• Өнөөдөр 2025-03-07

ӨВӨӨГИЙН ХУУЧИЛСАН ТЭР ЖИЛИЙН НААДАМ

2022-07-08,   1010

Төр улс минь түвшин амгалан буй. Төрийн их тугаа цэнгүүлж, дэнжийн хөх салхинд дээлээ дэрвүүлж, хөх өвгөд минь алтан наран дор магнайгаа баясгаж, бөх, уяач, сур харваачид уухайн дуугаа хөндий талдаа цуурайтуулсан монгол төрийн минь наадам олон жилийн түүхтэй. Тэртээ 1950-аад оны наадам одоогийнхоос хэрхэн өөр байсан нь хууччуулын ярианаас сонсогддог. Тэр цагт техник, технологийн хөгжил муухан байсан  ч хүн чанар, хүнлэг сэтгэл, ёс журам, тэнүүн тал шигээ, дэлгэсэн тэрлэг шигээ, ёс ёмбогор, төр төмбөгөр хууль журам, дэг ёсоо эрхэмлэн нааддаг байсан хэмээн ярих нь олонтой. Тиймээс өвөөгийнхөө хуучилсан тэр нэгэн жилийн наадмыг сийрүүлэн хүргэж байна.

Өдөржин зулай төөнөсөн халуун нар уулын цаагуур орж, уяан дээр дэл, сүүл нь боолттой хурдан хүлгүүд хомбон туурайгаараа газар цавчлан үүрсэнэ. Хот айлынхан тэр өдрийнхөө сүүлчийн саалиа сааж, гүүн зэлэн дээрээс голын зүг адуу цувран явна. Шимийн архинд халамцсан үл таних эр “Юндэн гөөгөө” дуулж нарны цацрагийг  ташуу татуулан давхиж харагдлаа. Наадмын өмнөх энэхүү орой сумын төвийг чиглэн хөтөлгөө морьтой хүмүүс цувран явж буй нь нүднээ ил. Энэ үед өвөө минь гэрийн гадаа радиогийн долгионоо тааруулахаар оролдож суулаа. Арга ядсан бололтой радиогоо газарт тавиад урт цагаан хаш соруултай гаансандаа дүнзэн тамхиа нэрээд баагиулж гарлаа. Одод бүдэгхэн туяарч Сангийн далайн усыг цалгиулан гангар, гунгар дуугарсаар шувууд агаар тэнгэрт дүүлэхэд нарны сүүлчийн туяа далавчных нь үзүүрт шингэх мэт цацарч алтран харагдах нутагт минь бүрэнхий болох нь энэ. Өвөө минь тамхиа татаж дуусаад гаансаа монгол гутлынхаа түрүүнд гүн гэгч шургуулаад нэг гартаа радио, нөгөө гартаа сандлаа барьсаар бөгтийтөл гэртээ орж харагдлаа. Энэ үед хууч яриа сонсох дуртай бяцхан хүүхдүүд уралдсаар араас гэрт орцгоов. Өвөөгийн амнаас үг унахыг хүлээж хүүхдүүд томоотой гэгч нь тойрон сууцгаана. Би ач хүү нь гэсэндээ өвөөгийн энгэрт наалдаж, гал дээр загссан тогоотой өрмийг давуулан одод чуулсан тэнгэрээ тооны тотгоор ширтэж суулаа. Гадаа хонь малын дуу, маргааш болох наадмын тухай хүмүүсийн ярилцах сонсогдоно. Хэсэг хугацааны дараа өвөө нэгийг санав бололтой өтгөн хар хөмсөг зэллэсэн өргөн магнайгаа илбээд “Өвөө нь энэ удаа үлгэр домгоос илүүтэй сэтгэлээс гардаггүй нэгэн дурсамжаа хуучилъя. Би 13-аас 14 настай байсан болов уу даа. Эд хурдан морины нуруун дээр агаарын салхитай хамт дүүлж явсан үе л дээ. Ухаан орох цагаасаа л эмээ, өвөө дээрээ өссөн болохоор аав, ээжээсээ жаахан хөндий байсан. Нэг үгээр бол наадмаар аавынхаа барилдахыг харахаар очдог байсан гэхэд хол зөрөхгүй. Өвөөгийнхөө гал голомтон дээр төрсөн болохоор өвөөгийнхөө нэрээр овоглох болсон. Өөрийн аав Ханхар Норов гэдэг хүнтэй хэдийгээр айл, саахалт байсан ч багадаа ойр дотно ярилцаж өсөөгүй. Харин эмээ, өвөөгийн энгэрт наалдаж, эрх дураараа өссөн дөө”  хэмээн тамхиа тайвнаар нэрж, удаан гэгч баагиулаад “Тэр нэгэн жил би өвөө, эмээтэйгээ Сангийн далайн хөвөөнд наадам үзсэн дээ. Манай сум анх Сангийн далайн хөвөөнд байсан юм шүү дээ, хүүхдүүдээ. Гэтэл нэгэн зун хүчтэй аадар бороо орж, могой унжсан юм. Тэгээд усанд живж байснаас салхинд хийссэн нь дээр гээд нүүж байлаа шүү дээ” гээд цааш аядуухан гэгч нь цааш ярилаа.

