ хүн. Дүрд орох ямар ч шаардлагагүй, өөрийнхөөрөө, байгаагаараа тоглосон санагддаг.

Хүмүүс ч тэгж ярьдаг юм билээ. Тийм учраас аавын бүтээсэн дүрүүд хүний зүрх, сэтгэлд илүү дотно, ойр байдаг болов уу гэж боддог. Аав, ээж минь хэдий миний дэргэж байхгүй ч гэлээ сэтгэлдээ үргэлж хайрлаж, дурсан санаж явдаг. Аав минь намайг хайрлаж, хүмүүжүүлж чадсан. Аавыг минь хийсэн, бүтээсэнтэй нь ард түмэн мэддэг болохоор надад буруу, муу, муухай явах эрх, тийм зүрх, зориг байдаггүй. Аав минь одоо ч намайг хүмүүжүүлсээр байгаа.  Би дүү нартаа “Аавын минь нэр хүнд та нартай хамт яваа шүү. Буруу юм хийж, буруу замаар явж болохгүй шүү” гэж үргэлж захидаг.

-Хүүхдүүдээ янзын эрхлүүлдэг хүн байжээ?

     -Намайг бол илүү эрхлүүлнэ шүү дээ. Би бүр “Эрх шар” нэртэй байсан.  Тэгээд намайг “Аавын шар охин хүрээд ир” гээд л эрхлүүлж байгаад тэврээд унтчихдаг байсан. Би “босъё” гэж хэлж, хөдөлж чадахгүй, зүрхлэхгүй. Тэгээд л дагаад унтчихдаг байлаа. Тэр л миний үзсэн хамгийн халуун хайр байсан.  Аавынхаа халуун өвөрт эрхлэх, тэврүүлэх мөч үнэхээр богинохон байж дээ гэж боддог.

-Та нар зүггүйтэж, ажлыг нь үймүүлж уурыг нь хүргэдэг байв уу?

     -Миний өмнөөс хоёр ах минь “Дүүгээ сайн харсангүй” гэж аавд загнуулдаг байсан. Түүнээс биш аавыг хахир, хурц араншин гаргаж, биднийг зодож байсныг нь санадаггүй юм. Ээж минь ч гэсэн дөлгөөн, хүүхдүүдээ эрхлүүлдэг хүн байсан. Аав, ээж минь бидэнтэй олон жил хамт байж чадахгүй гэдгээ мэдсэн юм шиг тийм өрөвч зөөлөн, биднийг хайр, халамжаар дутаагаагүй, эрхлүүлсээр байгаад үүрд явсан даа.

Би гэрийн ажил хийдэггүй байсан. Намайг наймдугаар ангид байхад ээж минь “Миний охин том болсон. Одоо чи юм сурах ёстой шүү. хоёр ахынх нь дэргэд энэ тухай хэлэхээр чамайг “Чи тэгэх ёстой, ингэх ёстой” гээд загнаад байж магадгүй" гэж хэлж байсан. Тэгж эхний болоод сүүлийн удаа хэлж байсныг нь мартдаггүй юм. Үнэхээр ухаантай эмэгтэй байгаа биз дээ, миний ээж.

/А.ГАНЧИМЭГ ЭЭЖ, АХ, ДҮҮ НАРЫН ХАМТ/

-Аав минь арай урт насласан бол бидний хэн нэг нь урлагийн хүн болох байсан байх-

-Та аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжаасаа онцолж ярьж өгөөч?

     -Аав минь биднийг сургууль, цэцэрлэгээс авчихаад гитар барьчихсан

“Алаг шаазгай арган дээр суугаад

Шигэр шигэр шигэр шигэр гэж дуулж өгдөг байсан нь сэтгэлд тод, сайхан санагддаг. Аав минь намайг найман настайд бурхан болсон болохоор энэ мэтчилэн зарим дурсамж л тод санагддаг. Аав минь бас янзын сайхан бүжиглэдэг байсан. Мөн орны наагуур хөшиг татчихаад, ааваараа “Уран сайханч А.Ганчимэг дуулна” гэж зарлуулчихаад гарч ирж дуулдаг байлаа. Бидэнтэй концерт үзүүлж байгаа юм шиг тоглодог байсан. Аав минь арай урт насласан бол бидний хэн нэг нь урлагийн хүн болох байсан байх. Аав  ийм л хүний дээд байсан даа. Тэнгэрээс бидний зөв явах замыг чиглүүлж өгдөг гэдэгт үргэлж итгэдэг. 

