Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” 2021 оны есдүгээр сарын 8-ны дугаартаа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нар “дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар” гарчгийн дор Хэнтий аймгийн Батноров суманд бариад, буцаагаад нураасан “Андлалын хөшөө”-ний цаана ямар луйвар өрнөснийг бодит баримттайгаар нийтэлсэн. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хамаарал бүхий этгээд Л.Батсүрэн гэгч нь “Хос санаа” ХХК-иар дамжуулан “Андлалын өргөө”-ний 1.9 тэрбумын тендерийг хэрхэн өрсөлдөгчгүйгээр авсан, Л.Батсүрэн гэгч нь хэн болох, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ болон “Херо” Б.Баатар нартай ямар холбоотой тухай хөдөлшгүй баримтуудыг дэлгэсэн. Гэвч ийм ил цагаан луйвар өрнөснийг хууль хяналтын байгууллагууд нүдээ аниад өнгөрүүлж байна.
Иймд бид энэ удаагийн дугаартаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бизнесийн хамтрагч, хуурай дүү Л.Батсүрэн гэгч нь хэн болох тухай илүү дэлгэрэнгүй хүргэхээр бэлтгэлээ.
Лхагвасүрэнгийн Батсүрэнгийн товч танилцуулга
Лхагвасүрэнгийн Батсүрэн нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Аав, төрсөн газраараа Өмнөговь аймгийнх бол ээж талаараа Булган аймгийн Сайхан сумынх. Аав талаараа УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдтой ойрын хамаатан гэх мэдээлэл бий. Өдгөө Л.Батсүрэнгийн зарим компани нь Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын компаниудтай нэр оффист байрлаж байгаагаас үзвэл үндэслэлгүй мэдээлэл биш байж болох. Харин ээж талынхан нь ард олонд Залуу жанжин гэж алдаршсан, Ардын армийн Хурандаа генерал, Батлан хамгаалахын сайд асан Жамъяангийн Лхагвасүрэнгийн удмынхан. Л.Батсүрэн Улаанбаатар хотын СБД-ийн 35 дугаар сургууль, Монгол Улсын их сургууль төгссөн. 2010 онд өөрийн найз Мөнхцогтын Жавхлантөгстэй хамтран программ хангамж, сургалтын Excel.mn сайтыг ажиллуулж эхэлсэн бөгөөд сургалтын багшаар нь ажиллаж байж. Найз М.Жавхлантөгсийнхөө нэр дээр “Хос санаа”ХХК-ийг авч, “Андлалын хөшөө” цогцолборын 1.9 тэрбумын тендерт шалгарсныг бид өмнөх дугаартаа нийтэлсэн учраас энэ удаад дэлгэрүүлэлгүй үлдээж байна.
Харин МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны идэвхтэй гишүүн тэрбээр сүүлийн хэдэн жилүүдэд хувьдаа олон компанитай болж, өөрийнхөө нэр дээр болон эхнэр Ч.Батчимэг, эхнэрийнхээ дүү Ч.Оргил, найз М.Жавхлантөгс, хамтрагч П.Нарантуяа нарынхаа нэр дээр эзэмших болсон. Лхагвасүрэнгийн Батсүрэн өөрийнхөө нэр дээр газар тариалангийн “Жаргалант харвест” ХХК, уул уурхай, тээвэрлэлтийн “Эсдэ” ХХК, “Нуурын ургац” ХХК, “Херо контент групп” ХХК, “Херо медиа” ХХК зэрэг компаниудаа эзэмшдэг. Мөн Лхагвасүрэнгийн Батсүрэн гэх нэр дээр “Монкоул” ХХК, “Нью жуулчин констракшн” ХХК, “Суварга констракшн” ХХК, “Хадсон партнерс” ХХК, “Витти Берилл” ХХК, “Говь дийп ресурс” ХХК зэрэг компаниуд байдаг ч цэгцтэй байлгах үүднээс энэ удаад цухас дурдаад өнгөрөх нь зүйтэй байх гэж үзсэн. Харин энэ удаад бараан намтар арвинтай “Жаргалант харвест” ХХК, “Эсдэ” ХХК болон хадам дүү Ч.Оргилынхоо нэр дээр эзэмшдэг “Хаус дизайн” ХХК, “Азийн говь” ХХК-ийг нь онцлон танилцуулж байгаа юм.
