• Өнөөдөр 2026-09-17

ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ

ХЯТАДЫН ХАМГИЙН СОЁЛГҮЙ “ОРКУУД”-ТАЙ ХОТ ЭРЭЭН

   Замын –Үүд, Эрээний боомтоор Хятад Улс руу 2013 оноос хойш  гараагүй. Энэ боомтоор 13 жилийн дараа ахин гарахаар очлоо. Замын-Үүдэд ямарч бүтээн байгуулалт хийгдээгүй урд өмнөх бахь байдаг хуучин хэвээрээ навсайж харагдана. Харин Эрээний хилийн боомтоос эхлээд зам дагуулан мод тарьж ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг үнэхээр гойд сайхан хийжээ. Ар монголчууд цэцэрлэгт хүрээлэн сүйтгэж, сургууль, цэцээрлэгийн талбайг устган орон сууц барьж зардаг бол хятадууд хот байгуулахдаа эхлээд цахилгаан станц, инженерийн шугам сүлжээ, зам, гүүрээ барьдаг аж.  Зөв бодлого төлөвлөлтийн үр дүнд бидний нүдэн дээр Эрээн хот цэцэглэн хөгжсөөр л байна. Гэхдээ Эрээн, Хөх хотын хөгжил, Монгол, Хятадын хөгжил шиг өдөр, шөнө шиг ялгаатай байлаа. Хятадын бусад хотын хөгжлөөс Эрээн хот хол хоцрогдсон газар аж. Тийм болоод ч тэр үү Эрээний хятадууд бүдүүлэг, соёлгүй, “орк” олонтой болжээ. Тэд монголчуудад их дээрэлхүү хандаж, хэрэлдэж, орос, монголоор хараал урсгаад сурчихсан байх юм.

   Мэдээж Ар Монголын наймаачид тийм өндөр соёл, боловсролтой хүмүүс биш гэдэг нь тодорхой. Наймаачид Эрээнээс бараа аваад хил гарах гэж ёстой нэг эмх замбараагүй байдал үүсгэх аж. Нэгнээсээ өрсөн гарах гэж дарааллын урдуур дайрч, бөөн шуугиан, бужигнаан үүсгэнэ. Харин хил даван Хятадын рүү орохдоо их ухамсартайгаар жагсаж харагдана. Эрээнээс бусад Хятадын том хотуудын хөгжил үнэхээр гайхалтай. Хөгжлөө дагаад иргэдийн амьдрал ахуй нь дээшилж тайван амгалан, стресс үгүй. Хууль дүрмийг чанд хатуу баримтлан амьдрах юм билээ. Манай Улаанбаатар шиг битүү бетонон ширэнг алга. Барилга хоорондын зай стандартыг нарийн баримтлах аж. Барилга барихдаа заавал ногоон байгууламж, мод, бут, цэцэрлэгт хүрээлэнг заавал хийдэг юм байна. Бүдүүн яндантай дуу чимээ ихтэй спорт машин, мотоциклыг замын хөдөлгөөнд оруулдаггүй бололтой. Иргэдээ бухимдалгүй, эрүүл цэвэр орчинд амьдруулах бүх боломж, бололцоо, нөхцөлийн хангахыг чухалчилдаг гэнэ. Хятад социалист улс хэдий ч “Иргэн баян бол улс баян” чинээлэг байна гэсэн уриаг амьдралд хэрэгжүүлж чаджээ.

ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ

   Монгол эх хэл, бичиг соёл, үндэс язгуураа Хятад гүрний соёлын түрэлтэд уусган хайлуулалгүй өдий хүртэл, хадгалан, тээж яваа Өвөр монголчуудаарай бахархаад баршгүй. Монголчууд эвтэй үедээ энэ дэлхийн ертөнцийг хураан захирч, эв нэгдэлгүй үедээ бусдын өгөөш болон тарж, бутарч олон хэсэг болон жижгэрсэн билээ.  Дундад Иргэн Улсын бүрэлдэхүүнд байгаа Өвөр Монголын Өөртөө Засах орон 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан. Одоо 24 сая хүн амтай. Үүний дөрвөн сая нь монгол үндэстэн байна. Хятад дахь монголчуудыг "Монгол" гэж бүртгэдэг болохоор монгол угсаатан, ястан тус бүрийн хүн амын тоог мэдэх нь хүндрэлтэй. Хэдий тийм ч түүхэн нутаг болон хэл аялгуугаар нь ялгаж үзвэл цахар, сөнөд, үзэмчэн, авга, урад, ордос, хошууд, халх,баарин, ар хорчин, онгиуд, хишигтэн, хорчин, харчин, дөрвөд, барга, буриад, түмэд, өөлд, торгууд гэх мэт олон ястнууд Өвөр Монголд байна.

    Дундад Иргэн Улс, Өвөр Монголын бүс нутгийг хөгжүүлж байгаа хэдий ч нүүдлийн соёл иргэншил өдрөөс өдөрт бүдгэрч, эрчимжсэн  мал аж ахуйг хөгжүүлэх болсон нь харамсалтай.  Бэлчээрийн мал үгүй болж, малын бэлчээрийг тариалангийн талбай болгон хувиргаж байгаа нь сэтгэл эмзэглүүлнэ. Хятадууд Өвөр Монголын хот, суурин газрын барилга байгууламж, зам харилцаа, дэд бүтэцийг үнэхээр сайн хөгжүүлж чаджээ. Харин монголчуудын амьдрах орчин, хэл бичиг, соёл, үндэсний ухамсарыг хумих бодлого явуулж байна уу гэж бодогдлоо.

   Өвөр Монголын Өөртөө Засах орныг монголчууд биш хятадууд удирдаж байх юм. Нүүдлийн соёл, уламжлалыг мэдэхгүй хот суурин газар өссөн хятад дарга нар ӨМӨЗО-ыг удирдан чиглүүлж яаж чадах билээ. Тэд хот суурин, газар тариалангаа л илүү хөгжүүлж чадна шүү дээ. Өвөр Монголын нийслэл Хөх хотод монгол хүн байдаггүй юм болов уу гэж бодогдохоор хаа, сайгүй л хятад хүн, хятад худалдааны төв, хоолны газрууд дүүрэн. Өвөр Монголчуудын төрийн албан ёсны хэл нь хятад хэл болохоор хятад хэлээр ярихгүй гээд яах ч билээ. Хөх хотод Монгол хэлний хэрэглээ бараг л байхгүй юм. Гадны жуулчид Өвөр Монголыг хятад үндэстэн гэж ойлгох нь аргагүй юм байна.

    БНХАУ-д өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш, Хятадын эдийн засаг хөгжихийн сацуу соёлын бүтээн байгуулалтад ихээхэн амжилт олжээ. Өнөөгийн Хятад Улсад тэргүүний дэвшилтэт соёлыг хөгжүүлэх, орчин үе, дэлхий дахин, ирээдүйд чиглэсэн үндэсний шинжлэх ухаан, бүх нийтийн социалист соёлыг хөгжүүлэх, ард иргэдийн оюун санааг тасралтгүй баяжуулан нэмэгдүулэх зорилт тавьж байгаа аж. Ялангуяа боловсрол, шинжлэх ухааныг тууштай хөгжүүлж, шинийг бүтээх, олон арван сая мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд гол анхаарлаа хандуулжээ.

    Шинжлэх ухаан технологийн хөгжлийн хэтийн төлөвийг боловсруулж, шинжлэх ухааны дэд бүтцийг эрчимжүулжээ. Нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааныг зэрэгцүүлэн хөгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх гүн ухаан нийгмийн шинжлэх ухааны чухал үүргийг тодорхойлсон байна. Өвөр Монгол, Уйгар Шинжаан гээд Хятадын хойд болон баруун бүс нутгийг хөгжүүлэх стратегийн бодлогын хүрээнд гадаад соёлын харилцаагаа өргөжүүлжээ.  Хятадууд монгол үндэсний бичиг үсгийг хязгаарлаж байгаа хэдий ч үндэсний онцлогтой соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх асуудлыг чухалчилж байгаа аж. Юуны өмнө үндэс угсаа нэгтэй, хил залгаа Монгол Улстай соёлын бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа нь сайшаалтай.

