• Өнөөдөр 2024-04-27

Дэлхийн "томчууд" глактикаас шинэ амьдрал хайж байхад монголчууд бид коронагийн голомтоо л хайж байх шив дээ

2021-03-06,   888

          Сүүлийн үед дэлхийн мэдээ үзэхээр хямраад, хэнд ч юм гомдоод, бусдад атаархаад байдаг болчихлоо. Хараад байхад бид л коронавирус анх дэгдэж байсан үе дээр гацчихсан юм шиг ээ. Бусад буюу бидний өндөр хөгжилтэй гэдэг улс орнууд цөм коронавирустэй тэмцэх, дарах учраа олоод цааш хөдөлцгөөжээ. Арга ч үгүй биз дээ, бүтэн жил өнгөрчихөөд байхад. Харин бид л өдөр тутмын 11:00 цагийн мэдээгээ хүлээж, коронавирусийн шинэ тохиолдлуудаа тоолж, хэзээ, хаанаас тусламжийн вакцин ирэх бол гэж хүлээж суугаа бололтой юм. Бид ганцаараа тийм биш гэж магадгүй дээ. Мэдээж ядуу зүдүү, төр нь тогтворгүй, цар тахалд нэрвэгдсэн, яаж даван гарах учраа олохгүй, вакцин хүлээсэн улс орнууд манайхаас гадна 100 байтугай л байгаа. Гэхдээ ижил зиндааныхантайгаа өөрсдийгөө харьцуулж, бид хоцрохгүй байна гэж муйхраар урамших бус чадаж, дийлж байгаатай нь өөрсдийгөө харьцуулж, тэгээд атаархаж, тэдэн шиг болох гэж хичээх нь дээр шүү дээ. Түүнээс биш уулын бугыг хараад унасан бухаа хаях гээд байгаа юм биш л дээ. 
 
       Бид “Коронавирус бол бүх зүйл” гэж сэтгээд, үүнд л бүх анхаарлаа хандуулж, бүх нөөцөө зориулаад бүтэн жил болж байна. Улс орны өмнө коронавирусээс өөр шийдэх асуудалгүй, коронавирусийг аюул багатай даван туулах нь л төрийн ажил, иргэний үүрэг, улс орны оршин тогтнох үндэс мэт явж ирлээ. Улс нийтийн туйлын зорилго, чин хүсэл маань цар тахлын голомтуудаа нэгийг ч үлдээлгүй хумиж, тусламжийн вакцинаа хийлгээд, амны хаалтгүй бааранд ордог болох юм шиг л. Магадгүй, төр засаг маань бүтэн жил коронагаас бусад сэдвээр хуралдахгүй, бидэнд коронавирус бол "аюулт мангас" гэж сургасан учраас бид ийм болчихсон ч юм уу. 
 

Бид нийслэлд тархсан нууц голомтуудаа хайж суух зуурт дэлхийн томчууд буюу АНУ, Япон, Хятад, АНЭУ-ууд глактикаас шинэ амьдрал хайж, дэлхийгээс гараад явчихлаа. Жижигхэн улсаа хэтэрхий том гүрнүүдтэй харьцуулж, дэмий атаархаж байж магадгүй. Гэхдээ эхэнд хэлсэнчлэн миний үзээд атаархсан дэлхийн мэдээ бол энэ, уучлаарай. Оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сард биднийг хөл хорионд архи, пиво хэзээ зарж эхлэх тухай маргалдаж байхад Япон улс дэлхийгээс 300 сая жилийн алсад байх Рюгү астеройдоос 100 грамм шороо авчирснаа дэлхий нийтэд зарласан. Япон улс 300 сая жилийн хол гарагаас авчирсан уг атга шороогоо АНУ-тай хувааж судлах тухай төрийн тэргүүнүүдийн хэмжээнд ярилцаж байхад манай улс 600-хан километрийн холоос ирсэн хүнд өвчтэй иргэнээ нийслэл рүү оруулна, оруулахгүй гэж мөн л төрийн түвшинд маргаж  байлаа. Бас манай төрийн тэргүүний өрөвдөж, хайрлаад 30 мянган хонь бэлэглээд байдаг Хятад гэх урд хөрш маань оны өмнөхөн сарнаас шороо авчруулахаар “Чанг И-5” гэх сансрын хөлгөө сар луу хөөргөсөн. Асар их ялгаа байгаа биз дээ. АНУ, Япон, Хятадад коронавирусийн цар тахал тархсан уу тархсан, гэхдээ тэд “Коронавирус бол бүх зүйл” гээд бүх салбараа хааж, тэндээ гацчихаагүй, харин ч дэлхийгээс гарч сэтгэж байна. Тэнд коронавирустэй тэмцэх ажил  явдгаараа явж байгаа. Гэхдээ энэ ажлыг зөвхөн хариуцсан албан тушаалтнууд нь хийж, харин бусад хүмүүс нь улс орны хөгжил, дэвшил, цаашлаад өөр гараг судлах гэх мэт хариуцсан хариуцсан ажлаа хийцгээж байгаа юм. Манайд бол бүх салбарын сайд нар нь Онцгой комисс болж суучихаад бүтэн жил коронавирусийн асуудлаар л хуралдаж байгаа даа.

 
Түүнчлэн он гарсаар энэ сард л гэхэд АНУ-ын “Персеверанс” өөрөө явагч, АНЭУ-ын “Аль-Амаль” гараг хоорондын станц, Хятадын “Тяньвэнь-1” аппарат Ангараг гараг руу хөөрсөн. “Аль-Амаль”, “Тяньвэнь-1” хөлгүүд Ангараг гарагийн тойрог замд ороод байгаа бол АНУ-ын “Персеверанс”нэртэй өөрөө явагч төхөөрөмж нь Ангараг гарагийн гадаргуу дээр амжилттай газардаж, дэлхий рүү зураг, бичлэг илгээж эхлээд байгаа. “Персеверанс” өөрөө явагчын Ангараг гарагаас илгээсэн зургийг бид “Манай Өмнөговь л байна шүү дээ” гэцгээн, наргиа болгоод өнгөрсөн дөө. Тус өөрөө явагч нь Ангараг гараг дээрээс эртний амьдралын ул мөр хайж буй бөгөөд 3.9 жилийн өмнө нуур байсан байж болзошгүй Езеро тогооноос судалгааны ажлаа эхэлсэн. Хэрвээ тус гараг дээр өмнө нь ус, агаар, амьдрал байсан нь нотлогдвол хүн төрөлхтөний өнгөрсөн ба ирээдүйн түүхэнд том өөрчлөлт орно. 
 

Дэлхийн том гүрнүүдтэй монголыгоо ийн харьцуулсан нь монголчууд сарнаас шороо авчирч, Ангараг дээр сансрын хөлгөө газардуулах ёстой ч гэх гэсэнгүй. Тэгээд ч вакцинаа яаж зээл тусламжаар авая гэж байгаа бид сар луу сансрын хөлөг хөөргөе гэвэл бүтэн жил төсөвгүй, мацаг барих болно. Бас хөвсгөл явж газар хөдлөлтөө бүрэн судлахгүй байгаа улс сарнаас шороо авчраад ч яах юм билээ. Гагцхүү дэлхийн ихэнх улсууд “коронавирус бол бүх зүйл” гэдэг жилийн өмнөх сэтгэлгээнээсээ салж, коронавирустэй тэмцэхээс өөр ажлуудаа эрчимжүүлж эхэлсэн байна шүү гэдгийг л жижигхэн улсад томдсон энэ жишээгээр хэлэх гэсэн юм. 

 
        Чухамдаа АНУ-д хөл хориог эсэргүүцсэн жагсаал боллоо, Хятадад халдварын тоо дээд цэгтээ хүрлээ, Японд хөл хориог хэсэгчилж чангарууллаа гэх мэт мэдээллүүдийг бид өдөр тутмын дэлхийн мэдээнээс үздэг, уншдаг ч “Бидэнтэйгээ л адил коронавирусээ яая гэж байгаа юм байна”гэж огтхон ч бодож болохгүй юм. Өөрөөр хэлбэл тэдний хувьд “Коронавирус бол бүх зүйл биш".
 
Тэд яаж дарах, яаж эмчлэх, яаж голомтоо хумих вэ гэдгээ хурдан хугацаанд олоод, оновчтой шийдвэр гаргаад цааш хөдөлцгөөсөн. Харин бид л коронавирус анх дэлгэрсэн 2020 оны хоёрдугаар сар дээр гацчихсан байна.
 

Дэлхийн "томчууд" глактикаас шинэ амьдрал хайж байхад монголчууд бид коронагийн голомтоо л хайж байх шив дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-01 08:40:54
    Ганаа: Хуучинсаг үзэлтэй шинэ коммунистуудаас коронагоос цааш сэтгэх чадвар байхгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188