• Өнөөдөр 2026-04-03

ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ

         Эрх баригч МАН-ынхны зодоон энэ хавартаа лав эцэслэгдэхгүй нь бололтой. Г.Занданшатарын Засгийн газрыг унагааж, УИХ-ын дарга Н.Учрал намын дарга, Ерөнхий сайдын суудалд очсон ч одоог хүртэл МАН-ынхан 30, 38-ын бүлгээрээ хуваагдчихаад хэлэлцээрт ч хүрч чадах нь тодорхой боллоо. Үүнийг өчигдрийн УИХ-ын даргын “томилгоо” улам бүр баталж өглөө.


         Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод долоо хоночихсон байтал өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодорхойгүй хэвээрээ байна. Эрх баригч намынхны энэ улс төрийн зодоон дээр УИХ суудалтай намууд, намын дарга нар гал дээр нь тос нэмж, өрдөж өгч байна даа.

         Монгол Улсын эдийн засаг геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж, хүндрэх эрсдэлтэй энэ цаг үед УИХ-д суудалтай таван намын дарга нар хаврын тэнгэр шиг хувирч, “Засгийн газарт хамтрана, хамтрахгүй” хэмээн олныг төөрөгдүүлж ааш нь олдохгүй явна, үнэндээ. Ингэхдээ тэд “Засгийн газарт хамтарч ажиллах урилгаа аваагүй байна” гэгчлэнгээр тойруулж, бултуулж төөрөгдүүлж байгаа ч үнэндээ эрх баригч намынхантай аман байдлаар нам тус бүр хэдэн сайдын суудал авах тухайгаа Ардын намынхантай ярьчихаад байгааг Саарал ордныхон жиг жуг гэлцэж байна.

     Түүнээс ХҮН намынханд Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газарт хамтарч ажиллах урилгаа хүргүүлсэнээр тус намын Удирдах зөвлөл хуралдаж улс төрийн шийдвэр гаргаснаа мэдэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл, ХҮН нам хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдсэн. Харин хоёр сайдын суудлаа хадгалж, хамтарсан Засгийн газрын гэрээгээ тодорхой болгох шаардлага тавиад эхэлжээ. Энэ талаар өчигдөр ХҮН намын гишүүн П.Наранбаяр “ХҮН нам тогтвортой Засгийн газрыг шаардаж байна. Богино хугацаанд хоёр ч Засгийн газрыг холбирууллаа. Хэн хожсон бэ, Монгол Улс юу хожсон бэ гэдгийг харах цаг болсон. Улс төрийн намууд хамтарч ажиллах гэж байгаа бол хамтын гэрээгээ мөрдөхийг сануулна. МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулсан. Харин хамтарсан Засгийн газрын гэрээг МАН зөрчсөн гэдгийг хүн бүр мэдэж байгаа” хэмээн мэдэгдсэн.

      Харин Ардчилсан  намынхан хамтарсан Засгийн газарт орж ажиллахгүй гэдэг байр сууриа хатуу илэрхийлсэн. Гэвч хоёр үзүүртэй зүү шиг асуудлууд ч улс төрийн хүрээлэлд яригдсаар байна. Анх Ардчилсан намынхан УИХ-ын дарга Н.Учралыг намын даргаар сонгогдсон учраас УИХ-ыг удирдах эрхгүй хэмээн чуулганаа бойкотолж, Н.Учралыг “унагаасан”. Улмаар МАН-ынхан намын даргаа Ерөнхий сайд болгож, УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох саналаа Их хуралд оруулж ирмэгц нь ахиад чуулганы хуралдаанаас гурван өдрийн завсарлага авлаа. Тэдний хэлж байгаагаар 2024 оны УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг томилгоог шууд томилох хуулиа өөрчлөх шаардлага тавьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан УИХ-ын даргын томилгоог УИХ-д оруулж ирээд хэлэлцүүлэг явуулахгүйгээр оруулж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн дахин МАН-ынхныг улс төрийн шахаанд оруулж эхэллээ. Улмаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхийг шаардаж эхлээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын дарга төвийг сахисан байх ёстой. Түүнээс биш өөрийн гарч ирсэн намын даргыг сонгодог байж болохгүй. УИХ-ын дарга намчирхах ёсгүй. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 64 гишүүний гарын үсэг авсан нэр дэвшигч УИХ-д орж ирж, саналаа хураалгах ёстой. Аль нэг нам, бүлгийн шийдвэрээр биш.

        УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаа хүн нэр дэвшиж, санал хураалтаар УИХ-ын дарга болох ёстой. Энэ зарчмыг бид хатуу баримтална. Энэ зарчмын дагуу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад удаж байна. Одоо УИХ-ыг удирдаж байгаа Ж.Бат-Эрдэнэ буюу УИХ-ын дэд даргыг албан ёсоор бид удирдаж байхад чуулганы хуралдаан дээр энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцье. Хуулийн төсөлд бүх зүйлийг маш тодорхой заасан байгаа. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ, УИХ-ын даргыг олонх буюу 64 гишүүн нэр дэвшүүлж сонгоно гэсэн заалтуудыг оруулсан. Өргөн барьсан хуулиа УИХ-аас хэлэлцэхийг шаардаж байна” хэмээн мэдэгдээд байна.

      Цаашлаад УИХ дахь “Үндэсний эвсэл”-ийнхэн мөн л Засгийн газар албан ёсоор хамтрах санал аваагүй хэмээн томилгоог ил далдаар эсэргүүцэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газар огцросны дараа УИХ-ын гишүүн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүлэгч  Н.Номтойбаяр “Шинэ Засгийн газарт орооч гэдэг албан ёсны урилга аваагүй байна. Тэд Удирдах зөвлөлөөрөө ярих байлгүй. Ямар үндэслэлтэй, чиг үүрэгтэй ажил санал болгох, хамтарлаа гэхэд ямар үр дүн гаргах төлөвлөгөө байгааг судална, сонсоно. Зүгээр нэг сандал суудлын асуудал биш шүү дээ. Би Г.Занданшатараас урилга хүлээж аваад ажил хэрэгч байдлаар хандсан. Тэр зарчим хэвээрээ л байгаа. Өмнөх Засгийн газар удаан ажилласан нь үнэн” хэмээн мэдэгдсэн. Үнэндээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Шадар сайдын суудалд очих саналаа илэрхийлсэн гэх мэдээллүүд ч улс төрийн хүрээнд яригдаж байгаа.

          Ийн УИХ-д суудалтай намууд МАН-ын гал дээр тос нэмж, улс орны эрх ашгаа эрэмбэлэхээс илүү ирэх жилийн сонгуулиынхаа нүүдлийг хийж эхэлсэн нь улс төрд өрнөж байгаа сүүлийн үеийн үйл явлаас илэрхий харагдаж байна. Гол нь тэд эдийн засгийн ийм эмзэг үед улстөржилтөө зогсоож, улсынхаа эрх ашгийг бодох нь юу юунаас илүү чухал байна. Цаашлаад хаврын тэнгэр шиг хувирсаар байвал хоёр туулай хөөсөн хүний үлгэрээр хоосон хоцрох вий дээ.

 


ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188