   ӨМӨЗО-ы үндэсний соёл урлаг бүх хятадад төдийгүй дэлхий дахинд өөрийн гэсэн орон зай эзэлж, соёлын бүтээн байгуулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг харлаа. Өвөр Монголын үндэсний музей шинээр асар том орчин үеийн стандарт шаардлага хангасан байртай болжээ. Тус музейг нэг өдөр бүрэн үзэж амжихгүй олон үзмэртэй аж. Үзмэрийн 20 гаруй танхимтай гэнэ. Харин бид хамгийн сонирхолтой танхимуудыг сонгож үзлээ. Хүннү, Сяньби, Уйгар, Түрэг, Зүрчидийн Алтан улс, Их Монгол Улс, Юань гүрэн, Манж Чин гүрэн гээд Монголтой холбоотой танхим байдаг үгүйг нь сайн мэдсэнгүй. Киданы үеийн түүхийн олдворууд нэлээдгүй олон байлаа.

    Гэхдээ тайлбарлагч нь нүүдэлчдийн соёлыг яаж ийж байгаад Хятадын түүх соёлтой холбож тайлбарлах гээд байгаа юм шиг сэтгэдэл төрүүлсэн нь тийм ч оновчтой итгэл үнэмшилтэй санагдсангүй. Уг нь тэр тайлбарлагч Монголын түүхийн талаар асар их мэдлэг, мэдээлэлтэй, судалгаа шинжилгээ хийдэг нэр хүндтэй эрдэмтэн аж. Төрийн хатуу чанд хяналттай улсад тэгэж ярихаас ч өөр арга байхгүй биз гэж бодогдлоо. Үнэн бодит түүхийг гуйвуулан, зохиож болохгүй гэдгийг түүхийн эрдэмтэн хүн сайн мэдэж байгаа байх.

    Түрэгийг Турк гэж андуурч, Киданы их, бага бичгийг хятад ханзнаас хуулан авсан. Манж Чин улсыг хятад угсааны хүмүүс гэж санаатай ярив уу. Санамсаргүй алдаж хэлэв үү гэдэгт нь эргэлэж эхэлсэн. Магадгүй 50-100 жилийн дараа Өвөр Монголчуудыг хятад угсааны нүүдэлчид гээд ярих бололтой. Ханз үсгийг хэн анх зохиосон нь маргаантай байдаг. Хадны сүг зургаас санаа авч Киданчуудын зохиосон үсэг билээ. Саяхан Киданы их, бага үсгийг Хятад, Солонгос, Япончууд авч хэрэглэж байсан баримт, нотолгоо олдсон. Тэр битгий хэл анхны галт зэвсгийг Киданчууд хэрэглэж байсныг нотлох баримт бий.

    Хүннү болон түүнийг залгамжлагч, Тоба, Шивээ, Кидан, Зүрчидийн Алтан улс, Манж Чин улс луу шүтдэг, сүлд бэлгэ тэмдэг нь луу байсан.  Үүнийг гэрчлэх түүх архелогийн олдвор, баримт, нотолгоо олдсоор л байгаа билээ. Нүүдэлчин монголчуудыг харанхуй бүдүүлэг байсан гэж оросын эрдэмтэд андуу ташаа суртал ухуулгыг 200-300 гаруй жилийн турш хийсээр ирсэн. Ази, Европ тивийг эмхлэн захирч явсан монголчууд харанхуй бүдүүлэг байгаагүй. Дорнын соёлыг Өрнөд, Өрнийн соёлыг Дорно дахинд тээвэрлэгч үндэстэн нь нүүдэлчид байсан билээ. Тийм үндэстэн яагаад ч харанхуй бүдүүлэг байх ёсгүй.

МАНЖ ЧИН ГҮРНИЙ БҮРЭЛДЭХҮҮНД ҮЛДСЭН ӨВӨР МОНГОЛ

    Хүннү гүрнээс эхтэй хүчирхэг  Их Монгол Улс, Юань гүрэн бага хаадын үед хаан ширээ, эрх мэдлийн төлөөх, өвөр зуурын тэмцлийн нөлөөгөөр хүчирхэг нэгдмэл байдлаа алдсан байдаг. Тогоонтөмөр хаан1368 онд Мин улсад  шахагдаж Бээжингээс хөөгдөж гарсан. Түүний дараа Хүннүгийн Тоба буюу “Табгач”, Дунху, Ухуань, Кидан, Сяньби “Шивээ” аймгуудаас гаралтай Зүрчид нар Манж Чин улс 1636-1949 оны хооронд оршин тогтносон хаант улс байв. Зүрчидийн Алтан улсыг залгамжлан бий болсон Манж Чин улс 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад зургаан чуулганд хувааж, гадаад Монголын төрийг засах яам байгуулсан байдаг. Түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэж байв. Энэ зургаан чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуу-Удын, Улаанцавын чуулган хэмээн нэрлэсэн байдаг. Эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байжээ.  

