• Өнөөдөр 2024-04-23

МАН-Д ОДОО ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХИЙН ЭРХ МЭДЭЛ Л “ДУТАГДАЖ” БАЙНА

2022-02-14,   946

-ХУУЛИЙН БҮХ ШАТНЫ ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛЧИХВОЛ МАН-ЫНХАН ӨӨРСДӨДӨӨ БАЙХГҮЙ ШУДАРГА ЁСЫГ МОНГОЛД ТОГТООЧИХ Ч ЮМ БИЛ ҮҮ-

                  МАН-ын удирдлагуудаас энэ удаад олны дунд нэр хүндээ өсгөх, чин шударгын дууч болох ээлжийн “тогооч” нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бололтой. Тодруулбал, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчид, тэдэнд албан тушаал, эрх мэдлээ ашиглан тусласан “сайхан сэтгэлт” намын гишүүддээ тун яаралтай хатуу арга хэмжээ авч, хамгийн түрүүнд намаасаа хөөж, улс эх орноо “цэвэрлэж” авахаа чанга дуугаар удаа дараа мэдэгдээд байгаа.

             Үйл явдал, иймээ тиймээ асуудалд төдийлөн оролцоод байдаггүй, ил гарч үг хэлж, цээжээ дэлддэггүй “томоотой, намбатай” сайн менежер хэмээх олны сэтгэгдлийг тэр нэг их удаан хадгалж чадахгүй нь үүгээр илрэх шиг боллоо. Үүсгэн байгуулагдаад арав, зээл олгоод мөн л тийм хугацаа өнгөрсөн, багадаа найман жилийн өмнөөс буцаан төлөлт хийгдсэн байх ёстой Хөгжлийн банкны зээлийн асуудлыг гэнэт хэдхэн хоногийн өмнө мэдсэн аятай хатуу хариуцлага нэхэн, олон нийтэд цоллон зарлаж гарч ирсэн нь “Жижиг чулуугаар том чулуу доргиох” зорилготой.

МАН шударга ёс сахиулахын төлөө ажилладаг мэт, намынхаа шударга бус гишүүдтэй хууль, хяналтынхан, банкныхны өмнөөс тэмцэж буй мэт өрнүүлж буй Хөгжлийн банктай холбоотой асуудлууд ердөө Үндсэн хуулиар хязгаарлагдаад байгаа зарим эрх мэдлээ олж авах, гишүүддээ давхар дээл өмсүүлэх гэх мэт эрх ашгийн төлөөх нэг ажиллагаа нь л бололтой

       Хариуцлагагүй, улсаа хохироодог, хохироосон, танил тал, эрх мэдлээрээ дамжуулан их хэмжээний зээл авчихаад луу унжиж яваа компаниудаар зээлийг нь заавал төлүүлэх ёстой. Гэхдээ энэ процессын ажлыг Хөгжлийн банк хийгээд Монголын хууль, хяналтын байгууллагууд өмнө нь ч, одоо ч хууль ёсны дагуу хянаж, зохих хариуцлагыг нь ногдуулсаар ирсэн биш бил үү. Гэтэл өрнөж буй үйл явдлуудаас ажиглахад МАН-ынхан л шударга, үнэний төлөө тэмцэж, хариуцлага нэхэж байгаа мэтээр, тэднийг дуугарсан учраас зарим зээлдэгч төлбөрөө төлж эхэлсэн мэтээр, тэд цаашдаа үлдсэн зээлдэгчдэд нь хатуу арга хэмжээ авч байж нөгөөдүүл нь өрөө төлөх мэт ойлголтыг олон нийтэд хэт өгч байна.  Энэ нь өөрсдөдөө илүү эрх мэдэл хүссэн попрол, Засаг удирдаж буй намын эрх мэдлээр далайлгаж буй сүрдүүлэг, цаашлаад хэдхэн хүнд хэт их эрх мэдэл төвлөрч мэдэх эрсдэл бий болж байж болзошгүйг судлаачид хэлж байна.

      МАН-ынхан үнэхээр л төрөө, намаа авлигач, хээл хахуульчдаас, хариуцлагагүй зээлдэгчдээс цэвэрлэе, аваръя гэж зорьсон бол гишүүд дундаа хурал зарлан эхлээд дотооддоо асуудлаа хэлэлцээд, “Тэр тэрэнд тэгэж хариуцлага тооцлоо, манай нам. Одоо бусад намыг харъя. Ард түмэн, нам, эвсэл, төр, хувийн хэвшлийнхэн нэгдээд, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг зээлээ буцаан төлөхийг шаардъя, хариуцлага тооцъё” хэмээн олон нийтэд мэдээлэх байсан биз ээ. Өмнөх түүхээс нь харахад Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮХС, бондууд тэргүүтэй бага хүүтэй их хэмжээний зээлтэй холбоотой энэ мэт залилангийн шинжтэй асуудалд тэд нам дотроо хариуцлага тооцох асуудлуудаа эхлээд ярьж ирсэн байдаг. Одоогийн удирдлагуудын дэргэд хамаагүй зангарагтай, яавал ч яахаар дарга, даамал олон байсан ч тэдний хэнд нь ч намын харьяаллаасаа давж, хууль, хянальт, шүүх эрх мэдлийн дээгүүр давсан ийм мэтийн үйлдлүүд огт гаргаж байсангүй.

      Өөрөөр хэлбэл, ном, журмаараа бол хууль, хяналтын байгууллагынхан эрх, үүргийнхээ хүрээнд хийх, хэрэгжүүлэх ёстой банкны хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг төлүүлэх ажлыг намын аппарат шууд бусаар “хариуцан” өдөр бүр шахуу мэдэгдэл гаргаж, өндөр ач холбогдол өгч, хэвлэлийнхнийг дагуулан энд тэнд намирч байгаа нь цаанаа нэг ёозгүй. Үүний цаана МАН-ынхны одоогийн хамгийн том амбиц болоод байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаа ногоон гэрлээр, олны хэл амгүйгээр шийдэхийн тулд тэд ийн шударга дүрээр “гүйлдэж” байж мэдэхийг учир мэдэх хуульчид тайлбарлан анхааруулсаар байна.

        Тодруулбал, өнгөрсөн даваа гарагийн “Өдрийн сонин”-ы дугаарт Хуульч Р.Мөнхзул Үндсэн хуульд хэн өөрчлөлт оруулахыг маш их хүсэж байгаа, хамгийн гол нь өөрчлөлт оруулж болохгүйг нь мэдсээр атлаа ямар арга сүвэгчлэн зүтгэсээр байгаа тухай дэлгэрэнгүй ярьсан ярилцлага нийтлэгдсэн байдаг. Товчилбол, 1992 оны Үндсэн хуулийн онцлог нь Монгол Улсыг өмнөх шиг хаан, нэг нам удирдахгүй иргэд бүгдээрээ удирдана гэж тохиролцсон...

...Үндсэн хуулийн 69.4 дүгээр хэсэгт, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн сайд байж болно гэж нэмэлт, өөрчлөлт орсон. Ингэж тоо заасан нь заавал дөрөв биш. Нэг юмуу хоёр ч байж болно гэсэн санаа. Энэ өөрчлөлт нь өөрөө Үндсэн хууль гэсэн үг. УИХ-аас дөнгөж 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаад дахиад өөрсдөө түүнийгээ хүчингүй болгоно гэхээр эсэргүүцэлтэй тулгарах, цаашлаад намын нэр хүнд, төрд итгэх итгэлд ч сөргөөр нөлөөлнө. Тиймээс Цэцийг ашиглах арга бодож олсон нь дамжиггүй...

...Цэц чинь ард түмэн биш, ард түмнийг төлөөлөх эрхгүй. Хоёрдогч, үүсмэл байгууллага. Дээр нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай 2010 оны хуулийн 3.3-т тухайн асуудлаар нэгэнт өөрчлөлт оруулсан бол найман жил дахиад өөрчилж болохгүй гээд заачихсан байгаа. Тэгэхээр Цэцийн шийдвэрийг биелүүлж байгаа УИХ-аас батлах давхар дээлийн нэмэлт өөрчлөлт өөрөө дахиад Үндсэн хуулийн зөрчил болно. Нэг бол найман жил гэсэн хуулийн заалтыг МАН олонхоороо өөрчлөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж магадгүй. Ингэх тусам хуулийн үр дүн гарч амжилгүй тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй...” гэжээ.

          МАН шударга ёс сахиулахын төлөө ажилладаг мэт, намынхаа шударга бус гишүүдтэй хууль, хяналтынхан, банкныхны өмнөөс тэмцэж буй мэт өрнүүлж буй Хөгжлийн банктай холбоотой асуудлууд ердөө Үндсэн хуулиар хязгаарлагдаад байгаа зарим эрх мэдлээ олж авах, гишүүддээ давхар дээл өмсүүлэх гэх мэт эрх ашгийн төлөөх нэг ажиллагаа нь юм биш байгаа . Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлагуудад одоо цагдаа, прокурор, шүүхийн эрх мэдэл бүрэн утгаараа ирэх л дутуу байна. Үүний төлөө "Тэдний өмнөөс шударга ёс нэхэж буй мэт “тэмцэж” байгаа" хэмээн гомдогсод нь шивэр авир гэх болсон. Энд хэлэх гэсэн хамгийн гол зүйл нь, үнэхээр Ерөнхий нарийн бичгийн дарга нь ийм зүйлийн төлөө шударга ёс ярин "зүтгэж" байгаа бол, монголчуудад "тогос шүхэрлэх"-ийг уран мэхээр харуулж байгаа бол даанч эмгэнэлтэй байна даа. Ямартай ч үйл явц цаашид хэрхэн өрнөх, хэн хэний өмнөөс багтран гүйхийг сайтар ажиглан, хүлээх л үлдлээ. 

Ном, журмаараа бол хууль, хяналтын байгууллагынхан эрх, үүргийнхээ хүрээнд хийх, хэрэгжүүлэх ёстой банкны хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг төлүүлэх ажлыг намын аппарат шууд бусаар “хариуцан” өдөр бүр шахуу мэдэгдэл гаргаж, өндөр ач холбогдол өгч, хэвлэлийнхнийг дагуулан энд тэнд намирч байгаа нь цаанаа нэг ёозгүй


МАН-Д ОДОО ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХИЙН ЭРХ МЭДЭЛ Л “ДУТАГДАЖ” БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-11 13:44:44
    Зочин: МАН д шүүх , прокурор ,цагдаа нарын эрх мэдэл очвол дарангуйлалтай улс орны тоонд ордог юм.МАНгар нөхөр үү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188