• Өнөөдөр 2024-12-12

МУГЖ, УЛСЫН МАНЛАЙ ЗАСУУЛ Б.БАТБОЛДЫН ДҮҮ МУГЖ Б.БАТМЭНД: АХЫГАА БӨХИЙН ЦОЛ ДУУДАЖ БАЙГААГ СОНСОХООР ГАЗРААС ТАСАРЧ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ БАЙЛАА

2023-01-08,   19023

ТӨРСӨН АХ, ДҮҮ Ч ГЭЛЭЭ УЛСЫН УРАЛДААНД ТҮРҮҮЛЭХИЙН ТУЛД ХООРОНДОО ӨРСӨЛДДӨГ БАЙЛАА

      Алдарт Сутай хайрхны өвөрт, Зүйлийн голын хөвөөнд сайрын хөх чулуунаас ялгарах юмгүй болтлоо тоглож, хад, чулууг хагарч унатал цуурайтуулан хашхирч, гутал, хувцсаа ханзартал барилдаж өссөн хос морь шиг хоёр хүү бол МУГЖ, манлай засуул Б.Батболд, МУГЖ Б.Батмэнд. Тэд аавынхаа, нутгийнхаа нэрийг бүтэн, дүүрэн дуурсгаж, бадрааж, Монголын түүхэнд үлдээж чадсан ховорхон хувь заяаны эзэн. Өнөөдөр тэдний нэг нь эзгүй гэрийнх нь хоймор ханхайж, Монгол бөхийн хийморь санагалзаж байгаа ч гэлээ түүний хоолойн бяданд хүчит бөхчүүдийн хийморь өнөд сэргэж, өнгө төгөлдөрших нь гарцаагүй биз ээ. МУГЖ, зүүний манлай засуул Б.Батболдыг цолоо дуудахад нь аварга, арслан, заануудын бяр амтагдаж, хүчийг үзүүлэх сүр орж, хэн бүхэн орчлонгоос тасарч, дээшээ, бүр дээшээ хөөрөх мэт болдог нь юутай увдислаг вэ...

     Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын манлай засуул, Улсын бөх цоллогч, Монголын уртын дууны холбооны тэргүүн, уртын дууч, морин хуурч, ерөөлч, магтаалч Баасанхүүгийн Батболдын дүү МУГЖ Б.Батмэндтэй ярилцлаа.

-Та Б.Батболд ахтайгаа нэг насны зөрүүтэй юм билээ. Тэгэхээр та хоёрыг бараг ихэр юм шиг өссөн болов уу гэж таамаглаж байна. Та бага насныхаа тухай ярьж өгөөч?

       -Биднийг бага байхад хүмүүс ихэр гэж боддог байлаа. Биеэр ойролцоо болохоор аав, ээж минь бидэнд адилхан хувцас авч өгдөг байлаа. Сутай хайрхнаас эх авсан Зүйлийн гол манай сумын дундуур урсдаг юм. Тэр голын хөвөөн дээр ахтайгаа барилдаж, морь уралдаж, нуугдаж, голд сэлж өссөн дөө. Тэгэхээр зундаа бол сайн, сайхан борлоно гэсэн үг. Мөн ахтайгаа хамт усанд явж, аргал түүнэ. Айлын хүүхдүүдтэй муудалцаж, зодолдоход ах намайг барьж байгаад тэднийг “Зугтаарай” гэж хашхирдаг байсан. Тийм зөөлөн хүн байлаа шүү дээ. Ах минь хичээлдээ сайн. Би ахаараа орой бүр хичээлээ хийлгүүлэх гэж уурладаг, хийж өгөхгүй болохоор нь уйлчихдаг байсан. Тэгэхээр аав, ээж хоёр ахыг “Дүүдээ тусал, хичээлийг нь хийлц” гэдэг байж билээ. Хоёулаа багш болчихоод СУИС-ийн Уртын дууны ангид сурч байгаа оюутнуудын уралдаанд шавь нараа бэлдэж ордог байсан. Бид хэдийгээр ах, дүү ч гэлээ улсын уралдаанд түрүүлэхийн тулд хоорондоо өрсөлддөг байлаа шүү дээ. Нэг хэсэг уртын дуу дуулдаг эрчүүдийн дунд бид хоёр л цойлж байсан юм даа.