-Та жүжигчин болно гэж бодож байгаагүй юу?

     -Манай авга эгч аавыг “Миний ах бүхнийг амжуулдаг байсан. Чадахгүй, эв дүйгүй юм гэж байдаггүй. Хүнд чадах чинээгээр тусладаг байсан” гэж ярьдаг. Би аавынхаа энэ чанарыг нь дуурайсан юм шиг байна лээ. Хүнд чадах чинээгээрээ туслах юм сан гэж боддог. Аав минь кино фестивальд их явдаг байсан. Тухайн үед намайг орос сургуульд сургана гээд цүнх, хичээлийн хэрэгсэл, өмсөх гутал, хувцас бүхнийг авчирсан байсан. Харамсалтай нь, аав минь бурхан болсон учир орос сургуульд орж чадаагүй.

-Та аав, ээжээсээ хэдүүлээ вэ. Ямар ажил эрхэлдэг вэ?

    -Би эцэг, эхээс зургуулаа. Том ахыг минь А.Гансүх, удаахыг нь А.Ганбат, А.Ганчимэг миний бие тэгээд А.Гантулга, А.Ганзориг, А.Гансувд гээд гурван дүүтэй. Бага ах минь бурхан болчихсон. Би 2005 онд Шведэд ирсэн. Ах, дүү нар бүгдээрээ энд сайхан ажиллаж, амьдарч байна. Шведийн  “Хурд” ХХК барилгын компанийн захирлаар ажилладаг. Энд 10-аад монгол ажилтан ажиллуулж байна даа. 

-Аав нь “Гарьд магнай” киноныхоо зураг авалтыг дуусгачихаад “Киноныхоо нээлтээр уулзацгаая. Би та нартаа нутгийнхаа чимчигнэсэн сайхан айраг авчирна” гэж хэлээд түгээлтээр явж байгаад ослоор нас барсан гэдэг. Энэ үнэн үү?

         -Үнэн. Аав минь Архангай аймаг руу тээвэр түгээж яваад бурхан болсон. 1983 онд намайг найман настайд аав, ээж 1991 онд буюу 16 настайд бурхан болж байсан юм. Аавыг хангамжийн баазад ажиллаж байхад нь автомашин нь хоёр удаа эвдэрч, сарампай болсон юм билээ. Тэгээд өөрөө автомашинаа янзлаад босгож байсан гэдэг. Харин гурав дахь дээр нь өөрийнх нь амийг авсан. Тэр үед миний талийгаач ах, оюутнуудтай хамт аавтай явж байсан юм. Уулын даваа, гүвээгээр явж байхад автомашин нь дайвалзсан юм билээ. Тэгэхээр нь аав бууж ачаагаа харсан гэсэн. Тэр хооронд нь хамт явсан залуучууд нь автомашинаас үсрээд буучихсан гэж ярьдаг. Тэгээд аав ачаатай автомашинтайгаа уулын жалга руу унаж, бурхан болсон. Тэгэхэд автомашин нь ер сэвтээгүй байсан. Энэ талаар ээж ярихдаа “Аавыг чинь тээвэрт битгий яв” гэдэг сануулга байсан. Түүнийг ойлгоогүй, тоогоогүй учраас харамсалтай зүйл болсон гэдэг.

Бид “Ард кино” театрт аавынхаа хамгийн сүүлд тоглосон “Гарьд магнай” киноны нээлтэд очиж байсан юм. Тэр үед аавын төрсөн ээж буюу бидний авгайлдгаар Бадам эгч уйлж байсныг санадаг. Хэрвээ аав минь байсан бол “Ард Аюуш” кинонд тоглох байсан гэдэг юм билээ.

-Та нар аавынхаа кино зураг авалтын үеэр очдог байв уу. Ер нь олны хэсэгт ч болтугай орсон  удаа бий юү?