.jpg)
Зураач, архитектор Д.Эрдэмбилэг агсны үүсгэн байгуулсан “Хаус дизайн”ХХК-ийг одоо Л.Батсүрэн хадам дүүгээрээ дамжуулан эзэмшдэг
Нэрт зураач, дизайнер, “Хаус дизайн”ХХК-ийг үүсгэн байгуулагч, УГЗ Д.Эрдэмбилэг агсан амьд ахуйдаа Цонжин болдогт байх “Чингис хааны морьт хөшөө”, “Их майдар” цогцолбор, Морин хуур цамхаг зэрэг бүтээн байгуулалтуудын зураг төслийг гаргаж байсныг нь хүмүүс сайн мэднэ. Мөн тэрээр сүүлийн он жилүүддээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан Хэнтий аймагт барих аялал жуулчлалын цогцолборуудаас Норовлин суманд баригдаж буй “Шихихутаг-Их засаг” цогцолбор, Батноров суманд бариад нураасан “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолбор, Дадал суманд баригдах “Тэнгэрийн хаан” цогцолбор паркийн зураг төсөл, дизайныг гаргаж өгсөн байдаг. Харин түүний үүсгэн байгуулсан “Хаус дизайн” ХХК одоо Чинбатын Оргил гэж хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. “Хаус дизайн” ХХК-ийн захирал Чинбатын Оргил гэгч нь Лхагвасүрэнгийн Батсүрэнгийн хадам дүү. Мөн хувьцаа эзэмшигчээр нь Лхагвасүрэнгийн Батсүрэнгийн найз, “Хос санаа” ХХК-ийн захирал гэх Мөнхцогтын Жавхлантөгс бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Лхагвасүрэнгийн Батсүрэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан Хэнтий аймаг дахь аялал жуулчлалын цогцолборуудын зураг төслийн гүйцэтгэгч “Хаус дизайн” ХХК-ийг найз М.Жавхлантөгс, хадам дүү Чинбатын Оргил нараараа дамжуулан эзэмшдэг, цаад эзэн нь болж таарч байна. Товчхондоо “Хаус дизайн”ХХК “Андлалын өргөө” цогцолборын зураг төслийг гүйцэтгэгчээр ажиллачихаад үргэлжлүүлээд барилгын ажлын тендерийг нь хүртэл цаасан дээрх компаниар дамжуулан авсан гэсэн үг.

Л.Батсүрэнгийн эхнэр Ч.Батчимэг, Ч.Оргил нарын компаниуд ба анхаарал татах “Азийн говь” ХХК
Лхагвасүрэнгийн Батсүрэнгийн эхнэр нь Чинбатын Батчимэг. Түүний нэр дээр “Драгон пионикс”ХХК буюу тансаг зэрэглэлийн “Акамару” Япон ресторан, “Тэрт” ХХК зэрэг компаниуд бүртгэлтэй байдаг. Харин түүний дүү Чинбатын Оргилын нэр дээр “Хаус дизайн” ХХК, “Азийн говь” ХХК, “Цолмон-Орших” ХХК зэрэг хэд хэдэн компани бүртгэлтэй байна. Мөн Чинбатын Оргил нэр дээр 2016 оноос хойш “Сталлионс” ХХК, “Грийн тек констранкшн” ХХК зэрэг компаниуд байгуулагджээ.
Түүнчлэн Л.Батсүрэн, Ч.Батчимэг, Ч.Оргил нар дундаа “Байгаль хамгаалал, аялал жуулчлалын холбоо” ТББ-ыг эзэмшдэг аж. Тус төрийн бус байгууллага нь “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, XVIII хороо, XIII хороолол, Эрэл-41б-50 тоот” гэсэн хаяг дээр бүртгэлтэй байна. Энэ хаяг нь Ч.Оргилын иргэний үнэмлэх дээрх хаяг, мөн “Цолмон орших”ХХК-ийн хаягтай таарч байна.