   1911 онд Ар монголчууд эрх чөлөөний хувьсгал хийж, Манж Чин гүрний Монгол дахь ноёрхлыг түлхэн унагаж, Богд Хаант Монгол Улсыг байгуулсан. Улмаар таван замын байлдаанаар Өвөр Монголыг бүрэн чөлөөлсөн юм. 1915 оны Монгол, Орос, Манж Чин улсын  “Гурван улсын гэрээ”-гээр Орос, Манж Чин улсууд хувилдан Монгол үндэстэнг Ар, Өвөр Монгол болгон хувааж, Сибирийн буриад якут, алтай, ойрад, хакасыг оросууд, Өвөр Монгол, Уйгарыг Манж Чин улс өөрийн мэдэлд үлдээсэн билээ. Оросууд “Таван замын байлдаанаар Өвөр Монголд оруулсан цэргээ буцааж татахгүй бол Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тулган шаардлага үзүүлсэн байдаг. Ингээд л Өвөр Монголоос Богд хаант Монгол Улс цэргээ арга буюу эргүүлэн татсан байдаг.

   Үүний дараа 1945 онд Японоос Манж, Хятадыг чөлөөх дайнаар Өвөр Монголыг чөлөөлж, Ар Монголтойгоо нэгтгэх боломж гарсан хэдий ч Орос, Манж нар түүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Бүх нийтийн санал хураалтаар Өвөр Монголын 49 хошууны захирагч нар Манж Чин улсын бүрэлдэхүүнд хэвээр үлдэх санал өгсөн байдаг. Ийнхүү Манж Чин гүрний засгийг унаган түүний суурин дээр өнөөгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) буюу Дундад Иргэн Улс 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр байгуулагджээ.

ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН ХУРД

   Хятадын хөгжлийн хурдыг гайхан бишрээд барамгүй. Үнэхээр гайхалтай Хятад Улс хөгжиж цэцэглэхийн хэрээр иргэд нь боловсрол мэдлэгтэй болж илүү соёлжиж байгааг харлаа. Амьдрах орчин нөхцөл сайжирсан болохоор хятадын ард иргэд ямарч стресс, бухимдалгүй, тайван сайхан амьдарч байна. Мэдээж үсрэнгүй хурдтай хөгжлийн сүүдэртэй тал нь хүний эрх, үндэсний цөөнхийн хэл соёл, эрх чөлөөний асуудал байсан хэвээр.

   БНХАУ 1949 онд байгуулагдсанаасаа хойш буюу өнгөрсөн 77 жилийн хугацаанд дэлхийн хоёр дахь том эдийн засаг, хамгийн том үйлдвэрлэгч, хамгийн том борлуулагч болтлоо хөгжиж дэвшсэн байна. 1960 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн  Камбож, Кени, Сьерра-Леоне зэрэг улсуудынхтай адил түвшинд байжээ. БНХАУ одоо дэлхийн нийт үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг хангаж байна. Хятадын иргэд 1952 онд ядуу, өрхийн орлого муутай байв. Цалин орлогоороо хоол хүнсээ ч авч чадахгүйд хүрч, өлсгөлөнд нэрвэгдэж байсан түүхтэй. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2030 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж “Price Waterhouse Coopers” байгууллага мэдээлсэн байдаг. Хятадын залуус маш өндөр боловсрол, мэдлэгтэй болжээ. Тэдний биеэ авч яваа байдал соёл, хувцаслалт, цаг үеэ дагаад эрс өөрчлөгдсөн байна. Тэд Монгол, Япон, Солонгос залуусаас ялгагдах зүйлгүй болжээ. Хөгшин настай хүмүүс, хөдөө орон нутгийн оршин суугчид л хятад гэж харагдаж, танигдах юм.