    -Тэр үед бүтэн дөрвөн улирлын зураг авдаг байсан. Би “Гарьд магнай” киноны зураг авалтын үеэр дүүтэйгээ аав дээрээ очиж байсан. Том, том асрууд дунд нь жүжигчид, найруулагчдын хүүхдүүд тоглож, гүйлддэг байлаа. Харин бид хоёрыг сахилгагүйтээд байхаар нь гэрт цоожлоод үлдээчихдэг байсан. Бид “Гарьд магнай” киноны ард түмний хэсэгт орж байсан. Миний долоон настай үеийн зураг байгаа.

-ААВ МИНЬ ЧӨЛӨӨТ БӨХӨӨР БАРИЛДДАГ БАЙСАН ЮМ. ХАЙРЦАГ ДҮҮРЭН БАЯРЫН БИЧИГ БИЙ- 

/"ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА" КИНОНЫ ЖҮЖИГЧИД/

-Таны аав дуулж, бүжиглэх урлагийн авьяастайгаас гадна барилддаг байв уу. Чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?

    -Аав минь чөлөөт бөхөөр барилддаг байсан юм билээ. Түүнийг нь нотлох хайрцаг дүүрэн баярын бичиг бий. Харин наадам, үндэсний бөхөд дуртай, биднийг наадмын талбай руу явдаг байсан. Аав минь айрагт их дуртай байсан. Бид ч нугасгүй дуртай шүү дээ. Ойрд нутаг руугаа явсангүй.  Монголоо, айргаа их санаж байна даа.

-Та бүхэн хамаатнуудтайгаа холбоотой юу?

   -Аав, ээжээсээ эрт өнчирсөн болохоор хамаатнуудаасаа хөндийрчихсөн. Гэхдээ би цахимаар хайдаг. Бидний үр, хүүхдүүд хоорондоо гэр бүл болчих вий гэж санаа зовдог юм. 1990-ээд оны дунд үеэс хүмүүс ургийн овогтой болсон. Тэр үед би ямар овог авахаа мэдэхгүй, асуучихаар хүн олдохгүй байсан. Тэгээд аавыг өргөж авсан айлын хүү буюу бидний авга ах болох Майдар ахаас асуутал сайн мэдэхгүй байсан. Тэр үед хүн бүр Чингисийн удам болох гээд “Боржигон” овог авч байсан. Тэгээд би миний аавыг молиго Очир гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй. Тэгэхээр ургийн овгоо “Молиго Очир” гэж авахаар шийдэж, авч байсан. Одоо бид олуулаа болж байгаа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Миний хамгийн бага эмэгтэй дүү таван хүүхэдтэй. Алдарт эхийн одонтой ээжүүд. Ингээд л бид бор зүрхээрээ амьдарцгааж байна. Аав, ээжийнхээ нэр, төрөөр зөв амьдарч байгаа.

-Таны аавыг шоронд байдаг гэх мэт худал мэдээлэл гарсан байдаг юм билээ. Энэ талаар та сонсож байсан уу?

    -Манай хадам ээж намайг найздаа "Молиго Очирт тоглодог жүжигчин Д.Алтангэрэлийн охин шүү дээ" гэж ярьсан юм билээ. Гэтэл найз нь “Өө, тийм үү. Тэр хүн чинь шоронд байдаг гэсэн биз дээ” хэмээсэн гэдэг. Энэ мэтчилэн аавыг “Хөх чоно” кинонд  тоглосон, 70 бугын хэргээр шоронд орсон Дамдин гуайтай андуураад байдаг юм билээ. Тухайн үед би “Тийм муухай юманд орсон байсан ч аав минь амьд байсан бол ямар сайхан бэ” гэж бодож байсан шүү.  

-МАНАЙХАН "МОЛИГО ОЧИР" ГЭДЭГ УРГИЙН ОВОГТОЙ-

-Та аавынхаа молиго Очирын дүрээс ярьж өгөөч. Зураг авалтынх нь үеэр очиж байсан юм байна?

    -Молиго Очир бүх хүний хайрыг татсан сайхан дүр. Аав минь яг байгаагаараа тэр киног авч гарсан. Аавын дүр Далайцэрэнгийн дүрийг товойлгож өгсөн гэж боддог. Туслах дүр мөртлөө гол дүр нь юм шиг яригддаг шүү дээ. Аав минь ямар сайхан хоолойтой хүн байсан юм. Үнэхээр бахархаад, бахархаад ханашгүй шүү дээ. Гол дүрийн Далайцэрэн “Очир ах аа, миний бяр дуучихаж” гэхэд нь “Бяр дуусна гэж байдаггүй юм. Харин энэ удаад чиний сэтгэлийн тэнхээ алга болчихож” гэдэг хэсгийг авах үед би аавдаа эрхлэх гэж хажуунаас нь дайрч, зураглаачид хөөгдөөд л сууж байлаа шүү дээ. Ингээд ярихад аавын тухай дуусашгүй их дурсамж байдаг юм байна. Хэдий найман настайдаа ааваасаа өнчирсөн ч гэлээ миний дотор аавын минь эр, бяр амтагдсан залуу насных нь дурсамж тодоос тод гэрэлтэж байна.

    -Монголчуудын хайртай Очир зааны тухай болон аавынхаа тухай сайхан яриа дэлгэсэн танд баярлалаа.

     -Баярлалаа. 

