• Өнөөдөр 2024-05-17

ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ ЗӨРЧИН ХУВЬЧЛАГДСАН “ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ”-Н ҮЙЛДВЭРИЙГ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГЭЭС ЭРГҮҮЛЭН АВЧ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН ҮҮ

2021-10-11,   937

-ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН КОМПАНИ ТӨРИЙН МӨНГӨӨР “ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙГ ХУУЛЬ ЗӨРЧИН АВСАН БОДИТ ҮНЭН-

            Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан иргэн, аж ахуйн нэгж, компаниудыг АТГ-аас шалгаж байгаа. Тэр тусмаа Хөгжлийн банкны захирлуудад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон банкны зээл олгох дүрэм, журмыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн цөөнгүй зээлдэгчийг бусдад авлига, шан харамж өгч, хууль зөрчин зээлээ бүтээсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй. Хөгжлийн банкнаас зээл авсан, түүнийгээ төлж барагдуулаагүй, авсан зээлээ төлөхгүй мөртлөө улсын үйлдвэрийг хууль бусаар гартаа оруулж авсан “Бейзмент” гэх нэртэй компанийн талаар уншигч та бүхэнд онцлон хүргэж байна. Дээрх компанийн далд эзэн нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Должингийн Эрдэнэбилэг хэмээн хууль хяналтынхан үзээд буй. Түүний шалгагдаж байгаа  хэргүүдийг нэг нь “Бейзмент” гэх нэртэй компани юм. Дээрх компани өдгөө оноосон нэрээ “Хөтөл” ХХК болгон өөрчлөөд байгаа билээ. Цагтаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөтөлийн цемент-шохой” төрийн өмчит компанийн хувьчлал Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэгтэй хэрхэн холбогддог талаар хэд хэдэн удаа тодорхой мэдэгдэл хийж, хууль бус үйл ажиллагааг нь зогсоохоо амлаж байсан билээ. 

-ХӨТЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ ТӨХК-ТАЙ “БЕЙЗМЕНТ” КОМПАНИ ХЭРХЭН ХОЛБОГДОЖ БАЙВ-

     Уншигч та бүхэн санаж байгаа бол Ардчилсан нам УИХ-д олонх болж, Засаг барьсан 2012 он. Шинэчлэлийн гэх нэртэй Н.Алтанхуягийн Засгийн газрын үед олон жил алдагдалтай ажилласан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж байлаа. Н.Алтанхуяг  Засгийн газрынхаа сайд нарыг дагуулж очоод л “Хуурай аргаар цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй гадаад руу цемент экспортолж, цөм ашиг хийнэ. Тоног төхөөрөмжүүдээ шинэчиллээ” гээд л бөөн сүр дуулиан болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй мэдээлэл гаргаад л сүр үзүүлж байсныг уншигч та санаж байгаа биз ээ.  

     Тэгвэл “Бейзмент” компани Төрийн өмчит “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэрт Хөрөнгө оруулалт хийх асуудал анх Сү.Батболдын Засгийн газрын үед яригдсан байдаг.  УИХ-ын 2010 оны “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 11 дүгээр тогтоолд “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх нөхцөлтэйгөөр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах тухай заалт тусгагдсан. Уг заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын 10 байгууллагаас ирүүлсэн саналаас “Бейзмент” ХХК-ийг шалгаруулж, 10 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, цементийг хуурай аргаар үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн байдаг. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас 2012 онд 62 сая ам.долларын барьцаагүй зээл авч, бүтээн байгуулалтын ажлыг 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр дуусгаж, цемент үйлдвэрлэх хүчин чадлыг жилд нэг сая тонн болгон нэмсэн байдаг. Ингээд өргөтгөсөн хүчин чадлаараа ажиллах болтол олигтой үр дүнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийнхантай “Бейзмент” ХХК-ийнхан хамтарч ажиллаад ч үр дүнд хүрээгүй юм. Ингээд Хөгжлийн банкнаас авсан зээлээ цаг тухай бүрд нь төлж чадахгүй явсаар өнөөдөртэй золгоод байгаа юм. Одоогоор уг гэрээний хүрээнд 86 сая гаруй ам.долларын өртэй болоод байгаа ажээ.

ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДДАГГҮЙ “БЭЙЗМЕНТ” ХХК НЭРЭЭ “ХӨТӨЛ” ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЖ, ТӨХК-ИЙГ ХУВЬЧИЛЖ АВСАН НЬ

     Иргэд банкнаас авсан зээлээ заасан хугацаанд нь төлөхгүй бол хар дансанд орж, дараа дараагийн зээл, элдэв халамж, үйлчилгээнд хамрагдах боломжгүй болдог. Гэтэл “Бейзмент” компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй, бүр алдагдалд нь хүүгийн хүү бодогдоод байхад л Монголын Засгийн газар ямар нэг арга хэмжээ авч чадалгүй явсаар ирсэн билээ. Ингэж байтал

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоолоор төрийн өмчит “Хөтөлийн цемент шохой”  хувьцаат компанин өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгох замаар 2015 оны дөрөвдүгээр улиралд зуун хувь хувьчлахааар заасан байдаг. Мөн Төрийн өмчийн хорооны 2015 оны 608, 617 дугаар тогтоол, ТӨХ-ны даргын баталсан 2015 оны  аравдугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ зэргийг байгуулсан байна. Ингээд “Бейзмент” компани шинэ нэрээрээ буюу “Хөтөл” ХХК нь 39.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, 1.39 тэрбум төгрөгийн үнэн бүхий хувьцааг худалдан авах буюу нийт 41.1 тэрбум төгрөгөөр хувьчлан авсан байгаа юм.

    Гэхдээ дээрх 41.1 тэрбум төгрөгийг хаанаас ямар эх үүсвэрээс гаргаж авсан, Төрийн өмчийн хороо тус компанитай тооцоотой эсэх нь одоо хүртэл нууц, ямар нэгэн баримт олдохгүй байгаа билээ.  Хамгийн энгийнээр хэлэхэд, Өөрийн суурь хөрөнгөтэй, хүч чадалтай тоног төхөөрөмжтэй төрийн өмчит компанид “Бейзмент” компани нь 61 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн. Ингээд зогсохгүй шинэ тоног төхөөрөмж, хуурай аргаар цемент боловсруулж худалдаанд гаргах бүрэн боломжтой компанийг 41 тэрбум төгрөгөөр худалдаад авчихсан хэрэг. Өөрөөр хэлбэл, нийт эд хөрөнгийн арав ч хүрэхгүй хувиар улсын үйлдвэрийг өөрсдийн мэдэлд авсан гэсэн үг юм. Үүнийг хийхдээ хууль зөрчсөн ноцтой баримтууд ар араасаа хөвөрдөг.    

ХУВЬЧЛАЛ ТОЙРСОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛҮҮД

    “Бэйзмент” ХХК нь 2008 онд гадаад худалдаа эрхлэх, барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагджээ. Ингээд “Хөтлийн цемент-Шохой” ТӨК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ хийж эхлэхдээ л хууль зөрчсөн баримтууд нь бидний гарт байна. Жишээ нь, Шалгаруулах ажлын хэсэг байгуулах тушаал 2011 оны  нэгдүгээр сарын 12-ны өдөр гарсан. Гэтэл маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт нь гарчихсан байдаг. Тодруулбал, ажлын хэсэг байгуулах тушаал гараад нэг ч хоноогүй байхад ажлын хэсгийн дүгнэлт нь гарчихсан байсан гэсэн үг.

“Бэйзмент” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээ хийхээс өмнө ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан түүх байхгүй. Дансанд нь орж гарсан мөнгөний гүйлгээ ч байдаггүй. Ажилтнууд нь ч нийгмийн даатгал төлж байгаагүй ажээ. Тус компанийг зээл авах үед Гүнсэнгийн Энхбаяр компанийнхаа 50 хувийг, Дэлгэрийн Мишиг 20 хувь, Равсалын  Мөнхтуул 30 хувийг эзэмшиж байсан байдаг. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээг шалгах үеэр гэнэт М.Бөх-Очир гэх хүн тус компанийн хувьцаа эзэмшигч болчихсон байна. М.Бөх-Очирт хэн ямар замаар хувьцаа эзэмшүүлэх болсон, хэнийх нь хувьцааг шилжүүлсэн талаар баримт огт байдаггүй. Гэхдээ тун удалгүй компанийн хувьцаа эзэмшигч, сүүлийн жилүүдэд хувьцаа эзэмшигчээс гадна компанийнхаа гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж байсан М.Бөх-Очир нас барсан гэх мэдээлэл байгаа юм. Талийгаач нас барахаасаа өмнө нууцлалтай байгаа хувьцаагаа хэн нэгэнд шилжүүлсэн эсэхийг хууль хяналтынхан шалгаж байна. Учир нь...