МОНГОЛ СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ “ОДОН” ТЕЛЕВИЗ

   Өвөр Монголын “Одон” телевиз  1997 оноос сансар кабелийн телевизээр дамжин Улаанбаатарт цацагдсан үеэс хойш Монгол Улсын үзэгчид Өвөр Монголын нэвтрүүлэгтэй анх танилцан, цэнхэр дэлгэцээс Өвөр Монголыг цаашлан Дундад Улсыг ойлгох боломжийг олгосон. Ерөнхийлөгч Ши Жиньпиний "Нэг бүс нэг зам"-ын санаачилга нь хил дагасан улс орны дэмжлэгийг авч, онцгойлон Дундад улс болон Монгол Улсын энэ талын харилцаа эрчимтэй хөгжиж болсон билээ. Өвөр Монголын радио, телевиз, Өвөр Монголын “Өдрийн сонин” нь төрийн хяналттай хэвлэл мэдээллийн байгууллагууд юм. Өвөр монголын телевиз хороо 1976 онд байгуулагдаж байсан. Тус телевиз 1997 онд БНХАУ даяар нэвтрүүлгээ цацаж, 2009 оноос уран бүтээл, бүтэцдээ шинэчлэлт хийж 24 цагийн эфиртэй болжээ. Төрийн телевиз учир техник технологи, ажиллах орчин нөхцөл, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, камер хэрэгсэл нь аргагүй сайн. Улсаас мөнгө хаяж бодлогоор дэмжиж, санхүүжүүлдэг нь алхам тутам мэдрэгдэнэ. Өвөр Монголын радио, телевиз нь Ази номхон далайн орны 53 улс оронд цацагдаж, сувгийн программ нь ӨМӨЗО-ы бүх аймаг, хот, хошуу, Шинжаан, Хөх мөрөн, Гансу, Ляонин, Грин, Хар мөрөн, Хэбэй зэрэг монгол үндэстэн төвлөрөн суудаг газар орон болон Монгол Улс ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Австрали зэрэг улс оронд 24 цагийн нэвтрүүлэг цацдаг байна. Өвөр Монголын “Одон” телевиз “Ai” технологи хөгжүүлж, дата байгуулан 20 жилийн архивыг хийжээ. Мэдээний сэтгүүлчид нь өдөрт 230 минутын мэдээ бэлтгэж, дэлхийн 50 хэлээр цацдаг. Тэд тун удахгүй “4к” технологид суурилсан эфирийн студийг ашиглалтад оруулах гэж байна.

РОБОТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ТЭРГҮҮЛЭГЧ ЧЭНДҮ ХОТ

    Хятадын Чэнду хотын “Сычуань” их сургуулийн “Хуаси” шүд, амны хөндийн эмнэлэгт зочлов. Тус эмнэлэг нь шүд амны хөндийн эмчилгээ нь бүрэн дижиталагдсан клиник оношилгоо, эмчилгээ, виртаул симуляцийн сургалтыг явуулж байна. Мөн Сычуань “Жюй Шэнь” техлогийн Чэндүгийн өндөр технолгийн бүс, “Чэндү Минтү” технологи, хүн дүрст роботын инновацын төвтэй танилцлаа. Хүн дүрст роботын судалгаа,  хөгжүүлэлт, туршилт баталгаажуулалт, симуляцийн туршилт болон өгөгдөл цуглуулах орчин нь гайхалтай байлаа. Хятадууд роботыг онцгой байдлын алба, гал унтраах, гүнийн уул уурхай, өрөмдлөг, усан дор, өндөр барилгад зэрэг эрсдэлтэй зүйлд өргөнөөр ашиглах болжээ. Мөн нийтийн хоолны салбарт, худалдаа үйлчилгээ, цэвэрлэгээ, зугаа цэнгэлийн шоу тоглолтод ашиглаж байгаа аж. Роботын туршилт судалгаа, хөгжүүлэлтийг 20 гаруй насны залуус хийж байгаа нь гайхалтай, бахархалтай байв. Хятадын залуучуудын ирээдүй гэгээлэг харагдаж байлаа.

   Чэндү хотод робот техник, хиймэл оюун ухааны салбарт улсдаа тэргүүлэгч төвүүд байрлажээ. Тус хотод аж үйлдвэрийн болон үйлчилгээний робот бүтээдэг хэд хэдэн томоохон компани үйл ажиллагаа явуулдаг. Чэндү хотод Хятадын хамгийн анхны хүн дүрст роботын худалдааны төв (Humanoid Robot Mall) нээгдсэн бөгөөд энд бүжигчин, бариста зэрэг 100 гаруй төрлийн ухаалаг роботуудыг туршиж, ирээдүйн ухаалаг амьдралын хэв маягтай танилцах боломжтой юм.

