• Өнөөдөр 2025-07-12

Ч.ДАМДИНШАРАВ: Багш нар З.Ойдовын мэх техник, арга барилаас заах юм бол олимп, дэлхийн аваргууд төрнө

2025-07-12,   303

Түрүүч нь ...2025.7.10 ны дугаарт.

     Одоогоос 57 жилийн өмнө монголчууд анх удаа олимпын наадмаас медаль хүртэж байжээ. Монголын тамирчдаас анх түрүүн 1968 оны Мехикогийн олимпын 52 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж, араасаа нэг мөнгө, хоёр хүрэл медальтан дагуулсан “Булган сүүл”-тэй хүн бол  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав багш юм.  Ч.Дамдиншарав багштай чөлөөт бөхийн болон “Токио-1964”, “Мехико-1968” олимпын талаар ярилцлаа.

-Та ер нь анх яаж яваад чөлөөт бөхийн тамирчин болсон юм бэ?

      -Манай Гучин-Ус сум  том сум л даа.  Өвөрхангайн баруун талын Богд, Баруун Баян-Улаан, Төгрөг зэрэг 4-5 сумын дунд нь байдаг. Манай сум ганцхан долоон жилтэй болохоор бусад сумын дөрөвдүгээр анги төгссөн хүүхдүүд манай сургуульд  сурч төгсдөг байлаа. Долдугаар ангиа төгсөөд аймгийн төв рүү арван жилийн сургууль руу явна. Би сумандаа долдугаар  ангиа төгслөө. Тэр үед сургууль соёлын хуваарь гэж байгаагүй.  Тэгээд долоон сарын сүүлээр хотод сургуульд орохоор ирсэн чинь сургуулиуд элсэлтийн бүртгэлээ хийгээд дуусчихаж. 

       Тэгсэн Худалдааны техникум цөөн тооны нэмэлт элсэлт авна гэхээр нь шалгалт өгөв. Шалгалтын дүнгээ сонссон чинь ашгүй тэнцчихсэн байна. Ингээд оюутан болоод намрын ажилд явлаа. Ургацаа хурааж дуусаад баяр маягийн юм хийв. Тэр ургацын баярт зориулан оюутны бөхийн барилдаан боллоо. Биеийн тамирын багш “Улаан хамар” Дагва гэж хүн барилдааныг явуулсан. Тэр үед 32 бөх барилдсан санагдаж байна. Би барилдаад байсан чинь  шөвгийн дөрөвт үлдчихлээ. Би жижиг биетэй, нэгдүгээр курсийн жаахан бацаан, том ах нарыгаа хаяад дөрөв үлдэнэ гэдэг муугүй л амжилт.

       Дээд курсийн ах нар “Энэ Өвөрхангайн жижиг шар чинь яасан үетэй хүүхэд вэ” гэж хоорондоо ярьж байна. Түүнийг нь сонссон  би их хөөрлөө. Тэгсэн байдаггүй дөрөвт үлдээд уначихлаа. Харин биеийн тамирын багш намайг  чигтээхэн их сонирхож байна.  “За чи хотод очоод “Хоршоолол” нийгэмлэгийн үндэсний бөхийн секцэнд явна шүү. Агваандугар гэдэг мундаг багш байгаа” гэлээ.

-Багшийнхаа захиасыг дагаж “Хоршоолол” нийгэмлэгийн тамирчин болсон юм уу?

      -Хотод ирээд сар гаран болсны дараа биеийн тамирын багш бичиг хийж  өглөө. Тэр бичгийг бариад  арав гаруй оюутан  “Хоршоолол” дээр очлоо. Тэгсэн Агваандугар  багш намхан бор хүн  байна. Тэр багшийн шавь болоод гурван сар гаруй бэлтгэл хийлээ. Гэхдээ долоо хоногт гурван удаа л хичээллэнэ. Ингээд байж  байтал техникумуудын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн болов. Тэр тэмцээнд барилдсан чинь гавьтай явсангүй. Том биетэй оюутнуудтай таараад бярдуулаад нэлээн дор даваанд  уначихлаа. Нэгдүгээр курсийн эхний жилийг ингээд үндэсний бөхийн секцэнд явсан  болоод дуусгав.