/ЖҮЖИГЧИН Д.АЛТАНГЭРЭЛИЙН ТОМ ОХИН А.ГАНЧИМЭГИЙН ГЭР БҮЛ/


А.ГАНЧИМЭГ: ААВ МИНЬ "МОЛИГО" ОЧИРЫН ДҮРЭЭРЭЭ ЖИНХЭНЭ ЭР ХҮН, БӨХИЙН ЖУДГИЙГ ХАРУУЛСАН ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 25
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-08-05 00:48:36
    М Отгонбат: Дүү нар нь хаана байгаа вэ. Хуучинаар асрах байранд байж байгаад дундаасаа бүгд гарсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-07 18:04:49
    дагвадорж: миний үзэх дуртай кино.үнэхээр сайхан хоолойтой гоё ах.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-17 19:57:44
    Г.Алтанбат: Анх хүүхэд байхдаа үзээд энэ ах шиг мундаг бах болох юмсан гэж бодож,мөрөөдөж явлаа,хүүхдүүд нь сайн яваад их баярлаж сууна даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-16 14:25:25
    Хуяг: Эрүүл энх Аз жаргалыг хүсье!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 18:00:53
    Отгонбаяр: Ёстой сайхан жүжигчин шүү амжилт хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 16:44:53
    Бат: Сайхан хүн байлаада үнэхээр л ард түмний сэтгэлд шингэж чадсан үр хүүхдүүд нь сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-15 15:45:31
    Түвшинбаяр: Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн Молиго очир доо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-24 19:07:18
    Зочин: Аав болгон үр хүүхэддээ бурхан нь. Аавыгаа гэнэт маш их санав. Тамхи үнэртүүлээд л үнэрлэдэг сэн.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-22 20:11:00
    Иргэн: Сайхан аав, ээжийн үргэлжлэл, зөв хүмүүжсэн зөв хүүхдүүд байна. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин. Молиго Очирын удмынханд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-22 10:28:58
    Даваа Чинхүсэл: Сайхан хүн шүү. Сайхан ааваараа бахархаж яваарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 09:49:22
    Тогтохбаяр: Гарьд магнай киног үзэх болгондоо л молиго Очир зааныг мунадуулаад унахад маш их их харамсдаг.Тэгээд бодохоор олны хайрыг татсан,Монгол эр хүний,бөх хүний бүхий л сайхан шинж чанар,жудгийг харуулж чадсан дүр байдаг.Далайцэрэн гол дүрээс илүүтэй сайхан дүр болж чадсан л даа.Үр хойчид нь аж жаргал хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-16 07:39:13
    Ц.Энхтуяа: Сайхан аав.ээжийн үргэжлэл та нартаа хамгийн сайхан бүхнийг хүсэе 30 байранд 2 ахтай чинь тоглож найзлаж байлаа танайх нэгдавхарт манайх 9 давхарт амьдардаг бсн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-17 06:56:04
    Самбуу гэрэлчимэг Батсуурийн дүү Гуталчин: Тиймээ тэр нэгэн ахыг санаж бна шүү нэг их өндөр биетэй нүд хөмсөг болсон хүн байлаа жолооч сүүлдээ соёлын ордонд орсон байх Их сайн хүн миний ах ай их адилхан харагддагсан эхнэр нь бас биерхүү сайхан хүүхэн бсан шүү сүүлд бурхан болсон сураг байсан Монголд урлаг кино нь их л чухал хэрэгтэй хүн дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-07 17:58:33
    Ш.Нацагдорж: Тэр үеийн УТК, МТХУХорооны байр буюу одоогийн Эдийн засгийн хөгжлийн яамны байранд энэ хүнийг нилээд олон харж байсан билээ. Сайхан өндөр бор залуу байсан санагдана. Нүдэнд дулаахан хүн байсан. Ослоор өөд болсоныг нь сонсоод харамсах сэтгэл төрж байлаа. Үр хүүхэдүүдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-06 20:55:24
    Өнөрбаяр: Үнэхээр сайхан жинхэнэ монгол эр хүн байждээ бүтээсэн дүр болгон нь хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн сайхан дүрүүд байдаг шүү үр хүүхдүүдэд нь хамгийн сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-06 20:55:23
    Өнөрбаяр: Үнэхээр сайхан жинхэнэ монгол эр хүн байждээ бүтээсэн дүр болгон нь хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн сайхан дүрүүд байдаг шүү үр хүүхдүүдэд нь хамгийн сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-05 14:45:31
    Yumche Bayarkhuu: Saihan dursamj bnaa. Ta buhend tanai ger buld sain saihniig eruue. Aaviin tani tuhai bi Aavaasaa asuuj ugiy.Aav tani minii aaviig hundleed manaihaar irdeg bsn sanagdaj bn. Aav maani Arhangain Uguunuurt 90 garsan undur nastan bgaa. Uhaan sanaa n saruul saihan amidarch bn . Ta buhend eruul enh sain saihniig eruue
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-05 08:49:22
    О.Пүрэвчулуун: Сайхан хүний тухай сайхан ярилцлага болсон байна.Монгол эр хүн гэж ийм хүнийг хэлнээ гэж бодож явдаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-05 01:01:33
    Тамир: Сайхан ярилцлага болжээ... Гэр бүлд ариун гэгээн, сайхан бүхнийг хүсье...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-04 19:33:29
    С.Наранцэцэг: Сайхан дурсамж болжээ. Монгол эрчүүдийн бахархал болсон ховор сайхан эрчүүдийн төлөөлөл Молги Очир мөнөөс мөн.. Хоёр Ганаагийнхаа гэр бүлд аз жаргал.сайн сайхан бүхнийг хүсьe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-04 15:06:57
    zochin: Olon saixan dureeree Mongoliin ard tumnii xairlaj xundeldeg Altangerel guain tuxai dursamj niitleliig unshix saixan bailaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-04 14:56:33
    EZO : Moligo Ochir yostoi goyo dur shu, unexeer saixan xun. Ta buxend sain saixniig xusen yorooye!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-04 14:56:25
    EZO : Moligo Ochir yostoi goyo dur shu, unexeer saixan xun. Ta buxend sain saixniig xusen yorooye!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-04 11:28:11
    Энхтуяа: Намайг хангамжийн бичээчийн 6 сарын курст байхад аж үйлдвэрийн хангамжийн ерөнхий газрын хашаанд мөн авто краны курс байсан тэнд Алтангэрэл сурч байсан шүү их гоё өндөр сайхан залуу байдаг байсан Архангайн нэг охмн манай курст байдаг Алтангэрэл ахаа гээд л гүйдэг бид нар тоглоом хийгээд нөгөө охиныг Краны улаан хацарт гэж шоолдог байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-04 11:04:34
    irgen: saihan yaria bna, moligo ochir shig saihan dur er ni hovor doo. huuhduuded ni sain saihaniig husye.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188