“Калифорни мужийн Соледад хотын өмнүүр толгодын бэлээр Салинас гол намуухан урсана. Нарны илчинд өдөржин халсан торгон элст эргээ илбэн бидэртэх ногоон туяатай цүнхээлийн бүлээнийг яана”.
Анх тэдэнд ердөө хоосон мөрөөдлөөс үүдсэн итгэлээр дүүрэн амлалтууд байлаа. Тэдэнд хэмээсний учир нь Фридрих Дюрренматтын “Амлалт”, Жон Стейнбекийн “Хулганууд ба хүмүүс” романуудыг хамтатгасан хэрэг. Гол нь тус бүтээлүүдэд хэм хэмжээ, дүрслэлийн содон онцлогоос гадна адилтгаж болмоор дүрүүд бий. “Амлалт” дээр гэмт хэрэгтнийг барина гэдэг амлалт өгснөөс үүдэж үйл явдал цааш хөврөх бөгөөд энэхүү дэврүүн мөрөөдөл гэмээр үйлдэл нь туйлын хүсэл болж хувирдаг. Харин “Хулганууд ба хүмүүс”-ээс аж төрөхүйн даруухан мөрөөдлөөс үүдэлтэй дүрүүдийн дотоод дахь туйлын хүслийг харж болно.
Үүнээс гадна Леннигийн дүр бол “Амлалт” бэсрэг романы гэмт хэрэг үйлддэг аварга хүүг яагаад ч юм санагдуулаад байв. Тэдний аль алинд нь эмчлэх боломжгүй сэтгэлзүйн асуудал бий. Харин аллага санаатай болон санамсаргүй үйлдлээр л эрс ялгаатай зөрчилдөөн болоод романы бичлэг, утга санааны туйлын онцгой хэв маягийг бүтээдгээрээ ялгарч өгнө.
ХЯМРАЛЫН ҮЕИЙН ХҮСЭЛ
Уран зохиол заавал нүсэр байх албагүй хэмээн Борхес онож хэлжээ. Энэ үг чухам л Стенбейкийн “Хулганууд ба хүмүүс” гэх уг бэсрэг романд гойд тохирно. Түүний “The Grapes of Wrath” болон “Eas of Eden” зэрэг бүтээлүүдийн үйл явдал Америкийн Калифорни мужийн Монтерей хот болоод түүний орчимд өрнөдөг. Тэгвэл өгүүлэн буй романы үйл явдал ч мөн тус муж нутгийн хаа нэгтээ болно. Анхандаа эл роман судлаачдын зүгээс бэх нь царцсан мөртэй үнэлгээ авчээ. Гэвч цаг хугацаа урсахын хэрээр зохиолд дүрслэгдсэн фермийн аж ахуй, тухайн үеийн нийгмийн үнэн дүр төрх, дотор нь амьдран буй хүмүүсийн ядруухан баяр хөөр нь бүтээлийн цаашдын хувь заяаг эерэгээр шийдэж өгсөн юм.
Энэ бол эрх чөлөөг хүсэх тухай ном. Тэрхүү хүсээд буй эрх чөлөөнд хэрхэн хүрэх, мөн хүсэж буй зүйл нь чухам ямар үнэтэйг харуулахдаа зарим ганцаардмал орон зайд нийгмээс хаягдаж үлдсэн хүмүүсийг хувь заяа нь хэрхэн цоо хатгаж сийчдэг тухай үнэнээр өчсөн бүтээл. Хэвлэлийн газрын өмнөтгөлд “Энэ бол эрх чөлөөтэй, элбэг хангалуун амьдрахыг хүссэн, Их хямралын үеийн америк мөрөөдлийн даруухан хувилбар” гэжээ.
Үнэхээр романы гол дүрүүд болох Жорж Милтон, Ленни Смолл болон Мухар гурвын сайтар ажиллаж мөнгө олоод элбэг хангалуун амьдралтай болж, өөрсдийн эдлэн газартаа хүссэнээ хийж суух тэр мөрөөдөл биелэх боломжтой эсэх нь анхнаасаа эргэлзээтэй байдлаар бичигджээ. Ерөөс 1929 оны хөрөнгийн зах зээлийн унатлын дараа Америк орон ч бус барууны ертөнц тэр чигтээ эдийн засгийн хямралд өртсөн. Ихэнх хүмүүс арай ядан амь зууж, үлдсэн нь өлсгөлөнгөөр үхэцгээж байлаа. Цаг үеийн ийм шуурганы үеэр фермээс ферм дамжин нуруугаа бөгтийтөл ажиллан байж өдрийн хоол, хэдхэн үрчгэр доллар авах хоёр эрийн хямралын үеийн мөрөөдлийг Стенбейк доод давхрагынхны амьдралаар дэлгэн үзүүлсэн аж.