     1961 оны намар хоёрдугаар курст орлоо. Биеийн тамирын багш  “Улаан хамар”  Дагва “ Та нар шиг ийм  жижиг биетэй хүмүүст таарч тохирох чөлөөт бөхийн спорт,  хэвтээ барилдаантай бөхийн төрөл гарсан байна. Спортын ордонд очиж бүртгүүлээд орохгүй юу” гэлээ. Тэр үеийн эрэгтэй оюутнууд их ганган байлаа. Үсээ урт ургуулна.  Бакалан гутлын түрүүг гармошиглах юм уу эсвэл эргүүлж нугална. “Амины цагаан” хэмээх малгай өмсөнө. Куртикны энгэртээ жирийтэл товч хадаж гангардаг моодтой байсан юм.  Яг энгэртэй олон одон, медаль зүүсэн генерал шиг л  юм явна.  Тэгээд Спортын ордон руу яваад очлоо. Чөлөөт бөхийн тамирчид ордны хойд талын жижиг өрөөнд бэлтгэл хийж байна.  Хаалгаар нь шагайсан чинь булчин, шөрмөс нь овоож, түнтийсэн, боовон чихтэй бөхчүүд байх юм.  Тэгсэн хаалга хаа гээд хашгирч байна шүү. Айж сандарсандаа түс хийтэл чанга хаачихлаа.

        Бэлтгэл нь дуусаад гарч яваа бөхчүүдээс юм асуухаар ерөөсөө хэлж өгөхгүй юм. Чимээгүй яваад өгөх юм. Биднийг ёстой нэг хүн гэж даанч нэг тоохгүй байна аа.  Тамирчдыг гарч дуусах үед нь шагайгаад орох уу  гэв.  За ор гэлээ. Бид хэд чихэлдэж, шахалдаад  пэр , пар гээд орлоо.  Намхан шар хүн сууж байв. Тэр хүн  “ За та нар ямар хэргээр явж байна” гэхээр нь “Бид бөх болох гэсэн юм” гэж хэллээ. Тэр хүн  “Юуны чинь бөх. Та нар гудамжны хулигаанууд уу. Наад үс, гэзэг, гутал,  толгойгоо хар. Манайх ийм хулигаануудыг цуглуулдаг газар биш. Гар та нар” гээд зандарлаа. Бүгдээрэй хөөгдөөд гарав.  Бид хоорондоо ярилцаж “ Хэн орж гуйх вэ” гээд ярилцав.   “Хамгийн жижиг биетэй нь чи юм байна. Чи л ороод гуйж үз. Том биетэй хүүхэд орж болохгүй. Ахиад хөөгдөнө” гээд намайг оруулах болж тогтлоо. Би орлоо. “Чи яах гээд байгаа юм. Хаалга хаагаад гар” гэж байна.  Гарахгүй л зогсоод байлаа. “Та нар хаанахын юун улсууд вэ. Яах гээд байгаа юм. Би та нарт хэлэх үгээ хэлсэн биз дээ. Одоо өөр ярих зүйл байхгүй  гэлээ шүү.  Бид Худалдааны техникумын оюутнууд байгаа юм. Бөх болж таны шавь болох гэсэн юм” гэж үнэн учир байдлаа ярьлаа.  

       За та нар бөх болъё гэж бодож байгаа бол маргааш үсээ засуул, гутлын түрүүгээ дээш тат, энгэрийн олон товчоо авч хаячихаад ирвэл, шавь болгон авъя. Үнэхээр бөх болж чадах уу. Бэлтгэл таслахгүй явна биз гэж хэллээ. Бид бөөн баяр хөөр болоод, үсчинд очиж үсээ засуулж, бинтүү халимаг болгов. Тэр үед бидэнд бэлтгэлийн хувцас байгаагүй. Шар вааран өмд, хятадын түрүүгүй еэвэн кет, богино ханцуйгүй цамц өмсөөд л бэлтгэлд орлоо.  Бэлтгэлийн хувцсаа хийх цүнх байхгүй. Өмдний шуумгийг  оёж битүүлээд резинен оосор, мөрөвч хийсэн даавуун цүнх маягийн богцыг үүрдэг байв.

     Шигшээ багийн томчууд нь тустай, секцний хүүхдүүд нь тэдний бэлтгэлийг дууссаны дараа орно. Биднийг бөхийн өнхрөлт, дасгал, хөдөлгөөн хийхээр секцний хүүхдүүд шоолж, элгээ хөштөл инээнэ. Хөдөө өссөн хүүхдүүд болохоор бид дасгал, хөдөлгөөний эвсэл муутай. Харин босоо барилдаанаас секцний хүүхдүүдтэй ёстой нэг ана мана, өгөө, аваатай барилдана. О.Цэрэндагва багш хуучин хүүхдүүдээ аашлана. “Та нар одоо өчнөөн сар бэлтгэл хийсэн байж  шинэ гоожууруудыг дийлэхгүй байна уу” гээд л загнана.  Хоёр сар бэлтгэл хийлээ. Чөлөөт бөхийн спорт гэж үнэхээр сайхан юм аа. Тэгсэн нэг нэрэмжит тэмцээн боллоо. Бид ороод бүгд ялагдсан. Хуучин хүүхдүүд нь хэвтээгээс бидний ёстой элдэж, өнхрүүлж байгаад ялчих юм. Бид сэтгэлээр унаж жаахан гутарлаа. Бөх болох ч худлаа юм байна даа гэж бодов.

       Гэхдээ бэлтгэлээ таслахгүй явсаар хавар боллоо. Тэгсэн чинь бид нөгөө хуучин хүүхдүүдийг босоо болон хэвтээ ямар ч барилдаанд ялдаг, ер нь эн тэнцүүхэн барилддаг болчихлоо шүү.  Оюутны зуны амралтаар хөдөө яваад 1962 оны намар ирлээ.  Манай сургуулиас орсон 15-17 хүүхдийн ихэнх нь шантраад алга болжээ. Зургаан хүүхэд л үлдсэн байлаа. Бид хэд аль хэдийнэ хуучин тамирчин шиг нөгөө секцний хүүхдүүдийг бүгдийг нь ялдаг болчихсон байв. Тэр намар тэмцээн болов. Тэгсэн тэр тэмцээнд би гуравдугаар байрт орлоо.

     Тэр тэмцээний дараа биднийг шигшээгийн тамирчдын бэлтгэлд оруулчихлаа. Яг үнэнийг хэлэхэд бид шигшээ багийн тамирчдын мэх давтдаг чүчель нь болчихсон юм. 1963 оноос эхлэн үндсэндээ бид бөхийн дөртэй болсон. 1964 оны Токиогийн олимпод явах тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн хийлээ. Манай 52 кг-ын чансаагаар  нэг номер Д.Хашбат, хоёр номер Д.Лодой, гурав нь би болсон үе. Сорил тэмцээнд би тэр хоёртой барилдаж нэгийг нь ялж, нөгөөхтэй нь оноо тэнцчихлээ. Гэтэл дарга нар хуучин туршлагатай хүнээ олимпод явуулна гэлээ.

     Харин Намын төв хороо, МҮОХ-ны гишүүн, Эвлэлийн төв хорооны арван дарга нарын санал хуваагдаад тав, таваар тэнцчихлээ. Тэр үед бид хөдөө Налайхын цаана Уу буланд бэлтгэлд гарсан  байсан. Дарга нар санал тэнцсэн, тийм болохоор та нарыг хотод очихоор дахин сорил хийнэ гээд яваад өгөв. Хотод ирсний дараа сорил тэмцээн боллоо. Аз болж би нөгөө хоёрыгоо хоёуланг нь ялчихсан. Тэгэж л Токиогийн 1964 оны олимпод явах замаа зассан.

-Ч.Насантогтох багш хэзээ бөх болсон юм. Яагаад чөлөөт бөх биш. Самбо бөхийг сонгосон юм бэ?

      -Насаа надаас хожуу бөхийн спорт руу орсон. 1968 онд аравдугаар анги төгссөн хүүхэд. Би зун болгон хөдөө гэртээ очиж амардаг байлаа. Намайг хотоос ирсэн сургаар саахалтын хүүхдүүд шавчихна. Олимпын медальтан гээд ихэд хүндлэнэ. Нутгийн хүүхэд, залуустай Аргуйн гол дээр өдрийг барна. Хүүхдүүд тийм, ийм мэх заагаад өгөөч гээд амар заяа үзүүлэхгүй.  Өдөржин тэд нартай ноцолдоно.

      Тэр зун би Насааг дагуулж хотод авчирсан юм. Тэгээд чөлөөт бөхийн бэлтгэлд оруулсан. Манай Насаа 1968 онд болсон пионер сурагчдын анхдугаар спартикадад  барилдаж мөнгөн медаль авсан. Түүний дараа  жил УБДС-ийн оюутан болоод залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. 1970 онд УБДС-ийн биеийн тамирын анги  гадаадад сургах  оюутнаа шалгаруулахад тэр шалгалтад Насаа тэнцсэн юм.  Оросод очоод самбо бөхийн “Загалмайлсан эцэг” гэж нэрлэгддэг Чумаковын шавь болсон. Тэр хүн Монгол шавьтай болно гээд Насааг чөлөөт бөхийн ангид оруулалгүй татан авч өөрийн гарын шавь болгосон юм билээ. Чумаков монгол үндэсний бөхийн мэх, монголчуудыг их сонирхож, судалдаг байсан гэдэг.

-Таныг шигшээ багийн дасгалжуулагч байхад шийтгэж хэлмэгдүүлсэн байдаг. Юунаас болоод тийм асуудал гарах болсон юм бэ?

       -Би 1970-1978 онд “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажилласан. 1978-1985 он хүртэл Улсын шигшгээ багийн ахлах дасгалжуулагч хийсэн. 1985 онд Унгарын Будапештэд болсон ДАШТ-ээс манай бөхчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан. Багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Тэр дэлхийн аваргаас манай баг, тамирчид гурван медаль биш, дөрвийг хүртэх боломжтой байсан л даа.

      Халтмаагийн Баттуул ДАШТ-ээс медаль авах боломжтой байв. Тэр бүх өрсөлдөгч нараа ялах боломжтой байлаа. Гэтэл Кубын олимп, дэлхийн аварга Кордаад ялагдсан юм.  Харин Чехийн бөх залуучуудын дэлхийн аварга Испинлерийг 8:0-ээр хожиж яваад, алдаа гаргаж ялагдав. Ингээд Х.Баттуул медальгүй хоцорсон. Хэрэв  Х.Баттуул хүрэл медаль авчихсан бол манай улс дөрвөн медальтай болж анх удаа багаараа гуравдугаар байрт шалгарах байлаа.  

      Би одоо ч Х.Баттуултай уулзахаараа тоглоом, шоглоомоор хэлдэг юм. Х.Баттуулаа чи гурван том алдаа гаргасан. Нэгдүгээрт чи дэлхийн аваргын хүрэл медаль боломжтой барилдаанд 8:0-ээр хожиж яваад ялагдсан.  Хэрэв чи ДАШТ-ээс медаль хүртсэн бол  чи гавьяат тамирчин болох байсан. Хоёрдугаарт Монгол Улс түүхэндээ анх удаа ДАШТ-д багаараа гуравдугаар байрт шалгарах байлаа. Гуравдугаарт би шигшээ  багаас хөөгдөхгүй байсан. Чи дэлхийн аваргын дөрөв дэх медалийг аваагүйгээс болоод бүгдийг балалсан шүү наргидаг юм.

      Х.Баттуул “Харин тийм ээ. Оноогоор хожиж явсан хэрнээ цэвэр ялна гэж шунасан барилдаан хийснээс болсон” гэдэг. Хэрэв Х.Баттуул Чехийн бөхийг ялсан бол группээсээ нэгээр гарч ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдах эрхтэй болох байв.  За тэр яах вэ. Намайг гол нь ДАШТ-ий багийн дүнг буруу гаргасан гэж буруутгадаг юм. Унгарууд медалийн чанараар биш. Шагналын оноогоор багийн дүн  гаргана гэж будилуулснаас хамаг зүйл буруугаар эргэсэн юм. Сүүлд  “FILA” буюу ЧБДХ-оос Унгарын ДАШТ-д Монгол Улсын баг дөрөвдүгээр байрт шалгарсан гэсэн  албан бичиг ирсэн юм билээ. Тэр үед нь би аль эрт арга хэмжээ авахуулаад, ажлаасаа хөөгдөөд явчихсан байсан болохоор авч хэлэлцэлгүй тэгээд л өнгөрсөн.

-Таны багш МУГД Солийн Магсар бас л хэлмэгдсэн байдаг байх аа? 

- Тийм ээ, 1978 онд Намын төв хорооны 184 дүгээр тогтоол гарч хэлмэгдсэн. Багш бол үнэхээр аймшигтайгаар хэлмэгдсэн. Багшийн гавьяат дасгалжуулагчийн цол тэмдгийг хурааж, бүх одон медалийг нь аваад, МАХН-аас хөөж,  нутаг заасан. Олон жил Спортын төв ордон руу шагайх ч эрхгүйгээр шийтгүүлэн, амьдралаараа хохирсон. Би бол түүний дэргэд юу ч биш. Шигшээ багаас л хөөгдсөн.

-Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 1980 оны Москвагийн олимпоос хойш 45 жил олимпоос медаль хүртсэнгүй энэ юунаас шалтгаалаад байна вэ?

        -Ер нь үүнд хүмүүс байнга шүүмжлэлтэй ханддаг. Олон хүчин зүйл байгаа л даа. Сургалт, дасгалжуулалт, заал, танхим, бэлтгэлийн орчин нөхцөл, ахуй хангамж, удирдлага зохион байгуулалт гээд асуудал бий. Манай дасгалжуулагчид жаахан ёс зүйгүй байна. Холбоогоо хүндэтгэхгүй болжээ. Тамирчдыг зөв сурган хүмүүжүүлж чадахгүй болчихсон. Монгол үндэсний бөхийн уламжлалт мэхийг заахгүй болжээ. Тухайлбал Ц.Нацагдорж,  З.Ойдов  нарын барилдааныг өвлөж авсан нэг ч бөх байхгүй. Ц.Нацагдорж хөлд орох, хэвтээ барилдаанаар монголын нэг номерын ур чадвартай бөх. Харин З.Ойдовын барилдаан гэдэг чинь дэлхийд үнэлэгдсэн гайхамшигтай барилдаан.  Энэ хоёр бөхөөс их юм сурч аваач гэж залуучуудад байнга захидаг.

   Сүүлийн үеийн залуучууд жаахан тоомжиргүй болчихсон байна. Тоохгүй юм байна. Манай З.Ойдов чинь чөлөөт бөхийн сонгомол мэх хийж барилддаг хүн биш. Дэлхийн хошой аварга болж, олимпын мөнгөн медаль авахдаа монгол үндэсний бөхийн мэхээ хийж эдгээр амжилтыг гаргаж чадсан. З.Ойдов дахин давтагдашгүй гайхамшигтай бөх. Би тоглоом хийж  “Чи чөлөөтийн нэг ч мэх мэдэхгүй хүн” гэж наргидаг юм. Дасгалжуулагчид З.Ойдовын барилдааны арга барил, мэхийг бөхчүүдэд заавал дэлхий битгий хэл  олимпын аваргууд төрнө. Сүүлийн үеийн бөхчүүд  тактикийн болон дэвжээний захын барилдааныг хийж чадахгүй байна. Цагийн зөв хуваарилалт хийхгүй,  хөлөө муу хамгаалдаг, хэвтээ барилдаанд бидний үед байсан улиг болсон алдааг одоо хүртэл засаагүй гаргаад л байх юм. Гэхдээ яах вэ, дэлхийн аваргаас медаль хүртэж чадаж байна.

 

 

 

 

 

 

 

 


 

 


Ч.ДАМДИНШАРАВ: Багш нар З.Ойдовын мэх техник, арга барилаас заах юм бол олимп, дэлхийн аваргууд төрнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188