• Өнөөдөр 2025-07-12

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.БАДАРЧ ГУАЙН ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ

2025-07-11,   271

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Пунцагийн Бадарчийг “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнасан билээ. Тэрбээр Монголын уран зохиолд бүтээлээрээ үнэлэгдэж, олон арван жил шүлэг найргийн ертөнцөд бүтээлчээр зүтгэсэн. 1939 онд Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн П.Бадарч 1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлж, “Есөн эрдэнийн орон”, “Загал минь”, “Алтан тоос” зэрэг сэтгэлд хоногшсон бүтээлүүдээ туурвисан. Түүний шүлгүүд эх оронч сэтгэлгээ, хүмүүнлэг ухаарал, уран яруу хэлбэрээрээ онцлогтой хэмээдэг.

     Монголын ард түмний сэтгэл зүрхэнд гүн хоногшсон найрагчийг олон нийт “Буурал Бадарч” хэмээн хүндэтгэн дууддаг. Өмнө нь тэрээр Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт уран бүтээлч зэрэг олон хүндэт цол, шагналаар шагнагдаж байсан. Харин энэ удаад түүний урлаг, уран зохиолд оруулсан хүндтэй хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, төрийн дээд цол “Хөдөлмөрийн баатар”-аар шагнасан нь Монголын утга зохиолд тодоор бичигдсэн үйл явдал боллоо. Ингээд түүний онцлох таван шүлгийг хүргэж байна.

Эхийн сэтгэл

Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймар зүүд ная наслахдаа зүүдлэсэнгүй ээ

Санаа сэтгэл гэгэлзэж байсан ч

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч

Сарних бодлын үзүүрээс миний хүү гарахгүй юмаа

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү

Амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож гэнэ миний хүү

Араажуваар дуулж байналээ

Сайн явна гэнэ миний хүү

Аяны хүн хэлж байна

Муу явна гэнэ миний хүү

Амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй дээ

Амьд яваа чинь л ижийдээ

Алдар чинь юм шүү дээ

Ижий нь хүүгээ их санахиймаа

Араг савар хоёроо зөрүүлэн байж би чамайг боддог

Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг аа

Миний хүү алга аа

Тэмээ тэмээ цагаан үүлийг тэндээ царцатал харлаа

Тэнгэрийн ягаан хаяаг савсуутал нь би хүүгээ ширтлээ

Ижийдээ ирсэнгүй ээ

Хүний хүү ижийдээ ирж гэнэ

Гол усаар л нэг найр наадам болж байна

Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ

Голын минь гогдом хэлж байна

Аа яаадгийм ороол биз гадагшаа би хүүгээ өмөөрлөө

Ам нь цангаж байгаа байхдаа муу хүү минь дотогшоо би өмөлзлөө

Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан миний хүү

Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан миний хүү

Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж

Зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан

Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залгичихлаа гэж

Зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан

Ядаж яваа юм бол миний хүү

Тэнд байгаад яахнав ижийдээ л хүрээд ир

Ядарч яваа юм бол миний хүү

Тэнэж яваад юугхэв ижийдээ л хүрээд ир

Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг

Хөх толгойтой хөгшин хүү минь

Ижийнхээ нүдэнд бол манцуйндаа дэрвэлзэх

Мяндас цагаан хүү минь ижийдээ ирээ

Хөхөөрөө чамайг даллая

Үхэхээрээ чамайг айлгая

Миний хүү ижийдээ ирээ

Ухаантайдаа миний хүү

Хурай хурай хурай

Унага шиг ижийдээ давхиад ир

Гурий гурий гурий

Загал минь

Сайхан Загал морьтой байлаа.
Санааны дураар үүрд ханилсангүй ээ
Найман чимэгт эмээл юугаан өргөж
Насан турш зоо нуруунд нь тааруулсангүй ээ
Салхи урсах их талаа
Саруулхан хөх тэнгэр гэвээс
Одод шиг мяралзах сүрэг дундаан
Саран мэт содон морь минь.
Залуу нас дуу наргиан хөөж
Загал мориороо алсхан найранд очдог байжээ
Зайлуул гэргийминь өнжүүд хонууд зовохдоо
Загалаа унаж яваадаа гэж амсхийдэг байжээ.
Харлах харгуйн дов дэрлэн унаж
Халамцуу бие хөдөөд ганцаар хэвтэж үзсээн.
Тэгэхэд миний Загал эмээлтэйгээ дэргэд хүлээж
Тэнгэр газрын хооронд тэр минь л аварсаан.
Дөрвөн өртөөд жолоо таталгүй
Дөрөө жийн сайхан Загалаараа давхиж
"Өөд болох нь ирээч"гэсэн буурлындаа очиход Өөрт минь захих үгээ хэлж байхад нь золгосоон.
Аяны богц суран үдээс чангалж
Алдрайхан бие гүнж замд гарахад
Амраг минь цагаан сүүгээр дөрөө мялаахдаа
Алзахгүй ээ хө Загал минь түшнэ гэдэгсэн.
Сайхан Загалынхаа найман ганзага сунгаж
Салхи шуугиулам хатираанд"дөрвөн цаг" исгэрч явлаа.
Саран мэлтийсэн шөнөөр ногоон тал бөмбөрдөж
Санасан янагийнхаа цагаан гэрийг зорьж явлаа.
Нийлсэн чимэгт эмээл юугаан өргөж
Насан турш зоо нуруунд нь тааруулж
Эрийн түшиг сайхан Загал морио
Эгнэгт эдлэх тавиланг би өөрөө түлхсээн.
Төрхгүй залуугийн бодолд наймаан дон тусаж
Төө цагаан гаанс хоёр залуу мориор өгч
Төхмийн хүний ногтонд эрдэнэ толгойгий нь өргөхөд
Төрөл шиг болсон Загалыгаа уйлав уу даа гэж харсаан.
Цэн цэнгийн товруутай хар суран хазаараа
Цэвэр уран толгойноос нь хангинуулан байж авахдаа
Цээж зүрхэнд харамсал бууж буцмаар байсан ч
Цэх шулуун эр гэгдэе гэж нэрэлхээд буцаагүй ээ.
Хүний нутгийн ус өвсийг орхин гүйж
Хөөрхий Загал минь тэнцэж босон талдаа нэг ирсээн.
Хөхөмдөг униарт хавраар нэхсэн эзэнд нь басл өгч
Хөтлийн цаад руу хондлой нь товолзон далдрахыг харсаан.
Анхны гүйлтээсээ хойш Загал морь минь
Ахиж наддаа, унаган ижилдээ ирсэнгүй.
Агтны манлай, хайрт хүлгээ хүний ногтонд оруулсан
Арчаа нь үгүй эзэн намайгаа үүрд орхисон байна.
Ургах нар бүхнээр адуугаа би хумихдаа
Унаган Загал морио дандаа л дурсаж явна
Урт цагаан гаансандаа галзуу улаан нэрэвч
Унаа муутайхан шиг л явж байна.
Их талын энгээр давалгаа шиг үймэх
Ижил мянган сүрэгтээ эргэж дахин ирвэл нь
Түрүүчийн адил буцааж, ухаант Загалаа гутраахгүй ээ.
Түрийнээсээ урт гаанс,адуунаасаа дөрвөн залуу морь өгнөө.

Эх орны дуулал

Алтай их хайрханы мөнх цагаан оргилоос

Аварга халимын сэрвээ шиг Буйрын мөнгөн долгио хүртэл

Аралт тэргэнд хотойсон Монгол шарын даваанаас

Алтан элс молцоглосон овоон ингэний ус хүртэл

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Анирхан загасны сэлээнд

Цацрах дусал нь ч минийх

Алаг нүдэнд өртөхгүй

Ширхэг элс нь ч минийх

Ханат цагаан гэрт Монголын удам бүүвэйлсэн

Хацар улаан нэрт ээжийн минь суугуул нутаг,

Хадган цэнхэр талд ээлт сүргээн адуулсан

Халх Монгол ард эцгийн минь уугуул усан,

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Харь газар одохуй

Алганаа дээжлэх рашаан нь ч минийх

Хариг нас ирэхүй

Амран нойрсох газар нь ч минийх

Дөрвөн өнгөний хувьсал эргэх цагийн аясад

Дөрөөн дээрх "ТУГ" малчны сүрэг налайсан

Дөчин өдрийн зам туулж гаршгүй талд

Дөмөнг дуулах хоолой таацах сэтгэл уяраасан

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Далай саваан орхио юу гэмээр

