Төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадамчин олон сэтгэл гундуухан буцлаа. Харж, дэмжиж, цол ахиулах болов уу гэж хүлээж байсан бөхчүүд нь хиймэл зүлэг дээр халтирч, бүтэн жилийнхээ амжилтаас ухарч, тэр бүү хэл зүлэг ногоон дэвжээнээ дахин хэзээ гарахаа ч мэдэхгүй хүнд бэртэв. Давсан бөх нь төрийн сүлдээ тойрч дэвээд, түмэн олноо цэнгүүлэхийг харж чадалгүй түргэний машинд өвдөлтөө тэсэж ядан наадмын дэвжээнээс нулимстай буцахыг үзлээ.
Ганцхан энэ л өдөрт зориулж, бүтэн жил хөлс хүчээ шавхаж, нойр хоолоо хасан байж наадмын дэвжээнээ зодоглодог бөхчүүдэд дараа жилийн наадам даанч хол санагдана. Төв цэнгэлдэх хүрээлэнг засаж, сайжруулах гэж хичээсэн, зүтгэсэн олон хүний хөдөлмөрийг энд үгүйсгэж байгаа юм биш. Гэвч тооцоололгүй, бодлогогүй шийдвэр мөн ч олон бөхчийн амжилтаас хойш татсан нь бодит үнэн. Ёстой л нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэгч болов.
Харамсалтай нь, бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөр, сэтгэл зүйн бэлтгэлийг үгүй хийчихсэн хиймэл зүлгийг Төв цэнгэлдэхэд ямар тооцоо судалгаанд үндэслэж хийсэн бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Тэр байтугай ажил хариуцсан албан тушаалтнуудын алин ч мэдээлэл өгөхгүй гээд хариуцлага хүлээхээс бултаж байгаа нь нууц биш юм. Хэдийгээр “Дэлхийн жишигт нийцсэн хиймэл зүлэг байршуулсан” хэмээн холбогдох албаныхнаас мэдээлж байгаа ч Монгол орны нөхцөлд тохирсон, үндэсний бөхийн онцлогт нийцсэн эсэхийг нь тооцоолоогүй гэдгийг олон нийт нүдээрээ харлаа. Уран мэх хийж, хүчийг үзэх зүлэг ногоон дэвжээг хөл бөмбөгийн тэмцээнтэй андуурч зүлэгжүүлсэн нь хариуцлагагүй, хайхрамжгүй ажилласны тод илэрхийлэл гэдэгтэй санал нийлэх хүн олон биз.
Энэ жил Үндэсний баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой Төв цэнгэлдэх хүрээлэнг засварлах ажлыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний бөхийн холбоо зэрэг холбогдох байгууллагууд хамтран хийсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн зүлэгжүүлэх ажилд гэхэд л 629 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм.
“БАТ-ӨНДӨР ХАЙРХАН” КОМПАНИ 629 САЯ ТӨГРӨГӨӨР ГАДНА ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫГ ХИЙСЭН
Дэлгэрүүлж үзвэл, Улааанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд Нийтийн эзэмшлийн гудамж шинээр зүлэгжүүлэх буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайг зүлэгжүүлэх 629 сая төгрөгийн өртөг бүхий нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан байна. Тавдугаар сарын 8-ныг хүртэл зарласан уг сонгон шалгаруулалтад “Бат-Өндөр хайрхан” компани шалгарч, төслийг хэрэгжүүлсэн байна. Тухайн компани төслийн гэрээний хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд үр суулган, зүлэгжүүлэх ажлыг хийжээ. Харин дэвжээний зүлэг буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинээр хийсэн хиймэл зүлэг энэ төсөвт багтаагаагүй гэдгийг тэд мэдэгдлээ.

Энэ талаар бид "Бат-Өндөр хайрхан" компанийн захирал Г.Батбаяртай холбогдож тодруулахад “Ажлын гүйцэтгэлийн даалгаврыг харвал, амьд зүлгийг цэнгэлдэхийн гадна талд тарих төсөл байгаа юм. Гэтэл цахим орчинд хиймэл зүлгийг манайхыг хийсэн” гэх мэдээлэл гараад байна. Энэ ажил хоёр багцтай. Эхний нь Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун болон баруун хойд талдын 56,000 мкв талбайг 500 сая төгрөгөөр хөрсжүүлж, технологийн дагуу зүлэг тарьсан. Харин 129 сая төгрөгийн багцыг нь манайх зүлэгжүүлээгүй учраас мэдэхгүй байна. Биднийг анх төсөлтэй танилцаж байхад, гадна талын хэсэгт цэцгэн мандал бий болгох гэсэн ажлын даалгавар танилцуулж байсан. Тухайн сонгон шалгаруулалтад “Эрдэст булаг” гэх компани шалгарсан. Нэгдүгээр багцын ажлыг бид төслийн дагуу хийж гүйтгэсэн. Манайх зөвхөн ногоон байгууламжийн тохижилт хариуцдаг, зүлэг ногоо усалж, үр тарьдаг байгууллага. Хиймэл зүлэгтэй ямар ч холбоогүй” гэх тайлбарыг өглөө.
Ж.ЭНХЖАРГАЛАН: ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙН ХИЙМЭЛ ЗҮЛЭГНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЛААР БИ МЭДЭХГҮЙ

Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан “Зүлэг дэвсэх хугацаа маш давчуу бсан бөгөөд наадам эхлэхээс хэдхэн өдрийн өмнө дэвсэж дууссан. Иймд бүрэн тестлэх хугацаа олдоогүй, шууд наадамтай залгаж таарсан нь алдаа боллоо.
2015 онд тавьсан зүлэг хар резин нь чигжээстэй зүлэг байсан бөгөөд энэ чигжээс резин муухай үнэртэх дээшээ халалт өгөх, бохирдол их агуулах зэрэг сөрөг нөлөө ихтэй. Стандартын дагуу ийм талбайд цөөхөн хэдэн удаа үйл ажиллагаа зохиох боломжтой байдаг бол манайд есөн жил ашигласан. Шинэ зүлэг нь нягт өндөртэй ямар нэг чигжээс хийх шаардлагагүй гэдгээрээ онцлогтой, дээр нь ямар нэг үнэргүй, халалт байхгүй, олон улсын чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн. Зүлэг хийсэн үйлдвэр нь AVG буюу 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Хятад Улсын олон улсын шаардлагад нийцсэн хамгийн том хиймэл зүлэгний үйлдвэр юм байна. Харин хуучин хар резинтэй зүлэг чинь одоо шинэчлэгдээд дунджаар нягтаршил нь 23,000 ширхэг намхан үстэй болсноор резин хийх шаардлагагүй болсон” гэх тайлбар өгөөд буй. Харин түүнтэй холбогдож, хиймэл зүлэг хийхдээ сонгон шалгаруулалт зарласан эсэх талаар тодруулахад “Би хиймэл зүлэгний асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Сонгон шалгаруулалт, төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороон мэднэ” гэх тайлбар өгсөн юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх төслийн ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан эхлүүлсэн. Гадна тохижилтын нээлттэй сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүүгийн батламжилсан төслийн хүрээнд шалгаруулжээ. Уг асуудлаар бид түүнтэй холбогдож тодруулахад “Манайх зөвхөн гадна тохижилтыг хариуцсан. Тухайн хиймэл зүлгийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэлгүй байна” гэх тайлбар өглөө.

Ийн бөхчүүдийг бэртээж, борооны усанд халтиргаа үүсгэх хиймэл зүлэг наадмын талбайд хийсэн нь буух эзэн, буцах хаяггүй болов. Нэг ёсондоо,Төв цэнгэлдэх хүрээлэнг тохижуулсан гэх эрх бүхий албан тушаалтнууд хариуцлага хүлээхээс бултаж, наадмын дэвжээнд халтирсан бөхчүүд нэг жилийн амжилтаараа хохирч үлдэв бололтой.
| БӨХЧҮҮДИЙГ БЭРТЭЭЖ, АМЖИЛТААС НЬ ЧАНГААСАН ХИЙМЭЛ ЗҮЛЭГ БУУХ ЭЗЭН, БУЦАХ ХАЯГГҮЙ БОЛОВ УУ |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |