• Өнөөдөр 2024-04-25

ЯРУУ НАЙРАГЧ Э.ГАНТУЛГЫН ШҮЛГҮҮД

2022-04-09,   497

             Энэ удаагийн "Уран бүтээлчийн цаг" булангаараа яруу найраг Э.Гантулгын шүлгүүдийг толилуулж байна. Тэрбээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч юм.
 
ЦАСАН БАДАГ
 
Өдөө сэгсрэх хавар урины цагаан тэнгэр болбоос
Өвс нисгэх цасны хүсэлд дэвэн ирсэн шувуу
Өрөвлөг усан далиа сэтгэлийн цоорхойд дэлгэж
Өнхрөн эргэх дэлхийг алган дээр минь тавинам
 
Сормуус мөнгөн өдрийн гэгээнд наран бүдэг ёлтойж
Согоо өдийд уулын эгшнээ нүдээ урсгаж зогсоо
Сонгодог нэгэн шүлгийн эшээс цэцгийн анхил дуншмуй
Сортойн буусан өнийн чимээ хамаг л сайхнаас эхтэй
 
Тооноор будрах цасны түрүүч галын бурханд мөргөөд
Тодорхой эгшигт мөрөө орхин гэгээрэлд хүрэх авай
Өндгөн дотор биеэ хумисан гоо чиний минь үзэмжит зүүд
Өдөө сэгсрэх хавар урины цагаан тэнгэр мөн болой
 
ТУУЛАЙ ДЭГДЭХ ТАЛД
 
Туулай дэгдэх талд
Тугал нүдэн цэцэг
Тусгаар бодлыг хийсгэн
Яасан чамин ганхана вэ
Тунимхай хонгор түүний минь
Тууш гуалиг хөлөнд
Тураг нимгэн үзэмж нь
Тунчиг яруу зохих юм
Намуу гурван дохиураа
Намс намс гэрэлтүүлж
Намжир туяхан бэлүүсээр
Намайг даллах нь юуных вэ
Бумба ихэр уулын чинь
Булбар үзмэн овоонд
Сүүн бороо ивэлсэн
Сүүдэргүй цагаан өдөр үү дээ
Анхил тэр цэцэгний 
Алс тушаа харвал
Аньсага нүдэндээ чийгтэй
Амраг чи минь л үзэгдэнэ
Сэвэн намих салхины
Сэтгэл гэдэг минийх ээ
Сэмэрч хагдрах улирал л
Сэтгэшгүй хол байгааасай
Үүлэн өндөр тэнгэр
Үзэсгэлэн гоод бөхийнөм
Тугал нүдэн цэцэг
Туулай дэгдэх талд аа
 
УС
 
Цэхэр усны сохор загас
Цээжээ угааж нарыг хүлээдэг
Цэвдэг газрын сэрүүн хүйгээр
Цэнхэр амьсгалаа татаж үлээдэг
Уй гунигтай түүний хоргонд
Улаан хотын саарал адар
Уртаас урт ганцаардал болж
Уушгин дотор нь нэвчиж байдаг
Тэвнийн үзүүр мэт шүдэн тушаа
Тэнгэрийн хоол тээглэх төдий
Тийрэлт өгөн сэлэх түүнийг
“Тив дэлхий” гэж нэрлэмээр болдог
Ойр хавийн хүний яриа
Орших цагийн тавиур мэт
Орь шаналант шилэн туурга нь
Охор насны ивүүр мэт
Сэлүүр дээрх хар мэнгэ нь
Сэтгэлээ таних үнэн мэт
Сэмэрч ноорох мөнгөн хайрс
Сэлгэн шинэчлэх эрин мэт
Нүдэн дотор нь нүд буй
Нүгэл үргээдэг нүд буй
Түүний дотор ч нүд буй
Түйтгэр зугтдаг нүд буй
Адын биш ээ амьтны заяа
Алган дээр чинь эрхэлнэ гэж
Аль эртийн нэгэн зурлагаар
Агуа бурхан зөгнөө бол оо
Хумхын тоосонд амьдарч чадах
Хувь ерөөлийг мэднэ гэвэл
Хуучин намтарт сохор загасны
Хуурай бодолд ус шиг нэвчих...
 
***
Үүр цүүрийн гялаанаар зүрх тогшиж сэрээсэн
Үгийн цагаан бялзуухай чи...өөрийн нэрээ хэлээч
Үүрэглэгч сансрын чөлөөнд ямар зүүд зурчихаад
Өд сөднийхөө ширхэгээр өглөө болон жирэгнэм зэ
Хаа нэг газар яг над шиг 
Хатаасан моддын цээжин дээр ян таталж суугаа
Өвгөн зохиолчийн нүд юуг илтгэж 
Өчигдрийн гэгээг санчигандаа будаг шиг нялж буй бол
Орон гэр, од эрхэсээс
Ор хөнжил, цаг зуураас ангид
Олигтой болоод билигтэйн тухай
Одоохон надад шулганаа ч...бялзуухай минь
Хэрээ юм уу аль эсвэл бүргэдийн зориг
Хэнхдэг цээжинд чинь багтаагүй ч
Хэрэн ниссэн он цаг чинь
Хэзээний л миний үүр шүү дээ
Өвс зөөх шиг
Үг зөөж ирдэг
Өвлийг зун гэж зөрүүдэлдэг
Өмнө минь яг л Бурхан шиг
Өглөгч нэгэн даяанч шиг
Өрвийсөн сүнс шиг
Үүр цүүрийн гялаанаар тэнгэр хөдөрч ирдэг
Үглээ цагаан бялзуухай чи...өөрийн нэрээ хэлээч 
 
*** 
Ачлагт суралцсан шарын цээжнээс ногоо цухуйнам
Арван уулын өндөр хяраанд үүлс цуурднам
Ахын үг шиг моддын гэрэлтэй хангайн нуруунд
Асар тэнгэрийг хамгийн ойроос сая ажнам
 
Усан домогтой цэнхэр хорвоог сэтгэлдээ асганам
Урсгал харгиа голын цохилогот шилбэ жинднэм
Урьд таарсан хэн нэгний нүд шиг бүдэг чулуун дээр
Улбар сортой цагаан шонхор буухыг үзнэм
 
Цангасан сурыг цатгая гэх шиг бороо шавшинам
Цагаа тайлаад буцсан шүлэгч анд шиг минь шившнэм
Цаг хугацаа модон тэргэн дээр зунжин мөөрсөн
Цармын өндөр эх оронтойдоо зөөлөн гунинам

ЯРУУ НАЙРАГЧ Э.ГАНТУЛГЫН ШҮЛГҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188