    Бид Чэнду хотын алдарт Пандагийн хүрээлэнтэй (Chengdu Panda Base) танилцлаа. Чэнду хот Сычуань мужийн төв бөгөөд хүн ам, соёл, аялал жуулчлалын хувьд Хятадын баруун өмнөд бүсийн хамгийн чухал хотуудын нэг юм. Тус хот нь панда, халуун ногоотой Сычуань хоол, тайван амгалан амьдралын хэв маягаараа алдартай гэнэ. Чэндү хотын Панда үржүүллэгийн парк 200 гаруй панда үржүүлж байна. БНХАУ дахь амьтны хүрээлэнгийн панданын 80 хувийг үржүүлдэг аж. Панда нь дунджаар 25 насалдаг байна. Мөн хоногийн 24 цагийн 12–16 цагт хооллодог. Панда өдрийн ихэнх цагийг хулс идэхэд зарцуулдаг бөгөөд өдөрт дунджаар 12–38 кг хулс иддэг. Хулс бол пандагийн үндсэн хоол. Пандагийн хоолны 99 хувь нь хулснаас бүрддэг. Гэхдээ хааяа өндөг, жижиг мэрэгч амьтан идэх нь ч бий гэнэ.

   Панда махан идэштний системтэй атлаа ургамлаар хооллодог. Панда нь махан идэшт амьтны гэдэс ходоодны бүтэцтэй ч, бараг цэвэр ургамлаар хооллодог. Сүүл нь маш богино. Пандагийн сүүл 10–15 см урттай бөгөөд энэ нь баавгайн төрлийнхөн дотроо хамгийн уртад тооцогддог. Шүд нь маш хүчтэй. Хатуу хулсыг зажлахын тулд панда маш бат бөх араа шүдтэй. Зургаан хуруутай. Пандагийн “долоо хуруутай” мэт харагддаг боловч тэр яслаг бүтэц нь хулсыг барихад тусалдаг. Панда ихэвчлэн ганцаар амьдардаг. Панданууд ганцаараа амьдрах дуртай бөгөөд зөвхөн хосоо олох, үр төлөө төрүүлэх үеэр л эр, эм пандаанууд уулздаг.

    Бид тэндээсээ Чэндүгийн Чинбайжян дүүргийн Олон улсын төмөр замын боомтод очсон. Олон улсын төмөр замын боомтын хөгжил, олон улсын зангилаа, сүлжээ, шинэ бүтээн байгуулалт, олон улсын худалдааны салбарын хөгжил, бараа таваарыг үзэж сонирхов. Үүний дараа Тянь И Лаохао архины үйлдвэрийн туурийн музей, Жянь Нань Чүнь архины үйлдвэрийн 10 мянган тоннын багтаамжтай шаазан ваарны савтай агуулахыг үзсэн. Харин архийг хэрхэн нэрж гаргаж авдаг нэрлэгийн үйлдвэрийг бидэнд үзүүлсэнгүй.

   Сан Шин Дүйгээр төлөөлүүлсэн эртний Шү улсын соёл иргэншлийн олдворын музейтэй танилцсан. Тус музейн үзвэрүүд үнэхээр гайхалтай юм. Хятадын эртний соёлын олдвор гэж хэлэхээргүй аж. Майяачуудын соёл иргэншилтэй их адил, төстэй байгаа нь сонирхол татсан. Майяа бол Мезоамерикт Төв Мексикээс гадна Гондурас Никарагуа хүртэлх түүх соёлын өлгий нутаг билээ.  МЭӨ 2000-аас МЭ 1500 онуудад оршин тогтнож байсан түүх, урлаг соёл, уран барилга, тооны ухаан, одон орон цэцэглэж асан эртний соёл иргэншил билээ. Майяачуудын хөгжил цэцэглэлийнх нь оргил үе МЭ 600-900 он байв. Сэтгэл хөдөлгөм эртний Шү улсын соёл иргэншлийн хөшөө дурсгал, тахилгын ёслолын байгууламж, төвүүдийг байгуулж, газар тариаланд суурилсан эдийн засагт тулгуурлан оршиж байсныг гэрчилнэ. Өнөөгийн таван тив эрт дээр цагт нэг нэгдмэл эх газар байжээ гэдгийн баталгааг Шү улсын соёл иргэншил харуулж байна.

Дундад Иргэн Улс 2026.9.13.

 

 

 


 

 


ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188