Нөгөөтээгүүр түүний бичлэгийн хэлбэр, туурвилзүйн онцлог нь адилхан бүс нутаг болоод ч тэр үү, ерөөс хүүрнэлийн реализм дахь өгүүлэмжийн хүрээнд ч Волкнерийн романуудыг санагдуулам байсныг нуух юун. Энэ нь тун нямбай, чигжиж бичсэнээс гадна байгаль руу бус түүн дотор агуулагдаж буй амьд биетнүүд, хүмүүсийн зан чанарт илүүтэй төвлөрч дүрсэлдэг арга барилаас тодорхой мэдрэгдэнэ.
ТУУЛАЙ БА ХУЛГАНА
Жорж Милтон, Ленни Смолл. Энэ нэрсийг хэлэх төдийд л үхсэн хулгана эсвээс туулай бодогдоно. Магадгүй Леннид л илүү хамаарах боловч тэрээр Жоржоос ангид орших, түүнийгээ тодорхойлох ямар ч чадамжгүй тул аль ч нэрийг нь дуудсан ерөөс дээрх амьтад санаанд орж буй юм.
Ленни бол хүүхэд шиг гэнэн цайлган сэтгэлтэй нэгэн боловч мунхаг. Дээр нь аварга том биетэй хийгээд хэн нэгнийг тас тэвэрчихвэл айдсаасаа болоод тавилгүйгээр амьсгалыг нь боочихож мэдэх тийм хүн. Фермд хамтран ажиллах нөхдөө биш юм гэхэд нэг цохиод л адууг нам унагачих тэнхээтэй. Гэвч тэрээр яг л хүүхэд шиг сэтгэлзүйтэй учир Жорж байнга харж хандаж, зөвлөж, учирлаж, заримдаа уцаарлан загнаж Леннитэй холбогдсон хувь заяагаа зүхнэ. Дүрийн энэхүү шинж чанар нь тухайн үеийн Америкийн нийгмийн анги давхаргыг тодорхойлж байх шиг санагдана. Зарим нь илүүтэй баяжиж, эдийн засгийн хямралыг өөрт ашигтайгаар эргүүлэн бусдыг шулан мөлжиж байгаа боловч хүнлэг эзний дүрээр заларч бусдад тахин шүтэгдэх нь Леннигийн өрөвдмөөр дүртэй харьцуулагдах ба эцэстээ ард түмэн өөрөө Жорж мэт зүтгэн туйлдах нь бий. Харин зохиол төгсгөл рүүгээ ойртох тусам дүрүүдийн энэхүү нийгмийг төлөөлөх араншин нь эрс тэрс өгүүлэмжээр солигдоно.
Тэгээд ч бусад дүрүүдээс иймэрхүү хоорондын эрс ялгаатай ёгтлол нь Гозгор ба Мухар, Вит ба Буржгар, Карлсон ба Хазгар зэрэг болно. Бүгд л өөрсдийн зан чанарыг арьсандаа нуун хүлцэхээс ч нэгэнт өнгөрсөн өдөр тутмын буулганд дарагдсан дүрүүд. Гэвч тэдний зарим нь өөртөө итгэх итгэлээр дүүрэн, малын өтөгтэй хутгалдсан ажлаа нухацтайгаар авч үзэх болоод хэзээ ч хэн нэгэн тархинд нь сум зоосон араас нь уйлах хүнгүй ноомойчуудтай нэгэн дээвэр дор аж төрнө. Яг л дэлхийн хоёрдугаар дайны дараах Европ тэр чигээрээ нүдэнд үзэгдэж, бодолд тэмтрэгдэж байна. Үүнээс гадна тэд ердөө л фермд ажиллаж, бусад хүмүүст зүтгэж буй хулганууд. Хоорондоо тоглож, наргиж, зодолдож, орой нь оромждоо бусдыг ажиглаж, ярилцаж шар бор хоногийн тоог нэг нэгээр эмтэлж яваа хулганууд л билээ.