-Тэгвэл улсын уралдаанаас та хоёрын хэн нь хамгийн олон шагнал авч байсан бэ?

     -Ах дунд нь хоёр удаа гадаад руу явсан болохоор миний тэргүүн байрын шагнал ахынхаас олон. Мөн хоёулаа Засгийн газрын “Мөнгөн мод” шагналыг зэрэг хүртэж байлаа. Тэр шагнал их сайхан санагддаг.

-Таны ахыг манлай засуул, цоллооч, морин хуурч, ерөөлч, уртын дуучин гээд Монголын өв соёлыг тээж, түгээн дэлгэрүүлж явсан эрхмүүдийн нэг гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Харин ажил, амьдралдаа хэрхэн ханддаг ямар эрхэм чанартай хүн байсан тухай нь та ярьж өгөөч?

     -Хүн хүнийг байхад нь анзаардаггүй юм байна. Тэгээд бурхан болчихоор нь хачин их санаж, өгүүлдэг юм билээ. Ах минь урлагийн төлөө төрчихсөн ховор хүн байжээ. Монголд мэргэжлийн түвшинд хуурдаж, уртын дуу дуулдаг хүн ховор шүү дээ. Бараг ахаас өөр байхгүй гэхэд болно. Мөн бөхийн цол, гуншин дуудна гэдэг хэн бүхний хийж чадах амар ажил биш. Ах минь 30 гаруй жил бөхийн цол дуудаж, өв соёлыг тээж, олон шавь бэлдэж, сургаж чадсан байна.

    Харин хүний хувьд маш зөөлөн сэтгэлтэй, хүний хайр татсан, хэн бүхэнтэй учраа олчихдог найрсаг хүн байлаа. Ахынхаа үлдээсэн гэгээн тунгалаг ажил хэргийг гүйцэхээр хичээж байгаа. Эргээд харахад, ахынхаа талд нь ч хүрэхгүй яваагаа одоо л ойлгож байна. Тэр их ажлыг яаж амжуулдаг байсан юм мэдэхгүй, тун хөдөлмөрч хүн байжээ. Урлагт хайртай олон хүний дуулах, хуурдах, үг хэлэх орон зайг нь бий болгож, тэдэнд маш их боломж олгож, хүндэлж, дуунд дуртай ард түмнээ нээж чадсан байна лээ,, миний ах.

ААВЫГАА ДУРСАЖ "ЭРИЙН САЙХАН ХИЙМОРЬ" ДУУГ АХТАЙГАА ХАМТ ДУУЛСАН

-Таны ахтайгаа хамт дуулсан “Эрийн сайхан хийморь” дууг монголчууд дагаж дуулах, сонсох дуртай. Та хоёр энэ дууг аавдаа зориулж дуулсан уу?

     -Ах бид хоёр 2012 онд “Үлэмж эгшиглэн” гэх хамтарсан тоглолт хийсэн юм. Түүндээ зориулж, аавыгаа дурсаж “Эрийн сайхан хийморь” дууг дуулж байлаа. Энэ дуу нь царааны хувьд уртын дуу шиг болохоор надад их таалагддаг байсан. Ах минь 1996 он СУИС-ийг төгсөж, Улсын ардын дуу бүжгийн чуулгат С.Цогтсайхан гавьяаттай орж байсан юм. Харин 1998 оны төгсөлтөөс Д.Ширмэнтуяа бид хоёр Улсын ардын дуу бүжгийн чуулгат орж байлаа. Тэр цагаас ахтайгаа хамт дуулж эхэлсэн. Тайзан дээр олон удаа гарч байсан. Тухайлбал, “Бодлоос уяатай Сутай минь”, Хөглөгөр их Алтай”, “ Алтайн дуу”, “Эрийн сайхан хийморь” гээд сайхан бүтээлүүд дуулсан.  Ахтайгаа хоёулаа Үндэсний урлагийн их театрын тайзнаас жигүүрээ дэлгэнэ гэдэг ховор хувь заяа байсан гэж боддог юм. 