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НАС БАРСАН НЬ  ХЭРГИЙГ УДААШРУУЛЖ, БҮР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ НӨХЦӨЛ ҮҮСГЭЖ БАЙНА УУ

     Иргэний хуулийн 518.1-д “Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ”гэж заасан. Хувьцаа эзэмшигч М.Бөх-Очир нь 2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд энэ өдрөөс өв нээгдсэн гэсэн үг. Ийнхүү өв нээгдсэн өдрөөс өвлөгчид эд хөрөнгө, эрхийг өвлөн авах эрхтэй.  Иргэний хуулийн 536.1-д “Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгэгч өвлөн нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана” гэж заасны дагуу 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр тус банкнаас өвлөгч болон нотариатад гомдлын шаардлага гаргасан. Бидэнд ирсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар өвийг хүлээн авахгүй, “Хөтөл” ХХК-ийн ТУЗ 2-3 удаа хуралдаж, энэ асуудлыг дотооддоо хэлэлцсэн боловч нэгдсэн шийдэлд хүрээгүй байна.  Өв залгамжлагч процесс хэт удааширч байгаа өнөөгийн нөхцөлд Иргэний хуулийн 528.1-д “Өвлүүлэгч нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж 528.2-д “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу өвийг хүлээн авсанд тооцно. Иргэний хуулийн 538.1-д “Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана” гэж 537.2-д “Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална” гэж заасан байх ажээ. Өөрөөр хэлбэл,   хувьцаа эзэмшигт М.Бөх-Очир нас барахдаа хэн нэгэнд компанийнхаа хувьцааг эзэмшүүлсэн бол энэ асуудал шүүхээр шийдэгдэх ёстой. Энэ хүртэл Засгийн газар ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй гэсэн үг юм.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫНХНЫ ЛУЙВРЫГ МАРТСАН ШАЛТГААН

            “Бэйзмент” буюу “Хөтөл” ХХК-ийг хувьчилсан нь “Худалдаа хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн ажиллагаа. Тэрбээр дээрх компанийг өрийн эзэмшилд авсныхаа дараа тус банканд ажиллаж байсан М.Бөх-Очирыг гүйцэтгэх захирлаар, санхүү эрхэлсэн захирлаар Ц.Уранчимэг нарыг, Маркетингийн захирлаар нь үеэл дүү Т.Болдбаатарыг томилсон байдаг. Дээрх Хөрөнгө оруулалтын гэрээ болон төрийн өмчит компанийг хувьчилсан асуудалтай холбоотой хэрэгт тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд  Д.Эрдэнэбат, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг холбогдуулан шалгаж байгаа. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зоригтойгоор эхлүүлсэн тэмцэл буюу  газар, хууль бусаар хувьчлагдсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг эргүүлэн авах ажиллагаа цаашид үргэлжлэхгүй болсныг эх сурвалжууд дурдаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар төрийн өмчит компаниа хувийн компанид “өгчихөж” байгаа хэрэг л гэсэн үг. Үүний цаана Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил гаруйхны өмнө “үзэж” чадахгүй байсан Худалдаа хөгжлийн банкныхантайгаа ихэд найрсаж, дотно харилцаатай болсон гэх. Үүний хамгийн бодит жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн  садан Э.Долгионыг зөвлөхөөрөө ажиллуулж байгаа явдал юм. Бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайдтайгаа хамт Худалдаа хөгжлийн банкныхны халаасанд “орсон” гэсэн үг.


ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ ЗӨРЧИН ХУВЬЧЛАГДСАН “ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ”-Н ҮЙЛДВЭРИЙГ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГЭЭС ЭРГҮҮЛЭН АВЧ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-11 21:14:46
    Хувьчил: Хувьчлах нь зөв. Өрсөлдөөн үүсэж байж цементийн үнэ буурна. Үнэ буурвал чамд, бас надад тустай. Төр өмчтэй байх хэрэггүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188