АЛСАРСААР БУЙ МӨРӨӨДӨЛ
Жорж Милтон, Ленни Смолл хоёр ахиухан мөнгө хуримтуулж эдлэн газар аваад амар тайван, хангалуун суух мөрөөдөлтэй. Мэдээж энэ бүхэн Жоржоос гарсан санаа. Харин Ленни тэнд өөрийн дураар туулайнууд тэжээж, зөөлөн үсийг нь илбэн суухыг хүснэ. Тэрээр үслэг, зөөлөн зүйлд туйлын дуртай. Дүрийг цаг ямагт өөрөөс нь алсарч буй мөрөөдөл рүү зөөвөрлөхийн тулд ямар нэгэн хэвийн бус хүсэл хэрэгтэй шүү дээ. Тиймдээ ч Стенбейк мунхагдуу булиа эрийн хүүхдэрхүү зан араншинг тодруулах гэхдээ л ийм зүйл бодож олсон болов уу.
Ленни үхсэн хулгана хармаалчихсан үсийг нь илбэж явсныг Жорж мэдээд багтартлаа уурлаж, үглэсээр байж салгаж дөнгөдөг. Мөн Ленни фермд төрсөн нохойн гөлөгнүүдтэй хамт унтахыг хүснэ. Цаг ямагт тэр хэчнээн хараалгуулсан ч өөрт оногдсон мөнөөх хүслээ гүйцэлдүүлж дөнгөсөөр. Харин өөрийн фермтэй болж туулай тэжээх мөрөөдөл нь улам холдсоор байлаа. Хулганууд үүртэй л болохгүй бол цаг ямагт гадаа чичрэн зогсоно. Харамсалтай нь тухайн үеийн Америк орон тэдгээр хулгануудад дулаан үүр, өвлийг давах хөеө нөөцлөх боломж олгосонгүй. Уг дүрийн егөөдөл нь туужид хошин аяс болон нийгмийг хурцаар шүүмжлэхийг чадамгай хослуулсан зохиолчийн бичлэгтэй шууд холбоотой. Тиймдээ ч 1962 онд Стенбейкт Нобелийн шагнал олгохдоо “Тун бодит, нүдэнд үзэгдэхүйц бичлэгийн хэв маяг, түүгээрээ эмгэнэл, инээдэм хослуулан, нийгмийн байдлыг хурцаар шүүмжилдэг авьяасыг нь үнэлэв” хэмээн бичсэн байв.
Мэдээж тэрхүү өнгө аяс нь Буржгарын зан араншин, үйл явдал, ажилчдын байранд өрнүүлэх зодоон, үүнээс үүдсэн худал хэлэх шалтгаан, эхнэрийнх нь үйл хөдлөл, фермийн эрсээс яриа өдөх зэрэг олон өгүүлэмжүүдээс нэвт үзэгдэнэ.
ХӨӨРХИЙ, ЛЕННИ
“...Бүгд явсны дараа Мухар явган сууж бүсгүйн амьгүй нүүр лүү ширтээд, -Хөөрхий, Ленни хэмээн шивнэлээ. Хүмүүсийн алхах чимээ тэртээд замхарч, жүчээг харанхуй нөмрөн, морьд туурайгаараа газар цавчлан, гинж цуурга жингэнүүлнэ. Өвгөн нүдээ алгаараа дарсаар өвсөн дээр гэдрэг харан хэвтлээ”. |Жон Стейнбек “Хулганууд ба хүмүүс” 146-р тал|
Үйл явдал өрнөсний эцэст ба сүүлчийн үйл явдал болохын өмнөх уг хэсэг нь зохиолын дүрүүдэд агуулагдах чанарын хамгийн эерэг, сонгодог хувилбарыг илтгэнэ. Буржгарын эхнэр Ленниг өдөж хоргоон, ярилцаж суухдаа зөөлөн зүйл илэх дуртайг нь мэдээд үсээ илбэхийг зөвшөөрсөн билээ. Харин мөнөөх мунаг эр маань чатга атгаснаас болж бүсгүй тавихыг шаардан орилж хашхирахад айсандаа болоод амыг нь дарж тэвэрсээр эцэст нь бүтээгээд алчихдаг. Ямар нэгэн зорилготой гэмт хэрэг биш л дээ. Гэхдээ л Ленни ийнхүү хүн амины хэрэгтэн болж хувирав. Өөрийн туйлын хүсэл, мөрөөдлийнхөө төлөө, ирээдүйд Жоржтой хамтран эдлэнд аж төрж, туулай тэжээх тэрхүү гэрэлт өдрийг авч үлдэхийг тулд хүн алжээ. Харин үргэлж хамгаалж, дэргэд нь цуг байх амлалт өгсөн Жорж эцэстээ айдаст хүлэгдсэн, зугтаж нуугдсан хөөрхий Ленниг олж очоод дагз руу нь буудаж орхино. Нийгэм бусдыг ийнхүү өдөөн турхирч, жирийн хүмүүсийн дагзанд сум зоох харгис, явуургүй бодлогыг хэрэгжүүлж байсан гол цөм рүү зохиолч бүтээлийнхээ үйл явдлаар зориуд дайрсан хэрэг л дээ.
