• Өнөөдөр 2026-10-13

“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2026-10-13,   137

         “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний жилийн сонгон шалгаруулалтаар 22 оюутан шалгарч, дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжаа гардан авлаа.

        Монгол Улсын хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жилийн түүх, туршлага, үнэ цэнийг бүтээж ирсэн “Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн харьяа 80 жилийн түүхт “Мах Импэкс” ХК, 42 жилийн түүхт “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК нь Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбарт нийт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан юм. Шагнал гардуулах ёслолд "Жи Пи Брайт Холдинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа болон УИХ-ын гишүүн Ө.Шижир, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар оролцлоо.

"ЖИ ПИ БРАЙТ ХОЛДИНГ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.БАДМАА: Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад шагнал гардууллаа. Бид хүнсний үйлдвэрийн ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, урамшуулах зорилгоор ШУТИС-тай хамтран энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.Тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна анги танхим тохижуулах, шинэчлэх, судалгаа шинжилгээнд дэмжлэг үзүүлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ШИЖИР: Оюутан залууст тулгардаг гол асуудал бол сургалтын төлбөр байдаг. Тэр ч утгаараа тэтгэлэгт хөтөлбөрийн тоо нэмэгдэх хэрэгтэй. Нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгч байгаа "Жи Пи Брайт Холдинг" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлмээр байна.

ШУТИС-ИЙН ЗАХИРАЛ Т.НАМНАН: Манай сургуулийн бакалавр, магистрын түвшний 22 оюутан дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртлээ. Цаашдаа манай сургууль судалгааны өргөжсөн их сургууль болох. Оюутнуудын судалгааны ажлыг үйлдвэрийн түвшинд хэрэгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.

  “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын төлбөрийн дэмжлэгээс гадна оюутнуудыг үйлдвэрлэлийн бодит орчинд дадлагажуулах, гадаад дотоодын түнш байгууллагуудад дадлага хийх боломж олгох, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллуулах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ судалгаа, инновацын төсөлд оролцох нөхцөлөөр хангах юм.

            Цаашид Үндэсний үйлдвэрлэгчид болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд сургалтын орчин, лабораторийн чадавхыг сайжруулах, үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцсэн судалгаа, инновацын ажлыг дэмжих зэрэг чиглэлээр үе шаттай ажил хэрэгжүүлнэ. Үндэсний үйлдвэрлэгчид өмнө нь спортын салбарт хөрөнгө оруулж, Монголын тамирчдын амжилтыг дэмжиж ирсэн бол энэ удаа боловсрол, мэргэжлийн хүний нөөцийн хөгжилд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалтыг эхлүүлж байна.

 

 


“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188