• Өнөөдөр 2024-03-28

Ц.ОЮУНГЭРЭЛ: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин хангалттай сайн бүрдээгүй ч нийгмийн ойлголт хурдан сайжирч байгаа

2021-03-08,   780

-Би 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэвээрээ-

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчны талаар ярилцлаа.
 
-Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Танд баярын мэнд дэвшүүлье. Манайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин хэзээнээс бүрдсэн бэ гэдгээс яриагаа эхлүүлье?
 
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Манай улс жендерийн тэгш эрхийн үзүүлэлтээрээ олон улсад дээгүүрт ордог орны нэг. Харин энэ амжилтын цаана эрх зүйн орчин, нийгмийн соёл хандлага байдаг. Эрх зүйн орчны хувьд бидэнд хараахан төгс нөхцөл боломж бий болгоогүй байна, гэхдээ нийгмийн хандлага хурдан сайжирч байгаа гэж би үздэг.
 
-Эмэгтэйчүүд эрхээ яаж, хэрхэн хамгаалах талаар хэр мэдээлэлтэй вэ?
 
-Иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд эмэгтэйчүүд эрхээ хамгаалах тал дээр маш их мэдээлэл, туршлагатай болсон байгаа. Хэрэв ардчилсан нийгмийн гучин жилийн түүхэнд төрийн бус байгууллагууд олноороо бий  болж, эмэгтэйчүүдийн эрхийн тухай яриагүй байсансан бол өнөөдөр ямар буурангуй зүйлс газар авсан байх байсныг бид таашгүй. Иймээс би эмэгтэйчүүдийн өнөөгийн эрх зүйн амжилтанд эмэгтэйчүүдийн идэвх оролцоо, тэдний тэргүүлдэг олон төрийн бус байгууллагуудад маш их баярлаж явдаг. Эдгээрээс хамгийн их мэдээллийг эмэгтэйчүүдэд түгээж ирсэн байгууллага бол “CEDAW watch”, “Эмэгтэйчүүд сан”, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, “ЛЭОС”, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” зэрэг олон байгууллагыг нэрлэж болно.
 
-Охид, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн олон хэрэг гардаг ч хэсэгтэй шуугьж байгаад л мартчихдаг. Энэ нь эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйтэй холбоотой юу?
 
-Эрх зүйн орчинг маш их тэмцэлтэй, хагас дутуу бүрдүүлсэн ч хэрэгжилт дээр байнга “түгжрэл” гардаг. Бас цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын хүсэл зоригтой холбоотой. “Хүчирхийлэл бол гэмт хэрэг”, “Түүнийг шийтгэдэг, гэр бүлийн хүчирхийлэгчийг ингэж албадан сургаж зан төлөвийг нь өөрчилдөг” юм гэдгийг тохиолдол бүр дээр харуулж чадахгүй байгаатай бас холбоотой байна. Аль болохоор олон зөрчлийг арилгаж чадвал нийгэмд хандлага нь зөв тийшээ эргэнэ.

Ерөнхий сайд  олон нийттэй харилцах харилцааны том алдаа гаргасан

-Та хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан туршлагатай. Харин  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд ямар ажлууд хийж байв?
 
-Гурван чиглэлийн ажил санаанд орж ирж байна. Эхнийх нь эмэгтэйчүүдийг улс төрд идэвхитэй оролцуулах чиглэлд 2010 оноос хойш ажиллаж байгаа. Энэ чиглэлийнхээ хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлж, энэ хугацаандаа олон арга хэмжээ, сургалт зохион байгуулдаг байлаа. Мөн залуу эмэгтэйчүүдийг манлайлалд бэлтгэх сургалтуудад олон удаа багшилсан. Хоёр  дахь чиглэл нь хүний наймаатай тэмцсэн тэмцэл байсан. 2008 онд хүний наймааны гэмт хэргийн гэрч-хохирогч болсон 17 настай охиныг хайж олох, эмчлүүлэх, хамгаалах ажлыг хийж, гэрчийн тусламжтайгаар Монгол улс хүний наймааны гэмт хэрэгтнүүдийг анх удаа хорих ялаар шийтгэж байв.
 
Гурав дахь чиглэл нь, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн талаар боловсолыг дээшлүүлэхэд “Түгээмэл хөгжил төв” ТББ-тай хамтран ажилласан. Энэхүү гурав дахь сэдэв бол маш нарийн асуудлуудыг хөнддөг. Мэргэжлийн эмч нар, хөгжлийн бэрхшээлтэй охид бүсгүйчүүдэд туслах олон гарц байгааг нийгэмд таниулахыг хичээж явна.
 
-Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг хөндөж, үүнийгээ “Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулна” гэх жишээгээр тайлбарлаж байсан. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?
 
-Ерөнхий сайд жишээгээ буруу авсан, иргэдээ нас хүйсээр нь ялгаж байгаад буруу сэдлээр онилсон, ер нь олон нийттэй харилцах харилцааны том алдаа гаргасан. Би тэр өдөр эсэргүүцэж цахим хуудастаа байр сууриа илэрхийлснийг маш олон хүн дэмжсэн байсан. Хүүхэд гаргаад, өсгөж өндийлгөөд сууж байгааг ажил хийгээгүй гэж үзэх юм бол юуг ажил хийсэн гэж үзэх юм! Хамгийн цаг наргүй, хамгийн амралтгүй, хэзээ ч бүтэн нойргүй ажил чинь хүүхэд өсгөх ажил байдаг юм. Монгол улсдаа иргэдийг нь төрүүлж өсгөж өгөх ажил гэж нэрлэж болно.
 
Эмэгтэйчүүдийн нэргүй, бүртгэлгүй, үнэлгээгүй ажил хөдөлмөрийг олж харахгүй өдий насалсан гэхээр ёстой итгэмээргүй санагдаж байлаа. Гэр орондоо хэн нь яаж зүтгэж байж хэдэн хүүхэд нь хүн болж өссөнийг мэддэггүй аав хүн гэж байдаг л юм байх даа.
 
-Та 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд таныг цахим орчинд гадаад хүнтэй гэр бүл болсон зэргээр маш их сөрөг сэтгэгдэл явуулж байгаа харагдсан. Энэ нь нэг талаараа эмэгтэйчүүдийн эрхэд халдаж байгаа хэрэг биз дээ. Ер нь гаднын хүнтэй гэр болсон эмэгтэйчүүдийн эрх хэр зөрчигддөг юм бэ?
 
-Улс төрд орохдоо ийм шүүмжлэл ирэхийг хэн хүнгүй мэдэж байдаг. Гэхдээ улстөрч хүний гол зорилго бол нийтэд үйлчлэх. Нийтийн төлөө бодох, нийтэд хэрэгтэй санаа дэвшүүлж, ажил хийх. Миний хувийн амьдрал улс төрчийнхөө энэ үүргийг биелүүлэхэд саад болдоггүй. Бас би хүмүүсийн шүүмжлэлийг эрхийн зөрчил гэж хүлээж авдаггүй. Харин улстөрч биш хүнийг элдвээр хэлж хувийн орон зайд нь халдвал эрхийн том зөрчил болно.
 
-Цаашид охид, эмэгтэйчүүдийг эрхийг бүрэн хамгаалах талаар ямар эрх зүйн орчин дутагдаж байна вэ. Хэрхэн сайжруулах ёстой бол?
 
-Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохтой холбоотой хамгаалалтууд хэрэгтэй байгаа. Хохирогчийг хамгаалах бүтцээ дахин сэргээж байгуулах шаардлагатай байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоо байнга хоцрогдолтой байдаг бизнесийн болон улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.
 
-Та Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Ер нь намынхаа дотор үүсээд байгаа асуудлыг хэрхэн харж байна вэ. Намын даргын сунгааныг явуулснаар асуудал нэг тийшээ болж чадах уу?
 
-АН-ын дотор болж буй асуудал өвчнөөр бол ихээхэн хүнд шатандаа орсон байна. Сунгаагаар энэ бүхэн илаарших байх гэж найдаж байгаа. Гэвч цаг хугацаа харуулна. Сунгаа хэр зэрэг шударга явагдахаас их зүйл хамаарах байх.
 
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэвээрээ юу?
 
-Хэвээрээ.
 
-Таныг ХҮН-аас нэр дэвшинэ гэх яриа бий. Энэ үнэн үү?
 
-Би шийдэхгүй шүү дээ. Аль ч намд намын гишүүд нь л шийдвэр гаргагчид байдаг.
 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
 
 
 
 

Ц.ОЮУНГЭРЭЛ: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин хангалттай сайн бүрдээгүй ч нийгмийн ойлголт хурдан сайжирч байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-09 12:14:24
    ИРГЭН: ШОРОНД ОЛОН ЖИЛ ТАМЛУУЛАХЫН ДЭЭДЭЭР ТАМЛУУЛЖ ТАРЧИЛСАН ЧИМГЭЭГИЙН ТАЛААР ГАНЦ Ч ҮГ ГАН ХИЙДГҮЭЭ.СОНИН БАЙГАА БИЗ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-09 12:11:09
    зочин: ЭНЭ САРСГАР АВГАЙ ЧИНЬ ХОРИХ АНГИД ОЧИЖ БУЛГАНЫ ЭРХ ЗӨРЧИГДЛӨӨ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЭД БАЙСАН БИЗДЭЭ ГЭТЭЛ ЧИМГЭЭГИЙН ЭРХ ЭНЭ БАЛАЙГИЙН ХААГУУР ЗӨРСӨН БАЙХ ВЭ. ЭЛБЭГДОРЖИЙН ДЭВСГЭР БАЙСАН БОЛОХООР ДУУГҮЙ БАЙХААС Ч АРГАГҮЙ Л БАЙХДАА ХӨӨРХӨС
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188