Тэгээд л Мухар “Хөөрхий, Ленни” хэмээх шивнэх мөчид л мөнөөх цайлган тэнэг нь хэдийнэ үхдэл болжээ гэдгийг уншигч таамаглачихаж дөнгөх байсан болов уу.
Ленни мунхаг, айхаараа юуг ч үл харгалзан чанга тэвэрдэг араншингаа өмнө нь бусдад харуулж, фермийн ажилчдад нэгэнт жигшигдэх, бахархал төрүүлэх сэтгэгдлийг нэгэн зэрэг дотоодод нь бий болгосон бөгөөд сүүлчийн хэрэг нь бүр ч ярвигтай, түүнийг хороохоос өөр аргагүй нөхцөлд бусдыг оруулсан байна. Гэвч үнэндээ энэ нь мөнөөх алсарсаар буй мөрөөдөл, түүнийгээ үгүй хийхийн оронд авч үлдээд амар тайван аж төрөх Жоржийн хүсэлтэй нягт холбогдоно. Бүгд л тэрхүү амар тайван, элбэг хангалуунд туйлын ихээр шунахдаа үйлдсэн гэмт хэргүүд болоод дуусчээ. Ялгаатай зүйл гэвэл нэг нь санаандгүй хийсэн гэм, нөгөө нь санаатай үйлдсэн гэмт хэрэг л байв. Гэхдээ улс үндэстний баларлаг түүхийн жишээ яажшуухан торлогдож, нийгэм болоод бусдад хаягдсан хөөрхийлөлтэй Ленничүүд хэрхэн хорвоогийн хамгийн ганцаардмал хүмүүс болон хувирдгийг уншигч зохиолыг нүдээрээ болон оюун бодолдоо бүрэн дүүрэн туучиж гарсны хойно хамгийн зөвөөр мэдэрч, ойлгох болов уу. Тэгээд ч тун сайн мэддэг нутгаа дүрсэлж, нийгмийнхээ бурангуйг тун сайн мэдэрдэг зохиолчдын нэг нь Жон Стенбейк юм хэмээн бодоход хүргэв. Түүнээс бус энэ нь Жорж, Ленни болоод мөнөөх л хулгана, туулай нарт харьяалагдах хэмжээний үлгэр төдийхөн биш юм. Басхүү амьдрал бус харин тухайн нийгмийн үеийг л дайран гарсан арзгар дугуйны хээг чухам нарийн дүрсэлсэн өөрийн оршин ахуй цаг хугацаа дахь Волкнерийн чансаатай уран бүтээлчийн дуу хоолой байлаа.
“Үдшийн намуунд Салинас голын цүнхээл нэн тогтуун агаад ногоорох мандал нь үл бидэртэнэ. Нар хөндийг гийгүүлэхээ больж, Габилан нурууны оргил өөд зугуухан мөлхсөөр”.
Б.Алтанхуяг
АЛСЛАГДСАН МӨРӨӨДЛИЙН ГЭМТ ХЭРЭГ |
|
2025-03-03 11:35:51
2025-03-03 09:15:00
2025-03-03 09:07:12
2025-03-02 14:53:55
2025-03-02 10:39:01
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |