• Өнөөдөр 2025-05-03

"ЭРГЭЛТ" СЭТГҮҮЛЭЭС ОНЦЛОХ ЗАЛУУС

2025-05-03,   351

       Монголын анхны "Балдорж" шагналт редакц, МСНЭ-ийн 2021 оны "Монголын шилдэг мэдээллийн сайт", “Web awards 2023” наадмын оны онцлох редакц Эргэлт.мн мэдээллийн сайт Эргэлт сэтгүүлд нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга, эрэн сурвалжлах сурвалжилга, дурсамж, тэмдэглэл, орчуулга тэргүүтэй сэтгүүл зүйн бүх төрлийг багтааж дөрөв дэх дугаараа бэлтгэлээ.

      Энэ удаагийн "Эргэлт" сэтгүүлээс онцлох таван залууг уншигч та бүхэнд танилцуулахын дашрамд салбар бүртээ түүчээ, тод өнгө нь болж буй тэдний ярилцлагаас онцлох таван эшлэлийг хүргэж байна.

ГЭГЭЭН АЯНЧ

      Ө.Эрдэнэбулган гэнэтхэн янжуур салаавчилсан гараараа шанаагаа тулж суугаад “Италид сурч байсан үе үнэндээ хэцүү байсан. “Харь оронд сурна, уран бүтээлийн төлөө амьдарна” гээд зохиосон амьдралаа байхгүй болгочихсон үе. Уран зургийн академид сурахын зэрэгцээ амьдрах шаардлагатай. Сургалтын төлбөр гэж хэдэн зуун сая төгрөг. Тэгж шаналж явахдаа Марко гэх залуутай таарсан нь дэлхийн шилдэг 1000 зураачтай өрсөлдөж, шилдэг болсон хөргийн минь эхлэл болсон доо” гээд тамхиа соров...

Миний хүсэж байгаа зүйл бол хүн харахад л баяр төрдөг, дотроосоо сэрж, асаж байдаг, халгиж, цалгисан сайхан зураг зурах.

Хүүхдийнхээ хөргийг зурж байсан. Өвөө, байх болно аав, ээж, эхнэр, үр хүүхдүүдийнхээ сайхан хөргийг зурна гэж боддог.

Улстөрч, захирал болох мөрөөдөлтэй хүүг урлагт нь, уран зурагт нь татаж үлдээсэн хүмүүс бол Дармын Батбаяр багш, Сэрээнэнгийн Билигсайхан ах хоёр.

Италийн уран зургийн сургуульд суурь уран зургийн ухаан заалгана гэдэг миний мөрөөдөл байлаа. Би Репиний академид хоёр жил сураагүй бол Флоренцийн академид орж чадахгүй л байсан. Бүх юмс шат дараатай, жамаараа явдаг шүү дээ. Тэгж л "Сурах сан" гэх хүсэл, зорилго, мөрөөдлөө 10 жил амьд, халуунаар нь тээж явсаар Флоренцийн академид элссэн дээ.

Жинхэнэ уран бүтээлч бүтээл гаргах гэж хэдий хугацаа зориулсан ч хамаагүй “Яг боллоо" гэх хүртлээ "хатгасан цэгээ тойруулаад" зурсаар л байх болно.

Ж.НАМУУН: ХОРТ ХАВДАРТАЙ НҮҮР ТУЛСНЫХАА ДАРАА “SAMSUNG”, “APPLE”, “TOYOTA” ТЭРГҮҮТЭЙ КОМПАНИЙГ СУРТАЛЧИЛДАГ ЗАГВАР ӨМСӨГЧ БОЛСОН

     

    Эмчээс “Та хорт хавдартай юм байна” гэх өгүүлбэрийг хоёр удаа сонсож, үхэл амьдралтай тэмцсэн 12 цагийн хагалгаа, 12 удаагийн хими эмчилгээг тэр “Шантарчих юм бол надад ирсэн энэ амьдрал утга учиргүй өнгөрчихнө” гэсэн бодолтойгоор шүд зуун тэсэж, давж гарчээ. Хэцүү өвчнийг даваад гарсан тэр амьдралын цаг, мөч бүрийг зөвхөн өөрт нь, гэр бүлд нь зориулагдсан юм шиг өнгөрүүлэхээр шийдэж, цаг алдалгүй хүсэж, мөрөөдсөн загвар өмсөгчийнхөө ажлыг хийж эхэлжээ. Эдгэрээд удаагүй богинохон үстэй бүсгүй нүүр дүүрэн инээмсэглээд дэлхийн алдарт “Kia” компанийн сурталчилгаанд тоглож, олны танил болж байлаа. Одоо тэр “Samsung”, “Apple”, “YSL” “Coach”, “Toyota” тэргүүтэй дэлхийн алдартай брэндийн нүүр царайгаар ажиллаж, сурталчилгааг нь амилуулдаг загвар өмсөгч Ж.Намуун болжээ.