-Та хоёр бөхөд дуртай, багаасаа барилддаг хүүхдүүд сайн бололтой. Тийм ч учраас ах нь бөхийн цол дуудах сонирхолтой болсон байх?

    -Бид тэрсхэн байсан болохоор 16 нас хүртлээ л барилддаг, бөхөд сонирхолтой хүүхдүүд байлаа. Ах минь бөхөд надаас илүү дуртай нь мэдээж. Ахын дууддаг цол, ерөөл, магтаал бүгдийг нь би хуулж аваад цээжилдэг байсан. Ах минь ч надад бүгдийг нь сурах даалгавар өгдөг байж дээ. Ахынхаа нөмөрт л урлагийн хүн болсон доо. 

БИ АХЫГАА ЗӨВХӨН МИНИЙ ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН БАХАРХАЛ, МОНГОЛ ХҮНИЙ ОМОГШИЛ ГЭЖ БОДДОГ

-Ахынх нь хүүхдүүд аавынхаа мэргэжлийг өвлөсөн үү?

-Ах минь цар тахлын үед коронавирусийн халдвар тусаж байсан юм. Коронавирусийн хор уршгаас болж гэнэт нас барсан гэж боддог. Ахыгаа бурхан болоход нь харамсаж байсан ч гэлээ хийж бүтээсэн ажил, монголчуудад үлдээсэн өв, соёл, урлагийн төлөө зүтгэсэн чин үнэнч сэтгэлээр нь бахархаж байлаа. Ах минь миний төдийгүй Монголын бахархал, монгол хүний омогшил гэж боддог. Миний ах хоёр хүүтэй. Хоёулаа хуурддаг. Гэхдээ мэргэжил болгож өвлөөгүй. Том нь оюутан,  бага нь 14 настай хүүхэд бий.

-Ахынхаа гэгээн дурсгалд зориулж ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

     -Ах минь докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажил эхлүүлчихсэн байсан. Түүгээр нь таван цуврал ном хийхээр төлөвлөж байна. Мөн сан байгуулж, ахынхаа нэрэмжит уралдаан тэмцээн зохиох, Тонхил сумын Соёлын төвийг ахынхаа нэрэмжит болгох, уртын дуугаар дуурь хийх гэх мэтчилэн хийхээр төлөвлөж байсан ажлуудыг нь дуусгана. Олон сайхан шавьтай болохоор ажил, үйлс амархан бүтэх байх гэж боддог.

АХ МИНЬ УРТЫН ДУУГААР ДУУРЬ ХИЙНЭ ГЭЖ ЯРЬДАГ БАЙЛАА

-Таны ахын мөрөн дээрээс хэчнээн аварга, цолтнууд төрсөн байдаг вэ?

      -Ах 50 хүрээд ирээдүйн аваргыг цоллох байх гэсэн утгатай ярилцлага өгч байсан юм билээ. Аваргуудаас гадна олон баяр, наадмын түрүү бөхчүүд ахын минь мөр дээрээс гарч, дэвж байсан. Тоог би хэлэх боломжгүй, мэдэхгүй байна. 

-Ах нь 1996 оноос бөхийн засуул болсон юм билээ. Түүнээс хойш баяр, наадмаар засуул хийхгүй өнжиж байсан үе бий юү?

-Энэ хугацаанд ах минь хоёр удаа өнжиж, хоёуланд нь би нөхөж засаж байсан юм. Яагаад гэвэл, наадмын өдрүүдэд "Зүүн талын тэргүүн магнайд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Монгол Улсын Үндэсний бөхийн манлай засуул Баасанхүүгийн Батболд" гэж аавын нэр, нутгийн нэртэй хамт бүтнээр нь дууддаг байсан. Тиймээс энэ сайхан алдар, нэрийг тасалж болохгүй гээд ах минь өөрийнхөө оронд надаар цол дуудуулж, засуул хийлгэж байсан. Мөн Ардын хувьсгалын  100, 101 жилийн ойн баяр наадмаар зүүний манлайд гарах ёстой байсан засуулын ар гэрт нь асуудал гарсан учир ах бид хоёр баруун, зүүн талын магнайд гарч, засуул хийсэн. Энэ нь бидний хувьд төдийгүй Монголын сайхан түүх болж үлдсэн. Ахыгаа бөхийн цол дуудаж байгааг сонсохоор газраас тасарч, дээшээ хөөрч байгаа юм шиг л санагддаг байлаа. Бөхийн цолыг бас л янзын сайхан дуудна шүү дээ. 