Чинбатын Оргилын эзэмшдэг компаниудаас анхаарал татах нэг компани бол “Азийн говь” ХХК. Энэ компани 2018 онд ЖДҮХС-аас 650 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь ил болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн компани гэгдэж байсныг дор дэлгэрүүлэх болно. Тус компани нь “Өмнөговь аймаг, Даланзадгад, 6-р баг, Их уул, Автотээврийн төвийн байр-112 тоот” хаяг дээр бүртгэлтэй. Барилгын засвар, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
“Азийн говь” ХХК нь Л.Батсүрэнгийн хадам дүү Ч.Оргилын компани гэдгийг батлах өөр нэг баримт нь тус компани 2018 оны тавдугаар сард Төрийн орон сууцны корпорацитай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Тодруулбал, “Азийн говь” ХХК нь Төрийн орон сууцны корпороциас Буянт-Ухаа-2 хороолол дундах таван давхар үйлчилгээний барилгыг гурван жилийн хугацаатай зээлээр авах хүсэлт гаргаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Ингэхдээ уг гэрээн дээр “Азийн говь”ХХК-ийн захирал Ч.Чинбат утасны дугаараа 99110946 буюу Лхагвасүрэнгийн Батсүрэнгийн утасны дугаарыг бүртгүүлжээ. Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн компани биш байсан бол төрийн эзэмшлийн таван давхар барилгыг зээлээр өгөх байсан болов уу.
ЖДҮХС-аас 1.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан хоёр компани буюу Л.Батсүрэнгийн “Жаргалант харвест” ХХК, хадам дүү Ч.Оргилынх нь нэр дээрх “Азийн говь” ХХК
Уншигч та санаж буй бол 2018 онд ЖДҮХС-аас албан тушаал эрх, мэдлээ ашиглан зээл авсан 49 гишүүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл цацагдсан. Тэр аж ахуйн нэгжүүд дунд 1.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан “Жаргалант харвест” ХХК, “Азийн говь” ХХК гэх хоёр компани байсныг “Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, “Бандааш” хочит Д.Гантулга нарын хамаарал бүхий компани буюу тэд ЖДҮХС-д нөлөөлөх замаар зээл олгуулсан” гэх мэдээлэл цацагдаж байсан. Тухайн үед АТГ-аас “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэнг баривчилсан гэж мэдээлж байсан. Тэгвэл тухайн үед шуугиад дарагдсан энэ мэдээлэл үнэн байжээ. "Азийн говь" ХХК, "Жаргалант харвест" ХХК ХХААХҮ-ийн сайдын тушаалаар ЖДҮХС-аас зээл авсан тушаал нь энэ байна.

ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан “Жаргалант харвест” ХХК нь Лхагвасүрэнгийн Батсүрэнгийн өөрийнх нь нэр дээр, 650 сая төгрөгийн зээл авсан “Азийн говь” ХХК нь түүний хадам дүү Чинбатын Оргилын нэр дээр бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Лхагвасүрэнгийн Батсүрэн 2018 онд ЖДҮХС-аас хоёр компаниараа 1.8 тэрбум төгрөг авчихсан болж таарч байна. “Азийн говь” ХХК нь Өмнөговь аймгийн Даланзадгадад, “Жаргалант харвест” ХХК нь Төв аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг учраас гаднаас харахад тэс өөр хоёр хүний компани мэт харагддаг аж.
Сонирхуулахад, Төв аймгийн Жаргалант сумын Загдал багт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант харвест” ХХК-ийг Л.Батсүрэн 2018 оны дөрөвдүгээр сард худалдан авч, захирал нь болжээ. Улмаар хоёрхон сарын дараа буюу 2018 оны зургадугаар сард ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авч чадсан байна. Жирийн аж ахуйн нэгжүүдэд мөрөөдөөд ч олддоггүй ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг Л.Батсүрэн хоёрын хоёр компани дээрээ авчихсан нь тийм ч гайхах зүйл биш ажээ.
Тавантолгойд наалдсан “ЭСДЭ” ХХК
2007 оны нэгдүгээр сард байгуулагдсан “Эсдэ” ХХК 2011 онд Лхагвасүрэнгийн Батсүрэнгийн эзэмшилд очжээ. Тус компани ачаа тээвэр, зам талбайн тохижилт, засвар арчлалт, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй.
Улсын бүртгэл дээрх хаяг нь “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, VIII хороо, 33 тоот” гэж бүртгэлтэй боловч “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Бээжингийн гудамж, Жи Би плаза-302” тоот хаяг дээр оффистой. “Эсдэ” ХХК-ийн оффислодог “Жи Би” плазад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс монгол” компанийн дэд захирал Л.Энхболдын эзэмшлийн компаниуд болон ТББ нь байрладаг. Л.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ хоёр “Монгол ардын намын дэвшилтэт холбоо” ТББ-ыг эзэмшдэг.


Хөдөлмөрийн биржийн сайтуудад бүртгүүлснээр “Эсдэ” ХХК нь барилгын салбарт 150 ажилчин, тээвэрт 200, хөрс хуулалтад 15 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулдаг гэжээ. Тус компани Чингис хаан олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтад гүйцэтгэгч, Хилийн боомтын ажилчдын байр худалдан авах тендерт гүйцэтгэгч зэргээр барилгын тендерүүдэд оролцож байснаас гадна Өмнөговь аймагт уул уурхай, нүүрс тээврийн бизнес давхар явуулдаг. Жишээлбэл, 2021 онд Таван толгойн нүүрсийг Гашуун сухайт боомтоос Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр гэрээлсэн 154 аж ахуйн нэгж дотор “Эсдэ” ХХК нь 50 автомашин бүртгүүлсэн байна. Мөн Л.Батсүрэнгийн “Эсдэ” ХХК-тай хамт МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн компани ч бүртгэлтэй байна.
Л.Батсүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын гэр бүлийн “дотно харилцаа”
Лхагвасүрэнгийн Батсүрэн нь “Херо” Б.Баатарын “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлгийн зургийн даргаар ажилладаг, “Херо” гэх хоёр компанитай, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж эхлэхэд Бизнес зөвлөлийн даргаар нь хамт ажиллаж байсан, Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ-ны Ерөнхийлөгч байхад тус холбооны идэвхтэй гишүүн байсан гээд холбоо хамаарал олон байгааг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Тэгвэл “Херо” Б.Баатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Л.Батсүрэн нар гэр бүлийн хэмжээнд ямар дотно холбоотойг нэмэлт хачиргүйгээр, хэдэн гэрэл зургаар тайлбарлая.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэх, “Херо” Б.Баатарын төрсөн дүү Б.Өнөржаргал, Л.Батсүрэн нар
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Л.Батсүрэн, түүний эхнэр Ч.Батчимэг нар
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэхийн хурим. Л.Батсүрэн, түүний эхнэр Ч.Батчимэг, "Херо" Б.Баатар, Шанхай дахь Ерөнхий консул Ё.Нямжав, түүний хүргэн "Улаанбаатар дулааны сүлжээ"ТӨХК-ийн дэд захирал Б.Бямбасайхан...
Л.Батсүрэн, Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэх нар
Л.Батсүрэн, "Херо" Б.Баатар нар
Ингээд харвал Л.Батсүрэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нартай ах дүүсийн барилдлагатай, тэр байтугай гэр бүлийн хэмжээний дотно, нууц бизнесүүдийг нь хариуцдаг нэгэн гэдэг нь тодорхой харагдана. Тиймдээ ч өөрийнхөө болон гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагч нарынхаа нэр дээр өчнөөн компани эзэмшиж төрийн сангуудаас зээл авах, төсөл хөтөлбөрт хамрагдах, тендерт ногоон гэрлээр шалгардаг ажээ. Бид дараагийн дугаартаа Л.Батсүрэнгийн бусад компаниудынх нь тухай болон Л.Энхболдтой ямар холбоотой тухай мэдээллийг бэлтгэснээ хүргэх болно. Мөн энэ цаг үед бүх л тендерүүдийг хамж, төсөл хөтөлбөрүүдийг эзэгнэж байгаа цаасан дээрх олон арван компаниудын цаана Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар нуугдаж байгааг тус бүрээр задлан нийтэлсээр байх болно.
“Андлалын хөшөө”-ний луйврын эзэн Л.Батсүрэн, Л.Оюун-Эрдэнэ хоёрын бизнесийн сүлжээ ба "дотно харилцаа" |
|