Багадаа олон хэцүү бас сайхан  зүйл туулсан учраас сэтгэлийн хаттай болж өссөн байх. Гэхдээ л “Хорт хавдар” гэдэг оношийг хоёр удаа сонссоны дараа “Яагаад би юм бэ” гэж эрхгүй бодогддог юм билээ.

Эдгэрснийхээ дараа хийх зүйлээ төлөвлөн бодож, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх жаргалтай мөчүүдээ төсөөлсөн. Төсөөлөл бүр минь надад хөл дээрээ босох урам зориг хайрлаж байсан.

Хэцүү өвчинтэй тулгарсны дараа бодол, хүнтэй харилцах харилцаа, амьдралын хэвшил өөрчлөгддөг юм билээ.

Хэдийгээр том сорвитой ч загвар өмсөгчийн ажилд нөлөөлж байгаагүй ээ. Дотуур хувцасны зураг авалтын үеэр л хүмүүс мэддэг.

Загвар өмсөгчөөр ажиллаж эхлэхдээ хожим харамсах зүйлгүй байхыг хүссэнээс биш, тийм их цалин авна гэж төсөөлөөгүй шүү дээ.

Б.ЭНХМАНЛАЙ: ЕСӨН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙГ УГТАН АВЧ, АЙЛТГАЛ ӨГСӨН МИНЬ ХОВОР ХУВЬ ТАВИЛАН ГЭЖ БОДДОГ  

   Тэр хурц нар, шаагих бороо, өвлийн хүйтнийг үл ажран зогсдог хүндэт харуул. Сэлмээ агсан, хөл тавин алхахдаа монгол цэргийн цог золбоог гайхуулах торгон цэрэг. Тэр дундаа Төрийн тэргүүнийхээ өмнө Зэвсэгт хүчнийг төлөөлөн айлтгал өгөх хүндэт харуулын 33 дахь дарга. Аавынхаа хууч ярианаас цэргийн амьдралаар амьдрахыг хүссэн хүү өдгөө Ерөнхийлөгчид “Хүндэт харуулын дарга, ахлах дэслэгч Баярбаатарын Энхманлай” хэмээн айлтгал өгдөг, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын дарга, Ротын захирагч болсон билээ.

Аавынхаа алба хааж байсан ангид ротын захирагчаар ажиллах  нь ховор тохиох заяа гэж боддог. Хоёр дахь үеийн хүндэт харуул гэдгээрээ үргэлж бахархдаг даа.

Би 2021 оноос хойш 500 гаруй ёслолд үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс 25 нь гадаад улсын төрийн дээд албан тушаалтан угтаж авах ёслол байсан.

Батлан хамгаалах их сургуульд сурч байхдаа эхнэртэйгээ танилцаж байсан. Доод курсийнхээ охиныг шохоорхож, гэр бүл болоод таван жил болжээ.

Монгол цэрэг, монгол эр хүн гэж ийм байдаг шүү гэдгийг харуулах, улсынхаа зэвсэгт хүчнийг төлөөлөх хүмүүс нь хүндэт харуулууд гэж боддог доо. 

Миний хамгийн том дэмжигч аав шүү дээ “Ийм төрийн айлчлал болно гэнэ. Чиний ийм зургийг хүмүүс дарсан байна” гээд явуулна.

Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ

        Хэдэн жилийн өмнө СУИС-ийн нэгэн ангид дөрвөн оюутан өөрсдийгөө алдартай жүжигчид болсон байгаагаар төсөөлөн ярьж, мөрөөдлөө хуваалцаж суусан бол одоо хамтран бичсэн зохиолоороо бүрэн хэмжээний кино бүтээчихээд, танхим дүүрэн үзэгчтэй нээлтээ хийдэг уран бүтээлчид болжээ. Тэд бол “Favway” нэгдэлийн авьяаслаг жүжигчид. Нийгэмд гэгээн бүхнийг түгээх мөрөөдлөөр жигүүрлэсэн нэгдлийн гишүүн, залуу жүжигчин Ү.Ундралтай ярилцлаа.

Зохиолоо бичиж дууссан ч киногоо хийх санхүү байгаагүй учраас түр хойш нь тавьж, богино цуврал хийж санхүүгээ цуглуулсан.

Хэчнээн зохиолыг нь мэдэж байгаа ч дотор нь орж үзсэн. Ямар мундаг найзуудтайгаа дахин мэдэрч, өрөвдөөд л уйлаад байсан.

Анхны санал ирэх үед нь “Төлбөрөө хэд гэх бол” гээд сандралдацгааж байлаа. Анхны цалингаа авч байгаа юм шиг л санагдсан.

Бид том болжээ л гэж бодсон. Найзынхаа хүүхдийг харж, хуриманд нь гэрчийн даашинзтай зогсоно гэж төсөөлөөгүй. 2024 он бидний хувьд хэзээ ч мартагдашгүй онцгой жил байлаа.

Нэг зорилго, мөрөөдлийн төлөө урагшилж байгаа учраас маргалдсан ч тэр нь сайн уран бүтээлийн төлөө л байдаг. Бидний нөхөрлөлийг хүүхэлдэйн кинон дээр гардаг шидэт гал, чулуутай зүйрлэж болох юм болов уу.

TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ

 

     Түүний үгийн санд “энгийн” гэх үг байхгүй юм шиг онцгой, содон бүтээл хийдэг. Өчигдөр тэр тамын элч байсан бол өнөөдөр сэтгэцийн эмч, маргааш хадуур барьж, хүчирхийлэгчдийг шийтгэх эрлэгийн элч болон хувирна, энэ бүгд Trishna-ийн дүр. Тайзан дээр тэргэнцэртэй бүжиглэж, булшнаас хэн нэгийг “амилуулж”, чөтгөрийн шившлэг хийхдээ тэр нүдээ аньж, хөлсөө дуслуулангаа дуугаа бүрэн мэдэрч, сонсогчдодоо хүргэнэ. Угтаа тэр бага ангиасаа сонгодог хөгжим сонсож, төгөлдөр хуур тоглосон мэргэжлийн хөгжимчин. Гэхдээ одоо тэр dark trap урсгалыг Монголд хөгжүүлж буй реппер Н.Ханбилэг, бидний мэдэх Trishna билээ.

Нэгдүгээр ангиасаа л дэггүй, хөдөлгөөнтэй гэхдээ ямар ч хөгжмийг хэвлүүхэн тоглочихдог хүүхэд байсан. Миний багахан авьяасыг сургуулийн багш нар анзаарч, намайг төгөлдөр хуурын дугуйланд элсүүлсэн.

Урлагт дуртай, гэхдээ зүгээр сонсоод өнгөрдөггүй ач холбогдол өгч сонсдог, дурладаг хүмүүс.

Залуу уран бүтээлчийн хувьд өөртөө болон уран бүтээл, үзүүлбэртээ эргэлзээгүй гэх юм уу даа. Тоглолт үзэхээр ороод ирэх л юм бол хэн ч сэтгэл дундуур гарахгүй гэдгийг нь бэлтгэлийнхээ үеэр л мэдэрч байсан.

Багадаа тайзан дээр дуулж, хүмүүсээс алга ташилт авахыг мөрөөддөг байсан. Одоо бол надад зүгээр тайзан дээр зогсох бус ямар үзүүлбэр үзүүлснийхээ хариуд хүмүүсийн сайхан энерги, алга ташилтыг хүртэх вэ гэдэг л чухал.

Trishna бол хүний хар бараан бодол, хүсэл нэг талаараа муу талын хүн. Би дуугаа Trishna-г өдөөж хийдэг. Хэдий өндөр сэтгэл зүйтэй ч тайзан дээр байгаа шигээ, эсвэл уран бүтээл шигээ галзуу хүн огт биш, тайван дөлгөөн зантай.

ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ

 

 


"ЭРГЭЛТ" СЭТГҮҮЛЭЭС ОНЦЛОХ ЗАЛУУС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188