-Ахынх нь танд хэлж байсан хамгийн сайхан үг, эсвэл ухаарал өгсөн зэмлэл юу вэ?

       -Надад бусад дуучидтай дуулаад уртын дуугаа түр хойш нь тавьж байсан үе бий. Тэгэхэд ах "Чи уртын дуугаа давхар авч явж чадахгүй бол бүр орхих хэрэгтэй" гэж байсан. Тэр нь намайг илүү сайн бэлд, уртын дуу дуулахгүй ч гэлээ дасгалаа хий гэдгийг сануулсан гэсэн үг.  Мөн 2012 оны наадмаар ах минь гадаад руу явсан юм. Тэр үед би мянган цэрэгтэй дуулахаар үлдэж байлаа. Гэтэл ах “Чи бид хоёр чадахгүй бол Монголд өөр хэн чадах юм. Чи л хийнэ шүү дээ. Бүх юм бэлэн болчихсон юм чинь айх юм байхгүй. Одоо толгойгоо даах цаг чинь болсон” гэж байсан. Тэр үг нь надад их урам болж байлаа.

-Таны уртын дуучин болох эхлэл, хувь заяа юунаас үүдэлтэй вэ. Таны удамд урлагийн авьяастай хүн бий юү?

     -Миний аав их сайхан дуулдаг, нэгдлийн жолооч байлаа. Ёс заншил сайн мэддэг байсан болохоор бэр гуйх, найр эхлүүлэх, хүүхдийн сэвлэг үргээдэг өв тээгч хүн байсан. Ээжийн минь удамд урлагийн авьяастай хүмүүс байдаг. Тухайлбал, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын Ц.Оюунцэцэг гэх МУГЖ хүн бий. Ялт ч үгүй ах бид хоёрт нутаг ус, удам нөлөөлсөн гэж болно. Намайг урлагт хөтөлж оруулсан, дуучин болгосон хүн бол миний талийгаач ах. Ах минь наймдугаар ангиа төгсөөд Соёл гэгээрлийн дунд сургуульд орж дараа нь СУИС-ийн анхны оюутнуудын нэг болж байсан.

     Аавыгаа айлын найран дээр дуулж байхыг сонсож байсан уу гэхээс "Надад дуу заагаад өг" гэх хүмүүжил бидэнд байсангүй. Тэгэхээр миний хамгийн том багш бол Монголын радио байсан. Тухайн үед “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”, “Нарийн сайхан хээр” гэх дууг сонсогчид захиалдаг байлаа даа. Мөн “Домогт дууны сангаас” гэх сайхан нэвтрүүлгээр дууны домгийг нь ярьж өгөөд дууг нь дуулахыг их сонсдог байсан. Тэгж л анх дуу сурч байлаа. 

-ӨДӨР БҮР РАДИОГОО ӨВӨРТӨЛЖ ХОНИНДОО ЯВДАГ БАЙСАН-

-Дуулах дуртай байсан болохоороо мэргэжлийн дуучдыг яаж дуулах нь уу гэж радио сонсдог байсан уу. Эсвэл өөр шалтгаантай байв уу?

      -1990-ээд оны эхээр би түрээсийн малчин болж, 90 хонь, 78 хурга авч, гурван жил малласан. Сумын төв дээр өсөж, хүмүүжсэн хүүхэд гэнэт хөдөө гарч, мал маллахаар хэцүү шүү дээ. Тэгээд өдөр бүр радиогоо өвөртөлж хониндоо явдаг, дууг нь сонсдог, дагаж дуулдаг болж билээ. Ахыгаа уртын дуучнаар сурч байгааг мэддэг байсан болохоороо бүр ч илүү сонирхдог байсан байж мэднэ.

-Тухайн үед таны хамгийн том тайз хонины бэлчээр байсан байх нь ээ?