***

Тэр жил манайх Баруун хайрхны ар бэлд нутаглаж байлаа. Би өвөө, эмээгийн хүүхэд байсан болохоор ч тэр үү үеийнхээ хүүхдүүдтэй нөхөрлөдөггүй. Голдуу 30-аас дээш насны ах нартай нийлж даалуу тоглож, шимийн архи ууж, сайхан морь шилж унаад аль болж бүтэхгүй бүгдийг л хийсэн дээ. Үеийнхэн маань хонь, хурганы бэлчээрт хөл нүцгэн таваргаж явсан бол харин би гэдэг хүн хэдийнэ аавын цээж болчихсон “бяруу болоогүй байж бухын баасаар баана” гэдэг шиг их пээдгэр хүү байж дээ. Тиймээс намайг нутгийн хөгшчүүл “том толгойтой, хүмүүжилгүй” гээд л ярих нь ч сонсогддог байлаа.

Долдугаар сарын нов ногоон тал шүүдрийн усанд дарагдаж усан бүрхүүл нарын туяанд гялбана. Өвс ногооны униар аяархан хөөрч, манан, будан дунд зүг мэдэн бэлчээрт гарч буй үхэр сүрэг мөөрч, хашаанаас хурга ишиг, дуу дуугаа аван майлалдаж эхэллээ. Энэ үесэд би наадмаар гангарах морьдынхоо дэл сүүлийг засаж, 12 цагаан бүхий мөнгөн тоноглолтой эмээл гурван морины нуруунд тохлоо. Эмээ цай сүүнийхээ дээжийг тэнгэр, бурхан, нутгийн ууланд өргөж харагдана. Өвөө маань хашаатай хураг ишгийг гаргаж хонин сүрэгтэй нийлүүлээд Баруун хайрхны зүг тууж явлаа. Би ч сумын наадамд гангарах морьдынхоо дэл сүүлийг засаж дуусаад гэрийн зүг алхах цаг дор манан, будан хөөрч, утаа май гэрийн яндангаас тэнгэр өөдөө сүмбэрлэнэ. Манан будан арилахад нүд дүүрэн хөндий, тал цэлийж адуу мал тараасан шагай шиг бэлчээрлэж харагдана. Наадмын өдөр тул айлууд гүү малаа бариагүйнх биз. Тиймээс л адуун сүрэг талдаа найрлаж, эрх дураараа идээшилж яваа нь энэ л дээ. Дуран сунгаж зүс мэддэг, таньдаг хүний адуу байгаа эсэхийг харж хэсэг зогсоод гэртээ орлоо. Эмээн арслантай хүрэн авдраасаа баадантай гурван дээл гаргаж ирээд “Миний хүү алив ээ, шинэ дэлээ өмс. Өвөө чинь орж ирээд яаруулаад гарна шүү. Алив шалбал, шалбал” хэмээгээд гэнэт уулга алдан гал дээр буцалж буй цайгаа домбо руу юүллээ. Өвөө ч гэртээ орж ирээд эмээгийн хэлснээр яаруулж гарлаа. Гаансаа баагиулж сууснаа “Миний ханиа хөөргө гаргаарай” гэхэд эмээ “Гангарааны хөөрийг чинь гаргасан даа. Харин цэнхэр даалинтай хаш хөөргийг чинь олсонгүй” хэмээн хариулах нь тэр. Энэ үед миний дотор айдас төрөөд “яана аа” гэдэг бодол хамгийн түрүүнд төрсөн дөө. Яагаад гэхээр би даалууны мөрийнд хаш хөөргийг нь тавиад алдчихсан юм л даа. Тиймээс мэдчих вий гэж айсан хэрэг. Харин тэр үед өвөө “За хаачив гэж авдрын ёроолд л хэвтээ биз хө. Та хоёр хурдал нар жаргахаас өмнө очиж хүүгийнхээ барилдахыг хармаар байна. Сайхан сайхан хурдан хүлгүүдийн магнайд хэний морь орж ирэхийг хармаар байна хэмээн сандаргаж гарлаа.

Энэ жилийн наадамд хүү маань түрүүлэх болов уу

Баадангаас нь гаргаж ухаа хамбан дээлээ өмсөж, тухайн үед залуучуудын эд гоёл болж байсан бүрх малгай толгой дээрээ тавиад гангарлаа. Эмээ, өвөө, хүү гурав ухаа хамбан дээлээр хосолж, зээрд халзан мориор ижилсээд хөндий уруудан хатирч гарлаа. Шувуудын гангараа сонсогдож эхлэхэд Сангийн далай маань алсын алсад цэлэлзэж байв. Өвөөгийн яарч байгаа нь царайнаас илт харагдаж байлаа. Арга ч үгүй юм даа. Жил бүрийн наадмаар багийн найзуудтайгаа уулзаж хууч хөөрөн, аяга тагш юм хүртэнгээ бөх үзэж, морь сонирхож явдаг хойно. Үүнээс гадна хоёр, гурав хоногийн өвөө эмээд хандан “Энэ жилийн наадамд хүү маань түрүүлэх болов уу” гэхэд эмээ “хэн мэдэх билээ дээ. Сайн барилдвал хүү маань түрүүлнэ дээ” хэмээн хариуллаа. Гэтэл өвөө “Энэ жилийн наадамд Түшээт хан аймгаас хэд, хэдэн бөх ногт ганзагалж ирсэн сурагтай. Муу хүү минь яаж барилддаг юм бол доо” гээд  уртаар санаа алдахыг би санаандгүй сонсчихсон юм л даа.

Бид бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхээс өмнөхөн сумын төв орж ирлээ. Олон жилийн нүүр үзэж гандсан бөхийн хөх асарт ороход аав маань зодог шуудгаа бүсэлчихсэн сууж байлаа. Биднийг хараад босож ирэн мэндлээд эмээд хацраа өгөн үнсүүлээд миний магнайг илэн үнсээд бүгд газар суулаа. Хол ойрын сонин хууч хөөрч суутал аавын нэрийг зарлалаа. Хангай шиг ханагар цээжиндээ тэнгэр шигээ хөх далбайгаа өмсөөд харцага, бүргэд шиг дэвэн дэвсээр зүлэг ногоон дэвжээнд гарах аавыгаа бахдан харж байлаа. Аав тэр Түшээт хан аймгаас ногт ганзагалж ирсэн  бөхчүүдийн нэгийг давчихаад туг тойрч явахад нутгийн зон олон маань уухайлан дэмжиж байлаа. Өвөөгийн яарч явсны хэрэг бүтэв бололтой ихэд өөдрөг дуу хоолойгоор “За гурвуулаа бөхийн асраас гарах уу даа” гэлээ.

УАЗ-69 машин, Иж 5 мотоцикл, зүс зүсний морьд алагласан манай сумын наадам өргөн дэлгэр боллоо. Хоёрын даваа эхлэх хүртэл бид нутгийнхаа хүмүүстэй уулзаж мэнд мэдэж явлаа. Газар доргиж байна уу гэлтэй морин туурай нүргэлж, хаа нэг мотоциклийн дуу гарна. Наадмын талбайгаас нэлээд амрах аяаад сууцгааж байтал нутгийн өвгөн Пэлжээ гуай ирж мэнд мэдээд миний даалуунд алдсан хаш цагаан хөөргийг гаргаж ирэх тэр. Өвөө тамхилахад дуугай л хэд хэдэн удаа тойруулж хараад л байлаа. Гэтэл Пэлжээ гуай шүлсээ үсчүүлэн ход, ход инээж “Пунцаг минь чиний хөөрөг мөн, мөн. Ач хүү чинь даалуу тоглоод алдсан юм даа” гээд над руу харлаа. Би ч гэмшингүй газар шагайж суухаас өөрийг хэлж чадаагүй. Харин өвөө “Тийм бол яах вэ. Эр хүний тоглоом хатуу гэдэг шүү дээ. Хэдийгээр миний хүү насан бие, эрийн цээнд хүрээгүй ч эр хүн хойно яах гэх вэ” гэж хэлэх сэтгэл дотрыг минь урах шиг болов. Эмээ миний духыг илбэж “Миний хүү дахиж битгий мөрийтэй тоглоорой” гэж билээ. Харин Пэлжээ гуай надад хандан “За хүү минь даалууны мөрийнд алдсан хөөргийг чинь буцааж өгч байгаа юм биш шүү. Ах нь өвөөг чинь бараадаж олон жил айл саахалт байсан хүн. Зуд зурхантай үед уналга, морь шөлний хонь өгч байсны ач буяны хариу болгоод өгч юм шүү” гээд хаш цагаан хөөргийг минь гарт атгуулж билээ. Харин даалинг нь өгөлгүй мориндоо мордоод бөмбөлзтөл шогшоод явчхаж билээ.  Тэр даруй сэтгэлд баяр төрх шиг болоод эмээд хаш хөөргөө бушуухан өгсөндөө. Харин өвөө гаансандаа тамхи нэрж удаан гэгч нь сорж сэтгэл нь тэнийв бололтой “Алив мордоцгоох уу даа” гэв.  