Баян сүрэг нь ч минийх

Далайсан илдтэн буцам

Ухаалагхан дуу нь ч минийх

Дэлтэй жаахан морьдын минь унаган хатуу туурай

Дэлгэр жаргалын өртөөнд улдаа нь үгүй төрсөн

Дээвэрт цагаан гэрийн минь удмаас өнөр үүд

Дээдлэн мандах нарны өмнөөс өөдлөн тоссон

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Дэнжийнхээ зүлгэнд тэнцсэн

Унаган хүлэг нь ч минийх

Дээж таван тансагт

Өргөө гэр нь ч минийх

Шивээ Хиагтын голомтоос асаж дүрэлзсэн гал

Шинэ төрийг тунхагласан ардын их хувьсгал

Ширүүн тулаанд эрсэдсэн ахмад тэдний дурсгал

Шижир алтаар сийлэвч үнэлж баршгүй бахархал

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Шийдмэг зоригоор авчирсан

Эрх чөлөө нь ч минийх

Шинэ нийгмээ бадруулсан

Эрэлхэг ах нар ч минийх

Үүд тотго доргивол хоймор хот сэрхийж

Үлэмж тансаг орноо хатан зоригтнууд өмгөөлөн

Үй түмэн эрс мордоход, таны л тулд үрэгдэг гэж

Үр харам эх хүүгээн үдэж чадсан

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Үеийн үед хайрласан

Эрдэнийн шороо нь ч минийх

Үнэний тулд нөгцсөн

Түмэн баатар нь ч минийх

Ухаант жанжин Сүхийн хатан баатар нам

Улс ардынхаа замыг ургах нар шиг гийгүүлсэн

Урагш дэвшихийн заяанд удирдагч энхрий намаа

Ухаалаг талбиун сэтгэлт саяар ард нь хүрээлсэн

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Урдын бэрхээс гэтэлгэсэн

Дайчин нам нь ч минийх

Удмаас баян төгс

Далай түмэн нь ч минийх

Итгэлийн цэнхэр хадгаа дэлгэж золгосон цагаас

Эцгийн хоёр хүү шиг зовох жаргахад ханилсан

Их зөвлөлт ард олны минь түшиг болсон

Ильичийн гэгээн дэнлүү одны тоогоор гялбалзсан

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Эрхэм нөхрийг таньсан

Ухаант ард нь ч минийх

Ээрэм талд бадарсан

Гэгээн одод нь ч минийх

Түмэн намрын өглөө алтан шашир намиаж

Түрүүгээн дааж ядах арвай буудай далайлсан

Түнэр шөнийн тэнгэрт гал цацсан яндангууд

Түүний эзэн баатар гал улаан цан цувьсан

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Түрлэгт далай дүйцэм

Эрдэнийн тариа нь ч минийх

Түүхий төмрийг ширээсэн

Эрхэм ажилчин ч минийх

Эртний буурал сүмийн баганы дугуй сууринд

Элэрч хуучирсан хотын бардам дуугүй бууринд

Эвийн улаан тоосгыг нутгийн шороогоор гагнаж

Энэ сайхан үеийнхээ бат харшийг сүндэрлүүлсэн

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Эрээн мяраан алагласан

Хуучин дурсгал нь минийх

Эрдэнийн шигтгээ шиг гялалзсан

Шинэхэн ордууд нь ч минийх

Тоонот Монгол гэрийн элэнц үеийн голомт

Тотгот ган тулганы элбэг улаан галыг,

Тохойрсон голын уснаас эрчмийн гал өртөөлж

Тоост талаар алхсан өндөр хүчдэлд холбосон

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Тоотой насаараа хайрлах

Угалз улаан гал нь ч минийх

Тосох ирээдүйдээ бэлэглэх

Аварга их цахилгаан нь ч минийх

Эрдэнийн соёмбо үсэгт улаан хөх туг

Элэг бүтэн улсын туурга тусыг баталсан

Ээлт нарны зүг морьтон давхисан сүлд

Энэ гэгээн төрийн учир утгыг багтаасан

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Эртний дээдсийн соёл

Соёмбо эрдэнэ нь ч минийх

Энэхэн амиараа хамгаалах

Сүлд туг нь ч минийх

Уулсын сайхан богдын тэнгэрт сүрлэх оргилтой

Улсын сайхан нийслэлийн сүр жавхаа дүйцсэн

Усны тунгалаг Туулын сүйх мөнгөн мандалд

Уран чамин хот минь шинэхэн өнгөө тольдсон

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орны минь

Учралын мянган зам

Уулзах энэ газар нь ч минийх

Уяралын сайхан дуу шиг

Улаанбаатар нь ч минийх

Аугаа Монгол улс мөнх оршихын билэгдэл

Алаг хонгор үрс минь, жаргал төгс торнисон

Ачийг үүрд санах хойч тэднийхээ нийгмийг

Ард түмэн минь өнөө, хотол даяар бүтээсэн

Энэ насанд ганцхан заяах

Эх сайхан орон минь

Агуужим сайхан сэтгэлт

Найрсаг түмэн таных

Аялгуу дуугаан өргөсөн

Найрагч би таных.

Есөн эрдэнийн орон


Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ

Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлын халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ

Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооны бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрдэнийн билээ

Өргөн талын элгэнд чандманаланхан буусан
Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон танан эрдэнийн билээ

Yүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Yр буяны <<тэнгэр>> саальчин монгол хүүхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан
Хөдөө талын нь сүрэг сувдан
Энх үрийн нь шүүдэр сувдан
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ

Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу
Угалз ширээлсэн гөлөм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ

Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ

Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ

Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард түмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж
Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч
Миний ард түмний есөн хүсэл бүрдэх билээ.

Их сайхан, гурван сайхан хөх уул

Сургуулийн багахан насандаа юмсан
Шүлэг номд дурласан үесэн
Цэлгэр талаар зам алсарч
Хөнгөн тэрэг түүгээр довтлон
Цэнхэртэх гурван уулсыг зорьсон
Гоё сайхан зурагтай, Лхамсүрэн гуайнхаа
«Говь гурван сайхан» номыг
Амтархан уншиж Довчинтойгоо булаацалдан
Алсын дуртгал өнөөдөр сэргэв
Бага насны дэврүүхэн бодол
Баянхан бардамхан ч байж дээ
Тэр гурван хөх уулсыг үзэхсэн гэж
Тэгэхэд миний сэтгэл мөрөөдөн явжээ

Намайг тэр хүсэл өнөөдөр л гүйцэж
Найрагчид онгод хайрласан гурван хөх ууланд ирлээ
Тэртээ багын минь хүслийг татсан гайхамшиг
Тэнгэрийн юм шиг «гурван сайхаан» та сайн байна уу,
Талын хүн гэж битгий бишүүрхээрэй
Та минь надад онгод хайрлаарай.
Буурал найрагчийн хүрэн моринд сундлалдаж өссөн
Буянтай жаалуудын нь л нэг ирлээ шүү дээ
Алсын уулс л цэнхэрлэн байдаг бус уу
Аяа тэгтэл таны хормойд ирэхэд
Тэнгэрийн юм шиг, тэнгэрийн уул шиг
Цэнхэртээд л цэнхэр уул юмаа даа та
Оройн наран жаргахад Хэрлэн голоос харанхуй
Олон цэнхэр уулс баруун зүг давхарлан
Тэнгэрийн хаяа цаана нь бас цэнхэрлэдэгсэн
Тэр цэнхэр хаяа та байсан байх нь ээ
Дэргэд чинь ирлээ, цэнхэрлээд л байх юм
Дээд, тэнгэрийн хаяа мөнөөсөө мөндөө
Оройд чинь гарахуй зүүн зүг цэнхэрлэлээ
Одоо л би учрыг ойлголоо уул минь
Эх орны минь хаяа цэнхэр байдаг байна
Эгэлхэн надад та тэнгэрийн хаяа байна
Хонгор, багахан насандаасан бол
Хормойд чинь сууж гэрээ санан уйлмаар,
Хожуу болсон гучин насандаа өнөө
Хонгор сайхан ханиан санан уярмаар
Элэг зүрхэнд мөнх хайрлагдах
Эх орны минь хаяа хязгаарын нэгэн
Их сайхаан, гурван сайхан
Гурван хөх уул та энх орштугай.

 

 


ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.БАДАРЧ ГУАЙН ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-11 14:34:16
    zochin: Сайхан, Сайхан!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-11 12:17:08
    Энхрий : Танагтай дээр нь өгч байгаарай..ямар гайхамшигт шүлэг үлдээлээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188