     -Тэгэлгүй яах вэ. Хонины бэлчээрт дуулахаас гадна “Эр бор харцага”-ыг төсөөлж, өөрийгөө бөх болгож, бараг кино шиг юм болгож төсөөлдөг байлаа.

-Хонины бэлчээрээс хэрхэн урлагийн сургуулийн тайзан дээр гарч дуулж эхлэв. Мэдээж ах нь тусалсан байх?

      -Ахыг хоёрдугаар дамжаагаа төгсөөд ирсэн жил бид хоёр морьтой наадам үзчихээд буцаж явсан юм. Би ахынхаа өмнө нь давхихдаа дуулж байтал намайг зогсоож “Наад дуугаа яаж сурсан юм” гэхээр нь “Радио сонсож байгаад сурчихсан юм” гэтэл ах дээд, доод өнгөнөөс дуулуулж шалгалт авсан. Тэгээд гэрт ирж цай ууж байхдаа аавд миний дуулдаг болохыг хэлж, сургуульд сургавал яах вэ гэж асуусан. Гэтэл аав “Чи дүүгээ болно гэж бодож байвал дагуулаад яв” гэсэн. Тэгээд ах надад хөгжмийн онолын ном өгөхдөө “Хавар гэхэд бүгдийг нь цээжилчихсэн байгаарай. Дуунуудаа сайн сураарай” гэж даалгавар өгч байсан юм. Тэгээд дараа жилийнх нь зун СУИС-д шалгалт өгөөд тэнцэж байлаа.  Тэгээд хамгийн азтай нь алдарт Н.Норовбанзад багшийн отгон шавь нарынх нь нэг болж байсан түүхтэй. Тухайн үед миний хамгийн том мөрөөдөл бол аймгийн театрын дуучин болох байсан. Тэгээд сургуулиа төгсөөд Үндэсний урлагийн их театрын дуучин болж, өнөөдрийг хүртэл улсдаа ажиллаж байна.

ТУХАЙН ҮЕД МИНИЙ ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ БОЛ АЙМГИЙН ТЕАТРЫН ДУУЧИН БОЛОХ БАЙСАН

-Н.Норовбанзад гуайг монголчууд зууны манлай уртын дуучин гэдэг талаас нь онцолж ярьдаг. Харин та ямархан багш байсан тухай нь ярьж өгөөч?

     -Багш минь Монгол хүний хоолойн чадал чансаа, оюун ухааны бядыг дэлхийд харуулсан гайхалтай хүн шүү дээ. Шавь нартаа сайн дуучин байхаас гадна хүн байх ёстой гэх шаардлагыг хамгийн эхэнд тавьдаг байлаа. Дуучин хүн биеэ хэрхэн зөв авч явах ёстой юм, юуг тэвчиж болох, юу хэрэглэж болох гэхчилэн амьдралын нарийн зүйлсийг сургадаг, аавын оронд аав, ээжийн оронд ээж болдог сайхан хүн байсан. Багш “Уртын дуучин гэдэг өндөр хувь заяа, олон хүний хайр, хүндлэлийг хүлээдэг урлаг. Хүний хүндлэл орчин үед архи болчихсон байна. Чамайг сайн нэртэй явахад ард түмэн архин далайд завин дээр суулгаад тавьчихдаг юм шүү дээ. Тэгэхээр тэр далайн цаана сэлж гарах уу, дунд нь живэх үү гэдэг чиний ухааны асуудал. Уран бүтээлч хүн алиа наргиа, архи, тамхи, авгай, хүүхнээс хол явах ёстой. Энэ бол уран бүтээлчийн сахил юм” гэж сургадаг байсан. Би багшийнхаа гэрээр орж гардаг байсан. Ханиад хүрэхээр гэртээ дагуулж ороод саримстай хар шөл хийж өгөхөөр маргааш нь ханиад эдгэчихсэн байх жишээтэй. Би 7-8 жил багшилж байгаа тухайгаа дээр дурдсан шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд зааж, сургах, алдаа дутагдлыг нь хэлж өгөх тэр үед багшийн минь хэлж байсан үг, намайг засаж, залруулж байсан сургааль нь санаанд орж ирдэг. Багшийнхаа арга барилаар л хичээлээ орохыг, хүүхдүүдтэй харилцахыг хичээдэг дээ.

-Та Үндэсний урлагийн их театрт орсон цагаасаа хойш наадмын нээлтийн арга хэмжээнд оролцож, дуулж байгаа. Үүнээс гадна Төрийн наадмыг эхлүүлэх багийг бэлддэг үү?

      -1998 оноос хойш тасралтгүй наадмаар дуулж байна. Бид Төрийнхөө наадмыг нээх, эхлүүлэх үүрэгтэй хүмүүс шүү дээ. Өнгөрсөн хугацаанд 1000 цэрэг бэлдэж дуулуулж байлаа. Мөн 800 энхийг сахиулагчийг бэлдэж наадмын нээлтэд оролцуулж байсан.

-Та өнгөрсөн жилийн цагаан сарын битүүний өдөр МУГЖ хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнуулчихаад шууд Бөхийн өргөөнд очиж дуулж байсан. Тухайн үед танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

      -Би шагналаа авчихаад Цагаан сарын барилдааны үеэр Монголын ард түмэн болон Төрийн гурван өндөрлөгийнхөө өмнө дуулж байлаа. Тухайн үед “Шагналаа авчихаад шалгалтаа өгчихлөө” гэж хошигнож байсан юм. Тэр бол юутай ч зүйрлэшгүй сайхан хувь тохиолдол болсон. Өнгөрсөн жил сайнтай, муутай, баяр жаргал, харуусал гунигтай өнгөрлөө. 

-Аав, ээжийнхээ талаар ярьж өгч болох уу?

    -Би Сутай хайрхны өвөрт Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрж, өссөн. Аав минь жолооч, ээж минь малын их эмчээр ажилладаг байсан. Би ижий, ааваасаа есүүлээ. Айлын дөрөв дэх хүүхэд. Урлагийн салбарт талийгаач ах бид хоёр орсон. Бусад нь өөрсдийнхөө сонгосон ажил, амьдралаар амжилттай сайхан яваа.  Монголчуудын өдөр тутмын аж, амьдрал, зан заншил, амьдралын нөхцөл байдал, орон зай монгол дуучдыг бэлтгэж өгдөг юм байна гэж боддог. Хаданд цуурайтуулж хашхирах, морин  дээл дээр давхихдаа малын хойноос хашхирах зэрэг нь монголчуудыг дуучин болгодог. Ах минь намайг урлагийн салбарт оруулж өгсөн буянтан. Би 24 жил Үндэсний урлагийн их театрт дуучнаар ажиллаж байна. Монгол Улсын консерваторит 7-8 жил уртын дууны дуулах арга зүйн багшаар ажиллаж байгаа. Тиймээс хувийн уран бүтээл хийх цаг, зав олддоггүй юм. Харин театрын уран бүтээлүүдэд үргэлж оролцдог.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. 

-Баярлалаа. 


МУГЖ, УЛСЫН МАНЛАЙ ЗАСУУЛ Б.БАТБОЛДЫН ДҮҮ МУГЖ Б.БАТМЭНД: АХЫГАА БӨХИЙН ЦОЛ ДУУДАЖ БАЙГААГ СОНСОХООР ГАЗРААС ТАСАРЧ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 29
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-08 10:20:52
    Зочин: Ахтайгаа адилхан,ихэр залуус шиг харагдаж байна.Ах нь сайхан засуул байсандаа.Харамсалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-08 07:07:54
    Болор: Сайхан залуу байжээ.Харамсалтай.Үндэсний урлаг уртын дуу,хүмүүсийг оюуны өндөр чадвахтай болгодог хөдөлмөрлөсөн хүнийг шагнадаг аугаа зүйл юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-08 07:07:53
    Болор: Сайхан залуу байжээ.Харамсалтай.Үндэсний урлаг уртын дуу,хүмүүсийг оюуны өндөр чадвахтай болгодог хөдөлмөрлөсөн хүнийг шагнадаг аугаа зүйл юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-08 02:53:53
    АЛТАННАР: Ямар сайхан хүмүүс вэ Сайхан боловсролтой мэдлэгтэй залуус бнаа Сайн аав ээжийн удам Сайхан зориг зорилготой залуу юм бна Сайхан зүйл уншлаа Харамсалтай юм нь Ах юмдаа Ум ма ни бад ме хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 21:08:54
    Загдсүрэн: Аавын минь хөшөөний нээлтэнд 2р ах минь ирж нээлтийг сайхан эхлүүлж өгсөн шүү ах даа баярлаж явдаг шүү таньдаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 20:56:21
    Зандраа: Сайхан хүмүүс бахархаж баршгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 15:44:20
    Мөнгөн: 2019 онд ахтай уулзаж байлаа.сайхан амны билэгтэй ажлыг ямарч бэлтгэлгүй шууд л хийгээд дуусгаж байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 15:12:23
    Ж. Энхбаяр : Ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, алдаршуулаарай. Амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 10:06:10
    Зочин: Сайхан дуучин, бөх цоллооч, засуулч байсан шүү, муухай өвчнөөс болж олон сайхан хүмүүс тэнгэрт дэвшлээ дээ, маш харамсалтай, ахынхаа дутуу үлдээсэн ажлыг нь үргэлжлүүлж 2 гавьяатын орон зайг дүүргэж яваарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-07 09:45:18
    Зочин: Нүдэнд дулаахан сайхан хүн харагддаг байсан даа. Авьяаслаг, хөдөлмөрч, их зүйл бүтээсэн уран бүтээлч байж ээ, хөөрхий минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 23:59:50
    Д.Батсүрэн: Нутгийн сайхан дүү минь эр хүний бүх сайн шинжийг өөртөө агуулсан хосгүй нэгэн. Монголоор барахгүй дэлхийн урлагийн хөгжил нэн ялангуяа уртын дууны хөгжилтөд их шинэчлэл авчирсан. Төрмөл авьяастай хосгүй урланч байлаа. Хосгүй дээ хосгүй. Дэндүү дээд эрэмбийн гайхамшигтай урлагийн хосгүй алдартан байлаа шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 23:59:49
    Д.Батсүрэн: Нутгийн сайхан дүү минь эр хүний бүх сайн шинжийг өөртөө агуулсан хосгүй нэгэн. Монголоор барахгүй дэлхийн урлагийн хөгжил нэн ялангуяа уртын дууны хөгжилтөд их шинэчлэл авчирсан. Төрмөл авьяастай хосгүй урланч байлаа. Хосгүй дээ хосгүй. Дэндүү дээд эрэмбийн гайхамшигтай урлагийн хосгүй алдартан байлаа шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 23:59:48
    Д.Батсүрэн: Нутгийн сайхан дүү минь эр хүний бүх сайн шинжийг өөртөө агуулсан хосгүй нэгэн. Монголоор барахгүй дэлхийн урлагийн хөгжил нэн ялангуяа уртын дууны хөгжилтөд их шинэчлэл авчирсан. Төрмөл авьяастай хосгүй урланч байлаа. Хосгүй дээ хосгүй. Дэндүү дээд эрэмбийн гайхамшигтай урлагийн хосгүй алдартан байлаа шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 17:57:15
    Пүрэв: Тиймээ сайн дуучин бас хуур тоглоно.ээжийн минь 90 насны ойд ирж дуулж хуурдаж байсан гавьяат маань дэндүү эрт явчихсан.уртын дууны өнө чуулган удирдаж тэнд миний дүүгийн хүүхэд дуулдаг.сайн багш удирдагч байлаа даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 16:04:45
    Ganbst: Огт танихгүй би хүүхдийн бэр гуйх мундаг том ажил бна гэж хажуу хүнтэй ярьж суухад Би туслаж болно шүү ах гээд нээх сайхан хангар залуу дугаараа өгч билээ....3 хоногын дараа яртхад хэзээний танил мэт дотно ярьсансан.....Эгэлгүй энгийн элгэмсэг дотно эрхэм дүүд мөн ч их баярлаж билээ....Мөнгө төгрөг хэрэггүй гээд сохор зоос ч. авсангүй....5 л айраг хийчих гээд инээж сууж байсан.сайхан дүү минь арай дэндүү эрт явж ээ харамсалтай!.Эгэлгүй энгийн сайхан хангар ЭР ХҮН. байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 13:38:18
    Ш.Чанзага: Аав ээж нь төв сайхан хүмүүсээ Ээжтэй нь хамт волейбол тоглодог байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 11:19:31
    Даваасүрэн: Дэндүү сайхан хөдөлмөрч ах дүүс гэж боддог. Их өвийг удамшуулах,их зүйлийг хийж бүтээх байсан гэж боддог. Эрт буцсан нь даанч хайран.сайхан дүү нь үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй бна. Бөхийн барилдаан болоход заавал бодогдож үгүйлэгддэг. Сайхан аав ээжээс олуулаа төрж, өссөнзөв хүмүүжилтэй хөдөлмөрч хүмүүс юм байна бахархаж бна. Би дуу болоод бөх сонирхдог одоо 70нас хүрч байгаа ч дуу хөгжимд дуртай, телевизээр гарах бөхийг тасралтгүй үздэг эмэгтэй хүн. Та 2ын шүтэн бишрэгч. Батмэнд Цогтсайхан нарын дуулсан Санасан шүү чамайгаа дуунаас эхлэн Хэрлэн тоонотын нутаг, мөн уртын дуунууд, та 2ын дуулсан Эрийн сайхан хийморь дуунуудыг сонсож сэтгэл баясдаг юм. Наадам болон бусад том арга хэмжээг ах дүү 2 уртын дуугаар эхлүүлж байхыг хараад бахархдаг байлаа. Мөн өнгөрсөн жилийн наадам том ойн бөхийн барилдаанд ах дүү 2 бөхийн цол дуудаж байгаа нь гайхамшиг байсан. Батмэнд дүүд улам их амжилтыг хүсэн ерөөе. Мундаг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 10:52:19
    Зочин: Ёстой сайхан зантай, жинхэнэ монгол эр хүн, сайн нөхөр, сайн аав байсан, дэндүү эрт явчихлаа даа, харамсалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 09:04:34
    Б.Цогзолмаа: Уншихад таатай сайхан байлаа.Сайхан хөвгүүдийг төрүүлж өсгөсөн аав ээжээр нь бахархаж Гавъяатад амжилтын дээдийг хүсье!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 07:28:07
    Цэцэгсүрэн: Сайхан ярилцлага болжээ.Батмэнддээ уран бүтээлийн өндөр амжилт амьдралд нь аз жаргал хүсьег
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 23:48:31
    Цэнд: Сайхан дуучин сайхан засуулч бсан даа даанч хорвоогийн жамыг яалтай билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 21:47:46
    Д.Түмэнжаргал: Зээ дүү нар минь биднийхээ өвөг дээдэс удам судрыг өргөж яваад талархаж байна аа. Батболд минь даанч харамсалтай залуугаараа ертөнцийн мөнх бусийг үзүүллээ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 19:14:28
    Цогт Нарангэрэл : Сайхан багш минь сайхан бүхний дээд байсаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 15:29:37
    Батсуурь: Манай хоёр алтай нутгаар овоглон дуудуулах бүрд сэтгэл огшидогдоо. Сайхан дурсамж, ярилцлага болжээ. Та хоёроор Тонхилчууд хэзээч бахархах болно. Батмэнддээ ажлын амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 13:39:29
    Зочин: Найз минь эриин жудаг хүнии дээд явсан юмсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 12:09:38
    Vladimir: Manai Boloroogiin dyy nar saixan dyy nartai manai taliigaach bol xuntei ix evtei xariltsdag ax zaxaa xyndeldeg saixan dyychin bsandaa xairan saixan zaluu gej xaramsaj yavdagdaa burxan boloxiin omno arga xemjeen deer yylzaj blaa ax ajil sain uu geed l tssrai zys saixantai yavj bsandaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 11:20:25
    ИРГЭН: газраас тасраад байхдаа яахав дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 11:10:03
    Зочин: Сайхан ярилцлага болжээ.Зөв зочноо сонгосон байна.Баяр хүргэе ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 11:01:42
    одгэрэл: зураг бүрээс нь ах хүний байрга намба илүүрхэж мэдрэгдээд багш маань сайхан хүн байсаан
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188