Хоёр даваа эхлэх боллоо. Бид гурав хуушуур худалдан авч, айраг цэгээ уусаар наадмын талбай орлоо. Чанга яригчаар бөх тайлбарлагч “Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт наадамчдаа хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхлэхэд бэлэн боллоо” хэмээн царгитал хашхирч байсан санагдана. Аав зүүн талын магнайд тэргүүлэн барилдаж хоёр удаагаа туг тойрон дэвлээ. Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа дуус ч наадмын эхний өдөр өндөрлөх болов. Тиймээс наадамчид зүг бүртээ таран бутарч явлаа. Наадмын дугуй талбайд төрийн минь туг салхи хөгжөөн дэрвэсээр...

Нарны туяа буурч уулын сүүдэр ташуулдан байх үеэр эмээ, өвөө, аав бид дөрөв гэрийн зүг хатируулж гарлаа. Аав, өвөө хоёр уртын дуу аялахад газар тогших морин туурай ая, хөг оруулж байх шиг аялгуутайнхан. Бид гэгээ тасарсан хойно гэртээ ирэхэд уяа дүүрэн морьд байв. Гэрийн гадуур залуучууд голдуу ирсэн бололтой харагдана. Морио уяж эмээлээ аваад гэрийн зүг алхахад тосож ирэн мэнд мэдэцгээлээ.  Нутгийн залуус наадам тараад хуруудаж яваа нь энэ аж. Лааны бүдэг гэрэлд хуруудаж, арвадаж, дэмбээдэж байгаад шөнө дунд явцгаалаа. Наадмын хоёрдох өдөр бөхийн барилдаанд аав маань түрүүлж шагналд нь өгсөн даагыг би хөтөлж ирсэн дээ. Өвөө, эмээ маань магнайгаа хагартал баярлажНаадам үзсэний хэрэг бүтлээ” гэцгээж байсан. Мөн саахалт айл болох Зундуй гуайн хар азарга түрүү магнайд хурдалж манай дэнжийнхэн бүтэн хоёр хоног найрласан санагдана.  Удалгүй наадмын дараа намар гэдгийн ёсоор хадлан тэжээлдээ гарч их ажилд дарагдсан даа. Зөвхөн намайг л гэдэг өвөө, эмээдээ дэндүү эрхэлж өссөн би тэр жилийн наадмаас хойш мөрийтэй тоглоогүй. Нэг ёсны ухаарал хайрласан наадам байлаа.

***

Өвөөг энэхүү түүхийг яриад дуусахад бараг шөнө дунд болж байлаа. Тиймээс ихэнх хүүхдүүд унтаад өгсөн байв. Өвөө лаа асаан газраар ор засаж хүүхдүүдийг эгнүүлэн хэвтүүлсэн дээ. Би харин өвөөгийнхөө хажуугаар хэвтэж дурсамж дүүрэн цээжинд нь наалдан нам унтсан байлаа. Нарны туяа унь уруудан буух цагаар сэрэхэд гадаа гийнгоон түрлэг сонсогдож хүн малгүй сандарладаж байв. Өвөө хуучин хөх тэрлэгээ солиод шинэ дээл өмсжээ. Авдраа ухан шинэ цагаан баадантай зүйл гаргаж ирээд надад өглөө. Задалж үзвээс надад шинэ дээл, малгай зэхсэн байх нь тэр. Эхэндээ итгэж чадахгүй нуухтай нүдээ хэдэнтэй илсэн дээ. Өвөөтэйгээ үзсэн миний тэр жилийн наадам гурав хоног үргэлжилсэн бөгөөд сумын төвийн туг шиг сэтгэл минь мөн ч олон зүйлд догдолж хөөрсөн дөө.  Дурсамж дүүрэн тэр жилийн наадмыг Бийрлэе юу гэтэл нулимс бөмбөрч, сэтгэл шимшрээд  үл чаддаг юм. 


ӨВӨӨГИЙН ХУУЧИЛСАН ТЭР ЖИЛИЙН НААДАМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188